Ж.Оюунгэрэл: Үйлчлүүлэгчийнхээ царайнд инээмсэглэл тодрохыг хараад баярладаг


“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг. Биднийг өөрчилдөг, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжаар урамшдаг үсчний мэргэжил сайхан.  Үс бол хүний гоо сайхны нэгэн хэмжүүр төдийгүй эд эс. “Өндөг шиг өөгүй, төгс гоо сайхан байхгүй шүү дээ. Би үйлчлүүлэгчийнхээ онцлог, өөг дарагдтал нь засаж чаддаг” хэмээн бардам хэлэх үсчин ховор.  Мэдрэмжээрээ хөглөгдсөн үсчин Ж.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ 30 жил ажилласан бөгөөд гэр бүлийн салоноо амжилттай удирдаж яваа аж. Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог, харж хандах хүнгүй ахмадууд, хүүхдийн үсийг үнэгүй засдаг тэрбээр “Төлбөр аваагүй гээд би хоосорчихгүй. Харин ч сэтгэл дүүрээд ирдэг” хэмээсэн юм.

-Цар тахлын үеэр олон газрууд үүдээ барьж байхад та зориглож салон нээжээ. Хувийн салонтой болохыг эртнээс мөрөөдсөн биз. Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Хүн бүр хямарч байхад гэр бүлийн салоныг нээсэн. Цаг хугацаа, боломж бололцоо тэгж таарлаа. Би 1990 онд зургаан сарын дагалдан курсээр үсчин болсон. Тэр үеийн сургалтын чанар сайн байжээ.  Курсээ төгсөөд Багануур дүүрэгт 15 жил ажиллалаа. Хүүхдүүд том болоод Улаанбаатарт суурьшиж, “Твин парк” хотхоны салонд ажилласан.  Салоноо отгон охиныхоо нэрээр “Алимхан” гэж нэрлэсэн. Улаанбаатарт 10 гаруй жил ажилласан учраас байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ.  “Нарантуул” худалдааны төвийн хойно  буйр сэлгэсэн ч тэд маань лавлаж тодруулаад, зорьж ирж байна.  Отгон охин минь мэйк-ап артистээр Өмнөд Солонгост сурсан. Одоо хамт  ажилладаг. Нүүр будалтаар хүнийг өөрчилж болдгийг охиныхоо ажлаас ойлгосон. 60 гаруй насны эмэгтэйчүүдэд залуу насыг нь эргүүлээд авчрах шиг санагдсан. Бяцхан миссийн тэмцээний оролцогчийн мэйк-ап артистаар ажилласан. Миний охиноор нүүрээ будуулсан хүүхэд өөртөө итгэлтэй болж, түрүүлсэн юм. Тэмцээний дараа манай салонд ирж талархлаа илэрхийлсэн.

-Үс засалт, гоо сайхан урлаг болсон. Хүнийг урлагийн бүтээл болгон өөрчлөхөд үсчнээс юу шаарддаг юм бол?

-Иж бүрэн үйлчилгээ авсан хүн урлагийн бүтээл шиг болдог.  Үс сайхан бол зүс сайхан гэж үнэн үг шүү. Мэдрэмжгүй, итгэлгүй  хүмүүс үйлчлүүлэгчийнхээ саналыг  хүлээж авалгүй “чамд зохихгүй” гэсэн үгээр халхавчлаад хамгийн сайн хийдэг тайралтаараа л засдаг. Яаж засуулахаа мэдэхгүй хүн ч ирдэг. Тийм тохиолдолд үсчин өөртөө итгэлтэй байж л бусдыг өөрчилнө. Үсээ засуулаад өөртөө итгэлтэй болоод гарах үйлчлүүлэгчээ харах сайхан шүү.   Онцгүй тайралт хийлгэсэн  хүн “муухай боллоо” гэж бодох төдийд эд эсээрээ гомддог. Хямрахаар үсний ургалт зогсоно. “Үсээ муухай тайруулаад ургахгүй байна” гэсэн үгийг олон хүнээс  сонссон. Өөрт зохисон, донжтой тайралт хийгээд баярлахад эд эс сэргэж, үс гялалзаад, хурдан ургадаг.

-Ур чадвараас гадна мэдрэмж  чухал уу?

