1
Марсель Пруст нэгэнтээ “Бидний гоо сайхны таашаалыг эзэмдэж чадах мөнхийн их увдис шид гэж бий. Байгалийн гоо сайхныг мэдрэх бүрий шүлгийн мөрүүд гэнэтхэн харван орж ирэх нь нэгэнтээ гайхлыг төрүүлэх бөгөөд энэ нь үүрд нүд анихынхаа өмнө өөрт нь үзэгдсэн гэрэл гэгээний тухай ухаан мэдрэлгүйгээр үглэж хэвтсэн И.В.Гётег санагдуулахын адил...” (Галбаатар. Д., 2013., ху.66) гээд яруу найргийг толгой эргүүлэм агаад тэнгэрлэг ариун үйл хэмээжээ. Энэ л толгой эргүүлэм ид шидийн гэмээр ариун дагшин ертөнцөд орогнож, оюун ухаан, сэтгэл зүрх, сэрэл мэдрэхүйгээрээ орчлон ертөнцийн нууцлаг гоо сайханд автаж, түүнийгээ үгийн увдисаар хөгжимлөг аялгуу болгон гаргадаг нэгэн яруу найрагчийн ‘Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй’/2017/ номын шүлгүүдийг юун түрүүнд онцолж байна.
М.Амархүүгийн шүлгүүд зохиомж нь энгийн атлаа чадварлаг уран зураачийн гараар таталгасан зураасан зураг шиг мэдрэмж зурдгаараа онцгой юм. Түүний үд дундын зураглал нь “Устай хавчиг дамнасан хүүхдүүд усаа цалгиулан урт сүүдрүүдээ норгон гэрийн зүг зүглэхэд зэллэж явсан шувуудын тусмал дүрс үймэлдээд зэрэг дэрхийж, хувингийн амсраас нисэн одмуй...” гэхчилэн уран зураг үзэж буй мэт дүрслэлийн айгаар дамжуулан үнэхээр л цалгисан усны норсон сүүдэрт үймэлдэх шувуудын дүрс хувингийн амсраас дэрхийн нисэх шиг сэтгэлийн утсыг цалгиулна. Яруу найрагч амьдрал хийгээд байгалийн юмс үзэгдлийн дотоод мөн чанарт автахын хэрээр зөн мэдрэхүйд нь тусах бүхнийг алдалгүй барин авч цагираг цагираг долгис усны мандлыг сараачих мэт хийсвэр дүрслэл болгон буулгана...
Агаарт мөнгөлөг соно далавчаа ташин эргэлдээд
Анир гүмхэн орчны дагшин зохицол эвдэгдээд...
***
Модод гөлөглөж, цэцэгс дэлбээлхэд дагаад
Морины уяа шон нь навчлах дөхдөг
Аавынхаа гэрийг холоос ажиглажээ суухад
Анисган дахь нулимсанд минь хөвж байдаг
***
Янаглан шивнэлдэх хийгээд үсний нугарах,
сормуусны шүргэлцэх зөөлөн чимээ...
Нуруу биеэр хэсүүчлэх эрэгчин өндөгний
сэрэл тэмтрэх бүлээн чимээ...
***
Хэн хэний өндөгний ормоор
Хээ хуар зурагдаа вэ... гэж
Өнгө өнгийн хөхөвчнүүд хэцэнд дэрвээд
Үлгэр ярьж, оньсого таалцана
***
Урлангийнхаа салхивчийг би нээгээд
Уранхай сэтгүүлийн хуудас шидлээ
Тэр хуудсан дээрх тэнгэрийн тасархайг
Тэмээлзгэнэ тэргүүлэн тэврээд нисэхэд
Урт богино олон далавчнууд солонгороод
Урагдсан тэнгэр сая бүтэн боллоо...
