Ориана Фаллачийн тухай бичихэд зан чанар, уран бүтээл гээд онцлох сэдэв арвин. Түүний өршөөлгүй үгс, өвөрмөц диалектикийг дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд “Ла Фаллачи” хэв маяг гэдэг. Барууны сэтгүүл зүйн од, Европын хамгийн алдартай дайны сурвалжлагчдын нэг, үндэстэн хоорондын мөргөлдөөний нөлөө бүхий шинжээч, зохиолч, публицист, дэлхийн хоёрдугаар дайны үеийн партизан, исламофоби сэтгүүлч гээд түүнд олон тодотгол бий. Фаллачи бол улс төрийн идэвхтэн, хатуу феминист, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хэзээ ч алддаггүй, бас ганган эмэгтэй байв.
Фаллачийн сэтгүүлчийн карьер тэрслүү, эсрэг урсгал мэт. Вьетнамын дайн, Бразил, Перу, Аргентин, Боливийн хувьсгал, Ливаны иргэний дайн, Кувейтийн мөргөлдөөн, дайны дараах Детройтын үймээн, Мартин Лютер Кингийн аллага, Кеннедигийн амь насыг бүрэлгэсэн хэрэг зэрэг түүхэн үйл явдлыг сурвалжилсан. Тэрбээр 1968 онд Мексикийн зуны олимпын үеэр болсон үймээнээр нуруу, мөр, өвдөг рүүгээ буудуулж хүнд шархадсан ч халуун цэгт ажиллахаас айгаагүй. Ориана Фаллачийг “татгалзахын аргагүй сэтгүүлч” хэмээдэг.
Хагас зуун жилийн хугацаанд Генри Киссинжер, Ираны Шах Мохаммед Реза Пехлави, Аятолла Хомейни, Лех Валеса, Вилли, Зулфикар Али Бхутто, Хамба Макариос III, Муаммар Каддафи, Федерико Феллини, Дэн Сяопин, Ясир Арафат, Индира Ганди, Голда Мейр, Нгуен Ван Тиеу, Хайле Селасси, Шон Коннери нартай ярилцжээ. Хойд Вьетнамын Батлан хамгаалахын сайд Во Нгуен Жиаптай фронтын шугамд уулзаж, эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй теократ удирдагч Аятолла Хаменеитэй хурц ярилцсан байдаг. Түүний алдартай нийтлэлүүдийн нэгд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт болсон террорист халдлагын тухай сурвалжилга зүй ёсоор багтдаг. Мөн үр хөндөлтийг шүүмжилсэн “Төрөөгүй хүүдээ бичсэн захидал”-ыг нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд тооцдог. Тэрбээр дэлхий даяар 20 сая хувь борлогдсон 12 номын зохиолч юм.
Дайны сурвалжлагч
Бичих авьяас, төрөлхийн хүсэл эрмэлзэл нь түүнийг XX зууны барууны сэтгүүл зүйн хамгийн тод дүрүүдийн нэг болгосон. Ориана Фаллачи 1929 онд фашист дэглэмийн үеийн Флоренц хотод мэндэлжээ. Муссолинийн улс төрийн дэглэм түүнийг тэрслүү охин болон хүмүүжихэд нөлөөлсөн. Хүүхэд ахуйгаасаа фашизмын эсрэг далд тэмцэлд оролцсон байна. Түүний аав Эдуардо Фаллачи улстөрч, фашизмын эсрэг үзэлтэн байлаа. Холбоотны цэргүүд Флоренцыг бөмбөгдөхөд тэрбээр 14 настай байв. Дайны жилүүдэд аав нь нацистуудад олзлогдож, шоронд тамлуулснаас хойш Ориана амьдралдаа дахиж уйлаагүй гэдэг. Энэ тухайгаа “Бие өвдөж, тэвчихийн аргагүй уй гашуу намайг тарчлаасан ч нулимс урсаагүй” гэж “Уур хилэн ба бардамнал” номдоо бичжээ. Тэрбээр 15 насандаа партизануудын хамт байлдааны ажиллагаанд оролцсоныхоо төлөө