ХИШИГ


Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмыг амжилттай зохион байгууллаа. Наадмын эхний шатанд 82 бүтээл ирүүлснээс МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж танилцсанаар хоёрдугаар шатанд 10 өгүүллэг тунаж үлдсэн юм. Тэдгээрээс “Утгын чимэг 2022” наадмын шагналт байрт тодорсон МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Хишиг” өгүүллэгийг уншигчдадаа толилуулъя.

“Зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Тээлийн төв дээр наадам болох гэнэ. “Хахир” Балган бүх зардлыг нь даах юм байх” гэсэн яриа олны амнаас ам дамжиж ирсээр Сүрэнгийн чихэнд хүрчээ. Адууны эрэлчний амнаас сонссон энэ үг Сүрэнгийн дотрыг маажаад авах шиг санагдав. Тэрбээр

-Хн. Хахир Балган хэдийдээ тийм өгөөмөр болов. Ашиг хонжоо л хайж байгаа биз. Эсвэл ам дамжсан худлаа л яриа байлгүй дээ хэмээн бодсон ч ёозгүйхэн бодлоо бусадтай хуваалцсангүй. Гэтэл энэ яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт том цэнхэр цаасан дээр тод хар өнгөөр угалзруулан бичсэн урилгыг Балган өвгөний зээ хүү түүнд хүндэтгэлтэйгээр авчирч өгөх нь тэр. Гашуун усанд автаж, мундраа хутгаж, муу хэлүүлж, магтаал сайшаалаас хол явсан Сүрэнд хэзээ ч ийм урилга заллага ирж байсан удаагүй учраас бага зэрэг гайхширан

-Хүүхээ, хүн бүрд урилга тарааж байгаа хэрэг үү гэвэл Балганы зараалд яваа хүү хүйтэн айраг гүд гүд залгилснаа

-Үгүй дээ ах минь, нутгийн хүндтэй мэндтэй цөөхөн хүнд урилга илгээсэн. Таныг заавал ирээрэй гэж заллага айлтгасан шүү гэснээ

-Би явалгүй горьгүй нь, орох айл олон, очих газар хол гэснээ яарч байгаагаа илтгэн суудал дээрээ өндөлзсөөр гарав.

“Нутгийн хүндтэй мэндтэй хүмүүст урилга өгсөн гэдэг үгийг сонсоод Сүрэнгээс өөр хүн баярлах байсан нь дамжиггүй. Харин Сүрэнд энэ үг нэг л өдөж хатгаад байх шиг хачин санагджээ. Хахир Балганы найр наадмын чимээ хэдхэн өдрийн дотор гол усаар нэг тарж, уралдах нь морио сунгаж, барилдах нь дээл, хувцсаа бэлтгэж, охид хүүхнүүд ч өнгөө засаад ирэв. Ядаж байхад эхнэр нь орсон гарсан болгонд

-Балган гуай манай хүнд урилга явуулсан байна. Нутгийн хүндтэй мэндтэй цөөхөн хүнд урилга илгээсэн юм байх аа гэж сайрхан ярих нь гачлантай. Наадам ойртохын хэрээр гоёлын дээл хувцсаа гаргаж ирэн товч шилбийг нь ч бүртгэж байх шиг...Сүрэн хэдийгээр хахир Балганы найр наадамд очих хүсэл үгүй байвч эхнэрийгээ хараад яаж ч чадахгүй хий дэмий л дотроо бухимдаж байлаа.

-Алдаж асгаж, амьтан бүгд түүнээс нүүр буруулж, хүн гэж харах нь бүү хэл “гөлөг” ч гэж тоохгүй болсон байсан хатуу цаг үед түшиж авсан учраас тэр эхнэрээ баахан дураар нь тавьсан гэмтэй. Гэхдээ уруул дордойлгож, хэрүүл өдөөд байхаар авгай биш гэж дотроо эхнэрээ сүрхий өмөөрнө. Ааштай, адтай, ажилтайгаараа нутаг орондоо шагшигдсан намхан шар хүүхнээс нь Сүрэн битгий хэл сумын дарга нар ч айдаг хойно яая гэх вэ, наадмын өглөө тэр дуртай, дургүй дээл хувцсаа өмсөж, машинаа асааж аваад Тээлийн төв рүү хөдлөв.