***
Дээврийг сүүдрээрээ далавчлан алгадаад
Дэлгэцнээс элээ ааруул шүүрлээ
Ээжийн уулга алдалтыг давхар
шүүрээд даалгүй
Эрсдэж олзоо газарт унагалаа
***
Харь хэлээр гадаад үсгээр
Халуун оронд ном минь хэвлэгджээ
Цас болоод өвлийн тухай шүлгүүд минь
Цаг агаарын хэт халуунд хайлаад
Бадаг дунд бичигдсэн өвөлждөг зарим
шувууд нь
Байж ядан эх орон руугаа нүүжээ
***
Тэртээ өндөрт зэллэж яваа шувуудыг хараад
Тэнгэр рүү би чулуу дүүгүүрдлээ
Ангирын цуваа далавчаараа бичсэн шүлгийн
Ард нь цэг болж очлоо
***
Хашааны гадаа үлдсэн үдшийн тасархайг
Хаврын ногоо хатгасаар сэрээхэд
Үүрийн хэрчим гэгээ санаа алдаж
тунгалагшаад
Өдөн эрвээхэй нугалаанаас нь гарч нисмүй...
Яруу найрагчид хийсвэр сэтгэлгээ, уран зөгнөлийн ертөнцөд амьдардаг бололтой. Тэд тэндээ гүн бат орогнон ид шидийн гэмээр ертөнцийн шинэ төлөв байдлыг хүний сэтгэл оюуны шинэ бүтэцтэй нийлэгшүүлнэ. Яруу найрагчийн хийсвэр сэтгэлгээний ертөнцөд мөнгөлөг соно далавчаа ташин эргэлдэж анир гүм орчных нь дагшин зохицлыг эвдэнэ... -өнгө өнгийн хөхөвчнүүд сэтгэлийн хэцэнд дэрвэж үлгэр ярьж оньсого таалгана. Яруу найрагчийн тунсаг сэрэхүйд уранхай сэтгүүлийн хуудсан дахь тасарсан тэнгэрийн талыг тэмээлзгэнэ тэврээд нар луу ниснэ... урт богино олон далавчнууд нь солонгороод урагдсан тэнгэр бүтэн болно. Яруу найрагчийн харь хэлээр халуун оронд хэвлэгдсэн цас болоод өвлийн тухай шүлгүүд нь цаг агаарын хэт халуунд хайлна... -тэнгэрт зэллэж яваа шувуу руу шидсэн дүүгүүрийн чулуу далавчаараа бичсэн шүлгийнх нь ард цэг болон гэрэлтэнэ. Яруу найрагчийн сэтгэл оюуны хязгаар дахь тогтоол усанд тэнгэр хөвөөд торойх үүлс нь норж хоцроход нойтон үүлсийг нь ноход зууж эрэг дээр гаргана... -хэн нэгний хэлэхээ азнасан үгийг хайж хэдэн шоргоолж хойноос нь одно... -тайзан дээрх жүжигчнийг “нөгчсөний” дараа тансаг хөшиг алгуурхан хаагдахад алга ташилт, хүндэтгэлийн цэцэгс ар араасаа хөвөрнө. Яруу найрагчийн оюун бодолд орогнох сонгодогуудын солиотой ертөнцөд Гогенийг найтаах зуурт голын өвсөн дээр тэмээлзгэнэ шүүдрээр загас зурна,
-Моцартыг эвшээх агшинд морин шоргоолж хөгжмийн товчлуураар өнгө дамжин гүйнэ,
-Бродскийг тайвшрах мөчид богширго далавчаараа борооны тухай цөөн мөртүүд сараачина!
