Эрүүл мэндийн бүсийг брэнд болгож, ээжийнхээ нэрийг ДАРХЛАВ


“Бүсний салон” гэсэн сонин содон хаягтай “Аяа” брэндийн үүсэл хөгжлийг Г.Амаржил захиралтай ярилцлаа.

-“АЯА” брэндийг үүсгэн байгуулагч нь ээж охин хоёр байдаг гэж сонсож байлаа. Өөрсдийгөө товчхон танилцуулвал?

-Намайг Ганбаата­рын Амаржил гэдэг. Би гэр бүл судлаач мэргэжилтэй. Миний ээж спортын гимнастикийн мастер Бүрнээбаатарын Ариунжаргал гэж хүн бий.

-Аливаа брэнд бүтээгдэхүүний үүсэл хөгжил өөрийн гэсэн со­нир­­холтой түүх хүүрнэж байдаг даа?

-Анх ээж маань энэ “Аяа” бүсийг бөөрнийхөө өвчнийг намдаах зорилготойгоор хийж бүтээж байсан. Энэ нь 1998 онд гэсэн үг л дээ. Тухайн үед зарим нэг түүхий эд нь бараг л гар доорх материалаа ашиглаж, зарим түүхий эдийг нь зохиож, өөрийнхөө оюунаар сэтгэн хийж, бүтээсэн түүхтэй. Тухайн үед ээж маань аэробикийн багш байсан учраас тухайн үед ойр орчныхоо хүмүүс болон хэрэглэх хүсэлтэй шавь нартаа хийж өгдөг байсан. Би багаасаа уран нугаралтаар хичээллэдэг байсан учраас нуруу хамгаалах зорилготойгоор ээжийнхээ бүсийг хэрэглээд мэдрээд өсчихсөн. 


-Ээж, охин хоёр нэгдсэнээс хойш л брэнд утгаараа хөгжиж эхэл­­сэн юм болов уу гэж бодож сууна?

-Харин бид хоёрын нийлж бүтээсэн брэндийн түүх маш өвөрмөц бөгөөд хайр татам гэж би боддог. Ээж маань захиалгаар юм оёхоос гадна аэробикийн багшаа хийсээр байлаа. Миний хувьд 25 дугаар суваг телевизээс зохион байгуулдаг “Making the band 3” шоунаас төрөн гарсан “Микс” хамтлагийн нэгэн гишүүн дуучин. Хамтлагаасаа гараад юу хийх тухай нэлээд бодсоны үндсэн дээр ээжтэйгээ хамтран ажиллах санал ээждээ анх тавьж байлаа. Ээж маань мэдээж ганцаараа юм хийгээд сурчихсан хүн. Хүнийг авч ажиллуулна гэдэг төсөөлөгдөхгүй байсан учраас хамгийн анхны хэлсэн үг нь "би чамайг цалинжуулж чадахгүй ээ" л гэдэг хариулт байлаа. Харин би ийм сайхан бүтээгдэхүүнийг яагаад олон хүнд өмсгөж болдоггүй юм бол гэж бодоод гандан буурахгүй санал тавьсны эцэст  хамтрахаар болсон түүхтэй.

-Нээрээ л сайхан түүх юм. Брэнд хөгжүүлэлтэд нэршил зайлш­гүй чухал. "АЯА" брэнд гадаад үг үү?

