Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро АНУ-д оршин суух зургаан сарын виз хүсэлтээ гаргажээ. Тэрбээр АНУ-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд төрийн тэргүүнүүдэд зориулсан А-1 визээр нэвтэрсэн байна. Тодруулбал, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лула да Силваг тангараг өргөхөөс хоёр хоногийн өмнө Флоридаг зорьжээ. Бразилын Ардчилсан намын 46 гишүүнээс бүрдсэн бүлэг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд захидал илгээж, Болсонарод виз олгохгүй байхыг хүссэн. АНУ-ын Төрийн департамент Болсонарогийн визний статустай холбоотой тайлбар өгөхөөс татгалзсан билээ.
Цагаачлалын албаныхан визний асуудлыг шийдвэрлэх хүртэл Болсонаро АНУ-д үлдэхээр төлөвлөж байна. Түүнчлэн АНУ-ын Ардчилсан намын хууль тогтоогчид Болсонарогийн оршин суух эсэхтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэжээ. Зарим хууль сахиулагч Ерөнхийлөгч Жо Байденаас түүний дипломат визийг хүчингүй болгохыг шаардаж, шахалт үзүүлсэн. Ардчилсан намын гишүүн Хоакин Кастро "Бразилд дотоодын терроризмыг өдөөсөн Болсонаро АНУ-д байх ёсгүй. Манай улс хоргодох газар биш. Түүнийг Бразил руу буцаах хэрэгтэй" гэж CNN-д ярьжээ. Мөн Конгрессын гишүүн Александриа Окасио-Кортес твиттертээ "Болсонарод орогнох эрх олгохоо зогсоо" гэж жиргэжээ.
Болсонарогийн хэт барууны засаг захиргааг Амазоны уугуул иргэдийн эсрэг геноцид үйлдсэн гэж буруутгаж эхэлсэн. Тэрбээр Ерөнхийлөгч ахуйдаа өнгөт арьст болон уугуул иргэдийн талаар өрөөсгөл сэтгэгдэл нэг бус удаа хэлсэн. Ялангуяа, Засгийн газрын хайхрамжгүй байдал, хууль бус уурхайн дэлбэрэлтэд уугуул иргэд өртөн амь насаа алджээ. Үүнийг Лула да Силва “Хүмүүнлэгийн хямралаас хэтийдсэн геноцид. Бразилын ард түмний эсрэг үйлдсэн санаатай гэмт хэрэг. Уугуул угсаатнаас гадна арьс өнгө, шашны бүлгийг хэсэгчлэн эсвэл бүрмөсөн устгах гэсэн санаатай оролдлого. Хуулийн байгууллагад мөрдөн байцаалт явуулахыг тушаана" гэж мэдэгдсэн. Амазоны бүсэд амьдардаг тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийн аймшигт гэрэл зургуудыг тус улсын хэвлэлүүд цацсан.
Түүнчлэн орон нутгийн 30 мянга гаруй уугуул оршин суугч эрүүл мэндийн хямралд орсныг илчилжээ. Хууль бус уурхайнууд гол мөрөн, ой модыг мөнгөн усаар бохирдуулж, оршин суугчдын үндсэн хүнс болох загас, зэрлэг гахайг дайжихад хүргэсэн. Мөн хумхаа өвчнийг тарааж, улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүчин чармайлтад саад учруулсан байна. Лулагийн гол холбоотон, Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссефф хэлэхдээ, 2019 оноос хойш өлсгөлөн, мөнгөн усны хордлогын улмаас 570 хүүхэд нас барсан нь "Яномамийн геноцид"-ын нотолгоо гэжээ. Ингэхдээ Жаир Болсонаро түрэмгийллийг дэмжиж, уугуул иргэдэд тусламж үзүүлэхээс татгалзсаныг онцолсон байна. Хэрвээ АНУ-ын засаг захиргаа Болсонарог нутаг буцаавал үймээн самуун дэгдээсэн, геноцидын хэргээр шүүж магадгүй. Болсонаро хариуцлага хүлээхээс татгалзаж, эдгээр буруутгалыг "зүүн жигүүрийн жүжиг" гээд эрүүл мэндийн салбар Засгийн газрынх нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсныг онцолжээ.