Энэ мэтчилэн яруу найрагч тогтоол усанд туссан хадан цохионы дүрс толгой нь уруугаа харан тэнгэрийн дээрээс унжих шиг тийм хачин жигтэй ертөнцөд аж төрнө, усанд туссан дүрсээ ууж зогсох адуу шиг тийм хачин сонин ертөнцөд амьдарна, тэгснээ урины тухай бодсоор явтал малгай дээр нь яргуй ургах шиг тийм хачин этгээд ертөнцийн тухай үзэглэнэ. Түүний шүлгүүдүнэхээр л хэн нэгний зүсэм зүүднээс далавчилсан ес дэх эрвээхэйн хэлбэрлэг нислэг харанхуйг зүсэн өнгөрөхөд алтан үйлүүр нулимс сормуус сүвлэн унах мэт хачин жигтэй мэдрэмж түншинэ...
2
Өнөөгийн ертөнцөд хүний болоод байгалийн юмс үзэгдлийн хэлбэр дүрс гажих болж үүнийг Модильяни, Шагал, Пикассо, Дали нар уран зураг болгон хэлбэршүүлж, харин яруу найрагчид үгийн шидээр урлаг болгон урлах ажээ. М.Амархүүгийн шүлгүүд -хараацай дүүгүүрдэн нисэлдэх арилсан тэнгэрийн хаяанаас хадны сүг зургууд тодрох шиг уран юм. Түүний шүлгүүд -эрчилсэн хуй шиг сүүдрийн хөдөлгөөн дундуур эр биеийнх нь цус түрхрэн урсах шиг тийм бодит юм. Найрагчийн шүлгүүд -янз бүрийн хөдөлгөөнөөр сүүдрээ хувилж явсаар явган хүмүүс замаар дүүрэн зураг зурах шиг тийм барьцгүй юм. Түүний шүлгүүд “өөвгөр хэдэн шувуу хашааны оройд соёолоход өөдөсхөн сүүдрүүд нь газраар жирийтэл ургах шиг” тийм хийсвэр юм. Яруу найрагч сүүдэртэй нөхцөж, сүүдэртэй хөөрөлдөж, сүүдэртэй зураглаж, сүүдэртэй зугаалж, сүүдэртэй амраглаж, сүүдэртэй хэлэлцэж, сүүдэртэй маргалдаж, сүүдрийн сүүдэрт тухалж шүлэг найргаа туурвидаг бололтой. Найрагчийн “Хөх зөн” /2020/ шилмэл шүлгийн түүвэр сүүдрийн дүрсээр тольдож, сүүдрийн айгаар амьсгалж, сүүдрийн далавчинд зүүгдэж, сүүдрийн цууриагаар буй бүхнийг сүүдэрлэн буулгах ажээ...
Бурхан намайг зурчихаад догдлохдоо бас
Будгаа унагаж асгачихаад
Буруу мутраараа арччихсан нь
Сүүлд нь зүлгээд ч үл арилах
Сүүдрийг минь төрүүлжээ
***
Бутан дээгүүр шувууд нисэж өнгөрөв.
Бутан дундуур сүүдрүүд нь урагдаж өнгөрөв.
Сүүдрүүдээ оёулахаар айлын гадаа орхиод
Сүрэг шувуу нисэж одов.
***
Усанд туссан хүний сүүдэр
Усны болоод нарны үнэртэй
Хөдөлгөөний болоод дүрсний үнэртэй
Хүний л үнэргүй...
***
Хийдийн хашаанд биесийнхээ сүүдрийг
Хэдэн тагтаа тоншмуй...
Тоншуулсан сүүдэр нь өвдөхдөө
Тоос татуулан нисч үзэгдмүй...
***
Өвсөн дундах шувуудын өндгийг
Өчүүхэн ч шүргэлгүй тойруулж хадах...
Өмөөрөн нисэх эхийнх нь сүүдрийг
Өвтгөж гишгэлгүй дүгэрч алхах...
***
Саруулханд дүүлэх цүүний сүүдэр агаар
зүсэн унахад
Сарвайсан олон сүүдрүүд цэцгэн
дундуур тэмтчиж...
Тоо томшгүй өвс ногооны сүүдрүүдийг
Тоолох шахаж газрын гижиг өдөөнө.
***
Бүсгүй хүний сүүдэр
Бүүвэйллэг агаад хөгжимлөг...
