Хун чуулсан нууранд нь сар өнжиж, талын салхинд нь таанын үнэр ханхийсэн нутаг минь. Үүлэн чөлөөний наран гурван голын бэлчирт саатахад алтан шаргал элс нь алсаас шижиртэн харагдах миний нутаг. Санаа туйлдахад сэтгэл аргамждаг, холын тэртээд бараатай миний зүрхний хайлан...
Өвгөдийн нутгийг санагдуулж, аньсага чийгтүүлсэн “Эх нутаг” бүжгийн дэглээч нь Б.Норовбанзад хэмээх шавилхан бүсгүй ажээ. Бүжиг хэмээх үггүй урлаг. Үйл хөдлөл, яруу илэрхийллээрээ хэл, соёл үл харгалзан нэвтрэлцэх хил хязгааргүй баялаг ертөнц. Ийм л гэгээхэн оршихуйд хэсэг зуур саатан бүжигчин, бүжиг дэглээчийн дотоод ертөнцтэй танилцахаар “Улаанбаатар” театрыг зорилоо. Бага үдийн завсарлагааныг далимдуулан эрхэм уран бүтээлчийг түр хүлээлгэв. Эхэнд нь хэлэхэд, Б.Норовбанзад саяхан Япон улсыг зориод ирсэн. Нутаг нэгт бүжигчний тоглолтод “Эх нутаг”-аа толилуулж, Монголын үндэсний язгуур урлагаа арлын оронд сурталчлан таниулахын зэрэгцээ бусад уран бүтээлчийн хамт тоглолтоос олсон орлогоо сайн үйлс бүтээдэг олон улсын санд хандивлаад иржээ. Энэ мэт сүүлийн үеийн сониноос асууж түүнтэй “нүүр хагарсан” юм.
Монгол хүний онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээнээс салгахын аргагүй. Ялангуяа төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах, туялзах хөдөлгөөн зонхилдог. Ярилцагч маань бүжгийн энэ л намба төрхөөр соёлын биет бус өвөө уламжлан хөгжүүлж буй нэгэн билээ.
Урлагийн ундаргатай саглагар модноос салбарласан салаа мөчир нь Б.Норовбанзад ажээ. Түүний ээж Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаа. Нагац нар нь Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүй, А.Дашпэлжээ. Ийм л алдартнуудын үргэлжлэл болж Б.Норовбанзад өдгөө нийслэлээрээ овоглосон театрын тайзнаа бүжиглэж байна. Түүний хүүхэд насыг дуу бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Дуу хуур цалгисан уран бүтээлчдийн дунд өсөхдөө “нүд унагасан” зүйл нь бүжиг байж. Ээжийгээ дагаж театрт очих болгондоо бүжигчдийн хөдөлгөөн болгоныг ажиж, даган дуурайж дүрсгүйтгэдэг. Ингэж явсаар нэг л мэдэхэд бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болжээ. Б.Норовбанзад ээждээ үргэлж талархаж явдаг. Яагаад гэвэл, түүнийг бүжигтэй “танилцуулсан” хүн ээж нь юм. Бас мөрөөдлөө биелүүлэхээр шийдвэр гаргахад хамгийн үнэнч дэмжигч нь түүний ээж, гэр бүлийнхэн нь байжээ. Зорилготой хүн зогсолтгүй урагшилдаг. Театрын тайзан дээр тоглож наадаж явсан охины мөрөөдлийн даль жигүүр нь ургаж мэргэжлийн бүжигчин болохоор анхны алхмаа хийлээ.
1999 он...
Б.Норовбанзад Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан жил. Сургуулийнхаа хаалгаар анх ороход түүнд өөр ертөнцөд оччих шиг санагджээ. Энэ тэрүүгээр хүүхдүүд гүйлдэж бужигнаад эсвэл үлээвэр хөгжим, үндэсний хөгжим сүлэлдэн сонсогдож түүнд өмнө нь сурч байсан сургуулиас тэс ондоо мэдрэмж төрүүлжээ. Ялангуяа бүжгийн заалны хаалгыг татахад цав цагаахан купальниктай охид нүдэнд нь туссан гэдэг. Тэгээд тэрүүхэн зуур “Би ч гэсэн энэ хүүхдүүд шиг зогсох юм байна” хэмээн боджээ. Энэ л үеэс түүний дотор хургасан айдас ор мөргүй арилж, элсэлтийн шалгалтаа өгөөдхөв. Яг байх ёстой газраа ирсэн мэт санагдаж багштайгаа танилцжээ. Тэр Хөгжим бүжгийн коллежид Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Оюуны удирдлага дор таван жил суралцаж, бүжгийн жүжигчин мэргэжлийг эзэмшсэн. Гэхдээ дипломоо авахаас өмнө мэргэжлийн театрын тайзнаа гарч алга ташилтын амтыг мэдэрсэн залуу уран бүтээлч байв. Сургуулиа төгсөхөөс нэг жилийн өмнө уламжлалт өв соёлын “Түмэн-Эх” чуулгын бүжигчин болсноор түүний хувьд нэгэн шинэ “хаалга” нээгдсэн гэдэг. Оролдлого болгон амжилт дагуулахгүй. Гэхдээ туршлага болж, “Чадах юм байна, болох юм байна” гэсэн итгэл төрүүлдэг билээ. Б.Норовбанзад “Түмэн-Эх” чуулгын бүжигчин болохоор шалгуулахдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлтэй учран золгожээ. Ингэж тэр Д.Энхгэрэл багшийнхаа анхны шавь нь болсноор өнөөдрийн Б.Норовбанзадыг бий болгох алхмыг хийжээ.