-Мэдээж брэндинг хийх гэж байгаа хүн яаж зүгээр суух вэ, ямар нэртэй байх вэ гэдгээс л эхэлнэ. Ингээд брэндийнхээ нэрийг өгөхдөө их ач холбогдол өгсөн л дөө. Яг л хүүхдэд  нэр өгөх гэж байгаа мэт удаан, нухацтай бодсоны эцэст ээжийнхээ авгайлж дууддаг нэр буюу АЯА гэдэг нэрийг сонгосон. Ямар их бэлгэшээсэн гэж санана. Энэ нэрээ бүсний давуу талуудыг богино утгаар өгүүлж чадах үгнүүдтэй давхар холбож өгсөн. Тэр үгнүүд нь эрүүл мэнд, гоо сайханд хоёуланд нь үнэхээр сайн сайхнаар нөлөөлж байсан учраас "Эрүүл мэнд гоо сайхны бүс АЯА" гэхэд гайхалтай зохицож байх шиг санагдаж билээ. Ээжийнхээ нэрээр брэндээ нэрлэсэн учраас болж л өгвөл өндөрт өргөж, хөгжүүлэхийг хичээх нь миний үүрэг, зорилго.


-Аливаа шинэ зүйлийн эхлэл том, жижиг бартаа саадтай учирч, тэр бүрийд эргэн дурсах сайхан дурсамж бүтээсэн байх нь бий. "АЯА" брэндийн хувьд ч байгаа байх?

 -Бид анх брэндээ нэг ч ажилтангүй подвалиас эхэлж байсан. Эхэндээ бол захиалга тийм ч их байсангүй. Корсетон бүсний салон гэхээр хүмүүс ойлгохгүй болохоор аргагүй. Бүтээгдэхүүнээ сурталчилж олон нийтэд таниулах ёстой. Ингээд л судлаач мэргэжлээр төгссөний хэрэг юу билээ, бараг л корсетон бүснийхээ төлөө сургуульд сурсан юм шиг л өдөр бүр маш сонирхолтой бүсний судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан дүн шинжилгээ хийдэг ажилтай боллоо. Үнэхээр энэ бүтээгдэхүүн нь хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үү. Яг юугаараа хэрэгтэй юм, ямар нөлөө үзүүлсэн, хэн хэн хэрэглэж болох вэ гээд л асуултууд төрөн гарсаар л байлаа. Анх нэг ч ажилтангүй ээ, хоёулахнаа л байгаа. 

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ээжтэйгээ маргалдах зүйлс гарна. Би тэнгэрийн юм ярьдаг, ээж газрын юм ярьдаг гээд хоёр биенээ шоолдог яриа маань тухайн үед маш том маргаан шиг санагддаг байсан. Одоо бодоход бүтээгдэхүүнээ хөгжүүлж, хөл дээр нь босгох гэж ямар их мэрийж байгаа вэ. Шинэ санаа гаргаж түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж  бусдад амжилттайгаар борлуулж, зах зээлд гаргана гэдэг хэн бүхний хийгээд байдаг зүйл биш юм билээ.

-Бүтээгдэхүүний хувьд хэрэг­лэгчдийн сэтгэл ханамж, зориу­лалтаас гарсан үр дүнгийн су­далгаа хийсэн байх тийм үү?

-Хэрэглэгчдийнхээ дунд судалгаа хийсэн л дээ. Судалгаанаас харахад энэхүү бүс маань  “Эрүүл мэнд гоо сайхан”-д хоёуланд нь ач тустай юм аа” гэж дүгнэгдсэн. 2013 онд “АЯА” брэндийн корсет, даруулга бүс салоны хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлээд даруй арван жил болчихож. Анх подвалиас бизнесээ эхэлж байсан ээж, охин хоёр одоо 26 ажилтантай. Ажилтнуудын маань ар талд бас үр хүүхдүүд, хань ижил гээд хүмүүс байгаа. Тэднийгээ авч явж байгаа, гэр бүлдээ тус нэмэр болж байгаа гэж бодохоор заримдаа сэтгэл хөдлөөд нулимс урсдаг. Энэ хамт олны гараас “АЯА” корсет даруулган бүсийг дөрвөөс 84 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн өөрийн биеийн онцлогт тохируулан хийлгэсэн байна.


 -Хүмүүс сонирхох байх “АЯА” брэндийн даруулган бүсийг ямар хүмүүс голцуу хэрэглэж байна вэ?

