БНСУ-д суралцаад эх орондоо ирсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Сэржмятавтай ярилцлаа. Тэрбээр энэ удаа БНСУ-д урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өнгөрсөн жил тус улсын бүжигчин, хөгжимчнийг урьж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалтууд хийхийн сацуу уран бүтээлийн бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч түмэндээ хүргэсэн юм. Түүнийг нэгэн цагт Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан “Буйдын дайдад чимээгүй оршдог нуугдсан сувд мэт уран бүтээлч” хэмээн тодорхойлсон байдаг. Тэрбээр театрын уран бүтээлчдийн хамт Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын найруулгаар “Этүгэн тэнгэрийн дуудлага” концертыг Хөвсгөл аймаг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод төдийгүй Европын холбооны улсуудад амжилттай тоглуулж, монгол түмний дээд эмэг Алунгоо хатны эв эеийн сургаалаас сэдэвлэсэн “Тэнгэр язгуур” түүхэн дуулалт киног бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэн, гол дүрийг бүтээж байв. Мэргэжлийн дуучны чансааг сорих уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож итали дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байр, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” улсын IV уралдааны тэргүүн байр, “XX зууны 25 дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдааны тэргүүн байр, “Морин хуур-2008” наадмын зохиолын дууны төрөлд “Шилдэг дуучин”-ы шагналыг хүртэж, 50 гаруй уран бүтээлээ дүрсжүүлэн, гурван цомог хэвлүүлж сонсогч түмэндээ барьсан цараатай уран бүтээлч юм.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа урлагийн замд хэрхэн хөл тавьсан дурсамжаасаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. 100 жилийн түүхтэй сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. 2001 онд Соёл урлагийн их сургуулийг Хөдөлмөрийн баатар Г.Хайдавын удирдлага дор зургаан жил дуурийн дуучин мэргэжлээр суралцаж төгссөн. Багадаа математикийн хичээлдээ дуртай байсан ч дуу хөгжмийн багш маань намайг урлагийн хүн болгосон. Би багаасаа дуулдаг байгаагүй. Зургадугаар ангид байхад Удамбор гэж дуу хөгжмийн багш маань намайг урлагийн үзлэгээр дуул гэж шахаж шаардан, чадахгүй гэж цааргалсан намайг тайз руу түлхээд гаргадаг байж билээ. Анх олны өмнө гарч нүүр хагарсан цагаасаа сургуулийн урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог болсон. Харин наймдугаар ангиас эхлээд аймгийн аливаа баяр ёслол, арга хэмжээнд Гавьяат жүжигчин Ө.Уянга бид хоёр байнга оролцдог болсон. Эргээд бодоход би дуучин болоогүй бол санхүүгийн мэргэжилтэй болох байсан. Бүх хичээлдээ жигд онц сурдаг охин байсан юм. Аравдугаар ангиа онц дүнтэй, алтан медальтай төгссөн. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1995 онд аравдугаар анги төгсөгчдийг сурлагаар жагсаахад нэгдүгээрт бичигдэж байлаа. Тэр үед хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн, СЭЗДС-ийн хуваарийг “Элсэлтийн шалгалт өгөхгүй ав” гэхэд би “СУИС-д орно” гээд шалгалт өгсөн юм. Харин Санхүүгийн сургуулийн хуваарийг хоёрдугаарт жагссан хөвгүүн авч байлаа.
-Тэгвэл мэргэжлийн дуучин болох замнал хэрхэн эхлэв. Дуурийн дуучнаар төгссөн хүн төв газар бараадаж, улсын театрт ажиллахын төлөө өрсөлддөг. Харин та шууд төрсөн нутаг Хөвсгөл аймагтаа ажиллах хүсэлт өгсөн юм билээ. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?