Гэхдээ идэвхтнүүд түүний алдаатай бодлогын уршгаар Амазоны ширэнгэ сүйдэж, экологийн тэнцвэр алдагдсаныг тэмдэглэдэг. Яномами омгийн удирдагч Жуниор Хекурари "Цуст Засгийн газар байсан. Болсонарогийн үед хууль бус уурхайнууд 5000-аас 20 мянгад хүрч олширсон" гэж хэвлэлүүдэд ярьжээ.
Лула ардчиллыг сэргээж чадах уу
Лула гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ард түмний хуваагдлыг арилгахаас гадна Бразилын ардчиллыг баруун жигүүрийн хүчтэй эсэргүүцлийг өдөөлгүйгээр хамгаалж, бэхжүүлэхээ амласан. Гэхдээ Бразил бол хэт туйлширсан улс. Болсонарог төрийн эрх барьсан жилүүдэд 700 мянган хүн ковидоор нас барсан. Түүний үндсэрхэг үзэл, нийгмийн үнэт зүйлсийг хуваалцдаг ч авлига, хээл хахууль цэцэглэж, ядуурал, иргэдийн талцал дээд цэгтээ хүрчээ. Лула хоёроос бага хувиар ялсан нь Болсонарогийн дэмжигчдийн ширүүн маргааныг эхлүүлсэн. Лула Силвагийн тангараг өргөх ёслол ямар ч зөрчилгүй болсон ч долоо хоногийн дараа Болсонарогийн дэмжигчид жагсаж, Засгийн газрын байрууд руу дайрч, сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг шаардсан. Болсонаро бослогыг өдөөхөд ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн эсэхийг шалгаж байгаа. Тэрбээр эмх замбараагүй байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зохион байгуулаагүй гэж мэдэгдсэн. Эсэргүүцлийн жагсаал 1980-аад оны цэргийн дэглэмээс хойш Бразилд өрнөсөн хамгийн том үймээн байлаа.
Халдлагын дараа Дээд шүүхээс Болсонарогийн үед Хууль зүйн сайдаар ажилласан Андерсон Торресыг үүрэг хариуцлага алдсан гэж буруутган баривчлах шийдвэр гаргажээ. Дээд шүүх, Ерөнхийлөгчийн ордон, Конгрессын байрыг дайрсан үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого гэж Лула үзэж байна. Тухайн үед Болсонарод үнэнч байсан аюулгүй байдал, хүчний байгууллагын удирдах албан тушаалтнууд жагсаалыг тараахаас цааргалж хугацаа алдсаныг одоогийн төрийн тэргүүн мэдэгдсэн. Үймээн самууныг мөрдөн шалгаж, буруутай нь тогтоогдсон хүмүүст удаан хугацаагаар хорих ял оноох төлөвтэй байна. Энэ бол ардчиллыг хамгаалах цорын ганц арга зам гэж Лула үзэж байна. Ажиглагчид Бразилын жагсаал болон 2021 онд АНУ-ын Капитол руу дайрсан бослогыг ижил төстэй гэж дүгнэсэн. Энэ ч санамсаргүй тохиол биш. Баруун жигүүрийн удирдагч гэгддэг тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай ойрын холбоотон байв.
Түүнийг “Халуун орны Доналд Трамп” гэж хочилдог. Америк тивийн хамгийн их хүн амтай хоёр улсын хэт барууны үзэлт улстөрчдийн нөхөрлөл эртнээс улбаатай. Жаир Болсонарогийн хүү, Бразилийн конгрессын гишүүн Эдуардо Капитолын үймээний үеэр Вашингтонд байжээ. Түүнийг бослого гарахаас хоёр хоногийн өмнө Цагаан ордонд зочилсон гэж зочдын албан ёсны бүртгэлд бичжээ. Харин Бразилын үймээний үеэр Засгийн газрын барилгууд руу дайрахыг бүх талаар дэмжсэн цөөн хүний тоонд Трампын стратегич асан Стив Бэннон багтдаг. Жонс Хопкинсийн их сургуулийн дэд профессор Филипе Кампанте “Лула хэт барууны үзэл баримтлалыг халах боломжтой” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/