Их хотын чимээнээс дайжихдаа өөрийгөө тусгаарладаг кофе шопын буйдхан зайд “мэндлээд” удаагүй шив шинэхэн бүтээлийг сонслоо. Бодолд автуулсан томоохон хэлбэрийн монгол сонгодгийг төгөлдөр хуур, хуучир найрсан амилуулжээ. Содон хослолын нэг өнгө хуучир хөгжимчин нь хуучны танил байх юм. Гэхдээ аялгуу нь өмнөхөөс өөрчлөгдчихөж. Хүний сэтгэлийг хөндөж хөнгөн гуниг төрүүлнэ. Энэ удаагийн ярилцлагын зочин маань мөнөөх хуучирч. Тэр бол Монголын Үндэсний урлагийн их театрын содон хөгүүдийн нэг, гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэн юм.
-Таны фэйсбүүктээ оруулаад удаагүй шинэхэн бүтээлийн анхны сонсогч нь би. Үнэнийг хэлэхэд, намайг хэсэг хугацаанд бодолд автуулчихлаа?
-Концертмейстер Б.Золзаяа бид хоёрын бүтээлийг сонссон танд баярлалаа. Шинэ бүтээлийн талаарх анхны сэтгэгдлийг танаас сонсож байна. Бидний тоглосон бүтээлийг сонсоод ямар нэг зүйлийн талаар эргэцүүлэн бодсон бол хөг аялгуу маань таны сэтгэл зүрхэнд хүржээ. “Эргэцүүлэл” бол Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл. Үе үеийн хуучирчдын урын сангийн шедевр бүтээлүүдийн нэг юм.
-Хуучир хөгжимд зориулсан томоохон хөгжмийн бүтээлүүдийг агуулсан цомгийн өмнөх үг болгож “Эргэцүүлэл”-ийг сонсогчдод хүргэж. Хүмүүсийн сонирхлыг өдөөж буй хэрэг биз дээ?
-“Эх хэл” нэртэйгээр гаргах гэж байгаа цомгийн маань нэг бүтээл нь “Эргэцүүлэл”. Хүн сайн сайхан зүйлээ бусдад дуулгахыг тэсэн ядан хүлээдэг биз дээ. Түүний нэгэн адил “Бид ийм бүтээлүүдийг багтаасан цомог гаргах гэж байна” гэдгээ хүмүүст хэлэхийг хүссэн юм. “Эх хэл” цомог Монголын мэргэжлийн хуучрын урлаг дахь анхны том хэлбэрийн бүтээлүүдээс бүрдэж байгаагаараа онцлог. Он цагийн хувьд 1988-2000 оны хооронд зохиосон мэргэжлийн дөрвөн бүтээл багтсан. Цомгоо гаднын платформуудад байршуулахаар захиалгаа өгсөн. Хоёрдугаар сарын 8-наас цацаж эхэлнэ. Цомгийн бас нэгэн онцлог нь хуучир ба хуучир төст хөгжмийн зэмсэгтэй бусад улс, үндэстнээс монгол хуучир юугаараа ялгаатайг гаргахыг зорьсон. Бас хуучир хөгжмийн сургалтад хувь нэмрээ оруулахуйц бүтээл болсноороо давуу талтай.
-Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлээс гадна хэний хуучирт зориулсан сонгодог аялгууг “Эх хэл”-д оруулсан бэ?
-Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж нарын хуучир хөгжимд зориулсан анхны том хэлбэрийн бүтээлүүдийг оруулсан.
Ж.Бадраа гуай хуучрыг “хүннү хуур” гэж эх хэлнээ хөрвүүлсэн нь тун сонсголонтой
-“Хуучир хөгжимд зориулсан том хэлбэрийн бүтээл Монголд байдаг юм шүү” гэдгийг бусдад хэлэхийг хүссэн бололтой. Бас гаднын зах зээлд цомгоо борлуулах гэж байгаа юм байна гэж таамаглалаа, зөв үү?
-Тийм. Бас хуучрыг хятад хөгжмийн зэмсэг гэх түгээмэл ойлголт байдаг. Хятадууд өөрсдөө нүүдэлчин овог аймгаас гаралтай хүннүчүүдийн хөгжим гэж үздэг. Харин Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа гуай хуучрыг “хүннү хуур” гэж эх хэлнээ хөрвүүлсэн нь тун сонсголонтой байгаа биз.
-Тийм байна. Тэгээд яагаад хуучир хятад хэв маягтай болчихсон юм бэ?