-Нурууны суулт болон мурийлттай, бөөр өвддөг хүмүүс зүүж болно. Хөхүүл эхчүүд төрсний дараах унжсан гэдсийг татрааж гэдэс нуруугаа дааруулахгүй хамгаалах, кесар хагалгаагаар төрсний дараах гэдэс унжилтыг багасгах зорилгоор зүүдэг. Тогтмол суугаа болон зогсож ажилладаг хүмүүс илүүдэл жин болон гэдэс багасгах, бөгтгөр засах, зөв суулгах. Эмчээс бүс зүүх заалттай хүмүүс. Жолооч, тамирчид, урлаг соёлын ажилтнууд, наймаас дээш насны эрэгтэй эмэгтэй бүх хүн хүйс харгалзахгүй нуруу бөөрөө хамгаалах, гоо сайхандаа зориулан зүүж хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг.

-Эдгээр хүмүүс өдөрт хэдэн цагаар зүүж хэрэглэвэл тохи­ромж­той вэ?

-Ямар ч бүс өөр өөр зориулалттай бүтээгддэг. Тиймээс тухайн бүсний зориулалтын заавартай танилцаж байж өөртөө тохируулан авах нь маш чухал. Мөн тухайн бүс чийг татдаг эсэх болон, бариу сул нь өөрийн биед тохирсон байгааг сайтар анзаарч хэрэглэх нь маш чухал. Учир нь чийг татдаг бүс нь хүний нуруу бөөрний хэсэгт удаан цагаар байх нь бөөрөнд болон тулгуур ясанд сөрөг нөлөөг үзүүлж, эрүүл мэндэд эерэгээр биш сөргөөр нөлөө үзүүлж, нуруу бөөрний өвчтэй болгодог. Тиймээс чийг татдаг бүсийг зүүхээр бол зөвхөн дасгал хөдөлгөөн хийхдээ нэгээс хоёр цаг зүүхийг хэвшил болгох нь чухал. Өөрийн биед тохироогүй чанга бүс зүүх нь зүрхэнд ачаалал өгч, судас дарагдах, хөл гар бадайрах, цус боогдох, толгой эргэх гэх мэт сөрөг нөлөөг үзүүлнэ.

-Бүтээгдэхүүн хөгжлийн явцад шинэ шинэ санаанууд урган гарч, түүнээс улбаалсан судалгаанд тулгуурлан инновац шингэж улам л төгөлдөрждөг байх?

-Бүтээгдэхүүний хувьд маш их шинэлэг санал, санаачилгын хүрээнд ажилласаар ирсэн. Анхлан тулгуур хийх хатуулгыг гар аргаар боловсруулж хийдэг байсан бол орлуулж хийх боломжтой түүхий эдийг олон төрлөөр нэвтрүүлсээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний хөгжлийг хурдасгасан. Бүс бол эмэгтэйчүүдийн хувьд өргөн хэрэглээ байсаар ирсэн бүтээгдэхүүний нэг мөнөөс мөн. Энэ ч утгаараа корсетон бүсийг дотооддоо үйлдвэрлэдэг болсноор улс орны хувьд бага хэмжээгээр ч болтугай өөрөө инновацлаг бүтээгдэхүүн хэмээн хэлэгдэх боломжтой. Бүтээгдэхүүний төрөл анх нэг л загвар байсан бол одоо манайх дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлээд явж байна. Үүнээс улбаалаад ахиад бид тоног төхөөрөмжөө оруулж ирэх, түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох гээд маш олон ажлууд биднийг хүлээж байгаа.


