​ Эрдоган сэргээн босголтыг хурдасгахаа амлалаа


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн ард түмнээс аврах ажиллагаа удааширсанд уучлал  гуйлаа. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт 13 сая хүн амьдарч байна.  Тэрбээр гамшигт нэрвэгдсэн нутагт айлчлахдаа чичирхийлэл, цаг агаарын таагүй байдал аврагчдын эрэн хайх ажиллагаанд саад учруулж байгааг  онцолжээ. Өнгөрсөн сарын 6-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид 50 мянга гаруй хүн амь эрсэдсэн.  Аймшигт газар хөдлөлт Сири, Ливан, Грек, Ирак зэрэг хөрш орнуудад ч мэдрэгдсэн байна. Бүс нутагт  газар хөдлөлтийн чичиргээ  одоо ч намжаагүй байна.   Аврах багийнхан  барилгын нурангид дарагдсан байж болзошгүй  хүмүүсийг эрэн хайх ажиллагаа зогсоогүй. Туркийн Гамшиг, онцгой байдлын албаны мэдээлснээр, өнгөрсөн сарын 6-нд болсон хоёр хүчтэй газар хөдлөлтөөс хойш 5-6 магнитудын хүчтэй  газар хөдлөлт 45 удаа бүртгэгджээ.  Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэг Измирт газар хөдлөлт болж, нэг хүн амиа алдаж, 110 хүн бэртэж, 29 барилга нурсан байна. Мөн мягмар гарагт Туркийн Кахраманмараш хотод 4.5 болон 4.1 магнитудын давтамжтай  газар хөдлөлт болжээ.  Энэ тухай Гамшиг, онцгой байдлын албаны  твиттер хуудаст мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас Турк улсад  34 тэрбум ам.долларын хохирол учирсан ч сэргээн босголтын зардал үүнээс хоёр дахин их гарахыг Дэлхийн банк мэдэгдсэн.  Дэлхийн банкны ажилтан Анна Бжерде Сирийн нөхцөл байдал илүү гамшиг дагуулсныг мэдэгджээ. 20 жил засгийн эрх барьсан Эрдоган эрх мэдлээ алдахгүй хүсэхгүй байгаа.  Ерөнхийлөгчийн сонгуульд ялахыг эрмэлзэж буй Эрдоган хамгийн их хохирол амссан бүс нутгуудад  ажиллаж байна.  Түүний Адьяаманд хийсэн айлчлал  нутгийн иргэд  яаралтай тусламжийн арга хэмжээг хүчтэй шүүмжилсний дараа болсон юм. Адьяаман хотын оршин суугчид "Газар хөдлөлт болоод  хоёр хоноход Засгийн газраас аврагч, эмнэлгийн ажилтнууд, тусламж илгээгүй" гэж BBC-д ярьжээ. Гамшгийн улмаас 1.5 сая хүн орон гэргүй болж, олон мянган хүн хоргодох газар, ариун цэврийн байгууламжгүй орчинд түр орогнож байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Европ, Төв Азийн бүсийн захирал Афшан Хан "Хүнд байдалд орсон хүүхдүүд сэтгэлийн түгшүүр,  хямрал, гэмтлийн дараах стресст өртөх эрсдэлтэй байдаг.  Сургууль  хүүхдүүдэд аюулгүй, итгэлтэй байдал төрүүлдэг. Туркт түр орогнож буй Сирийн 800 мянган дүрвэгч хүүхдүүд гамшгийн бүсэд байна.  Тэдгээр хүүхдэд туслахын тулд хандивлагчдаас 196 сая ам.доллар хүсэж байна" гэж албан ёсоор мэдэгджээ. Амьд үлдсэн хүмүүст хээрийн  майхан хүрэлцэхгүй байгааг хэвлэлүүд бичжээ. Үүнээс үүдэн  Засгийн газраа огцрохыг шаардсан  дургүйцэл улс даяар өрнөж эхэлсэн.

