Нууцлал эрсдэлд оржээ


Цахим гэмт хэрэг, кибер аюулгүй байдал ойрын арван жилийн хугацаанд эрсдэл учруулахыг дэлхийн улс орнуудын Засгийн газар хүлээн зөвшөөрлөө. Энэ жилийн ДАВОС-ын чуулганд оролцогчид санхүүгийн систем, тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн гол салбарууд цахим халдлагын золиос болж эхэлснийг онцолжээ. 

Ирээдүйд цахим хэрэглээ хүн төрөлхтний амьдралын хэвшил, харилцааны гол хэрэгсэл болж оршин тогтносоор байх нь гарцаагүй. Гэвч энэ цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйлдсэн гэмт хэргийн тоо хурдацтай өсөж байна. Цахим ертөнц гэдэг нь дэлхийг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэршил юм. 

Украины дайны нөлөөгөөр олон улсад батлан хамгаалахын зардал нэмэгдсэн нь цэргийн болон иргэний давхар хэрэглээ бүхий технологийн хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх болсон. Цэргийн инновац нь эдийн засгийн бүтээмж, урьдчилан сэргийлэх анагаах ухаан, цаг уурын загварчлал, шинэ материал боловсруулахад чухал ач холбогдолтой. 

Гэсэн хэдий ч шинээр гарч ирж буй технологиуд экспортын хязгаарлалтын сэдэв болж, чадварлаг хүмүүс, өгөгдөл, оюуны өмчийн урсгалыг хязгаарлаж болзошгүйг Дэлхийн эдийн засгийн форумаар онцоллоо. Кибер гэмт хэргийн эсрэг дэлхий нийтийн үйл ажиллагааг сайжруулахад НҮБ анхаарал хандуулжээ. 

Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх тухай Олон улсын иж бүрэн конвенц боловсруулах НҮБ-ын түр хороо 2024 оны эхээр баримт бичгийг эцэслэн батлах  гэж байна. 

НҮБ-ын гэрээ нь олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх, зохих журмын хамгаалалтыг хамарна. Баримт бичгийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой Будапештын конвенцод үндэслэх аж. Хүний эрхийн ажиглагчийн тэмдэглэснээр, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, терроризмыг онлайнаар дэмжихэд чиглэсэн тодорхой бус үг хэллэгтэй кибер гэмт хэргийн тухай хуулиудыг тэрс үзэлтнүүдийг онилж, үг хэлэх эрх чөлөөг зөрчихөд буруугаар ашиглаж магадгүй байгаа аж. 

Ажил олгогчид цар тахлын үед гэрээсээ ажиллаж байгаа ажилчдынхаа бүтээмжийг алсаас хянах программыг хөгжүүлсэн. Ирэх арван жилд хүмүүсийн амьдрал улам дижитал болж, ухаалаг хотуудаар аялж, интернэтэд холбогдсон төхөөрөмж ашиглах үед тэдний өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг автоматаар бүртгэх юм. 

Хяналтын камер болон бусад биометрийн технологийг сэтгэл хөдлөлд дүн шинжилгээ хийх, автомат чат ботууд өргөн хүрээний хувийн мэдээллийг цуглуулахаас гадна хувийн мэдээлэл эрсдэлд орох эмзэг байдалтай нүүр тулж байна. Ийм өгөгдлийг дарамтлах, хүчирхийлэх зорилгоор ашиглах нь ч түгээмэл болоод буй. 

Тухайлбал, Хүний эрхийн талаар мэдээлэл муутай улс орнууд Ойрхи Дорнод дахь идэвхтнүүдийг мөрдөж, улс төрийн эсэргүүцэгчдийг дарахын тулд тагнуулын программыг ашигласан байна. Африкт нүүр царай таних камер бүхий CCTV суурилуулж, SIM картыг заавал бүртгүүлэх шаардлагатай биометрийн программуудын улмаас хувийн нууцлал алдагддаг нь тодорхой болсон.

 

Цахим орчны  дэг журам 

Улс орнууд цахим гэмт хэрэгтэй тусгайлан тэмцэхийн тулд шинэ хууль гаргаж байна. Цахим гэмт хэрэг, зөрчлийн хамгийн өндөр хувийг одоогоор АНУ эзэлдэг. 2022 онд АНУ-ын 50 сая гаруй иргэн кибер гэмт хэрэгт өртжээ. 

Мэдээллийн технологийн салбарын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг анх 1977 онд АНУ-д боловсруулсан байдаг. Энэхүү хуулийн төсөлд үндэслэн 1984 онд Цахим гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн хуулийг баталжээ. 

Хуулийн нэг хэсэг нь эдийн засгийн тагнуулд зориулагдсан бөгөөд Америкийн компаниудын оюуны өмчийг хулгайлсан тохиолдолд ногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Хэрэв халдлага үйлдэгч АНУ-ын дэд бүтцийн компьютерийн сүлжээ, телевизийн сүлжээ, цахилгаан сүлжээ, тээврийн холбооны суваг, усан хангамжийн удирдлагын системд нэвтэрсэн бол тэнсэн суллах эрхгүйгээр 30 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг аж. 

Европын орнуудаас цахим гэмт хэргийг хуульчилсан анхны улс бол Их Британи. Тус улсад 1990 оноос Интернэтийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Харин энэ төрлийн гэмт хэргийн зөрчлөөр Азид БНХАУ тэргүүлдэг. Тус улсад 2021 онд цахим гэмт хэрэгтэй холбоотой 65 мянган хэргийг мөрдөн шалгажээ. БНХАУ-ын Засгийн газар цахим гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг. Хэргийг БНХАУ-ын Кибер аюулгүй байдлын хуулиар зохицуулдаг байна. 

Хятадад кибер гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын 40 орчим хувийг онлайн залилангийн хэрэг эзэлдэг аж. 

Хакердах, халдлага хийх, фишинг гэмт хэргийн үйлдлээр ОХУ тэргүүлдэг. ОХУ-д интернэт орон зай, харилцаа холбооны хэрэгслийн тусламжтайгаар 2021 онд 500 мянга гаруй гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэтхэг бол мэдээлэл, технологийн хөгжил, цахим гэмт хэргийн гаралт ихтэй улс. 

Энэтхэг дэх кибер гэмт хэргийн түвшин 2018 оноос нэмэгдсэн. 2021 онд 52 мянган хэргийн тохиолдол бүртгэгджээ. Тус улсад кибер гэмт хэргийг Эрүүгийн хууль, 2000 онд баталсан Мэдээлэл, технологийн тухай хуулиар зохицуулдаг байна. 

Түүнчлэн цахим гэмт хэргийн гаралтаар дэлхийд дээгүүрт бичигддэг улс бол Бразил. Тус улсыг кибер гэмт хэргийн хамгийн том бай гэж үздэг. 2020 онд Бразилд цахим гэмт хэргийн 320 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Санхүүгийн хортой программ, банктай холбоотой залилан мэхлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Үүнээс болж дотоодын эдийн засагт асар их хохирол учруулж, олон тэрбум ам.доллароор хэмжигдэх алдагдал хүлээдэг аж. 

Бразилын эрх баригчид цахим гэмт хэргийн эсрэг Интернэтийн аюулгүй байдлын тухай хуулийг 2014 онд баталжээ. Мөн кибер гэмт хэргийн өлгий нутгуудын нэг бол Иран. Иран нь кибер аюулгүй байдлын тухайд АНУ-д хүртэл заналхийлж байна.

  Э.ЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө