Олонх алдартан нэр хүнд, эд хөрөнгө ихтэй бол зарим нь хүсэл тэмүүлэл, мөнхөлсөн дүрээрээ баян амьдардаг. Тэдний төлөөлөл бол жүжигчин Энтони Хопкинс юм. Сэр Энтони Хопкинс 60 гаруй жил үргэлжилсэн карьерынхаа хугацаанд кино урлагт олон амжилтын эзэн болсон. Түүний дүрүүд нэг загварт баригддаггүй. “Брам Стокерын Дракула” (1992), “Чонон хүн” (2010) зэрэг аймшиг, “Сүүдрийн газар” (1993), “Никсон” (1995) зэрэг намтарчилсан, “Зорро” (1998), “Гладиатор”, “Тор” гэсэн супер баатрын орон зайд дүрээ мөнхөлжээ. “Хурга майлахаа болино”, “Эцэг” киногоороо “Оскар”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн байна. Академийн хошой шагналаас гадна “Алтан бөмбөрцөг”, дөрвөн удаа BAFTA, хоёр удаа Эммигийн шагнал хүртжээ. Хамгийн гол нь тэрбээр Жеймс Грэйгийн “Армагеддоны цаг” болон Флориан Зеллерийн “Хүү” кинонд зэрэг тоглож, Холливудын харилтгүй хүчтэн болохоо баталсан юм. Энтони Хопкинс 1970-аад оны дунд үеэс АНУ-д амьдарч байна. Гэхдээ 70 насныхаа ойг Уэльст тэмдэглэж, эх орондоо ойр ойрхон очих болжээ. Тэрбээр наян насандаа Брэд Питтийг ажилгүй болгож, Боб Хоскинстэй хамтран ажиллаж, Жонатан Деммийг алмайруулжээ.
“Уэльсийн коммунист”
Сэр Энтони Хопкинс Их Британийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг. Оливер Стоунаас гадна түүнд Стивен Спилберг (Амистад), Фрэнсис Форд Коппола (Брам Стокерын Дракула), Вуди Аллен нар гол дүр өгсөн байдаг. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж хатан хаан II Элизабета 1993 онд “Хүлэг баатар цол” хүртээжээ. Энтони Холливудын Алдрын гудамжинд 2003 онд одтой болсон байдаг. Тэрбээр 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Их Британид, Өмнөд Уэльсийн жижиг хотод мэндэлжээ. Эцэг, эх нь хүүгээ боловсролтой болгохыг хүссэн ч Хопкинс уншиж, бичихдээ асуудалтай хүүхэд байв. 14 настайдаа Оросын сэтгэгч Лев Троцкийн бүтээлүүдийг уншиж байгаад ангийнхандаа баригдаж “Уэльсийн коммунист” хочтой болжээ. Хүүгийнх нь сонирхол аавд нь утгагүй мэт санагдаж байв. Хүүгийнхээ ирээдүйд санаа зовнихдоо Энтониг Жонс Вест Монмутын хөвгүүдийн сургуульд оруулав. Энэ сургуульд хоёр жил гаруй суралцсан нь жүжигчний ой санамжинд аймшигтай цаг хугацаа болон үлджээ. Өсвөр насны хүүхдийг ангийнхан нь хүлээж аваагүй бөгөөд тэд түүнийг уншиж чаддаггүй тэнэг гэж дуудна.
Үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцорч, дээрэлхүүлэхээс зайлсхийхийн тулд хичээлээ тараад зугтдаг байв. Энэ үедээ өөрийгөө бүтээлчээр эрэлхийлж, зураг зурах, төгөлдөр хуур тоглох сонирхолтой болжээ. Тэрбээр тархиа идэвхтэй байлгахын тулд завгүй байдаг. Тэрбээр алдартай жүжигчин болсныхоо дараа аутизмын эмгэгтэй гэдгээ мэджээ. Чухамдаа энэ ганцаардал, дотоод ертөнцөд анхаарлаа төвлөрүүлдэг зан нь бидний мэдэх Хопкинсыг бий болгосон. Сэр Энтони Хопкинс гурван удаа гэрлэжээ. Анхны эхнэр Петронелла Баркертай 1966 онд гэрлэж 1972 онд салсан байна. Дараа нь 1973-2002 онд Женнифер Линтонтой хамтран амьдарчээ. Женни туслах продюсер байсан бөгөөд 1971 онд Английн нэгэн жижиг хотын нисэх онгоцны буудалд согтуу Хопкинстэй танилцжээ. Хопкинс тухайн үед хэн нэгэнтэй зодолдсон, согтуугаар жолоо барьсан зэргээр шар хэвлэлийн баатар болж байв.