-Хаалгаар орж ирэхийг нь хараад л тайралт, өнгийг нь тэгж өөрчилбөл зохих юм байна гэж боддог. Мэдээж үйлчлүүлэгчийнхээ саналыг сонсож, сонголтыг хүндэтгэнэ. Ярилцаж, тайралт санал болгоно. Бидний төрх нийтлэг харагддаг ч зохих, зохихгүй өнгө гэж байна. Гэхдээ би тайралт, өнгийг зоригтой өөрчилдөг. Мэдрэмжээс  гадна турш­лага нөлөөлдөг байх. Амьдрал бол туршлага.  “Намайг гоё болгосонд баярлалаа” гэдэг үгэнд урамшдаг. Өндөг шиг өөгүй, төгс гоо сайхан байхгүй шүү дээ. Би үйлчлүүлэгчийнхээ онцлог, өөг дарагдтал нь засаж чаддаг.

-Сонирхоод асуухад танаар үсээ засуулдаг олны танил хүмүүс байдаг уу?

-Би үйлчлүүлэгчээ жирийн, олны танил гэж ангилдаггүй. Миний хувьд бүгд ижил. Нэр алдартай хүмүүс үсээ засуулаад гардаг. Орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үсийг ч засдаг. Үйлчлүүлэгчийнхээ царайнд инээмсэглэл тодрохыг хараад баярладаг. Надаар л үсээ засуулдаг үйлчлүүлэгч олон бий. Зарим нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд үсэн­дээ хайч хүргэлгүй ургуулсан байдаг.

-Орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үсийг засдаг гэхээр сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байх нь ээ?

-Үсчин болсныхоо дараахан Багануурт хорооныхоо даргатай уулзаж, харж хандах хүнгүй ахмадууд, ядуу өрхийн хүүхдийн үс засах хүсэлтэйгээ хэлэхэд уриалгахан хүлээж авсан. Нэг өдөр үс засаад зогсож байтал, халтайсан хүүхэд “Оюунгэрэл эгч байна уу” гэсээр орж ирлээ. Хорооноос явуулснаа хэлээд талон үзүүлэв. Би тэр охины үсийг хайчлаад өнгөрөх биш сэтгэл гаргах ёстой гэсэн бодол төрсөн. Үс, нүүр, хүзүү, гарыг угаагаад тайралт хийсэн. Үсээ засуулсны дараа тэр охины харц жаргалтай болсныг хэзээ ч мартдаггүй. Тэр өдрөөс хойш үсчинд очих боломжгүй хүүхдүүдэд би хүрч очих ёстой юм байна гэдгийг ойлгосон. Төлбөр аваагүй гээд би хоосорчихгүй. Харин ч сэтгэл дүүрээд ирдэг. Үсээ засуулсан хүүхдүүд  намайг мартдаггүй юм билээ. Нэг өдөр гурван хүүхэд гэрээсээ авчирсан боорцгоо атгаад надад өгөхөөр үсчний газрын үүдэнд хүлээж байсан. Хүүхдийн баярын өмнөх өдөр 70 хүүхдийн үс засаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  энгийн хүн шиг үсээ засуулсандаа баярладаг. Салоноо солих бүрдээ харьяа хорооны Засаг дарга, халамжийн ажилтантай уулзаж, бүртгүүлдэг. Зарим салоны үсчин, гоо сайханч нар “бохир хүмүүс цуглууллаа” гээд дургүй байдаг. Нэг залуу манай салонд тэвдэнгүй, байн байн цаг хараад, утсаа ширтээд л суугаад байлаа. Би түүнээс учир байдлыг нь шалгаатал, хөдөөний оюутан бөгөөд ээж ааваасаа мөнгө ирэхийг хүлээж байв. Гэтэл Морин хуурын чуулгын тоглолтод оролцох шаардлагатай, үсээ засуулах хэрэгтэй байдаг. Би тэр хүүг ойлгоод үсийг нь үнэ төлбөргүй засаад гаргасан. Удалгүй Мартын 8-ны өдөр нөгөө залуу сарнай бариад ороод ирсэн. Би түүнийг найз охиндоо бэлэг авч дээ гэж бодтол цэцгээ надад өгөөд, баярласнаа илэрхийлсэн.

-Үсээ засуулж суухдаа бүсгүйчүүд бид олон сэдвээр яриа өрнүүлдэг шүү дээ.

-Би яриасаг талдаа. Дуугаа хураасан, санаагаар унасан үйлчлүүлэгчийнхээ хямралыг бага ч гэсэн хөнгөлөөд дотрыг нь уудлаад ярилцахыг хичээдэг. Үсийг нь засангаа сэтгэлийг  засаж байгаа нь тэр. Холбоо тогтоож, илүү сайхан мэдрэмж төрүүлж байж шинэ дүр төрхийг бий болгоно шүү дээ.

