Б.Анармаа: Би бүтээлтэйгээ биш, баригдмал сэтгэлгээтэй муудчихсан


Уран бүтээлийн урт,  холын аянд өөртэйгөө таарсан нь хэд бол. Тэдний уналт, босолт, гуниг баяр хүртэл бидний мэлмий сонорыг мялаах гайхамшгийг төрүүлэх аж. Зураач Б.Анармаатай ярилцлаа.

-Хэзээ эх орондоо ирэв?

-Хөх хотод ирэн очин ажиллаж амьдраад долоон жил шахуу болжээ. Сүүлийн гурван жил ковидын хатуу хөл хорионд хашигдсаар өчигдөр л эх орондоо ирлээ. Өвөрлөгчдийн эх хэлээ гэсэн тэр их үнэт зүйлсийн утга учрыг энэ богино хугацаанд яс махаараа мэдэрлээ. Эх хэл бол эх орон юм. Хэдийгээр гуравхан жил хөл хорионд суусан ч тахлын онцгой цаг үе их зүйлсийг ойлгуулах шиг боллоо.

-Гурван жилийн хөл хорионд хэр ганцаардав?

-Тэрбум гаруй хүн далайн дунд арал дээр ганцаар мэт эл хуль сэтгэл хоосон гунигтай өдрүүд намайг газар дээр хага шидэх шиг л болсон. Сэтгэлээ онгойтол ярих хүн олдохгүй, би ч зожиг нэрэлхүү зантай. Өөртэйгөө байх, ганцаардах дээд хугацаа нь оройдоо тулаад ирмэгц хүний бодол санаа эргээд хоосорч эхэлдэг. Яах вэ, ганцаардах боломж хүн болгонд олдоод байдаггүй нь аз ч юм шиг. Ганцаардлаас өөрийгөө шударгаар олж харах боломж надад олдсон төдий.

-Уран бүтээлч хүний хувьд ганцаардал том олз гэдэг дээ?

-Том олз нь үнэн. Гэхдээ уран бүтээл, захиалгын мөнгөний зураг хоёрыг тэнцүү авч явдаг төрлийн хүн би биш юм байна. Захиалгын зураг зурах нь сүүлдээ там болсон. Өөртэйгөө зөрчилдөж эхэлсэн. Мөнгөний төлөө бүтээл төрдөггүй. Мөнгийг хариуцлагын дагуу хангалттай олсон. Одоо үүргээ биелүүлсэн боллоо. Би хэсэг стрессээсээ ангижрахын тулд завсарлага авч түр амрахаар шийдсэн. Тархи ч нэлээд хөнгөрч байна. Хэрэгтэй хэрэггүй датануудаа форматалж байгаа гэж ойлгож болно. Удахгүй бүтээлээ жаргаж хийхээр төлөвлөж байгаа.


-Тийм шүү. Аливаад тохирсон тун хэтрээд ирэхээрээ л болохоо байх шиг санагддаг. Өнгө будгийн төгс зохирлыг олж, зургаар яруу найраг уншуулж, гайхалтай аялгуу сонсгож чаддаг хүмүүс бол зураачид. Та нар тунг нь тааруулахгүй бол өөр хэн тааруулах вэ?

-Сэтгэл гутрал нь их богинохон хугацаанд орж ирнэ л дээ. Тэрнээсээ дорхноо өөрийгөө чөлөөлж чадаж л байгаа юм. Хэдийгээр эх орноосоо холгүй, их олон жил биш гуравхан жил байсан хэрнээ би нэг л зүйлийг их санасан байна билээ. Эх хэлээ маш их үгүйлжээ. Эх орон гэдэг бол эх хэл юм байна  гэж бодогдлоо. Өвөрмонголчуудын бачимдаад байдаг аргагүй юм билээ. Түүнд би асуудал өгч хардаггүй байснаа өөрийн биеэр мэдэрсэн. Гэтэл энүүхэн хаяанд байх газарт би эх орноо, эх хэлээ тэгтэл үгүйлж байгаа юм чинь хаа байсан далайн чинадад тив алгасан амьдарч байгаа монголчууд ямар байдгийг маш сайн ойлгосон.

