Аранзаа: Миний зүгээс Д.Сүхбаатарын мэндэлсний 130, МАН-ын 100 жилийн ойд барьж буй бэлэг юм


Их Монгол Улсыг байгуулагч Чингис хаан, монгол төрийн гарамгай хатан Мандухай гэх мэт түүхэн хүмүүсийг алдаршуулсан симфони, сонгодог бүтээл манай улсад цөөнгүй бий. Харин Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, ардын хувьсгалын анхны долоогийн нэг, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарыг алдаршуулсан дан хөгжим өнөөдрийг хүртэл байдаггүй байв. Тэгвэл жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар  хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ буюу Аранзаа “Сүхбаатар” симфони бичжээ. Ингэснээр тэр жанжныг алдаршуулсан томоохон хөгжмийн бүтээл хийсэн анхны хүн болж байгаа юм. Түүнтэй шинэ уран бүтээлийнх талаар ярилцлаа.

 

-“Сүхбаатар” жанжныг алдар­шуулсан симфони бичсэн гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Дэлхийн улс орнуудад түүхэн хүмүүсийг алдаршуулсан симфони, бүжгэн жүжиг, дуурь, роман их байдаг. Монголд ч байдаг. Гэхдээ хуруу дарам цөөн юм билээ. 1921 оны хувьсгалын манлайлагч, одоогийн МАН-ыг үүсгэн байгуулалцсан, Монгол Улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Сүхбаатар гэх агуу хүний тухай кино байдаг ч хөгжмийн бүтээл огт байдаггүй юм байна. Тэгээд би бодсон. Өнөөдрийг хүртэл 100 гаруй жил болж байхад яагаад энэ хүний тухай хөгжмийн бүтээлийг манайхан хийсэнгүй вэ. МАН-ынхан ч энэ тал дээр яагаад санаачилгатай ажиллаагүй юм бол гэх бодол толгойд орж ирсэн. Эндээс л симфони бичих санаа төрсөн хэрэг. Анх “Сүхбаатар” нэртэй бүжгэн жүжиг, дуурь хийх бодолтой байлаа. Үүний үндэслэл болгоод удиртгал хөгжмийг нь эхэлж бичсэн нь энэ. Бид төв талбайгаа Сүхбаатарын нэрээр нэрлэж алдаршууллаа. Харин одоо симфони хөгжмөөр алдаршуулах болсон учраас хөгжмийг бичиж бэлэн болсон байна. Уг симфонид тухайн нийгмийн зураглал, Сүхбаатар ардын хувьсгалын тэмцэлд бусдыгаа уриалан дуудаж байгаа, тулаанд ялж байгаа тухай өгүүлэмжтэй ялалтын хөгжим юм. Үргэлжлэх хугацаа нь 13 минут. Симфониа Улсын филармонийн хөгжимчдөөр тоглуулж, эхний бичлэгийг хийсэн. Удахгүй түүхэн зураг, баримтат бүтээлийг ашиглан дүрсжүүлэх ажил дээрээ явж байна.

-Олон нийтэд хүрч амжаагүй гэсэн үг байх нь ээ?

-Тийм ээ, албан ёсоор дуусгаад удаагүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр дууссан. Хөгжмөө бичсэн, хөгжимчид нь тоглосон. Одоо дүрсжүүлээд дуусвал төрсөн өдрөөр нь тайзан дээр тоглохгүй ч сошиал сувгуудаар цацах төлөвлөгөөтэй.

-Ер нь жанжны тухай бүтээл киноноос өөр байдаггүй хэрэг үү?

-1940-өөд онд оросуудын хийсэн “Сүхбаатар” кино л бий. Гэхдээ энэ кино үнэн бодит бүтээл биш гэхэд болно. Оросуудын хийсэн кино худлаа байдаг. Хувьсгал хийж байгааг нь үнэнээр харуулдаг ч Сүхбаатарыг хэрцгий хүн байсан мэтээр харуулдаг. Ардын хувьсгалын түүхэнд байхгүй Гомбо гэдэг зохиомол хүн оруулж ирсэн ч байх шиг. Би МАН-ын гишүүн биш ч дэмжиж явдаг хүний хувьд бодит үнэн түүхийг өгүүлсэн, Сүхбаатар гэж чухам ямар хүн байсныг бодитоор харуулсан кино хийгээсэй гэж хүсдэг. Хийх ч ёстой. Би хөгжмийн хүн учраас эхний ээлжид хөгжмөөрөө энэ хүнийг алдаршуулж байгаа юм. Яваандаа кино хийх санаа бий. Гол зорилго нь бидний хойч үе Сүхбаатар гэдэг хүнийг мэддэг байх ёстой. Шинэ үеийнхэн хуучны түүхээ битгий мартаасай, бид мартуулахгүйн тулд түүхэн хүмүүсийг бодитоор нь харуулмаар байна. Түүнээс биш оросуудын хийсэн шиг Сүхбаатар хувьсгалт тэмцлийг эхлүүлэхдээ хэрцгий, балмад, догшин байсан мэтээр харуулах утгагүй. Тийм бүтээл хийгээд ч хэрэггүй.