-Бид хуучир хөгжмийг Хятадаас импортлон оруулж ирдэг. Монгол урлаачийн ур ухаанаа шингээсэн хуучраар нэг хэсэг тоглоогүй. Үүний шалтгаан нь Монголд үйлдвэрлэл байгаагүй. Хэдхэн жилийн өмнөөс буюу 2015 оноос монголчууд хуучраа хийдэг болсон. Би ч гэсэн монгол урлаачийнхаа хийсэн ясан хуучраар тоглодог. “Эх хэл” цомогт багтсан нэг бүтээлээ тэрхүү ясан хуучраар хөгжимдсөн. Их өвөрмөц сонсогдож байгаа гэдэгт итгэлтэй байна. Яваандаа монгол дуугаралтыг бий болгохын тулд үндэсний бүтээлүүдээ сайн тоглож байж бусад үндэстнээс ялгарна. Бас гаднынханд “Бид өөрсдийн гэсэн ийм урын сантай, хөгжмийн зэмсэг, тоглох арга барилтай тусгаар хөгжиж ирсэн шүү” гэдгээ харуулахыг хүсэж байна.
Хөгжмийн урлагт оргил гэж үгүй
-Үндэсний бүтээлээрээ ямар их омогшдогийг таны хариултаас мэдэж болохоор байна?
-Хөгжимчид бол гүйцэтгэгчид шүү дээ. Бид ноотоо маш зөв илэрхийлэх ёстой. Түүнээс гадна тухайн бүтээлийг хэрхэн амилуулах вэ гэдгээс хөгжимчний ур чадвар харагдана. Үүний тулд маш их судалгаатай байх нь чухал. Ноот аваад түүнийгээ илэрхийлэхдээ хөгжмийн зохиолчийн хэлэх гээд байгаа утга санааг алдагдуулахгүйгээр өөрсдийн ухааныг зарж байж хүний зүрхнээс зүрхэнд хүрэх хөгжмийг бүтээдэг. Тийм учраас их нарийн мэргэжил. Багадаа 10 жилийг сурахад зарцуулдаг. Миний хувьд ч гэсэн 2006 оноос хойш өнөөг хүртэл шинэ зүйлд суралцсаар явна. Энэ нь нэг бодлын гоё. Яагаад гэвэл хөгжмийн урлагт хүрэх ёстой цэг ч юм уу, оргил гэж үгүй. Өөрийгөө “ухах” орон зайг үлдээдэг нь дурламаар...
-Тоглоочийн чин зорилго нь сонсогчийн сэтгэлд хүрэх биз?
-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, би Хятадад сурч байхдаа олон тоглолт үзсэн. Зарим тоглоочийн тоглолт ямарч өө сэвгүй мөртлөө тоглолтоос үлдсэн сэтгэгдэл нь хоосон байдаг. Түүнээс их зүйл ойлгосон. Техникээр эсвэл хурдаар бүх зүйлийг илэрхийлэх боломжгүй. Миний бүтээлүүдийг сонсоод сонсогчдод юу үлдэх вэ гэдэг л чухал юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ хөгжмийн бүтээл дуу шиг биш. Илэрхийлэх гэсэн зүйл нь бэлэн байдаггүй. Хөгжим үггүй. Хүн болгон өөрсдийн ертөнц, өнцгөөр хүлээж авдаг учраас нэг талаараа хүнийг хязгааргүй орон зайд аваачдаг. Нөгөө талаараа тухайн бүтээлийг хэрхэн хүлээж авах нь сонсогчдоос хамаарна гэж бодож байна.
-Та бид хоёр хуучны танил. Цар тахлын дараагаас таны бүтээлд өөрчлөлт орсон юм шиг санагдсан. Харин та юу гэж бодож байна?
-Цар тахлын үеэр өөртэйгөө ярилцаж, дараагийн уран бүтээлийн чиг хандлагын талаар бодох орон зай надад байлаа. Ийм цаг хугацааг олгосон үе байсан нь талархууштай. Харин тоглоочид гарсан өөрчлөлтийн хувьд зохиолуудаас ихээхэн зүйл шалтгаалж байна. Түлхүү хөгжимдөөд байгаа зохиолууд маань магадгүй хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлэхээр өнгө аястай, хөгжмийн илэрхийлэмжтэй байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, “Эргэцүүлэл” бол нэрэндээ наалдсан бүтээл.
“Би чамд хайртай” бол ардын дуу шиг болсон сор бүтээл юм
-Тэгвэл та Доидтой хамтарсан “Би чамд хайртай” бүтээлийн талаар юу хэлэх вэ?
-Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн “Би чамд хайртай” бол ардын дуу шиг болсон сор бүтээл юм. Ийм бүтээлийг энэ цагийн залууст хэрхэн хүргэх талаар их бодсон. Дууны найруулагч З.Мөнх-Өлзий, Б.Доржнанжид (Doid) нартай хамтарсан. Уг бүтээлийн үглэдэг хэсэгт Б.Доржнанжид тухайн үеийн яруу найргийн хэв маягт нийцүүлж үгээ бичсэн нь бас нэгэн онцлог байлаа.
-Та 20 орчим жил хуучир хөгжимтэйгөө нөхөрлөж байна. Азийн орнуудад түгээмэл энэ хөгжмийн зэмсгийг сураад аль түвшинд яваагаа мэдэх хүсэл төрөхгүй байна уу?
