Туркийн зүүн өмнөд бүсэд Кахраманмараш, Хатай, Газиантеп, Адана, Шанлиурфа, Адияман зэрэг 10 хотод 7.8, 7.5 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ. Эхний газар хөдлөлтийн дараа 40 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдсэн гэж Туркийн Гамшиг, онцгой байдлын албанаас мэдээлсэн. Хоёр дахь чичирхийлэл бүс нутгийн хэмжээнд Кипр, Ливан, Сирид мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн голомт Кахраманмараш мужийн Элбистан мужид газрын гүнд долоон километрт бүртгэгджээ.Туркийн аврах албаны мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо 3800-д хүрсэн бол Сирид 1293 хүн амиа алдаад байна. Нурангид амьд үлдсэн хүмүүсийг авран хайх ажиллагаа үргэлжилж байгаа. ДЭМБ-ын Газар дундын тэнгис эрхэлсэн бүсийн захирал Рик Бреннан "Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэнэ. Сирийн Алеппо, Хама мужид олон тооны барилга байшин нурсан. Тус улсын эрүүл мэнд, онцгой байдлын албаныхан ийм их хэмжээний гамшгийг даван туулж чадахгүй. Хандивлагч орнуудыг Сирид туслахыг уриалж байна" гэв. Түүнчлэн газар хөдлөлтийн чичирхийлэлийн доргион Газын зурваст мэдрэгдсэн.
Анкарагийн эрх баригчид Европын холбооноос тусламж хүссэний хариуд аврах баг илгээжээ. Францын Засгийн газар Турк, Сирид яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Одоогоор 40 орчим улс газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирийн ард түмэнд туслахаа албан ёсоор илэрхийлсэн юм. Турк дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүс Анатолийн хагарлын дагуу оршдог. Тус улсын түүхэнд хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлж, олон мянган хүний амийг авч одсон. Хамгийн сүүлд 1999 онд Измит мужид болсон газар хөдлөлтийн улмаас 17 мянга гаруй хүн нас баржээ.
Х.ЗАЯА