2004 он...
“Би бүжиггүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй”... Б.Норовбанзадын хэлсэн энэ үг түүнийг бүрэн дүүрэн илэрхийлнэ. Бүжгийн дасгалаа хэдэн өдөр тасалдуулчихаар бухимддаг. Амьдрал дээр асуудал үүсэхэд тайзан дээрээ бүжиглэж эсвэл зааландаа ирээд дасгалаа хийчихээр бүгдийг ардаа орхисон мэт санагддаг гэх. Мэргэжилдээ дурласан хүн гэж л түүнийг хэлэх байх. Б.Норовбанзадын хэлснээр бүжиг хүнийг ямар ч зүйлийг даваад гарах тэвчээртэй болгодог гэсэн. Тиймээс амьдралын баргийн нугачаанд халтирахгүй байх хатыг бүжиг бүжигчиндээ “өвлүүлдэг” ажээ. Бүжигчин хүн форм алдаж болохгүй. Дасгал сургуулилалтаа тасалдуулахгүй хийж, өөрийгөө үргэлж хөгжүүлэхээр эрмэлзэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол амьдралын эргүүлэгт өөрийгөө алдаж тайзнаас буух хүртэл хатуу “шийтгэл” хүртдэг. Ийм болохоор урлаг хатуу, урлагийн хүн болох хэцүү гэдэг. Ялангуяа эмэгтэй хүнд... Айлын эзэгтэй, хүүхдийн ээж болох нь жам. Гэсэн ч формоо алдахгүйн тулд илүү их хичээж, бусдаас илүү цагийг бүжгийн зааландаа өнгөрөөх шаардлагатай болдог гээд хэлчихвэл маргахгүй биз. Б.Норовбанзад хоёр хүүхдийн ээж, том хүүгээ төрүүлээд нэг сар ч бололгүй ажилдаа оржээ. Аавыгаа хүндээр өвдөхөд ээжтэйгээ ээлжлэн сахиж байсан ч тайзан дээрээ гарахдаа бүхнийг хөшигний цаана үлдээгээд гардаг байсан талаараа түүний ярихыг сонссон юм.
2022 он...
Б.Норовбанзадын гаргасан амжилтыг дурдвал урт жагсаалт хөвөрнө. Харин түүнд урам өгсөн, хамгийн сүүлд оролцсон уралдаан бол Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт бүжиг дэглээч Г.Долгорсүрэнгийн нэрэмжит гоцлол бүжигчдийн анхдугаар наадам. Энэ уралдаанд Б.Норовбанзад Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Энхгэрэлийн дэглэлт “Хөх бух”, ханийнхаа бүр тодруулбал, “Улаанбаатар” театрын бүжиг дэглээч Д.Баяртын дэглэлт “Салхин” бүжгээр өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ. “Би тэр уралдаанд бүжиглэхдээ тэргүүн байр эзэлнэ гэж санаагүй. Бэлтгэл, гүйцэтгэлээ сайн хийе л гэж бодсон. Гэхдээ миний хөдөлмөрийн үр шим гарсан болохоор энэ уралдаан надад итгэл хайрласан” гэж Б.Норовбанзад хэлсэн юм. Одоо тэр хоёр ч уралдаанд оролцохоор зорьж явна. Үүний тулд бэлтгэлээ сайн хийнэ. Спорт гимнастикаараа түлхүү хичээллэнэ.
2023 он...
Тэр их сониучхан. Олон үндэсний бүжгийн соёлоос суралцахын тулд байнга эрэл хайгуул хийдэг. Гаднын бүжгийн сургалтуудад хамрагдсан нь үүний илрэл. Францын бүжиг дэглээчийн зохион байгуулсан мөн Америкийн орчин үеийн бүжгийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тэр хамрагджээ. Одоо Б.Норовбанзад гудамжны бүжгийг сонирхон судалж байна. Өөрөө хичээллэж бас гаднын бичлэгүүдийг үздэг. Яагаад бүжгийн энэ төрлийг сонирхон хичээллэж байгааг тодруулахад тэрбээр “Гудамжны бүжгийн онцлог нь хөлд хүч суулгаж өгдөг. Бас хөдөлгөөн, хурдыг нэмэгдүүлдгээрээ давуу талтай” гэсэн.
Б.Норовбанзад энэ зун завгүй өнжих нь. Учир нь, тэрбээр олон улсын бүжгийн төсөлд Монголоос шалгарсан хоёр уран бүтээлчийн нэг нь болжээ. Энэ төслийн хүрээнд удахгүй Германаас бүжиг дэглээч хоёр долоо хоногийн хугацаатай ирэх бөгөөд монгол бүжигчидтэй бүтээл хийнэ. Улмаар уг бүтээлээ хальсанд буулгаад Германд болох наадамд оролцуулахаар төлөвлөжээ. Хэрвээ бүтээл нь олон улсын наадмуудад амжилттай оролцвол энэ зун Европ руу явж магадгүй талаараа Б.Норовбанзад хэлж байлаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/