Энэ долоо хоногийн ярилцлагын зочин бол дуучин Б.Чойжилсүрэн буюу Чойжоо. Товлосон цагтаа зорьсон газраа хүрч хөгжмийн чимээг даган явсаар түүнтэй уулзлаа. Үнэнийг хэлэхэд, Чойжоог “уудлах” амаргүй ажил юм. Нуршихгүй, хэдхэн үгээр асуултын ард гарчихдаг. Тэгсэн хэрнээ донжтой, өөрийн харизмтай дуучин гэдэг нь олон зүйлээс харагдах ажээ.
Сандрахаасаа илүү догдолж байна
-Ярилцах цаг гаргасанд баярлалаа. Тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд завгүй явна уу?
-Тийм ээ, тоглолтын бэлтгэл одоо л завсарлаж байна.
-Сандарч байна уу?
-Сандрахаасаа илүү догдолж байна. Тайзан дээр гарч, олон хүний өмнө дуулахаар үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг авна гэж бодохоор өөрийн эрхгүй догдолж байна. Хамгийн гол нь үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн зүйлээ мэдрүүлмээр байна.
-Олон жилийн дараах нэг ёсны таны үзэгчдэдээ тайлагнаж байгаа тайлан тоглолт гэж ойлгосон. Магадгүй тийм ч учраас тоглолтоо өөрөөрөө нэрлэсэн үү?
-Тэгж хэлж болно. Хүмүүс тоглолтоо дууны нэр эсвэл бадгийн хэсгийг сонгож аваад нэрлэчихдэг. Гэхдээ би тоглолтоо тэгж нэрлэхийг хүсээгүй. Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажлын үр дүн учраас энгийн нэр өгөхөөр шийдсэн. Тэгээд тоглолтын үеэр үзэгчдэдээ ёстой л байдгаа барина даа. Өөрийнхөө дуртай дуунуудыг дуулна. Бас урилгаар ирж байгаа дуучнуудын уран бүтээлээс миний дуртай дуунуудыг үзэгчид маань сонсох юм.
-Нэлээд эртнээс хийхээр төлөвлөсөн тоглолт юм аа даа?
-Уран бүтээлч болгон тоглолт хийхийг хүсдэг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд бодож явсаар шинэ он гаргаад тоглолтын ажилдаа орлоо. Тоглолтыг маань амжилттай зохион байгуулахаар бүхэл бүтэн баг ажиллаж байна. Найзуудын туслалцаа үгүй бол би ганцаараа энэ их ажлын ард гарч чадахгүй юм билээ.
-Тэд танд зөвхөн тайзан дээр гарахад бэлтгэх, дуулахдаа анхаарах хугацааг өгчээ?
-Тиймээс би одоо энд дуулаад, бэлтгэлээ хийгээд сууж байна шүү дээ. Бас хувцаслалтдаа анхаарч байгаа.
-Стилисттэй ажиллаж байгаа юу. Тоглолтын сурталчилгааны зураг авалт донжтой болсон байна билээ?
-Стилисттэй ажиллаагүй, өөрөө л болгочихно доо. Хувцсаа “Line styling” брэндийнхэнд даатгасан. Гоё, өвөрмөц хослолууд хийдэг. Надаас өөр хүн энгийн үед өмсөхөөргүй хослолыг би л өмсөж байна. Өвөрмөц загвартай учраас тайзан дээр гарах эсвэл онцгой арга хэмжээнд очихдоо өмсөхөд тохиромжтой санагдаад “Line styling” брэндийг сонгосон юм.
-Таных хүлээх зуур шинэ бүтээл гаргах гэж байгаа талаар сонсчихлоо. Тоглолтын үеэр танилцуулах уу?
-Та цомгийн талаар асууж байгаа бол үнэн. Удахгүй шинэ цомгоо танилцуулна. Бас тоглолтод ирсэн хүмүүс миний шинэ дууны анхны сонсогчид болно. Ер нь шинээр гаргах гэж байгаа цомогт оруулаагүй уран бүтээлүүд бий. Одоогоор байдлаар тоглолтын үеэр үзэгчдэд хүргэхээр 35 дуу бэлтгэж байна. Хэрвээ шинэ дуунуудаа нэмбэл тоглолтын цаг уртсаж үзэгчид чилэх байх аа.
Яагаад Валентинаар тоглолт хийж болохгүй гэж...
-Түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан юм. Яагаад Валентины өдөр тоглолтоо товлосон юм бэ?
-Яагаад Валентинаар тоглолт хийж болохгүй гэж. Гоё шүү дээ. Өмнө нь “A Sound” хамтлагийнхан Валентинаар тоглодог байсан ч цар тахлын дараа тоглолт хийгээгүй. Өнгөрсөн жилийн өдийд би цөөн хүн үзэхээр тоглолт хийсэн. Үүнийгээ энэ жил үргэлжлүүлж байна гэж ойлгож болно. Валентины өдөр болж байгаа гээд миний тоглолтыг заавал хос залуус үзэх ёстой гэсэн үг биш. Ихэнх дууг маань ганц бие, эмоорсон хүмүүс сонсдог байж магадгүй. Дуунуудынх нь сигмент нь өөрөө тийм.