-Хүн биш ажил хүнийг голдог гэдэг. Та мэргэжилдээ эзэн нь болж чаджээ. Мэргэжлийнхээ сайхныг цөөн үгээр тодор­хойлно уу?

-Будаг, химитэй өдөр бүр харьц­даг хортой ажил гэж хү­мүүс ярьдаг л юм. Би энэ мэр­гэжлийг хувь заяа, бурхнаас өг­сөн өгөгдөл гэж боддог. Залуухан үсчид харшилтай боллоо, тууралт гарлаа, хөлийн судас бүдүүрлээ гэж ярьдаг. Би 30 жил хайч эргүүлж, үс угааж, будаж байна. Хордож, өвдөж сүйд болсонгүй. Ажилдаа сэтгэлээсээ ханддаг болохоор тэр бүхнийг анзаардаггүй байх. Хүнийг үзэсгэлэнтэй болгодог мэргэжилдээ дуртай. Олон цаг зогсоо ажилласан ч ядарч үзээгүй. Гэхдээ сүүлийн үеийн шампунь, ангижруулагчийн найрлага дахь химийн бодис ихэссэнтэй санал нийлнэ. Хүмүүс шампунь, ангижруулагчаа буруу сонгож, үсээ гэмтээдэг.

-Хэдий чанартай тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ч манай орны байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалаад үс өнгө, чийгээ амархан алддаг. Үс арчилгааны энгийн зөвлөгөөг манай уншигчдад өгнө үү?

-Үнэтэй ч химийн найрлага ихтэй шампуниуд худалдаанд байдаг. Ер нь найрлагыг нь уншаад дундаж үнэтэй бүтээгдэхүүн сонговол зүгээр. Үнэтэй чамин тос, ангижруулагч хэрэглэхийг үйлчлүүлэгчдэдээ зөвлөдөггүй. Гэмтэлтэй авралгүй болсон үсэнд салоны хүчтэй арчилгааг амь тариа шиг хийдэг. Гэрийн нөхцөлд үс арчлах үр дүнтэй олон арга бий. Зөв арчилгаа угаалтаас эхэлдэг. Бүтээгдэхүүнээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Шампунь, ангижруулагчийг дутуу угааснаас болж үс салаалж гэмтдэг. Үсэндээ л анхаараад хуйхаа мартчихдаг. Хуйх бол нүүрний арьсны үргэлжлэл шүү дээ. Бохирдлыг нь цэвэрлэж байж, эрүүл үс ургана. Салонд хуйхны цэвэрлэгээ хийлгэж амжихгүй тохиолдолд колагаар цэвэрлэж болдог. Үсээ угаасны дараа колагаар хуйхаа шавшиж, сайтар үрэх хэрэгтэй. Угт тогтсон бохирдлууд цэвэрлэгддэг. Агаарын бохирдлоос болж үс хуурайшдаг. Үс агаараас тодорхой хэмжээний чийг авдаг. Хуурайшсан үсийг хэчнээн тансаг шампуниар угаасан ч гялалздаггүй.  Оливын тосыг халааж түрхээд чийгтэй алчуураар орооно. Бүсгүйчүүд гэртээ халуун бигнүүрийн малгай өмсөөд үсээ улам хуурайшуулдаг гэмтэй. Оливын тос чийгшил өгч, үсийг гялалзуулдаг. Аммиакгүй будаг сайн гэж хүмүүс ташаа ойлгодог. Аммиакгүй будаг тогтоц муу, хурдан гардаг учраас будалт хоорондын зай ойртдог. Манай салон Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний хөгжлөөр тэргүүлдэг улсын  бараа бүтээгдэ­хүүн чанартай байдаг.

-Бид өвчин эмгэгтээ анхаар­даг хэрнээ үсний гэмтлийг төдийлөн тоодоггүй. Сүүлийн жилүүдэд үсний ямар эмгэг давамгайлж байна вэ?

-Үс бууралтах. Үсний пигмент алдагдсанаас бууралтдаг. Нэгэнт бууралтсан үс эргээд харлахгүй. 20 жилийн өмнө удамшлаас шалтгаалсан буурал насны хэмжээтэй байсан. Өнөө үед хүүхдийн үс хүртэл бууралтаж байна. Би цал буурал үстэй сурагч хүүгээс “Мөнгө бодоод бууралтсан уу” гэтэл “Та яаж мэдэв ээ, мөнгө их бодохоор бууралтдаг юм уу” гэж билээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 


0
angry
21
care
0
haha
8
liked
7
love
5
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22