-Брэнд, салоны цаашдын зорилт төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд хүний биеэс хэмжээ авч даруулган бүс хийж өгдөг газар байхгүй гэж хэлэхэд болно. Мэдээж бид хүмүүст бүсний зөв хэрэглээг зөвлөж, бүтээгдэхүүн санал болгодгийн хувиар ирээдүйд үйлчилгээгээ олон улсад амжилттай нийлүүлэх сонирхолтой. Энэ бол монгол хүний амьдралаас үүсэн бий болсон бүс.  Үүнийг хэрэгтэй улс орны хүмүүст бүсээ хэрэглүүлэх арга замыг судалж байна. Бүтээгдэхүүний чанар сайжруулалт, хүртээмж, төрөлжүүлэлт, түүхий эдийн боловсруулалт, ажлын орчин нөхцөлийг илүү үлгэр жишээ болгох гэх мэт бидний өмнө хамтран хийх ажил маш их байна. Энэ бүхэн мэдээж нэг хүний бодол, үйлдлээр биш хамтын итгэл сэтгэлээр бий болох тодорхой цаг хугацаа шаардсан ажил.

-Тантай ярилцах сайхан байлаа. Танд өөрийгөө илэрхийлэх, бусдад дайчихмаар үг байж болох юм.

-Миний амьдралдаа баримталдаг зарчим бол “Хичээнгүй хүний хүсэл биелэнэ, залхуу хүний хүсэл хойш түлхэгдсээр байх болно” гэдэг үг. Үүнийгээ ч ирээдүйн зорилт болон алсын хараанд тусгаж хөдөлмөрч, ухаалаг байдлаар олон улсад танигдах сонирхолтой. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд олон даваа гүвээ, бартаа саадыг даван туулах шаардлагатай болдог. Хүмүүс нийгмээ шүүмжилж маш олон буруутгал гаргаж тавьдаг. Харин миний хувьд эсрэгээрээ энэ цаг үед ямар боломж байна вэ гэдэг дээр анхаарал хандуулахыг илүүд үзнэ. Мэдээж хэцүү боловч ингэж төвлөрснөөр ажлын бүтээмж нэмэгдэх юм шиг санагдаж байна.

Эцэст нь ярилцлагаа өндөрлүүлэхдээ шинээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж брэндинг хийж байгаа бүх хүмүүст амжилт хүсье. Олон шалгуур биднийг хүлээж байдаг ч сэтгэлийн гал бөхөхгүй, цаг хугацааг хөдөлмөрлөж, хойш суухгүй өнгөрөөдөг байхад амжилт ирэх нь зайлшгүй шүү.

-Баярлалаа.

Зөвлөгөө:

Хэрвээ таны бүс биед тань эвгүй мэдрэмж төрүүлбэл та доорх зүйлсийг анхаарах нь чухал. Зөв өмссөн эсэхээ та эхлээд дахин шалгах хэрэгтэй. Төрөөд удаагүй байгаа хагалгаатай хүмүүс оёдлынхоо эдгэрэлтийг сайтар анхаарч хэрэглэх. Харшил өгөх эмзэг мэдрэмтгий арьстай бол та даавуун пудволк болон майкан дээр хэрэглэх нь зүйтэй. Хэт бариу авсан тохиолдолд дотор муухай оргих, цус боогдох, зүрхэнд ачаалал өгдөг.

Бүсээ дасгал хөдөлгөөнд хэрэглэхдээ анхаарах зүйл. Бүсний дотор талд нимгэн даавуун майк эсвэл цамцны дээгүүр зүүх нь арьсны харшил өвчнөөс урдчилан сэргийлэх үйлдэл болдог. Мөн дасгал хөдөлгөөн хийхдээ бүс зүүх нь дасгалын явцад гэнэтийн бэртэл гэмтэл авах эрсдэлээс, байнгын үсрэлт доргилтоос үүсэх бөөр сунаж унжиж өвдөх өвчнөөс хамгаалж ач тустай. 