***
Дээгүүр нь нисэх шувууд далавчныхаа
сүүдрээр
Дээврийг нь алгадсаар өнгөрөхөд
ханын цаана
Амраглан жаргагсдын далайн түрлэг
мэт давалгаа
Агшин зуур татарч, долгионоо хуминам...
***
Улиасны мөчир дээр ургаастай байсан шувууд
Утааны хэлбэрээс үргээд хийсчихлээ.
Өвсөн дээгүүр туссан хиртэй дүрсүүд нь
Өөрсдийгөө сүүдрүүд гэж газраар биччихээд
бас хийсчихлээ
***
Гасалсан гөлөгний сүүдэр
Газарт тусахад дэлхий ёолмуй...
***
Дээгүүр нь шувууны сүүдэр дайран өнгөрөхүй
Дэндүү өлсгөлөн нохой ухасхийн хөөж одмуй
Бутанд тээглэсэн сүүдрээ
Бухимдсан шувуу гээж одмуй...
***
Хадуур ирлэх чимээнээр
Хавийн өвс уйлмуй.
Сүүдрүүд нь орчлонгоос үгүй болно гэхээс
Шүүрс алдан зуурмуй...
Яруу найрагч хүний ертөнцийн тусгал болсон сүүдрийн ертөнцөөр дамжуулан амьдралын жам ёсны тухай санааширч түүний үнэ цэнийг танин мэдэх, амьдралын олон янз байдлыг сэрж мэдрэх, түүний дотоод мөн чанарт нэвтрэх эрэл хайгуул хийх ажээ. “Сүүдэр” шүлэгт нь бурхан түүнийг зурахдаа будгаа унагаж асгачихаад буруу мутраараа арчсанаас болж сүүлд нь зүлгээд ч арилахгүй сүүдрийг нь төрүүлсэн тухай өгүүл нэ. Уран бийрийн татлага дутсанаас ухаангүй, хараагүй, сонсголгүй, хэлгүй мэндэлсэн тэрхүү сүүдэр “хундага дарсны сүүдэртэй хундага тулгахдаа хуурай дүрсийг нь хоосноор залгилж, цагдаагийн сүүдэртэй зууралдахдаа цамцных нь сүүдрийг цуу татна...” зөрж өнгөрөх хүүхний сүүдэртэй зүлгэн дээр давхцахдаа “жирэмслүүлж”, өнөөх сүүдэр нь хүүхдийн сүүдэр тэврээд өчнөөн баяртай дэгдэн одохыг харна... Хадан дээгүүр нисэж өнгөрөх шувуудын сүүдэр хадан дунд халцарч, бутан дээгүүр нисэж өнгөрөх шувуудын сүүдэр бутан дунд урагдаж үлдэхийг анирдана. Найрагч энэ мэтчилэн усанд туссан хүний сүүдэр усны болоод нарны үнэртэйг нотлон хийсвэрээс хийвэрийг эмхэрдэж хоосноос хоосныг төрүүлнэ. Түүний шүлэгт бие биенээ ширтэх хүмүүсийн сүүдэр биежээгүй, дүрслэгдээгүй ертөнцийн шугаман тэнхлэг дээр огтолцож, хэлбэр дүрсгүй орчлонгийн барьцгүй олон үйл явдлуудыг барин тавин биежүүлнэ!
