“Нөхөр нь түүнийг “худалч” гэж хэлээд явсан бол эхнэр нь яах ёстой вэ. Түүнийг буцааж авах олон арга бий. Үйл явдлын эргүүлэг гэнэтийн, урьдчилан тааварлашгүй хуйвалдааны төсөөлөмгүй адал явдлуудаар жүжиг өрнөнө. Эмэгтэй хүний гэм хоргүй жижигхэн заль мэх нь хаашаа эргэж, хэрхэхийг тааварлашгүй. Гэр бүлээ аврахын тулд эрэгтэйчүүд боломжтой бүхнийг хийж чаддаг бол эмэгтэйчүүд бүр боломжгүй зүйлийг ч хийж чаддаг...” Энэ бол Франц гаралтай Бельгийн зохиолч Морис Эннекейний “My wife is liar” буюу “Худалч эхнэр” зохиолоос сэдэвлэн найруулагч Ч.Найдандоржийн бүтээсэн “Зохиолгүй амьдрал” жүжгийг “Х-ТҮЦ” продакшны жүжигчдийн тоглосноор тайзнаа тавьж буйг зарласан постер дээр бичигдсэн үг.
Миний хувьд “КОВИД-19” гараад бараг гурван жил болсны дараа үзсэн анхны тоглолт. Хошин шогийн продакшны тавьсан инээдмийн жүжиг болохоор хүмүүс хошин шогийн тоглолт гэж үл ойшоох хандлага бий. Гэтэл хошин шог бол уран зохиол, театр, телевиз, киноны нэгэн төрөл бөгөөд зохиомж нь олон нийтийг инээлгэхийг эрмэлздэг. Инээдэм, элэглэл, төөрөгдөл, алдаа эсвэл егөөдлөөр. "Маск"-ийн Жавхаа, Гэрэлээ "Эмоци"-ийн Нарансолонго, Төөтөө нар хамтарсан учраас энэ жүжиг хүлээлттэй байлаа. Ялангуяа “Маск” продакшны жүжигчин Гэрэлцэцэгийн эргэн ирэлтийг харах гэсэн үзэгчид олон байсан гэдэгтэй маргахгүй биз.
Залуу инженер ноён Вилльям Гаррисоны хардалтаас эхлэх жүжиг эрчүүдийн нөхөрлөл, эхнэрүүдийн үерхлийг үзүүлснээр эхэлнэ. Үйл явдлыг нарийн детальчилж гаргахгүй хэрнээ хүний сэтгэл хөдлөлийн хурц илэрхийллүүдийг дуу хөгжмөөр орлуулсан нь тун оновчтой шийдэл мэт санагдлаа.
Хатагтай Педиктон, зөөгч Генри, цагдаа, хувцас угаалгын охин Мод, ноён Гаррисоны гэрийн үйлчлэгч Зоэ гэх мэт туслах дүрүүдтэй. Гэхдээ энэ жүжигт туслах дүр гэж байхгүй. Гарч байгаа дүрүүд нь бүгд гэр бүлийн зөрчилдөөнүүд юм болов уу. Амьдралаа аварч үлдэх гэсэн эхнэр хүний уран нарийн хэрнээ гэнэн аргыг Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэгээр гаргаж өгчээ хэмээн бодогдов. Нэг гаргалгаанаас нөгөө гаргалгаа руу гарах үр дүнг ч тооцолгүй маш хурднаар шилжиж байгаа нь гэр бүлээ алдах нь гэсэн эхнэрийн айдас, арга барагдалт байх. Гавьяат жүжигчин И.Одончимэгийг тийм эрч хүчтэй эмэгтэйлэг, жаахан аальгүйхэн жүжиглэлт гаргана гэж үнэндээ бодсонгүй. Нуух юм алга. Түүнийг би намбалаг, хэрсүү ухаан заасан бүсгүйн дүрээр харах болов уу гэж бодсон маань эндүүрэл байсныг энд цохон тэмдэглэх нь зүй.
Хатагтай Кети Гаррисон буюу Нарансолонго угаасаа л тийм эмзэгхэн хэрнээ гэнэн хүүхэд мэт дүрээр үзэгчдийн сэтгэлд буусан байдаг. Нөгөө л жингэнэсэн гэнэн хонгор хоолой. Үнэндээ Меджи Скот буюу И.Одончимэг бол түүний аврал эрсэн найз нь биш, харин арга барагдалт, айдас нь. Ноён Гаррисон буюу Бархүү гаднаа шийдмэг зоригтой ноён мэт аашилж хайрт бүсгүйгээ хаяад явж байгаа боловч түүний дотор байх эргэлзээ бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн гаргасан адгаж сандарсан, эхнэрийнхээ үгнээс гарч чаддаггүй ноён Джемми Скот. Тэрбээр жүжгийн бараг талд нь өлссөөр байдаг. Ямар их гэрсэг хүн болох нь харагдана.
Хатагтай Кетигийн гэр бүлээ хадгалж авч үлдэхийн тулд найз хатагтай Меджитэй буюу дотор хүнтэйгээ ярилцан байж гаргасан шийдвэр нь нөхөртөө “Би хүүхэд төрүүлсэн” гэж худлаа хэлэх байлаа. Үр дүн нь ямар байхаас үл шалтгаалаад гэнэнээр хэлсэн жижигхэн худлаа арай том худлаар дарах, арай том худлааг үүнээс томоор дарах гэх мэтчилэн явсаар давж гэтлэхийн аргагүй том асуудал үүсгэчихнэ. Энэ бол боломжгүйг ч боломжтой мэт харах эхнэр хүний чадвар. Угаасаа л эмэгтэй хүний буруу байсан ч зөв байдаг гэдэг эрчүүдийн өршөөх сэтгэлд бүсгүйчүүд маань эрэмшдэг юм болов уу даа.