Дөнгөж төрсөн эмэгтэй өөрийн төрөлтийн онцлогоос шалтгаалан бүс хэрэглэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Энэ нь гадна дотор оёдол, мөн төрөлтийг хүндрэл, биеийн байдал маш чухал ажиглаж байж бүс зүүж эхлэх нь төрсөн эмэгтэйчүүдэд тустай. Төрсөн хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд зөв тохиромжтой бүсийг өдрийн туршид зүүж хэрэглэх нь нурууны өвдөлт намдаах, сав агших, гэдэс ходоод даарахгүй байх, буцаад эрүүлээр турах үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй. Нурууны өвчлөлтэй хүмүүс өөрийн нуруунд тохирсон бүсийг зүүх нь нуруунд эмчилгээ болдог бол эсрэгээрээ нуруундаа тохиромжгүй бүс зүүснээр нурууны өвчинг улам нэмэх эрсдэлтэй. Нурууны бүс нь өдрийн туршид зүүхэд чийг татахгүй материалаар хийгдсэн байх, мөн тулгуур болж буй хэсгүүд нь бие рүү шигдэж орохгүй байх, өдрийн туршид зүүхэд чанга сул нь тохирсон байвал эмчилгээ болж өгдөг.
“АЯА” бүсний төрлүүд: Өдөр тутамдаа зүүх дотор бүс. Энэ төрлийн бүсийг хүн бүр өөртөө тохируулан авах боломжтой. Гоёлын болон нурууны бүс хийгдэж байна. ”АЯА” корсет даруулга, бүсний хамт олноос та бүхэндээ өгөх зөвлөгөө. Ихэнх хүмүүс өөртөө тохирсон даруулган бүсийг сонгоход мэдээлэл дутмагаас үүдэн олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Бүсийг өөртөө хэт бариулж авахгүй байх, материалын хувьд хөлөргөж чийг татдаг эсэх, өдөрт хэдэн цаг зүүж болох, ямар зориулалтаар зүүж болохыг асууж тодруулах нь зүйтэй.Ямар нэгэн даруулга бүсийг багадуулж авснаар цус боогдох, даралт ихсэх, нухаж бие эвгүйрэх таагүй мэдрэмж төрүүлэх, дотор эрхтэнд өөрчлөлт оруулах гэх мэт олон талын сөрөг нөлөөтэй байдаг.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Намайг үгүй болоход 3 цагийн өмнө
Уран нугаралтын түүхийг бүтээгчид 4 цагийн өмнө
“Солонгын долоон өнгө шиг хөгжмийн долоон эгшгийн ярууг мэдрүүлнэ” 6 цагийн өмнө
Соёлын сайд Ч.Номин уриалга дэвшүүллээ 6 цагийн өмнө
Монгол руугаа нүүсэн нүүдэлчид 7 цагийн өмнө
Б.Амарзаяа: Тулаан болгон санаснаар өрнөхгүй, хэн нь ч ялж, бас ялагда… 7 цагийн өмнө
Товчхон 7 цагийн өмнө
Тэрбум модоо тэнгэрт тарих уу 7 цагийн өмнө
Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэс нь таримлын сэлгээ 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлнэ 7 цагийн өмнө
Хиймэл оюун ухаан роботын хөгжлийг түргэтгэв 7 цагийн өмнө
В.Путин тангараг өргөж, Засгийн газар нь огцорлоо 7 цагийн өмнө
Ши Жиньпин Францад айлчиллаа 8 цагийн өмнө
Кино урлагийн их хөлгөн тууль 8 цагийн өмнө
Б.Уянга: Улсынхаа 20 жилийн ирээдүйг харж “Ajou motor”-ыг сонгосон 8 цагийн өмнө
Нарны халуун нэмэгдэж, намчдын хардалт ширүүсэв 8 цагийн өмнө
Б.Дөлгөөн: Үндэсний баялгийн санг байгуулсан нь дундаж давхаргыг тэлж,… 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онц… 8 цагийн өмнө
Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө буюу баялгийн өгөөжийг ипотект зор… 8 цагийн өмнө
“Бодь Тэгри” эко хотхонд оршин суугч, захиалагчид ам сайтай байна 8 цагийн өмнө