-1995 онд 10 жилийн сургуулиа төгсөж байхад Хөдөлмөрийн баатар, Г.Хайдав багш маань, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж багш, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багш нар СУИС-д дуулаачийн ангид нэг, хөгжмийн ангид тус бүр нэг элсэгч авахаар Хөвсгөл аймгийг зорьж ирсэн юм. Тэр сургаар олон хүүхэд СУИС-д шалгалт өгсөн. Тэдэн дундаас улаан хацартай үсээ хоёр сүлжсэн хөдөөний охин л гойд онцгой байсан гэж Г.Хайдав багш маань хожим дурссан байдаг. Ингэж л ээж аавынхаа дэргэдээс холдож үзээгүй охин СУИС-ийн оюутан болж их хотод хөл тавьсан даа. Гавьяат жүжигчин У.Далантай, Х.Болормаа, Б.Баттөр, Б.Батболд нартай нэг ангид суралцсан. Ах, эгч нараасаа маш их зүйл сурсан шүү. Тэд бүгд надаас ах, эгч. Би ангийнхаа хамгийн отгон нь байсан. Сургуулиа төгсөж байхад манай аймгийн удирдлагууд “Төрсөн нутагтаа ирж ажиллаач ээ” гэсэн урилга өгсөн. Би ч огт эргэлзэлгүй шийдвэрээ гаргаж, нутгаа зорьсон доо. Аймгийнхаа Хөгжимт драмын театрын дуучнаар тав, дараа нь найрал дууны багшаар таван жил ажилласан. Улмаар ажлынхаа гарааг эхлүүлсэн театрынхаа даргаар 10 гаруй жил ажилласны дараа Өмнөд Солонгосын Тэжон хотыг зорьж билээ. Ажлаа өгч, Солонгосыг зорьсон шалтгаан нь 2018 оноос БНСУ-ын Тэжон хотын Пай Жэй их сургуульд суралцан мастер хамгааллаа. Эхний жил хэлний бэлтгэлд, дараа жилүүдэд нь магистрын сургалтад хамрагдсан. Энэ хугацаанд зөвхөн хичээлээ хийгээд явсангүй. Уран бүтээлч хүний хувьд сурч, ажиллахын зэрэгцээ өдөр бүр 2-3 цаг гаргаж, дуу бэлтгэлийн газарт хоолойн дасгал хийж байсан. “Усыг нь уувал, ёсыг нь дагах” заншлаараа солонгос дууг богино хугацаанд зөв дуулж сурахыг хичээсэн. Үр дүнд нь тус улсын мэргэжлийн дуучидтай хамтран ажиллаж, аливаа арга хэмжээ, тоглолтуудад оролцож байв. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чонжү хотод сонгодог концертод оролцсон.
-Та тэр үед ямар дуу дуулсан бол. Ер нь танд өөр авьяас чадвар юу байв?
-Арван тавны сар нь агаартаа дэнлүү дээ хө... гээд л дуулж байснаа санадаг юм. Өөр сүйдтэй авьяас байгаагүй. Гэхдээ дээр дурдсанчлан сурлагаараа аймгийн хэмжээнд толгой цохино.
-Анх ямар тайзан дээр гарч байсан бэ?
-Улсын циркийн алтан манежнаа Гавьяат жүжигчин У.Далантай ахынхаа хамт “Энхжингийн орон” дууг дуулснаар гарч билээ. Тэр том тайзан дээр, тийм олон хүний өмнө дуулна гэдэг хэцүү юм билээ. Сандарсан гэж жигтэйхэн. Нэг мэдэхэд л дуулаад дууссан байж билээ. Бас л сүрдмээр байсан шүү. Хөдөөнөөс ирсэн надад үнэхээр сонин бөгөөд гоё санагдсан учраас тэр тайзыг огт мартдаггүй.
-Та тун чимээгүй хөдөлмөрлөж, эгэл даруугаар хүчтэй оршдог эмэгтэй шиг санагддаг. Энэ зарчим, чиг шугамаар юунд хүрэхийг зорьдог вэ?