-Уран бүтээлийн тухай ярианд орох уу?

-Би зурагтайгаа муудчихсан.

-Хүүе яагаа вэ?

-Эргэцүүлэл дундаа амьдралаа, уран бүтээлээ бодно биз дээ. Гэтэл миний зургуудын ихэнх нь захиалгын болж таарсан. Хэдийгээр дотоод ертөнцөд хашгираад байгаа ч амьдрал дэлдийтэл чихдээд амьдралын шугам руу чирээд оруулчихаж байгаа юм. Захиалгын зураг зарим хүний хувьд уран бүтээл байж болно. Мөнгө олохын тулд юм юм л хийсэн. Өөрийнхөө ертөнцөөр аялж явахдаа нөхөр Анармаатай таарна биз дээ. “Хөөе Анармаа, одоо чи болсон, мөнгөний зураг зурахаа боль, одоо дотоод хашгираанаа гарга. Түр амсхийгээд тархиа амраагаадах” гэсэн. Захиалгаар зураг зураад байхаар уран бүтээл гарахгүй захиалагчийн хэлснээр гар хөдлөөд байх шиг санагдаад цөхөрсөн. Нэг үгээр бол би уран зурагтаа ялагдсан.


-Уран бүтээлчийн хувьд сэтгэлгээний уналтад орсон юм уу?

-Сэтгэлгээний уналт мөн байх аа. Захиалагч нарын хүслээр зураад, тэдний хүссэнээр цэг хатгана гэдэг миний хувьд гутамшиг байхгүй юу. Хүний хүслээр ажилладаг боол барлаг мэтээр сэтгэж эхэлж байна. Тэгж бодонгуутаа хэдэн зургаа буруу харуулж тавиад муудлаа гэчихсэн. Түүнээс зурж чадахаа больчихсон юм биш.

-Уран бүтээл ер нь яаж төрөөд байх шиг байна. Захиалгын зургуудыг хэлээгүй шүү?

-Уран бүтээлийг жаргаж хийх л ёстой.

-Жаргал гэдэг дотор чинь гуниглуун сэрэхүй байж болох уу?

-Бүгд л багтана. Энэ ямар нэг амьдралын хэрэгцээний дарамтгүй, уйлж, гуниж, инээж ханиаж, өөрийнхөөрөө зовж өөр юу байдаг юм, бүх л мэдрэмжүүдээ гаргаж зурвал тэр уран бүтээл болно. Хэрэгцээний хүлээснээс ангид тийм нэгэн ертөнцийг өөртөө бүтээх гээд. Одоо үнэнчээр дурлаж бүтээнэ. Би шинэ сэрэлтийнхээ шинэ ертөнцөд орох хаалганы өмнө зогсож байна. Ингэж харвал сая ярьдаг уналт миний сэрэлтийн өмнөх уналт. Ганцхан би унасан юм биш. Миний харснаар дэлхий даяар урлаг уналтад орсон.

-Цар тахал урлагт нөлөөлсөн л байх. Гэхдээ түүнээс ч өмнө сэтгэлийг орхичихоод, хэт энтертайнмэнт чиг хандлагатай болсон уу?

-Зургаар мөнгө олоход хэцүү цаг ирсэн. Энэ хүнд үед үнэхээр уран бүтээлд сэтгэлтэй, жинхэнэ уран бүтээлчид бууриа сахиад үлдэх болов уу. Зарим уран бүтээлч тугаа өргөчихлөө. Сэтгэлийн өлсгөлөн гэхээсээ илүү хэрэглээний өлсгөлөнд хөтлүүлээд явчихлаа. Эдийн засаг нь тогтвортой, амьжиргааны түвшин сайтай, хууль эрх зүйтэй орчин уран бүтээлчдийн хувьд таатай ертөнц юм даа.

-Тэс хөндлөн зүйл асууж болох уу. Уран бүтээлчийн хувьд бурхныг ямар өнцгөөс хардаг вэ?

