Ерээд оны нийгмийн шилжилт өөрийн үл үзэгдэх гараар олон уран бүтээлчийг өөрсдийнх нь бүтээсэн ертөнцөөс татан гаргаж, зах зээлийн ертөнц рүү зүгээр л чулуудаж орхисон. Тэдний хэд нь зөн совиндоо хөтлөгдөн өөрийн ертөнцийг эргэн олсон бол. Чөлөөт уран бүтээлч Д.Орхонтой түүний урланд зорин очиж ярилцлаа.
-Сар шинэ болоод удаагүй байна. Аав ээж, нутаг усны тухай яриагаар нүүр хагарах уу. Зураачид голдуу удам дамжсан байх юм билээ?
-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Манайх 1960 оноос хойш Үйлдвэр комбинатад олон жил амьдарсан айл. Дунд голын хөвөө, Нэхмэлийн шар байрнууд дунд хүүхэд нас минь өнгөрч дээ. Зураг урлагийн ямар нэг удам судар байсан эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Миний аав П.Лодой гэдэг, Баянхонгор аймагт төрсөн хүн байлаа. Хотод ирж суурьшаад тээврийн бааз, хотын түргэнд ажиллаж байсан энгийн л жолооч хүн. Ээж Б.Дуламханд маань Хэнтий аймгийн уугуул, мөн л насаараа үйлдвэрт ажилласан, савхин эдлэлийн оёдолчин. Тэтгэвэрт гарсныхаа дараа Яармагийн өндөр настны оёдлын үйлдвэрт ажиллаж байлаа. Ийм хоёр хүний зохиосон амьдрал найман охинтой өнөр өтгөн айл болж дээ. Би тухайн үед Үйлдвэр комбинатад байсан орос хэлний сургалттай 18-р сургуулийг төгссөн жирийн л ажилчин ангийн хүүхэд.
-Зураач болох ёстой юм байна гэдэг анхны мэдрэмж төрүүлж, урам өгсөн анхны зураас сэтгэлд тань тодхон байна биз?
-Би одоо юу ярина аа. (инээв) Бие даасан үзэсгэлэн гаргаж үзээгүй сургуульд орохын өмнө л үзэсгэлэнд орж нэгдүгээр байр эзэлж байсан, өөр гавьяагүй хүн. Зураачийн хувьд одоо л дөнгөж мөлхөө ангиас гарч хөлд орж байна. Би багадаа юмыг харж зурдаг, хурдан нүдэлдэг хүүхэд байлаа. Цэцэрлэгийн багш маань үүнийг анзаарсан уу, нэг зургийг олон дахин зуруулдаг байж, залхтал. Гэсэн ч зурах болгонд сайжирч өөрчлөгдөөд байгаа нь надад сонирхолтой байсан хэрэг. Нэг л сэдвээр зураад байгаа хэр нь хоорондоо адилгүй болоод. Урамшиж зурсаар байгаад нэгдүгээр байрт орж байсан юм. Тэр үеийн энх тайвны сэдэвт зурагт хуудас байсан юм. Дэлхийн бөмбөрцөг түрж яваа таван тивийн хүүхдүүд. Зохиомжоо цаасандаа яаж байрлуулах вэ гэдгийг хүртэл зааж сургаж байсан даа. Миний цэцэрлэгийн багшийн нэр Долгор билүү, сайн санадаггүй ч анх л зааж, чиглүүлж ирсэн зургийн багш маань тэр хүн.
-Үзэсгэлэн гаргаж байж л зураач гэж нэрлэгдэхгүй байлгүй. Миний хувьд бол та хар багаасаа авьяас нь тодорчихсон зураач байж?
-Авьяас тодрох ч гэж дээ. Тавдугаар ангиас пионерын ордны уран зургийн дугуйланд хичээллэж эхэлсэн. Дүрслэх урлагийн дунд сургуульд нэлээд хожим орж байлаа.
-Дүрслэх урлагийн дунд сургуульд ороход босго өндөр, шалгалт шүүлэг чамбай гэдэг байсан. Тань шиг уралдаан тэмцээнд түрүүлж байсан хүнд бол гайгүй байсан биз?
-Тийм гэхэд ч хаашаа юм. Эхний удаад би улаан шугамын яг доогуур орчихсон. Шарандаа 1992 онд есдүгээр анги төгсөх жилийн хавар давтан шалгалт өгч тэнцээд МУСТА Ядамын Санжаасүрэн багшийн удирдсан театрын тайз чимэглэлийн зураачийн ангид орсон. Дүрслэх, урлагийн сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд Б.Төмөрбаатар багшийн дугуйланд явдаг байсан маань нэмэр болсон ч байх. Тэр дугуйлангаас дүрслэх урлагийн олон чиглэл байгааг сайн ойлгож авсан.
-Оёдол, гар урлалын чиглэлээр их олон жил явсан байдаг, яаж яваад тийшээ халтирчихаа вэ?