-Ингэж асуухаар зарим хүн энэ хэн юм бол гэж бодох байх л даа. Таны хэлдгээр би нэг их “чанга дуу” гаргаад явдаггүй. Зорьсон ажлаа дэс дараатайгаар хэрэгжүүлээд эгэл даруухан байхыг чухалчилдаг. Та асуусан учраас өнгөрсөн цаг хугацааг эргээд бодоход өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй зүйлсийг хийжээ. Тэдгээрийг олж харж, үнэлж цэгнэдэг хүмүүс маань бас л даруу, бодь хүмүүс байдаг юм байна. Би хийх ажлаа бусдад төвөггүй, чанартай гүйцэтгэхийг чухалчилдаг. Орчин үед хүмүүс нэг хэлцийг их хэрэглэдэг болж. “Алим модноосоо хол унадаггүй ээ” гэж... Тэр үг бодогдлоо. Манай аав биднийг өглөө унтуулдаггүй 06:00 цагт босгодог “Уруудахад унтах, идэх” гэдэг шүү гэж дандаа хэлдэг хүн байлаа. Тухайн үед бага байсан болоод ч тэр үү аавдаа их гомддог байж. Хүний нутагт үүн шиг хэрэгтэй, чухал дадал байхгүйг мэдэрсэн. Эргээд аавдаа маш их баярладаг даа. Ажил, амралт, аяллын аль ч өдөр яг л цагтаа босно. Эрт боссон хүн бүтээлч, тухайн өдөр олон ажил амжуулдаг. Мөн миний нэг дадал долоо хоногоор ажлаа төлөвлөдөг. Хааяа өөрөөс шалтгаалахгүй төлөвлөгөө өөрчлөгдсөн ч эрсдэлүүдийг тооцсон, хөрвөх чадвартай байх зарчмаар ажиллаж, амьдардаг даа. Мөн эерэг энергитэй, ажил хэрэгч, бүтээлч хүмүүстэй цагийг өнгөрүүлэх дуртай.
-Хаалттай улс гэгддэг БНАСАУ-ын “Хаврын баяр”-т оролцож байсан юм билээ. Сонирхолтой байсан байх даа. Тэр дурсамжаа хуваалцаж болох уу?
-2006 онд БНАСАУ-д зохион байгуулдаг “Хаврын баяр” фестивальд гоцлол дуучнаар оролцох ховор бөгөөд том завшаан тохиосон юм. Тухайн үед 36 орны уран бүтээлч оролцож байсан санагдана. Миний бие алдарт “Амрагийн дуу”-г гоцолж, “60 хар” гэгддэг ЦДБЭЧ-ын эрэгтэй найрал дуучид ард минь зогсож байлаа. Тухайн фестивалийн шилдгээр шалгарсан нь миний хувьд мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн дээ. Түүнчлэн “Учиртай гурван толгой” дуурийг уралдаанд Нансалмаагийн дүрээр тэргүүн байр эзэлж байв. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит уралдаанаас тусгай байрт шалгарсан гээд тоочвол улсын чанартай уралдаанд чамгүй амжилт гаргажээ.
-Орон нутгийн театрт ихэвчлэн нийтийн болон ардын дуу дуулдаг. Гэтэл та сонгодог урлагийн чиглэлээр төгссөн. Зургаан жил сурсан зүйлээ нутагтаа хэрэгжүүлэхээр очсон юм уу?
-Хөдөө, орон нутагт дандаа дуурийн дуу дуулах нөхцөл бололцоо байхгүй. Үзэгчдийн хүсэж байгаа нь нийтийн болон ардын дуу. Тиймээс тэр чиглэлээр уран бүтээл туурвих ёстой. Гэвч миний дуулж байгаа дуунууд мэргэжлийн хэмжээнийх. Мэргэжлийн статустай учраас өнөөдөр хит болж чаддаггүй. Товчхондоо бол миний дууг энгийн хүн дагаад дуулах боломжгүй. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Эрхлэхийн заяатай хорвоо”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр багшийнхаа “Газрын цэнхэр нүдэн” зэрэг дууг амилуулсан. Дээрх уран бүтээлүүд дуучин хүнээс нэлээд ур чадвар шаардсан. Хоёр актавтай дуу учраас энгийн хүн дуулахад амаргүй. Нэгэнт би дуурийн дуучин мэргэжлээр сургууль төгссөн учраас бусдаас ялгарахын тулд хүнээс ур чадвар шаардсан, мэргэжлийн бүтээлд авьяас чадвараа сорихыг илүүд үзэж, дуурийн урлагтаа үнэнч явсаар ирсэн. Монголын ард түмэн бүгд дуучин учраас мэргэжлийн уран бүтээлч тэднээс ялгардаг байх ёстой гэж боддог.
-Сургууль төгсөөд аймгийнхаа удирдлагуудын урилгыг хүлээн авч эргэлзэхгүйгээр нутгаа зорьсон гэхээр орон нутгийн театрт сонгодог урлагийг нутагшуулах зорилготой байсан юм болов уу гэж бодлоо. Ер нь орон нутгийн үзэгчид сонгодог урлагийг хэр сонирхдог вэ?