-Дотоод ертөнц рүүгээ өнгийж харахад Буддын ухаан тусална. Аливаа шашин новшийн хүн төрөлтнийг жаахан цэгцтэй, зөв амьдрах ухааныг л заадаг болов уу. Үүргээ ч сайн биелүүлсэн. Би нэг бодохдоо хэдэн мянган гэрлийн цаана орших өндөр соёл иргэншилтэй гараг сансар огторгуйд эрэл хайгуул хийж явсан этгээдүүд манай цэнхэр гаргийг олсон эсвэл бүтээгээд нэг төсөл хэрэгжүүлсэн байх гэж таамаглан төсөөлөн боддог юм. Тэр төслийн хамгийн том алдаа нь хүн төрөлхтөн байж болзошгүй. Хүний эсийн хуваагдал вирусийн хуваагдал хоёр ижил гэдэг. Тэгээд бүтээсэн гарууд бодсон байх. Энэ алдаагаа яаж цэгцлэх вэ гэж. Хүний тархийг угааж нэг системд оруулах нь хамгийн зөв шийдэл учраас хэн нэгэн этгээдээр энэ ажлыг хийлгэе гээд Ситхарта, Есүс, Мухамедыг томилолтоор явуулсан болж таараад байгаа юм. Ингээд л биднийг элдэв шашны үзэл номлолд оруулж, бурхан шүтээн хийж өгсөн байх. Энэ зөвхөн миний төсөөлөл шүү (инээв). Би буддын шашин номлолыг үгүйсгэдэггүй. Гэрийн суурь хүмүүжлээсээ ч болдог байх нэг их мөргөж залбирах нүгэл хилэнц хийж явсан биш учир зүггүй маань мэгзэм уншаад байдаггүй.


-Шинэ сэрэлтийнхээ ертөнцөд орох хаалганы өмнө зогсож байна гэсэн. Одоо шинэ Анармаагаас ямар уран бүтээл гарах бол?

-Тархиа чөлөөлж байгаад орох гэж байна. Бүтээлүүдээ эргээд харахад хэт нарийн ажиллагаатай, гялгар ганган харагдаад байгаа юм. Хүн чинь уран бүтээлээ магтдаг байтал ардуур нь муулчихсан сууж байгаа биз дээ. Өөртөө үнэнч байх нь миний философи. Одоо эрх чөлөөтэй дураараа уран бүтээлүүдээ туурвина. Дэлхийн алдартай бүтээлүүд яагаад өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний соёлын үнэт өв болон үлдэв. Зураач нь дотоод хашгираан, тэр их үнэнч сүнслэг мэдрэмж, энергиэ үлдээн туурвисан учир энергийн хүч өнөөдрийг хүртэл биднийг татсаар байна. Нэг үгээр хэлбэл, тухайн зураач энэ бүгдийг нийлүүлсэн эрчмээ тэр зотон дээр зурчихсан. Тухайн эрчмээрээ дэргэдээс нь харсан хүмүүсийг татаад байгаа юм.

-Тэгэхээр таны уран бүтээл одоо сүнстэй гарна гэж ойлгож байна?

-Тийм сүнстэй гаргана, яг үнэн. Би  зурагтайгаа муудчихсан гэсэн дээ. Яг үнэндээ зурагтайгаа биш өөрийн баригдмал сэтгэлгээтэй муудчихсан хэрэг. Тэр зотон, будагтайгаа муудалцаад байгаа юм биш, би сэтгэлгээний хувьд л ялах, ялагдах гэх мэтээр зөрчилдөөд түүнийгээ давахыг хүсээд яваа юм.

-Урд байхад чинь хоёулаа нэг сайхан ярилцах юмсан гэж нэлээд хэдэн жил ярьсан. Хужирхай тэнийтэл сэтгэлээ уудаллаа гэхгүй ч сайхан ярилцлаа гэж бодож байна. Баярлалаа.

 ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/




0
angry
1
care
0
haha
1
liked
5
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22