Артур Шопенгауэр нэгэнтээ “Үзэгдлүүдийн уялдаа холбоог эрэлхийлэх буюу үндэслэлийг үр дагавартай нь холбохоос өөр зүйл хийж чадахгүй хүн аугаа эрдэмтэн байж болно, харин хэзээ ч философич, уран зураач, хөгжимчин, яруу найрагч болж чадахгүй. Учир нь уран бүтээлч, философич хоёр өөртөө байгаа юмсыг буюу сэтгэлийн, хийсвэр үзэл санааны зүйлийг танин мэдэж байдаг” (Артур Шопенгауэр., 2017., ху.92) хэмээсэн нь бий. Яруу найрагчид амьдрал дээр бодитоор орших боломжгүй юмс үзэгдлийг хийсвэрлэн төсөөлж үгсийн тусламжтай амилуулахдаа хэрвээ эдгээр юмс үзэгдэл бодитой оршиж байсан бол яг л ийм байх байсандаа гэмээр итгэл төрүүлэхүйц мэдрэмжийг өгдөг. М.Амархүү сүүдэр хэмээх барьцгүй нэгэн зүйлийг яг л барьж, харж, сонсож, үнэрлэж, амталж, мэдэрч буй мэт дүрслэхийн зэрэгцээсүүдрээр дамжуулан хүний мөн чанарт нэвтрэх эрэлхийлэл хийх ажээ. Тухайлбал, “Айдсын таталбар” шүлэгтээ “айсан хүнд аргал хөдлөнө” гэгчээр айдас нь хүний хий төсөөлөл, хоосон санааны илэрхийлэл гэдгийг сүүдрээр биежүүлэн харуулсан нь бий...
Өвсөн дунд аалз харагдахлаар нь
Өлмийгөө өргөөд гишгэх гэтэл
Амаа ангайсан нохойны сүүдэр
Аалзыг үмхэх шиг давхралдаж байна
Хөнгөхөн дэвсээд авах гэтэл
Хөлийг минь зуучих шиг санагдаж байна
Үүлэн цаана нар шургатал
Өнөөх аалз аврагдаж байна
Өчүүхэн айдас минь ч арилж байна...
Энд өгүүлэгч аалзыг намнахаар хөлөө өргөтөл нохойны сүүдэр дайралдаж, амаа ангайсан сүүдрээс айсандаа тээнэгэлзэх тэрхэн агшинд нар ч үүлэн цаана орж өнөөх сүүдэр ч алга болж,аалз ч үгүй болж айдас ч үргэж байна. Аалзнаас айх айдас, нохойны сүүдрээс айх айдсаар дамжуулан “хүний сэтгэл гэдэг хичнээн эмзэг хэврэг эд вэ” гэдгийг харуулах ажээ. Аалз гэдэг хүнтэй харьцуулахад өчүүхэн жижиг амьтан, сүүдэр гэдэг бүүр барьцгүй хоосон зүйл, үүнд л шүлгийнүндсэн философи орших аж. Түүний шүлгүүд энэ мэтчилэн яруу найрагч О.Элбэгтөгсийн нэгэн шүлэгт өгүүлсэнчлэн “Өвсний шүүдэр дотор хэдэн гэр бөнжигнөх шиг, өрхөө татаад галласан бололтой нэгэн шүүдэр хагарах шиг” өгүүлэмж нь гүн юм.