Энтони, Женнифер хоёр танилцаад гуравхан сарын дараа хамтдаа амьдарч эхэлжээ. Хопкинс 1993 онд Сильвестер Сталлонегийн найз бүсгүйтэй дотно харилцаатай болж, эхнэр нь Лондон руу нүүжээ. Тэрбээр “Би Лос-Анжелес хотод амьдрах дуртай. Микки Маусын нутаг. Энд мөрөөдлөөс ч илүү мөнгө олсон. Женни үүнээс айж байна. Надад гайхалтай санагддаг зүйл бол урам зориг, нөхөрсөг байдал” гэжээ.
Тэрбээр 2003 онд Стелла Арроявтай гэрлэсэн юм. Энтони Хопкинс анхны гэрлэлтээсээ 1968 онд төрсөн нэг охинтой. Түүний охин жүжигчин Абигейл 2006 онд “Телеграф”-т өгсөн ярилцлагадаа “Аавтайгаа жилд нэг удаа уулздаг. Хүүхэд байхад л ийм байсан” гэжээ. Гурав дахь эхнэр, продюсер Стелла Арроявтайгаа Лос-Анжелест эртний эдлэлийн дэлгүүрт танилцжээ. Жүжигчин гурав дахь гэрлэлтдээ аз жаргалтай явдгаа олонтаа ярьсан. Хопкинс “Би ганцаардалдаа дуртай. Халуун дулаан, найрсаг дүр эсгэдэг ч дотроо үргэлж хоосон байдаг. Уэльс эрчүүдэд зөөлөн, сэтгэл хөдөлгөм зан байдаггүй” хэмээжээ.
Энтони Хопкинс залуудаа архинд донтсон тухайгаа сургамж мэт ярьдаг. “Би арван таван жилийн турш уусан. Нэг удаа өөр мужид машиндаа сэрээд хэрхэн ирснээ санаагүй. Согтуудаа авсаа жолоодож байгаагаа ойлгосон. Эцэст нь амьдралаа сонгосон. Архинаас гараагүй бол одоо Мексикийн хаа нэгтээ үхэх байсан биз” гэжээ. Хопкинс гайхалтай жүжигчин бас хөгжмийн зохиолч, зураач, гүн ухаантан. 2012 онд нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь алдарт жүжигчин Энтони Хопкинсыг ямар гайхалтай хөгжмийн зохиолч болохыг дэлхий нийт мэдсэн явдал байв. Алдарт хийлч, удирдаач Андре Рьюд нэгэн өдөр Хопкинсын гэргийгээс цахим шуудан ирүүлжээ. Бүсгүй нөхрийнхөө 1964 онд буюу 27 насандаа бичиж бүрэн хэмжээний бүтээл болгосон ч хэзээ ч тоглогдоогүй вальсын аяыг алдарт хөгжимчин рүү илгээн оркестртай тоглох хүсэлт тавьсан байлаа. Агуу жүжигчний нэрийг сонссон даруйдаа Андре бараг л шоконд орж, түүний тэртээ 50 жилийн өмнө бичсэн тансаг вальсын аяыг сонгодог урлагийн өлгий Австрийн Вена хотод нэгэн үдэш эгшиглүүлсэн юм. Тус тоглолтыг Энтони Хопкинс гэргийтэйгээ сэтгэл догдлон үзэж сонирхсон билээ.
“Оскар”-ын шагналт хүлэг баатар
Энтони Хопкинс карьерынхаа туршид зуу гаруй кинонд тоглосон. Тэрбээр Гитлер, Лир ван, Ричард Никсон, Квазимодо, Зорро, Пикассо, Хичкок, Пьер Безухов, Ван Хельсинг, алуурчин Ганнибал Лектор, Ромын пап XVI Бенедиктийн дүрийг бүтээсэн өвөрмөц од. 15 настайдаа 1960-аад оны Холливудын од, жүжигчин Ричард Бертонтой танилцжээ. Холливудын алдартан түүнд урлагт хүч сорихыг зөвлөсөн. Залуу хүү Бертоны зөвлөгөөг сонсоод Кардифф дахь Эзэн хааны драмын коллежид суралцах тэтгэлэг хүртжээ. Сургуулиа түр орхин цэргийн алба хаасан байна. Цэргээс халагдаад Лондонд, Хатан хааны академид үргэлжлүүлэн суралцжээ. Удалгүй Хопкинс хувийн жижиг театруудад ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь Хатан хааны үндэсний театрт жүжигчин Лоренс Оливьегийн туслахаар ажилд оржээ. “Макбет” жүжгээр үзэгчдийн талархлыг хүлээсэн ч Энтони “Би театрын тайзнаа хэзээ ч тухтай байгаагүй. Миний зан чанарт тохирохгүй байсан. Британийн театр эрдэм мэдлэг шаарддаг. Харин би сурлага муутай оюутан байлаа. Би заалгах дургүй, бас зөрүүд” гэж “Vanity Fair”-д ярьжээ.