“Хахир” Балган гараа гаргасан нь илт. Тээлийн хөвөөн дээр асар майхан алаглаж, аймгийн төвөөс ирсэн дууч, бүжигч хүүхнүүдэд залуу банди нар нүдээ унагах нь халаг эргэлдэж, ойр хавь уулзаагүй охид хүүхнүүд шавайгаа ханатал ярьж, эрүүгээ чилтэл инээцгээж, хоймор голлох том асарт хэдэн хөгшчүүл тэрүүхэн тэндээ аархалдан бөөрөө нийлүүлэн суужээ.

-Зайлуул даа, нутгийн хэдэн хөгшчүүл өдрөөс өдөрт цөөрөөд л байх юм. Эднийхээ араас бид мэт нь залгаж байгаа тулдаа л өвгөдийн суудал эзэнгүйдэхгүй юм даа хэмээн бодох зуур Сүрэн тэдэнтэй мэнд мэдэхээр хэд алхтал өнөөх “Хахир” Балганы арзгар хар нүүр байдгаараа тос даачихсан, дунд нь адууны шүд шиг том шүднүүдээ яралзуулан инээд алдан суугааг хараад зогтусав. Гэвч түүнийг аль эрт олж харсан Балган

-Алив, Сүрэн наашаа суугаач хө хэмээн зай гаргалаа. Насаараа ингэж дарга даамал л суудаг суудал дээр тухалж үзээгүй Сүрэн сандарч, мэгдсэн ч аргагүйн эрхэнд Хахирын хажууд суух нь тэр.

Урт эрүүтэй, хатаасан сур шиг өндөр хар эр яхир зантай, хахир ааштайгаараа нутаг усандаа алдартай. Наймаанд гар чанга гэж жигтэйхэн. Ямар сайндаа л Сүрэнгээс олон жилийн өмнө аавынх нь барьдаг байсан ганц хөөргийг худалдаж аваад үнэ хөлсөн дээрээ “луу” унжиж, олон сар, жил нэхэл дагал болгосныг нутаг даяараа мэднэ. Тиймээс Сүрэн Хахирын зүг харж, ганц аятайхан инээмсэглэх гээд ч чадсангүй. Угаасаа баг зүүж, наашаа харж инээж, цаашаа харан цэхийж сураагүй занг яалтай ч билээ.

Наадам ид үргэлжилж байхад Хахир Балган нутгийн ахан дүүсээ Төв асрын өмнө цуглахыг дуудсан зар тарааж, ач, зээ голдуу хэдэн банди нар ам дамжуулан хашгирсаар бүгд нэг дор бөөгнөрөөд авав. Хахир Балган олны өмнө үг хэлэх гэж эв хаваа олохгүй сандарч байгаа нь илт. Мэндчилгээ ч гэх юм уу, талархал ч гэх юм уу, хэдэн үг бувтнаснаа өмнөө тавьсан том бааданг задалж, “За нутгийн ахан дүүстээ учирлаж хэлэх таван үг байна. Энэ баадан дотор манай нутгийн хишиг даллага, өвгөд дээдсийн маань үүх түүх, өв соёл яваа гэж би боддог юм. Өнөөдөр энэ баадангаа задалж, байх ёстой өв хөрөнгийг хадгалж хамгаалж явах ёстой зарим хүнд нь өгөхөөр та бүхнийг цуглуулсан юм. Алив, Сүрэн...” хэмээн түүнийг дуудлаа. Гайхаж мэгдсэн Сүрэн учраа олохгүй хий дэмий л самгардаж, дэргэд нь очиход Хахир Балган өвөөгийнх нь цасан цагаан хаш хөөргийг гаргаж ирснээ