-Энэ цагийн онцлог нь хэн, хаанаас ч уран бүтээлээ сонсгож болохоор болсон. Бидний хувьд энэ бол боломж. Үүнийг ашиглан Хятадад өөрийн уран бүтээлээ түгээх юмсан, сонсгох юмсан гэж боддог. Яагаад гэвэл намайг Шанхайд магистраа хамгаалахад хуучир хөгжмийг “Хятадад тоглож сурсан уу” гэж асуудаг байсан. Гэтэл бид Монголд хүүхэд байхаасаа хуучраа тоглож өнөөдрийн түвшинд хүрсэн шүү дээ. Тиймээс Монголд хөгжмийн урлагийн бие даасан сургуультай, тэндээс олон хөгжимчин төрөн гарсныг, гарч байгааг мэдрүүлэхийг хүссэн. Одоо бол хуучирт зориулсан монгол бүтээлийг хэрхэн сурталчлах вэ гэдэгт анхаарч байна. Үүний цаана байгаа хөгжмийн зохиолчийг сурталчлан таниулах нь ч бас бидний үүрэг. Тэгэхээр бидэнд хийх ажил асар их байна.
-Сэтгэлгээ ондоо үндэстний бүтээлийг хуучирт зориулан хөрвүүлэг хийх нь эртнээс уламжлалтай. Танд ч гэсэн ийм туршлага бий?
-Энэ урын сангийн асуудал. Намайг сурч байхад хуучирт зориулсан монгол бүтээл харьцангуй цөөн байсан. Урын сангийн хувьд морин хуур шиг баялаг биш. Анги дэвшиж монгол зохиол тоглох гэхээр эмзэг сэдэв болоод ирдэг. Тэрийгээ юугаар нөхөх вэ гэхээр гадаадын хөрвүүлгийн зохиолууд. Энэ нь угаасаа уламжлагдан ирсэн сурах арга барил л даа. Дандаа монгол зохиолоо тоглоод төгсчихнө гэж байхгүй. Өрнө, дорнын сонгодог бүтээлүүдээс тоглодог. Энэ нь биднийг илүү академик талаасаа хөгжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Хөрвүүлгийн ажлуудыг бидний дээд үеийн хуучир хөгжимчид, багш нар маань хийсэн. Тэд хуучирт зориулсан зохиолуудаар хязгаарлахгүйгээр хийл, гобой гэх мэт сонгодог хөгжимд зориулсан бүтээл, цаашлаад дан хөгжмийн өөр олон төрөл хэлбэрийн бүтээл, дууны уран бүтээлийн хөрвүүлэг, найруулгаар баяжуулж ирсэн. Ингэхдээ тоглоочийн боломж, нас, ангид нь тааруулан багш нар маань хөрвүүлээд ирсэн уламжлалтай. Үүнйг буруутгах аргагүй. Аль аль нь байх хэрэгтэй.
-Хувийн чанартай асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье. Болох уу?
-Асуу, асуу.
Тайзан дээр хуучраа бариад гарахаар илүү их итгэл төрдөг
-Таныг үзэгчийн суудлаас хэд хэдэн удаа харсан. Тайзан дээрээ хуучраа бариад гарахаараа илүү ихэмсэг харагддаг.
-Хүмүүс тэгж хэлдэг юм. Би чинь намхан хүн шүү дээ. Тайзан дээр өндөр өсгийт өмсөөд гарахаар чухам өндөр болсон мэт санагддаг. Заримдаа тайзнаас буухаар хүмүүс “Өө, чи чинь ийм намхан юм уу” гэдэг. Надад итгэл үнэмшил байдаг. Юу гэхээр, хуучир хөгжимтэй байж би илүү сайн Цэндсүрэн байж чадах юм байна гэсэн. Надаас хуучрыг салгаад авчих юм бол би хэн болох вэ. Магадгүй хэн нэгэн болох л байх. Гэхдээ тэр нь миний хүсэж байгаа хүн биш. Өөрийнхөө мөрөөдлөөр жигүүрлэж байгаа болохоор тайзан дээр хуучраа бариад гарахаар итгэл төрдөг.
-Танд хөгжмийн урлагт үлдээхийг хүсдэг үнэт зүйл бий юү?
-Хөгжим миний амьдралын утга учруудын нэг нь. Миний мөрөөдөл мэргэжилтэй маань салшгүй холбоотой. Монголын дараагийн үеийн хуучирчдыг ямар нэгэн түвшинд хүргэсэн гүүр нь болохыг хүсдэг.
-Ярилцахад зохимжгүй гэвэл битгий хариулаарай. Одоо таны гэр бүлээ хэрхэн төлөвлөж байгааг асуумаар байна?
-Би төдөн наснаасаа өмнө хүний эхнэр, айлын эзэгтэй болно гэж төлөвлөдөггүй. Одоохондоо өөртөө ч бага цаг гаргаж ажил, уран бүтээлдээ анхаарч байна. Одоо бол аль болох хөгжмөө давтах нь надад хэрэгтэй. Боломж байгаа дээр өөрийнхөө хаа хүртэл явахыг мэдмээр байна шүү дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/