-Төгсөх жил зах зээл эхэлж байсан болохоор багш нарын цалин мөнгө хэцүү байсан байх, төлбөртэй болчихлоо. 1995 онд диплом хамгаалдаг жил ээж маань бурхан болж, намар нь сургууль сая 800 мянгын төлбөр нэхэв. Би бичиг баримт бүрдүүлээд, хөнгөлөлт, тэтгэлэгт хамрагдаад төгсөх курстээ сурах санаатай хөөцөлдөөд явж байтал сургуулийн хичээлийн эрхлэгч хүүхэн “Багш нар цалингүй бараг чамаас болж” гэх юм яриад байх. Ер нь л төлбөртэй сургалт анх нэвтрэхдээ оюутнуудад том цохилт өгсөн гэж хэлж болно. Сургуульдаа багшаар үлдэх боломж байсан ч бүх юмаа амьдралын шаардлагаар түр орхисон. Дүүгээ дааж үлдсэн эгч чинь ажил хийж мөнгө олох ёстой болоод оёдлын үйлдвэр бараадсан даа.
Найман охинтой айлын эрх охин нь болоод ч тэр үү ааш гэж зөрүүд, гөжүүд дураараа хэцүү хүн шүү дээ, би. Ер нь хараад байхад тухайн үед ихэнх эмэгтэй зураачид, амьдралын шаардлагаар өөр ажил хийж, уран бүтээл нь орхигдсон байх тал бий. Оюутан байхдаа төгсөөд хүүхэлдэйн киноны зураач болж үздэг юм билүү гэж боддог байсан. Оёдлын салбарт олон жил бүх төрлөөр, бүх чиглэлийн үйлдвэрт ажилласан.
-Драмын театрт хоёр ч том жүжиг дээр ажилласан байх аа?
-Театрт нэг их удаагүй, хоёр жил барималчнаар орж ажилласан. Нэг өдөр Я.Санжаасүрэн багш маань дуудаад “Драмын театр “Ромео, Жульетта” жүжиг тавих гэж байна, чи тэр жүжигт барималчнаар орчих” гэв. “Ромео, Жульетта”–гийн дараа Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” дээр ажилласан. Зундаа театр амрахаар оёдлоо хийсээр хоёр жил болсон. Я.Санжаасүрэн багш маань надад туслах гэж их оролддог байлаа. Одоо бол ажлын хамт олон, ангийнхан маань их тусалдаг. Амьдралын замд таарч, найзалж нөхөрлөсөн болгон маань надад сайнаар хандах юм даа.
-Уран бүтээлдээ шуурхайлан орж, оройхон гарч ширүүхэн дайрах байлгүй. Чөлөөт уран бүтээлч болсон уу?
-Биеийн байдлаас болж группт орж хэдэн жил гэрт суусан. Дүүгийнхээ хүүхдүүдийг харж эмээгийн үүрэг гүйцэтгээд, нэг л мэдэхэд он жил харвасан сум шиг талийн одож дээ. Нэг их гоё зураг зурах юм сан гэдэг шунал яваад л байгаа. Би одооноос эхлээд зүгээр таашаал авах гэж л зургийн орчинд орж нүд сэтгэлээ баясгана. Захиалгын дагуу зурдаг чөлөөт уран бүтээлч болсон.
-Захиалагчдын сонирхол ер нь ямархуу байх юм?
-Орчин үеэ дагаад өнгө донжийн хувьсал хурц тод илэрхийлэл ч юм уу, минималист чимэглэлийн талын. Зарим нь байгаль зуруулна. Ер нь байгаль, ургамал, цэцгийн сэдэв дуусашгүй.
-Зураг сонирхогчид ер нь бусдыгаа дуурайх хандлагатай байх юмуу эсвэл гэр орноо чимэглэх эсвэл бүүр мэдрэмж авахын тулд зуруулахыг хүсэгчид дийлэнх байна уу?
-Ерөнхий сонирхлынхоо дагуу чиг өгнө л дөө. Тийм юм зуруулмаар байна гээд. Ямар чиглэлээр сонирхож байгааг нь асууж тодруулаад миний хийх ажил эхэлнэ. Сүүлийн үед навч, цэцэг зурах сонирхолтой болсон гэж хэлсэн дээ, судалгаа их шаардлагатай байдаг юм байна.
-Эротик зураг зуруулах санал ирнэ биз?
-Одоохондоо санал ирээгүй л байна. Ирвэл зурна л гэж бодож байна. Зурах арга нь сонирхолтой шүү дээ. Ийм өнгө аясаар бол зурна гэж бодож байгаа.
-Нэг гоё зураг зурна гэж бодож явдаг гэж байсан ямар зураг байх юм бэ. Байгаль, түүх домог ч юм уу эсвэл ямар нэгэн урсгалаар байх юм уу?