-Халх даяар алдаршсан Бүгдгээний хүрээний их хамбын эдэлж хэрэглэж явсан хөөрөг юм гэнэ лээ. Бүгдгээний хүрээний суурийг тавихдаа энэ хөөргөөр лус аргадаж газар тэгшилсэн гэж өвгөн аав минь ярьж байсан удаатай. Тэнгэр байнга хилэгнэж, аянга цахилгаан бууж гарз хохирол их учирдаг байсан энэ нутаг тэр цагаас хойш амар амгалан болсон гэдэг юм. Бид Бүгдгээн л гэж нэрлээд байгаа. Уг нь бол “Бүгд гэгээн” гэсэн утгатай үг юм шүү. Мэргэдийн авшиг, өвгөдийн ухаан шингэсэн энэ хөөргийг би хорин он дамнуулж хадгаллаа. Одоо байх ёстой хүндээ очих цаг болжээ гэснээ өнөөх хөөрөгний дор шар торгон хив хадаг барин Сүрэн рүү дөхөв. Айж, гайхаж, сандарсандаа тарж бутарсан ухаанаа цуглуулах гэж Сүрэн хэдэн хором хөшсөн мэт зогслоо. Тэгснээ хормойгоо дэвсэн хадган дээр тавьсан шүрэн толгойтой хөөргийг хоёр гардан авав.

Хахир Балган цааш үргэлжлүүлэн “Мэргэн гүний хошууны ноёдын үе дамжсан гаанс”, бөөсөнд тэрэг хөлөглөж чаддаг байсан уран дархны алх дөш, Богд хааны гутал урлаач Доогоо эмгэний зүү, утасны хайрцаг гэх мэт үлгэр домог болж үлдсэн өвгөд дээдсийн ховор нандин гэж дээдлэгдсэн эд зүйлсийг үр ачийг дуудан тараасаар...

Сүрэн сандрал, гайхширлаа дарж ядан шар хив хадаг дээр тавьсан хөөргийг нүд салгалгүй харж байлаа. Өвгөн эцэг нь гараасаа салгадаггүй байсан энэхүү хаш цагаан хөөргийг тэр хориод жилийн өмнө хэдхэн шил архины мөнгөөр арилжих санаатай сумын төвийн дэлгүүрт явж байхдаа “Хахир” Балгантай таарч билээ. Балган тэр үед

-За, энэ ч ингэж зарж үрэх нь битгий хэл хаа хамаагүй гаргаж барьдаг ч эд биш дээ хө гэхэд нь хөөргөө овоо үнэ хүргэж магадгүй нь гэж горьдсон Сүрэн

-Та дүүгээ гомдоохгүй, овоо үнэ хүргээд авчих юм байгаа биз дээ. Би даанч замын зардалгүй, унаа тэрэггүй байна. Хот эс юм гэхэд Мөрөнгийн төв орвол их л үнэ хүрэх хөөрөг дөө гэхэд өглөөнөөс хойш таван шил архи гуйлгаж, Сүрэнгийн аргыг барсан худалдагч авгай

-Хн, чи саяхан л наад хөөргөө хэдэн шил архиар авчих гээд гуйгаад байсан биз дээ хэмээн шилбэлзснээ

-Балган гуай, Сүрэнтэй яриад тохирсон юм. Би авах гэж байна гэснээ хөөргийг нь бараг булаах шахам аваад шилэн лангууныхаа цаагуур хийчих нь тэр. Тэр хоёрын яриаг чимээгүй чагнаж зогссон Балган

-Алив хө, наад хөөргөө надад нэг харуул даа гэвэл худалдагч авгай

-Наймаа дууссаан, ах. Чи хэдэн шил архи авна гэлээ. Чамд энэ үнэтэй архи нь хэрэггүй байлгүй. Сумын төвийн ажилгүй хар юмнууд их л ууж сайн л согтвол болдог байлгүй гэснээ хэдэн шил архи торонд хангир жингэр хийлгэн савлаж эхлэв. Балган