-Мэдээж ойлголт бага. Гэхдээ сонгодог урлагийг ойлгуулж өгтөл нь бид ажиллах ёстой юм болов уу. “Травиата” дуурийн “Хундаганы дуу”-г хөдөө дуулахад маш их сонирхдог. Өмнө нь сонсож байгаагүй учраас тэдэнд сонирхолтой байгаа юм. УДБЭТ-ынхан орон нутгаар аялан тоглолт хийдэггүй. Тэр утгаараа шинэ, содон хөгжим сонсохоор баярлаж байна. “Учиртай гурван толгой”-г тоглоход настайчууд сонирхож үздэг. Тэд маш таатай хүлээн авдаг юм билээ. Дараа нь ЕБС-ийн хүүхдүүдэд уг дуурийг богиносгож, арай сонирхолтой хэлбэрээр тоглосон чинь маш гоё хүлээж авсан. Тэгэхээр сонгодог урлаг орон нутагт хөгжих боломжтойг эндээс харж болно. Хөдөөнийхөн үзэхгүй гэдэг хандлагаар бус бид өөрсдөө үзэгчээ бэлдэх ёстой гэж санагдсан. Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын гол бүс нутаг. Жилд хэдэн арван мянгаараа жуулчин ирнэ. Энэ хүмүүст зориулж сонгодог урлагаар үйлчлэх боломжтой.
-Орон нутгийн театрыг 10 жил удирдсаны хувьд дутагдаж байгаа зүйл юу байна. Улсын том театрууд шиг жил бүр, эсвэл хоёр жил тутамд урын сангаа баяжуулж, өөрсдөөрөө овоглосон бүтээл хийсэн үү?
-Санхүүжилтээ өөрсдөө олоод театраараа овоглох хоёр бүтээл хийсэн байна. Нэг нь “Этүгэн тэнгэрийн дуудлага” концерт. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын дэглэсэн зургаан ястны концертын төсвийг тухайн үед яамнаас шийдэж өгч байлаа. Дараа нь “Алунгоо хатан” дуулалт уран сайхны киног бид анх удаа Монголд хийсэн. Энэ киноны санхүүжилтийг босгоход манай Хөвсгөл аймгийнхан бараг тэр чигээрээ оролцсон доо. Нутгийн удирдлагын байгууллагаас эхлээд хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүс хандив өргөж байв. Нийт 130 сая төгрөгийн өртгөөр уг киногоо хийж байлаа. Ер нь бол орон нутгийн театр шинэ уран бүтээл хийх төсөв босгоно гэдэг хэцүү шүү. Дутагдаж байгаа зүйл нь мэдээж санхүү, хүний нөөц. Цалин мөнгө бага учраас орон нутагт ажиллах мэргэжилтэн ховор байдаг. Манай аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас уран бүтээлчид маань үнэхээр хүрэлцдэггүй. Солонгост дөрвөн жилийн хугацаанд суралцаж байхдаа багагүй зүйл үзэж харж, их ч суралцлаа. Тэдний ардын урлагтаа хандаж байгаа хандлага, дэмжлэг үнэхээр сайн юм билээ.
-БНСУ-ын соёл урлаг улсынхаа хөгжил, нэр хүндэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Хоёр орны урлагийн байгууллагын ялгааг анзаарав уу?
-Солонгос улсын нэг давуу тал нь урлаг, уран сайхан нь даяарчлагдсан, зах зээл нь маш өргөн хүрээнд хөгжсөн. Харин манай улсад хэн нэгэн уран бүтээлч аль нэг байгууллагад харьяалагдаж ажиллавал гадагшаа өөр байгууллага, уран бүтээлчидтэй нэгдэж, хамтран ажиллах боломж хязгаарлагдмал юм шиг санагддаг. Солонгос уран бүтээлч төрийн, урлагийн байгууллагад ажилласан ч хувийн энтертайнмент байгуулах, өөр газруудад хамтын ажиллагаа үүсгэх эрх нь нээлттэй. Тэр хэрээр соёл урлаг нь өрсөлдөөнтэй, хөгжил нь зэрэгцээд хурдтай өсөж дэвшиж байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн дундаас хөгжиж байна. Тиймээс урлагийнхныг, уран бүтээлчдийг нийгмийн давхаргын хувьд маш өндөр зиндаанд авч үздэг.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/