хүндэт үнэмлэхээр шагнуулжээ. Ориана зохиолч болох мөрөөдөлтэй охин байлаа. Фашизмын эсрэг зүүн жигүүрийн “Шударга ёс ба эрх чөлөө” хөдөлгөөний гишүүн байсан Фаллачи амьдралынхаа төгсгөлд илүү консерватив үзэл рүү шилжсэн. Фаллачи 16 настайдаа анхны нийтлэлээ хэвлүүлжээ. “L’Epoca” сонины идэвхтэн бичигчээр орохын тулд насаа нэмсэн байна. Ориана Флоренцын их сургуулийг философийн чиглэлээр төгсөөд сурвалжлагч болжээ. Ориана 1951 оноос “L’Europeo”, Италийн хамгийн нэр хүндтэй “Corriere della Sera” сонин, “Лос-Анжелес Таймс” сонинд нийтлэл, сурвалжилгаа хэвлүүлж эхлэв. 1958 онд Фаллачи “Холливудын долоон нүгэл” хэмээх анхны номоо бичжээ. Ориана 1956 онд Будапештын бослогын тухай бичиж байгаад баривчлагджээ. Тэрбээр 1958 онд ертөнцийн эмэгтэйчүүдийн талаар сурвалжлахаар дэлхийг тойрох анхны аяллаа эхлүүлэв. Ориана 1960-аад оны эхээр “Europeo” сэтгүүлийн тусгай сурвалжлагчийн томилолтоор олон орноор зорчсон байна. Тухайн үеийн халуун цэгүүд болох Африк, Ойрхи Дорнод, Энэтхэг, Латин Америк, Зүүн өмнөд Азийн улсуудад очжээ. Тэрбээр зарчим, ёс зүйгээ хамгаалах гэж оролддоггүй ч этгээд асуултуудаар дэлхийн удирдагчдыг барьц алдуулж, Вьетнамын дайныг долоон жил сурвалжилсан бөгөөд цэргийн цуврал нийтлэлүүдээрээ олны танил болсон юм. Тэр дундаа Вьетнамын дайны худал хуурмаг, харгис хэрцгий үйлдлээс гадна жирийн иргэдийн баатарлаг тэмцэл, өгөөмөр сэтгэлийг баримтжуулсан.
Фаллачи энэхүү дайныг цуст солиорол гэж нэрлээд, коммунистууд, америкчууд болон өмнөд вьетнамчуудыг эрс шүүмжилсэн байдаг. Дайны сурвалжлагч, эрэлхэг сэтгүүлч гэдэг алдар Ориана Фаллачийг нөлөө бүхий улс төрийн зүтгэлтнүүдээс ярилцлага авах нэрийн хуудас болсон. Өмнөд Вьетнамын дэд Ерөнхийлөгч Нгуен Као Чи, Палестины удирдагч Ясир Арафат, Ираны Шах Мохаммед Реза Пахлави, Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди, Германы канцлер Вилли Брандт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер, Этиопын хаан Хайле Селасси, Израилийн Ерөнхий сайд Голда Мейр, БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин нартай ярилцлага хийжээ. Тэднийг Фаллачи “Бидний амьдралыг удирдаж буй новшнууд” гэсэн байдаг. Ясир Арафатыг “Араб сахалтай, жижиг биетэй” гэж тодорхойлсон бол Киссинжерийг “Улстөрчийн хувьд ковбой шиг аашилдаг”, Фидель Кастрог таагүй үнэртэй хэмээн бичжээ. Тэрбээр 1972 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжертэй хийсэн ярилцлагаа хамгийн дурсамжтайд тооцдог. Төрийн нарийн бичгийн даргыг “Вьетнамын дайн ашиггүй” гэж хэлтэл нь шахсан түүний ярилцлага шуугиан тарьж, Киссинжерийг хэд хэдэн хамтрагчтайгаа харилцаагаа хөргөх шалтгаан болсон. Киссинжер дараа нь “Фаллачитай хийсэн ярилцлага сүйрлийн яриа байсан” гэж бичжээ. Ираны хувьсгалын удирдагч Аятолла Хомейнийн ярилцлага 1979 онд хэвлэгдэв.