Өлссөөр байгаа ноён Джемми Скот бол гэр лүүгээ очихыг туйлын их хүсэж байгаа Гаррисон юм. Эхнэрийнхээ хэлсэн амьдрал дээр бол байж боломгүй үгэнд гэнэхнээр итгэсэн ноён Гаррисон яаравчлан гэртээ ирнэ. Эсвэл итгэхийг хүссэн байж болно. Түүнийг ядарсан биетэй Кети болон өлгийтэй хүүхэд угтан авна. Өлгийтэй хүүхэд Кетигийн арга заль. Жүжгийн турш хүүхдийн тоо нэмэгдсээр л байна энэ нь түүний гэнэхэн арга заль ямар их томорч асуудал үүсгэж эхэлж байгааг харуулж байна. Ч.Найдандорж найруулагч ингэж бодож найруулаагүй, зохиолч Морис Эннекейн ингэж бодож бичээгүй ч байж магадгүй. Ерөөсөө ингэж бодоогүй байх. Гэтэл Кетигийн асрамжийн газраас авчруулсан хүүг буцааж аваачихаар хатагтай Педингтон буюу Кетигийн үнэнч шударга зан эргэж ирнэ.
Ингэж болно, болохгүй гэдэг тэмцэлдээн гэрийн үүдээр орж ирэхгүй нэлээд удах боловч жүжгийн төгсгөл хэсэгт орж ирж чадна. Мэдээж урлагийн ямар ч төрөлд хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрдөг сайн тал буюу шударга ёс ялдаг юм хойно. Ноён Гаррисоны багахан эргэлзээг цагдаагаар үзүүлсэн болов уу.
Энэ дунд ямар ч гэм хоргүй мэт нэг дүр гарна. Орж гараад л гүйгээд байна. Ноён Гаррисоны гэрийн үйлчлэгч Зоэ буюу эргэн ирэлтээ хийж буй жүжигчин Гэрэлцэцэг. Тэр угаасаа л ялдамхан гоо үзэсгэлэнт нэгэн. Жүжгийн турш яг л салхи шиг нисэж орж ирээд л ямар нэгэн асуудал буюу хэн нэгэн ирж байгааг үл ялиг сандарсан хоолойгоор зарлаж орхиод л гүйгээд гараад явчихна. Нэг үгээр хэлбэл, гэрийн үйлчлэгч Зоэ өнөөдөр ноён Гаррисоныд орж ирээд байгаа асуудлуудыг үзэгчдэд зарлаж сануулаад байгаа хэрэг.
Одоо угаалгын газрын ажилтан Мод орж ирнэ. Үнэндээ бол түүн шиг гэмгүй дүр энэ жүжигт алга. Гэхдээ үгүй ч юм уу. Ийм арга зам байгаа гэдгийг санамсаргүй ч юм шиг хэлж сэдэл төрүүлсэн хүн нь тэр шүү дээ. Хэрвээ тэр гарцыг олж хараагүй бол хатагтай Гаррисоны асуудал тэгтлээ томрохгүй байсан ч байж мэдэх л юм.
Ингээд хамгийн сүүлийн дүр буюу рестораны зөөгч Генри. Уг нь бол тэр жүжгийн эхэнд гардаг л даа. Гэхдээ яагаад ч юм би хамгийн сүүлд бичмээр санагдаад байсан юм. Юу ч ойлгоогүй байж асуудлыг томруулж түүнээс ашиг хүртэх арга замыг эрэлхийлэгч манай өнөөгийн нийгмийн сонгодог тод дүр. Гэр бүлийн үнэт зүйл, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэх ийм жүжигт түүний дүр зайлшгүй байх ёстой. Тэр бол ноён Гаррисоны хүнд хэлэхээс ч ичиж явдаг муу муухай зан чанарууд. Аймхай хулчгар ч юм шиг, өөртөө итгэлгүй асуудалтай шууд нүүр тулахаас үргэлж зугтаж явдаг зан буюу ноён Джемми Скотыг дарамталсаар байгаад хамаг мөнгийг нь “сааж” орхино. Түүгээр ч үл барам хартай, ууртай сонссоноо нягталж шалгах ч үгүй итгэчихсэн хөөрхий гэнэн Гаррисоныг ч мэхэлж орхиод мөнгө салгаж чадна. Тэр жүжгийн эхэнд л ганц гарах боловч бүх асуудлын эхлэл түүнтэй холбоотой.
Монгол Улсын Гаьяат жүжигчин И.Одончимэгээр ахлуулсан “Х-ТҮЦ” продакшны тоглосон “Зохиолгүй амьдрал” жүжгийг үзээд хэзээнээсээ л эхнэр хүний байгаа газар л амьдрал өрнөж байдаг юм хойно эр хүн ниссэн үүрэндээ заавал эргэж ирэх аж. Эр хүний нэрэлхүү, үл ялиг бүрэг зан заримдаа харамсаж дуусамгүй алдаанд хүргэж ч мэднэ. Эхнэр нөхөр хоёр хэн хэнийгээ алдаа, оноо, арга заль, алив бүхэнтэй нь хамтад нь хайрлаж чадвал сая нэг бүтэн гэр бүл болох ажээ. Ийм л бодол төрлөө.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/