-“Сүхбаатар” симфонийг бичихэд судалгаа хийхээс эхлээд багагүй хугацаа зарцуулсан байх. Яг хэдий хугацаанд бичиж дуусгасан бүтээл вэ?

-Яг нэг жил. Өөрийнхөө зүгээс багагүй судалгаа хийсэн. Монголын ард түмэн, Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс авран хамгаалсан хувьсгалт тэмцэгч хүн байжээ. Тэр тэмцэлд бусдыгаа манлайлан оролцсон хүн. Энэ дүр төрхийг л тод томруунаар харуулахыг хичээсэн дээ.

-Тухайн уран бүтээлээ хийж байхдаа өөрөө дүрдээ орсон биз?

-Ер нь бол ямархуу хүн байв гэдгийг багаасаа баримтат бүтээл, зураг, ном зохиолоос харлаа шүү дээ. Тэр төсөөллийнхөө хүрээнд л хийсэн. Бид Сүхбаатарыг хувьсгалыг хийсэн хүн  гэж боддог. Гэтэл хувьсгалын дайн байлдааныг удирдаж явсан жанжин байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө цэрэг, дайны сэдэвтэй симфони болсон гэсэн үг.

-Д.Сүхбаатар гэхээр МАН шууд холбогдож таарч байгаа юм. Та ийм бүтээл хийснээ намын удирдлагуудад танилцуулж үзэв үү. Тэд ямар хариу өгсөн бэ?

-Одоохондоо танилцуулж амжаагүй байна. Ямар ч байсан бичлэгийг нь хийлээ. Удахгүй дүрсжүүлнэ. Түүний дараа МАН-ын удирдлагуудтай уулзаж, бүтээлээ танилцуулаад албан ёсоор гардуулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ “Сүхбаатар” симфонио товчхон маягаар сонсгож үзүүлнэ. Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 130 жилийн ойн үеэр амжихгүй бол гуравдугаар сарын 1-нд болдог МАН үүсгэн байгуулагдсан өдөр буюу Эх орончдын өдрөөр гардуулах бодолтой явна даа.

-Намын удирдлагууд мэдээгүй байгаа учраас нэг ёсондоо та гэнэтийн бэлэг барьж байгаа юмаа даа?

-Тийм ээ. Ерөнхийдөө МАН-ын 100 жилийн ойн хүрээнд хийсэн юм. Тиймээс 100 жилийн түүхт ойд барьж буй дэмжигч миний бэлэг гэж ойлгож болно. МАН түүхэн ойгоо сүр дуулиантай тэмдэглэсэнгүй шүү дээ. Энэ намыг дэмждэг дэмжигчийн хувьд 100 жилийн ойг Монгол Улсын хэмжээнд сүр дуулиантай тэмдэглэх ёстой байсан юм. Коронавирусийн цар тахал ч нөлөөлсөн байх. Дэндүү даруухан, чимээгүй өнгөрүүллээ. 

-“Сүхбаатар” симфонийг бичиж байхад таны мэргэжил нэгтнүүд сонссон уу. Энэ хөгжмийн талаар юу хэлэв?

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзий­баярт сонсгоод, ярилцаж зөвлөгөө авсан. Тэр хэлэхдээ “1990 оноос хойш ийм төрлийн хөгжим огт хийж байгаагүй. Үзэл суртлын, бодлын чанартай хөгжим байна” гэсэн. Хүмүүс сонсоход хувьсгал бодогдохуйц бүтээл болжээ. Бид яагаад Хятад, Оросын алинд нь ч харьяалалгүй тусгаар тогтносон улс байгаа юм бэ гэдгийг энэ хөгжим мэдрүүлж, ойлгуулах болов уу. Тэр утгаараа үзэл суртлын хөгжим юм. Гэхдээ сүүлийн үед ийм төрөл жанрын хөгжим огт хийгдээгүй.

-Магадгүй ойрын үед тайзнаас сонсох нууцхан хүсэл бий юү?

-Байлгүй яах вэ. Амьд оркестр тоглохыг сонсоод, хүмүүст илүү хүрээсэй гэж хүсэж байна. Намын талаас дэмжээд өгвөл бүрэн эхээр нь тайзан дээр тоглуулах ажлыг эхлүүлнэ. Би ганцаараа зүтгэнэ гэвэл санхүүгээс эхлээд хүндрэл их. Наанадаж хөгжимчдийн цалин хөлснөөс эхлээд зардал их гарах юм билээ. Ямар ч байсан нэг дуугаргаж үзье гэж бодоод бичүүллээ. Ардын хувьсгалын тэмцэлд манлайлагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарыг алдаршуулсан томоохон бүтээл туурвиад, ард нь гарсандаа баяртай байна. МАН-ын дэмжигчийн хувиар барьж буй уран бүтээлч миний бэлэг юм.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн  сонин №005/24536/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22