Ярилцлагын үеэр Орианаг гивлүүр, хижаб өмсөхийг шаарджээ. Аятоллатай уулзсан тухайгаа Ориана “Ариун хот Кумын зочид буудал, олон нийтийн газрууд сэтгүүлчдэд хаалга хаалттай байв. Тэнд шашны бүх шаардлагыг мөрдөж байж цаазаар авахуулахгүйг орчуулагч маань байн байн сануулна. Хомейнигээс “Та яагаад эмэгтэйчүүдийг энэ эвгүй, утгагүй хувцасны цаана нуугдахыг албаддаг юм бэ” гэж асуухад “Хэрэв та энэ хувцаст дургүй бол хэн ч чамайг өмсөхийг албадахгүй” хэмээлээ. Би ч далимдуулан тэр даруй гивлүүрээ тайлсан” хэмээн дурсжээ. Энэ ярилцлагадаа Фаллачи эрх чөлөө, ардчилал, хувьсгалын дараах шашны шударга ёс, яллагдагчдыг өмгөөлөгчөөр хангаагүй, давж заалдах боломжийн талаар асуулт асуужээ. Мөн исламын уламжлалаар хүлээн зөвшөөрөгдсөн олон эхнэр авах, архины хорио цээрийн тухай болон хувьсгалын үр дүнгийн талаар айлгүй асуужээ.
Цөллөг шиг амьдрал
Сэтгүүлчийн карьераа дуусгаад 2001-2004 онд Нью-Йоркт амьдарч байхдаа исламын шашин, Арабын соёлыг шүүмжилсэн цуврал нийтлэл, ном бичсэн нь олон нийтийн дунд ихээхэн эсэргүүцэл, маргаан үүсгэсэн. Угаас Ориана Фаллачи исламчуудын эсрэг түрэмгий дайралт хийдгээрээ алдартай сэтгүүлч. Атлантын далайгаас Энэтхэгийн далай хүртэлх исламын соёл дахь эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал эрхийг тэр л анзаарч, барууны хэвлэлүүдэд бичиж эхэлсэн. Ялангуяа “Оюуны хүч” (2004 он) номдоо исламын шашныг илэрхий шүүмжилжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлыг сурвалжилсан “Уур хилэн ба бардамнал” номыг нь исламчууд руу дайрсан сэтгүүлчийн эр зориг гэдэг бол зарим нь “үндэсний үзэн ядалтыг өдөөсөн” гэж шүүмжилдэг.
Ориана Фаллачи Ромын пап XVI Бенедикттэй 2005 онд уулзсаныхаа дараа “Би шашингүй үзэлтэн. Хэрэв шашингүй үзэлтэн, паптай ижил бодолтой байгаа бол үүнд ямар нэгэн үнэн байх ёстой” гэжээ. Есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдлыг Ориана Манхэттэн дэх орон сууцныхаа цонхоор харжээ. Нью-Йорк хотод л гэхэд 2600 гаруй хүн нас барсан халдлагын тухай “Дэлхийн худалдааны төв шатаж буй бичлэгийг телевизийн бүх сувгаар дамжуулж байв. Шууд эфирээр алан хядагчид онгоц барьцаалсан тухай ярилаа. Амьдралынхаа ихэнх хугацааг дайны гал дунд өнгөрүүлсэн би хүртэл сандарч байсан. Дайны үеэр би олон аймшигт явдлыг харсан. Өөрийгөө дайнд хатуужсан гэж боддог. Харин амиа золиослогчдыг хэзээ ч харж байгаагүй. Хүмүүс ная, ер, зуун давхраас үсэрч байв.