-Энэ Сүрэнгийн аав амьд ахуйдаа “Ханд аажааг нутаглуулчихаад буцаж явахдаа Бүгдгээний гол дээр морь бусгаад хөлөө хугалж, хөөргөө цуулсан. Яс ч бүрэн эдгээгүй, эд ч бүтэн үлдээгүй” гэж байсан шүү. Одоо ч энэ хөөрөг үнэд орох нь лөөлөө болоо байлгүй дээ гэвэл худалдагч хүүхэн

-Нээрээ Сүрэнгийн аав хазгар хөгшин байсан. Мөсөн дээр халтирсан юм уу, гэснээ саяхан л нууж хаагаад харуулахгүй байсан өнөөх хөөргөө гаргаж ирэн

-Балган ах, та нэг хар даа. Хаагуураа цуурсан хөөрөг юм? гээд түүнд өгч билээ. Хөөргөө зарж хэдэн шил архи авах нь гэж дотроо баярлаж, шүлсээ залгих нь халаг зогссон Сүрэн

-Хөөрөг ямар ч сэвгүй шүү гэж хашгирахыг завдсан ч амжсангүй. Балган хөөргийг авснаа эргүүлж тойруулж харсан ч үгүй, шууд л өвөртөө хийгээд

-Сүрэн, энэ хөөргийг чинь би авъя. Чи наадах архиа, жаахан идэх юмтай энэ хүүд боогоод өг гэснээ өврөөсөө далбагар хар түрийвч гаргаж ирэн баахан мөнгө Сүрэнгийн гарт атгуулаад

-Намраас очиж хөөрөгнийхөө үлдэгдэл мөнгийг аваарай гэснээ гараад явж билээ. Ийм л наймаа болоод өнгөрчээ.

Сүрэн хөөрөгнийхөө үнийг гүйцээж авах гээд л Хахирын гэрт очно. Эрүүл явбал хэдэн төгрөг, ганц, нэг хонь, ямаа авна. Согтуу очвол хөөгдөөд гардаг байж билээ. Олон ч удаа халамцуу, гүлэмцүү очиж Балганд хөөгдөж явсан гоморхол нь түүний цээжийг дотроос маажих мэт зовоодог байсан учраас тэр энэ хөх өвгөний тухай ганц удаа бүгээнээр бодож яваагүйгээ санаад хамаг биеийнх нь хар хөлс цутгаад ирэв. Сүрэн

-Эцэг өвгөдийн үе дамжуулж хадгалсан эдийг харах сайхан байна. Дүү нь үнэ хөлсийг нь өгнөө гэвэл Балган

-За, битгий золигтоод бай. Тэр үед энэ хөөрөгний мөнгийг би бүтэн өгсөн бол, энэ хөөрөг надад байгааг олон түмэн мэдээгүй бол олз хөөсөн нөхөд ар өврөөс чинь чангааж, орон гэрийг чинь түйвээгээд салахгүй байсан юм шүү гэснээ сэтгэл цэлэмтэл инээмсэглэв.

Найр өндөрлөж, наадам тарах үеэр Сүрэн Бүгсийн хүрээний туурин дээрээс Бүгдгээний ам руу хөдөлж байхдаа сэтгэлд нь хурсан олон жилийн гомдол, бас харамсал нь “Хахир” Балганы ганц сайхан инээмсэглэлд арчигдаж үлдсэнийг мэдэрч байлаа. “Хахир” хочит өндөр хар өвгөн нутгийнхаа хишгийг нутагтаа үлдээх гэж муу сайн хэл ам өчнөөнийг сонсож, гол гогдож, нуруу бөгтийтөл ачаа үүрснийг санаад “Уг нь энэ нутгийн хишиг чинь та өөрөө л юм шүү” дээ хэмээн бодов. Гэвч тэр, Балганд яг энэ л өдөр ганц сайхан үг олж хэлээгүйдээ үлдсэн насандаа харамсаж амьдарна гэдгээ яахан мэдэх билээ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/

 


0
angry
19
care
0
haha
7
liked
10
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22