-Яг тийм ийм гэж баригдах дургүй, зүгээр бүх юмны донжийг олсон холимог техниктэй, чөлөөтэй зурах гээд байдаг. Захиалагч нарын сэтгэлд нийцүүлж зурахаар юманд баригдаад муухай болчих болов уу гээд санаагаа, өнгө аясаа чөлөөтэй гаргаж чаддаггүй юмаа. Тэрний оронд симфони, дуурь, дуулалт жүжиг, ямар нэгэн аяз, хөгжим сонсоод тухайн аязын дотоод илэрхийллийг форматдаа буулгахыг хичээдэг, сонсож зурж бүтээх сонирхолтой.
-Чамайг хөгжим сонсонгоо зурах дуртай гээд ярихаар надад өрөөсөн чихээ огтлоод хаячихсан зураач санаанд ороод байлаа?
-Ван Гогыг хөгжим сонсож зурдаг байсан гэж би бодохгүй байна. Түүний зургийг амьд байхад нь нэг ч хүн сонирхож байгаагүй, тэгсэн ч зурсаар л байсан гэдгийг бол мэднэ. Нас барсан хойно нь бүтээл нь нэрд гарч эхэлсэн. Залуудаа маш их гэгээлэг, эрч хүчтэй, өөрийн гэсэн өнгө төрхөөр бүтээлээ илэрхийлдэг байж. Цаг хугацаа улирах тусам нийгмийн, хүмүүсийн хандлага харилцаа түүний сэтгэлийг сэвтээж мөхөөчихсөн. Бүтэлгүй хайр сэтгэлээс ч болсон биз, өөрийнхөө чихийг хайчилж золиосолсон. Нэг ёсондоо сэтгэлээр үхсэн хүн. Түүний нэг бүтээл “Төмс идэгчид” хэмээх ширээ тойрон суусан бараан гундуухан халтар зүс царайтай хүмүүсийн төрх. Зургийн ерөнхий өнгө бараан. Хүмүүсийн царай гэрэл өгөөд ч бараан л харагдана. Энэ дүрслэлээр юу хэлэх гээд байна, тийм ээ. Хүн ер нь сэтгэлийн амьтан, түүний амьдралаас харахад их итгэл найдвараа маш их алдсан хүн санагддаг.
-Зураачид угаасаа мэдрэмж өндөртэй, олон өнгө будаг шигээ хурц ааштай хүмүүс гэж надад бодогдоод байдаг?
-Хүний янз бүрийн 13 ааш, улирлын олон өнгө аясууд нэг ёсондоо хөгжим, зохиолуудаар илэрхийлэгдэж, би тэр бүгдийг өөрийн өнгө будагт шингээж урлах дуртай. Уран зураг хүнийг маш хүчтэй мэдрэмжид аваачих ёстой. Энэ ертөнцөд байхгүйг байгаа мэт, мөн байгааг байхгүй мэт өгүүлж байж л уран зураг, баримлын үнэ цэн оршино. Зурах арга барил ямар ч байж болно. Миний хувьд пионерын ордонд хийлийн, төгөлдөр хуурын аялгуу сонсоод нам гүм орчинд зураг зураад, хичээл таслаад суух нь жаргал байжээ. Түүнээс хойш хөгжим сонсож, зохиол уншаад зурах сэдэв нүдэнд кино шиг л харагдаад байх шиг санагддаг. Миний нийгэмтэй харилцах хандлагаас эршүүд дайчин чанар илрээд байдаг юм. Зурж байгаа зураг нь хүртэл эршүүд сэтгэхүйтэй. Саяхнаас л цэцэг хуар тоож харж байна гээд бод доо, ёстой анзаардаггүй байж. Гэтэл цэцэг гэдэг чинь зурах сэдэв нь ч дуусдаггүй чамин эд байсан байх нь.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Танай сонинд зориулаад ийм “ДУЛААХАН СЭРҮҮН” гэдэг сэдэв гэнэт зурмаар санагдаад эхлүүлчихсэн, дуусгаж өгнө. Би ер нь дандаа хүйтэн өнгөөр зурдаг юм байна. Нартай зун жамьянмядаг цэцэгсийн сүүдэрт, бүлээн зөөлөн сэвшээ салхинд хэвтэж байгаа юм шиг мэдрэмж... бүлээн агаар мэдэрч байна уу, чи. Цэцгийн дэлбээг албаар шүхэр шиг томруулж зурах гэж оролдсон, доор нь байгаа жижиг цэцэгсийг амьд юм шиг товойлгож үзлээ. Чимэглэлийн аргаар зурсан.
-Гэнэт шийдсэн гэхээр надад шууд л онгод нь орж дээ гэж л бодогдлоо?
-Ямар ч бүтээл, ажил төрөл хийсэн бай хамаагүй чин сэтгэлээсээ хандвал бүтээлч, гарах үр дүн нь өндөр байдаг. Жишээ нь тогооч хүн хоол хийхдээ ч сэтгэлээ шингээж хийвэл, хоол нь хэчнээн сайхан амттай болдог билээ. Зурах урлаг бол маш сайн анхаарал төвлөрөлт, гарын ур, сэтгэлийн ур юм даа.
-Цаг завгүй уран бүтээлийнхээ үнэтэй хором мөчөөс хуваалцан урландаа урьж ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/