Тэр эмх замбараагүй байдлын ихэр цамхгийг зорьж, болж буй үйл явдлыг ойлгохыг хичээсэн” хэмээн “Уур хилэн ба бардамнал” номдоо өгүүлжээ. Түүнчлэн Фаллачи исламын шашин, Арабын соёл, цагаачдад хүлээцтэй хандах Европын бодлогыг хатуу шүүмжилсэн юм. Арьс өнгө, шашнаар ялгаварлан гадуурхсан гэж буруутгагчид зорилгодоо хүрч чадаагүй. Түүнийг үзэн ядалтыг өдөөсөн хэргээр шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргажээ. Гэсэн ч Фаллачи бууж өгөөгүй бөгөөд “Уур хилэн ба бахархал”-аа үргэлжлүүлж, “Апокалипсис”, “Сэтгэлийн хүч” номоо хэвлүүлсэн. Исламофоби үзлийнхээ төлөө Европт адлуулсан тэрбээр “Би чимээгүй амьдралыг сонгосон. АНУ-д улс төрийн дүрвэгч шиг амьдарч байна. Яг л цөллөг шиг” гэж бичжээ. Ориана Фаллачи чадварлаг зохиолч болохоо Мадрид дахь терроризмын хохирогчдод зориулж 2004 онд хэвлүүлсэн “Учиртай хүч” номоороо тунхагласан. 1962 онд хэвлүүлсэн “Дайны Пенелопа”, 1968 оны “Эгоистууд” номдоо зохиолч Норман Майлер, Эрнест Хэмингуэй, жүжигчин Шон Коннер нарын бэлэвсэн эхнэрүүд болон бусад алдартны ярилцлагаа түүвэрлэжээ. Ориана Фаллачи Вьетнамын дайны бодит үнэн, ард түмний цөхрөлийг 1969 онд хэвлүүлсэн “Юу ч үгүй ” номдоо нүдэнд харагдтал бичсэн байна. Тэрбээр сэдвээ хэдэн долоо хоногоор нарийвчлан судалж, зургаа, долоон цаг үргэлжилсэн урт ярилцлага авдаг онцлогтой. Голда Мейр, Индира Ганди нартай ярилцсандаа баярлаж явсан бол Ираны Шахыг хамгийн ихээр үзэн яджээ. Ярилцлагууд Италийн “L’Europeo” сэтгүүлд нийтлүүлдэг байв. 1963 онд АНУ руу нүүж, “Нью-Йорк Таймс”, “Вашингтон Пост”, “Лос-Анжелес Таймс” зэрэг хэвлэлтэй хамтран ажиллажээ. 1990-ээд оны сүүлчээр Фаллачи хорт хавдартай гэж оношлогджээ. Тэрбээр карьерынхаа төгсгөлд Харвард, Чикаго, Йелийн их сургуульд лекц уншиж байжээ.
Дурласан Фаллачи
Ориана Фаллачи бол XX зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй. Эрх чөлөөний төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл нь түүний эр зориг, баатарлаг дуулийн бишрэгч болгожээ. Магадгүй энэ зан нь түүнийг Грекийн ардын баатар Александрос Панагулистай дотно харилцаа тогтооход нөлөөлсөн. “Хар хурандаа” Александрос Панагулис түүний нэгэн насны хайр байв. Ориана цэргийн дарангуйллыг эсэргүүцсэн партизануудын тэмцлийг сурвалжлахаар 1973 онд Грекийг зорив. Партизаны удирдагчдын нэг Александрос Панагулистай уулзаж, тамлан зовоолт, хавчилгын тухай тэмдэглэлээ бичжээ.
Тэд Александросыг шоронгоос суллагдсан өдөр танилцжээ. Александрос үзэсгэлэнт итали бүсгүйд анхны харцаар дурласан гэдэг. Фаллачи, Панагулис нар партизан, яруу найрагч Пьер Паоло Пасолинийн үхлийг хамтдаа сурвалжилсан байдаг. Ориана яруу найрагчийг улс төрийн сэдлээр хөнөөсөн гэж бичсэн анхны сэтгүүлч байв. Тэдний аз жаргалтай харилцаа гурван жилийн настай байлаа. “Хар хурандаа” 1976 оны наймдугаар сарын 1-нд учир битүүлгээр осолдож нас барсныг дуулаад Фаллачи Германы канцлер Вилли Брандттай найман сарын өмнө төлөвлөсөн ярилцлагаа цуцалжээ. Фаллачи түүний ослыг цэргийн дарангуйлагчдын захиалгаар үйлдсэн аллага гэж бичсэн байдаг. Александросын үхэл хөл хүнд Орианаг бачууруулав. Олноос харилцаагаа тасалж, гэртээ бүгэж байсан бөгөөд хүсэн хүлээсэн хүүхдээ ч төрүүлж чадаагүй юм. Эндсэн хүүхдэдээ зориулж тухайн жилдээ бичсэн “Төрөөгүй хүүхдэд бичсэн захидал” ном ч энэ үеийн тусгал болжээ. Тэрбээр Александросыг “Миний амраг, гэрээгүй нөхөр, үнэнч найз” гэж тэмдэглэсэн байдаг. Ориана түүнийг үүрд хайрласан. Тэрбээр 1979 онд хэвлүүлсэн “Эр хүн” номдоо хайртай хүнийхээ дурсамжийг мөнхөлжээ. “Эр хүн” номоо хэвлүүлээд Ориана бараг арван жил үзэг цаас нийлүүлээгүй. Чимээгүй хэсэг амьдарсны эцэст 1990 онд “Иншалла” номоороо эргэн ирэв. Тэрбээр 1980-аад онд иргэний дайны хөлд нэрвэгдсэн Ливанд багагүй хугацаанд амьдарсан.