-Таныг Валентины баяраар хосуудад зориулаад бут авах нь дээ л гэж бодлоо?
-Харин ч Чойжоо Валентинаар тоглолт хийж байна гэхээр, ганц бие хүмүүс илүү үзэх ёстой юм биш үү. Хостой нь баярлаад явна биз. Хосгүй нь надтай хамт ганцаардвал гоё. Тийм биз дээ.
-Ганцаардах гэснээс таны ихэнх дуу хүнийг бодолд автуулдаг?
-Магадгүй би өөрөө тийм байх. Тийм учраас миний дуунуудыг сонсоод тийм мэдрэмж төрдөг болов уу. Дандаа инээж ханиагаад явдаг хүн миний дууг сонсдоггүй байх.
-Таны дуунууд хөнгөн гунигтай, бас заримдаа таныг харахаар хэтэрхий дотогшоо хүн шиг санагддаг. Харин та өөрөө юу гэж боддог бол?
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ би их ажигч. Өөрөө мэдрэхээс илүү хүмүүсийг яаж мэдэрч байгаа бол гэж бодох дуртай. Кино үзээд “Энэ зохиолыг яагаад ингэж бичсэн бол” гэж боддог.
-Чойжоог танихад, танилцуулахад “Яг түүн шиг” шоу тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэсэн. Магадгүй энэ шоу таныг илүү “задалсан” байх?
-Мэдэхгүй юм. Би багадаа их нээлттэй, юм болгоны эхэнд явдаг хүүхэд байсан. Насанд хүрээд байдал арай өөр болсон байх. “Яг түүн шиг” шоу надад хүүхэд насандаа эргэж очих боломжийг өгсөн байж магадгүй. Түүнээс биш Чойжоо бол Чойжоогоороо л байгаа шүү.
-Таны дууг сонсоод хүмүүс ямар мэдрэмж аваасай гэж хүсдэг вэ?
-Тэр талаар боддоггүй. Миний мэдэрч байгаа зүйл л надад чухал.
-Дуулахыг хүсдэг дуугаа энэ удаагийн тоглолтод дуулах уу?
-Дуулахгүй. Би ардын, этник дуу сонсох дуртай. Надад тиймэрхүү дуу бий. Гэхдээ би тэр дуугаа тоглолтын үеэр дуулахгүй. Ер нь энэ хавар сонсогчдын хүртээл болгоно.
Одоо бол өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээд явж байна
-Та өөрөө эсвэл хэн нэгнийг дэлхийн хөгжмийн ертөнцөд гаргах гүүр нь болохыг хүсдэгээ өмнө нь ярьж байсан. Тэр зорилгодоо тэмүүлсэн хэвээр байгаа юу?
-Хүний бодол 20 настайдаа нэг өөр, 30 насандаа шал ондоо болчихсон байдаг. Одоо бол би өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээд явж байна. Нэг их амбицгүйгээр шүү. Тэгээд зорьсон зүйлийнхээ талаар бодоод явж байвал болох л байлгүй дээ.
-Сэдвээ жаахан өөрчлөөд охид бүсгүйчүүдийн сонирхдог асуултыг асуучих уу?
-“Найз охинтой юу” гэж үү?
-Тийм ээ.
-Найз охингүй шүү дээ. Энэ ч нэг их төлөвлөөд байдаг зүйл биш байх. Хүн нь гараад ирвэл аяндаа болох л байх.
-Хувь тавиланд даатгачихсан уу?
-Хувь тавилан байгаа байлгүй дээ. Үйлийн үр ч бас бий.
-Аав болсон мэдрэмжээс тань хуваалцмаар байна?
-Дэгдэж дэрвээд явж байсан хүн хариуцлагын талаар бодож эхэлсэн. Бүх зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ би хангалттай сайн аав байж чадахгүй байгаагаа мэднэ. Нэг л зүйлийг баттай хэлнэ. Би хүүхдээ өөрийнхөө үргэлжлэл болгож, эсвэл өөрийн дуусгаагүй зүйлийг дуусгуулах гээд ачаа, дарамт болохгүй. Тэр хүн өөрийнхөө хүссэнийг хийгээд амьдраасай гэж боддог.
-Та алдаа гаргахаас эмээдэг үү?
-Алдаагаа алдаа гэдгийг мэдэж байвал айна. Харин алдаагаа давтахгүй байх нь чухал. Нэг бүдэрсэн газартаа дахиж бүдрээд байвал хайран гутал шүү дээ.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24537/