М.Амархүүгийн шүлгүүдийн уншиж суухад Силвиа Платын хэлсэн “Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол сүүдэр. Сая сая хөдөлж буй сүүдэр, хайрцагт хашигдсан сүүдэр. Ханын шүүгээ, хувцасны шүүгээ, тээшний цүнхэнд хүртэл сүүдэр бий. Мод, чулуу, байшингийн дор, хүмүүний харц, инээмсэглэлийн цаана ч сүүдэр бий. Ертөнцийн нөгөө бөөрөнд харанхуй болохуйд хэдэн мянган бээр үргэлжилсэн сүүдэр тэнд үүснэ” гэсэн үгс бодол орооно. Үнэхээр л энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйл сүүдэр ч байж болох, харин үүнийг яруу найрагчид л анзаарчмэдэрч амилууланбиежүүлж, түүний гоо зүйг нээдэг биз ээ…Найрагч усан бүрхүүлтэй болоод бороон дундуур алхахдаа: -бүсгүй хүний сүүдэр бүүвэйллэг болоод хөгжимлөг болохыг мэдэрч, өвсөн дундах шувууны өндгийг өчүүхэн ч шүргэлгүй, үрээ хамгаалах эхийнх нь сүүдрийг өвтгөж гишгэлгүй тойруулан хадах өвгөн хадланчийг хараачилна. Найрагч цасан бүрхүүлтэй болоод хүйтэн дундуур алхахдаа: -хийдийн хашаанд биесийнхээ сүүдрийг хэдэн тагтаа тоншихыг харж, хадуур ирлэх чимээнээр хавийн өвс уйлалдаж сүүдрүүд нь орчлонгоос үгүй болно гэхээс шүүрс алдан зууралдахыг анирдана. Найрагч гэрлэн бүрхүүлтэй болоод харанхуй дундуур алхахдаа бөхөлзөн тонголзох олон сүүдэр дундаас бүсгүй хүний туяхан сүүдэр цүүний сүүдрийг олж гарынхаа сүүдэрт атгахдаа гайхамшигт энэхүү наадгайн алтан сүүдэр болох агшин хормыг тэмтэрнэ. Найрагч шороон бүрхүүлтэй болоод салхин дундуур алхахдаа дээгүүр ньшувууны сүүдэр дайран өнгөрөхөд дэндүү өлсгөлөн нохой түүнийг барихаар ухасхийж, бутанд тээглэсэн сүүдрээ бухимдсан шувуу гээж одохыг сонорлоно. Найрагч солонгон бүрхүүлтэй болоод үүлэн дундуур алхахдаа эв түнжингүй хосын салсан газрын шархыг эхийн сүүдэр дайрахдаа имхэрдэн эвлүүлж, аялагхан хаврын налгархан өдрөөр алчуурын цэцэг үржиж өвсөнд туссан сүүдэр нь өчнөөн олон алчуур болон ургахыг анирлана...
Яруу найрагч “Ер бус бишрэл төрүүлэм үйлийг ёс жам мэт урлах хөх сүүдэр минь ‘дэлхий’ хэмээх дэвтэр дээр намайг нотлон дүрсэлж дээлтэй биеэр минь зурсан Бурханы гарын үсэг...”(Амархүү. М., 2020., ху.26) хэмээн дуу алданхан амьдрал хэмээх том газрын зураг дээр өрнөх эгэл энгийн хэрнээ этгээд сонин үйл явдлуудыг сүүдрийн тусламжтай хураангуйлан томьёолж, сүүдрийг урлаг болгон түүний гоо зүйг нээж байна. Тэрээр сүүдрийг хүнчилж, түүнийг амьдшуулан урлахдаа мэдрэмж түншин гайхшируулах цоо шинэ ертөнцийг бидний өмнө дэлгэж байна! Яруу найрагчийн алтанхан бийрийн татлага “Голын дээгүүр шувууд нисэн өнгөрөх шиг... голын дундуур сүүдрүүд нь сэлж өнгөрөх шиг... сүүдрүүдээ хатаахаар эрэг дээр орхиод сүрэг шувуу нисэн одох шиг...” Эгшиглэнтэй унагана!
Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн түүний шүлгүүдийн тухайд “Ажигламтгай хурц зүйрлэл, гүн сэрэл, зураг мэт алслалтай, өөрийн өнгийн зохицол ихтэй шүлгүүд нь их холын сайхан зөн татуулж байна” (Амархүү. М., 2020., ху.254) хэмээсэн нь бий. М.Амархүүгийн ес дэх зүүдний аниргүй эрвээхэйн сэрчигнээг хөх зөн хөглөгдөх нам гүм, нааааааааам гүмммммммм-ийн дунд анирдаж суухуйд үүрийн хэрчим гэгээ санаа алдаж тунгалагшаад өдөн эрвээхэй нугалаанаас нь гарч нисмүй...
Гомбожавын БЯМБАЖАВ /Яруу найрагч, судлаач /Ph.D/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/