Мөргөлдөөн, энгийн иргэдийг хоморголон устгасан, олон улсын энхийг сахиулах бүлэг, үндэстэн дамнасан хүчний эсрэг халдлагыг “Иншалла” номдоо дэлгэрэнгүй бичжээ. Тухайлбал, 1983 онд Бейрутын ойролцоох тулаанд 400 орчим энхийг сахиулагч амь үрэгдсэний ихэнх нь Америк, Францын цэргүүд байлаа. Эмэгтэй хүнийхээ хувьд Ориана үслэг эдлэл, үнэт эдлэл, бүрх малгай өмсөх, янжуур татах дуртай, дур булаам, загварлаг нэгэн. Итали, англи, франц, испаниар ярьдаг, гэрлэлтийг үзэн яддаг ч хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Эрэгтэй дүр давамгайлсан нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолойг баримтжуулах хүсэл эрмэлзэл нь түүнийг Ричард Никсоны гадаад бодлогын “архитектор” Генри Киссинжер, Пакистаны дарангуйлагч Али Бхутто, Иранд Исламын Бүгд найрамдах улсыг байгуулсан шашны удирдагч Хомейни, Персийн сүүлчийн шах Мохаммад Реза Пехлеви, Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи нартай ярилцахад саад болоогүй. Фаллачи хэзээ ч телевизийн ток шоунд оролцож, бусдад ярилцлага өгч байгаагүй. Тэрбээр нийтлэлээсээ бусдаар өөрийгөө зарлан тунхаглах дургүй байв. Тэрбээр Европын холбоо, удирдагчид, авлигад идэгдсэн улстөрчид, Италийн Ерөнхий сайд, католик сүмийг шүүмжлэхдээ айж байгаагүй.
Католик шашны зүтгэлтнүүдийг хууль бус цагаачлалыг дэмжсэн гэж буруутгаж байв. Түүний хэлсэн, бичсэн үгсийг сэтгэлгээнийх нь товч дүгнэлт гэж үздэг. Фаллачийн “Амьдралд хайрлах, зовох, тэмцэх, ялах гэсэн дөрвөн утга учир байдаг. Хайртай хүн зовдог. Зовсон хүн тэмцдэг. Тэмцсэн хүн ялна”, “Эмэгтэйчүүдийг өөрчилсөн хувьсгал бол хамгийн агуу нь. Магадгүй эмэгтэйчүүд бие махбодын хувьд сул дорой ч ёс суртахууны хувьд мянга дахин хүчтэй байдаг” эшлэл хамгийн алдартай нь. Ориана Фаллачи 2006 онд 77 насандаа төрөлх Флоренцдоо хорт хавдраар нас баржээ. Тэрбээр төрсөн гэртээ үхэхээр шийдсэн бөгөөд Арно голыг эцсийн удаа харахыг хүсжээ. Түүний амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд бичиж байсан гэр бүлийн намтар номыг 2008 онд хэвлүүлсэн байна. Ориана өв хөрөнгөө зээ дүү Эдоардо Пераццид гэрээслэн үлдээжээ. Эдоарда түүний 120 захидлыг эмхэтгэн “Айдас бол нүгэл” номыг 2016 онд хэвлүүлсэн байдаг.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/