Хопкинс театрт хэзээ ч дурлаж байгаагүй бөгөөд 1960-аад оны сүүлээр кино урлагт хөл тавив. Бие бялдар, эр зоригтой төрхөөрөө найруулагчдын анхаарлыг татах болжээ. Түүний амжилтын буухиа 1968 онд дэлгэцнээ гарсан “Өвлийн арслан” киноны Арслан зүрхт Ричард хааны дүрээр эхэлдэг. Дараа “Дайн ба энх” телевизийн кинонд Пьер Безуховын дүрийг бүтээж 1972 оны Британийн шилдэг жүжигчнээр тодорч, анхны BAFTA цомоо өргөжээ. Гэхдээ түүнийг Холливуд соронз мэт татаж байлаа. Англичууд АНУ-д суурьших бодолгүй байхад Хопкинст Калифорнид амьдрах таалагдаж байв. Тэрбээр 1980-аад онд хараахан дэлхийн од болоогүй байлаа. Энтони Хопкинс дүрээ маш болгоомжтой сонгодог. Залуу насны хүсэл тэмүүллээсээ салж, Шекспирийг мөрөөдөхөө больсон үедээ оргил бүтээлүүдийнхээ нэг “Заан хүн” киноны дүрийг авчээ. Дэвид Линчийн домогт “Заан хүн” кино “Оскар”-ын найман төрөлд нэр дэвшсэн байдаг. Үүний дараа “Бункер” киноны Гитлерийн дүрийг амжилттай бүтээж Эммигийн шагнал хүртжээ.
1970-аад оны үед Хопкинс “Ааштай жүжигчин” гэдгээрээ алдартай болсон. Тэрбээр зураг авалтын найруулагчтай биечлэн уулзах, эсвэл ямар ч тайлбаргүйгээр алга болно. Түүнийг 1981 онд Эммигийн шагналыг хоёр дахиа хүртэхэд аав нь нас баржээ. 1990-ээд он гэхэд Энтони Хопкинс 50 насны босгыг давж, хамгийн алдартай нь биш ч гэсэн жүжигчний карьер нь нэлээд тогтворжсон юм. АНУ-д түүнийг тийм ч сайн мэддэггүй байхад Их Британи даяар хүндэтгэж байв. Тэрбээр хатан хааны биширдэг жүжигчдийн нэг байсан бөгөөд Их Британийг сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эзэнт гүрний одонгоор шагнажээ.
Тэрбээр “Хурга майлахаа болино” сэтгэл зүйн аймшгийн киноны цуврал алуурчин Ганнибал Лектерийн дүрээр 1991 онд дэлхийд танигдсан. Ганнибал Лектерийн дүрд Хопкинс маш нухацтай, бүрэн судалгаа хийж тогложээ. Цуврал алуурчдын материалыг судалж, шорон, шүүх хурлын явцтай танилцаж байв. Роман Поланскийн эхнэр Шэрон Тэйт болон түүний найзуудыг 1969 онд хөнөөсөн шашны тэргүүн Чарльз Мэнсоны шүүх хурлын бичлэгийг хэд хэдэн удаа үзжээ. Түүний нүдээ анивчдаггүй харцыг эзэмших гэж чамгүй сургуулилалт хийсэн гэдэг. Тэрбээр Ганнибал Лектерийг шоронгийн жирийн улбар шар өнгийн хувцастай биш, цагаан хувцастай байх ёстой гэж найруулагчаас шаардсан. Энэ нь эмч, сүнснээс айх хүний байгалийн айдсыг ашигласан үйлдэл байв.
“Хурга майлахаа болино” кинонд гарах 17 минут түүний жүжигчний статусыг хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ дүр “Оскар”-ын шагналаас гадна “Хүлэг баатрын цол”-ыг авчирсан юм. Хопкинсын ачаар “Хурга майлахаа болино” кино Холливудын түүхэн дэх хамгийн гайхалтай триллер болжээ. Ганнибал Лектерийн дүр соёлын үзэгдэл болж, Хопкинсыг дэлхийн үзэгчид Ганнибал Лектороор хүлээж авсан юм. Хопкинс найруулагчаар ажиллах мөрөөдлөө 1996 онд Чеховын “Ваня ах” жүжгээс сэдэвлэсэн “Наймдугаар сар” киногоор биелүүлжээ. Үүнээс 11 жилийн дараа “Хуй салхи” артхаус киногоо найруулсан байна. Түүнд уран чадвар байсан ч зураг авалтын талбайд түрүүлж ирэх зарчим таалаагдаагүй учир найруулагчаар ажиллаагүй юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/