Туркийн хамгийн том  Истанбул хотын “Бешикташ” багийн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхдүүдэд тараахын тулд олон мянган зөөлөн тоглоомыг талбай руу шиджээ. Истанбул хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдыг баривчилжээ.  Туркийн Засгийн газар Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг товлосон хугацаанд нь буюу ирэх тавдугаар сарын 14-нд явуулахаар төлөвлөж байна.  Энэ нь улирлын чанартай сонгогчдын шилжилт хөдөлгөөн, их дээд сургуулийн шалгалттай давхцахгүй гэж тайлбарласан.


500 мянган байшин барина

Газар хөдлөлтийн үеэр Туркт   160 мянга гаруй барилга нурж, их хэмжээний хохирол амссан. Эрдоган нэн тэргүүнд  дэд бүтэц, эмнэлгийн төв, цэцэрлэгт хүрээлэнгийн хамт 500 мянган  шинэ байшин барихаа амлалаа. Энэ сард 200 мянга гаруй байшин барих ажлыг эхлүүлж, нэг жилийн дотор дуусгахаа мэдэгджээ.  Мөн газар хөдлөлтөд өртсөн иргэдэд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч онцолсон. Гамшгийн бүсэд 1.1 сая барилгын нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.  Үүнээс 139 мянган барилга байгууламжийг яаралтай нураах шийдвэр гаргажээ. Олон жил дамнасан авлига, Засгийн газрын "цоорхойтой" бодлогын үр дүнд чанаргүй олон мянган барилгыг ашиглалтад оруулжээ. 

Засгийн газар барилгын салбарынхныг шалгаж эхэлсэн бөгөөд  гүйцэтгэгч болон үл хөдлөх хөрөнгийн эзэд тэргүүтэй 200 орчим хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн захирлууд, хотын дарга нар, Улсын бүртгэлийн байгууллагын мэргэжилтнүүд багтсан тухай  Туркийн хэвлэлүүд мэдээлжээ. Сөрөг хүчний намууд болон барилгын зарим мэргэжилтнүүд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засаг захиргааг барилгын дүрэм журмыг мөрдөөгүй, гамшгийн бурууг өөр салбар руу хандуулахыг оролдсон гэж шүүмжилж байна.

 Тэд Засгийн газрын бодлого нь газар хөдлөлтөд өртөмтгий бүс нутгуудыг оролцуулаад барилгын эрчимтэй өсөлтийг дэмжихийн тулд барилгын дүрэм журмаас зайлсхийсэн гүйцэтгэгчид өршөөл үзүүлэхийг зөвшөөрснийг сануулсан.  Ялангуяа Туркийн Ерөнхий сайд асан, сөрөг хүчний толгойлогч Ахмет Давутоглу төрийн бүх шатны эрх баригчид, тэр дундаа Ерөнхийлөгчийг огцруулахыг шаарджээ. Эрдоган алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч үндэсний эв нэгдлийн төлөө дахин сонгогдох хэрэгтэй байгаагаа хэлжээ. Эрдоган нийслэл Анкара хотноо  эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын хурал дээр үг хэлэхдээ "Ард түмний хэрэгцээ, зовлон зүдгүүрийг хангаж чадахгүй байна" гэж сөрөг хүчиндээ няцаалт өгч, түүний засаг захиргаа одоогийн байдлаар нэн тэргүүнд тавьж буй зорилт бол ард түмнийхээ амьдралыг дахин сэргээнэ гэдгийг онцолжээ. Туркийн хотуудыг сэргээн босгох  үйл явцад улс төрийн хорлон сүйтгэх ажиллагаа саад болохгүйг Эрдоган мэдэгдсэн. "Бид үзэл суртлын гажуудал, хувь хүний амбиц, корпорацын заль мэх, улс төрийн хорлон сүйтгэх ажиллагаанд өртөлгүй хотуудаа сэргээн хөгжүүлнэ" гэж цахим хуудастаа бичжээ.

Хотуудыг сэргээн босгох шинэ төлөвлөгөөнд  газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байшин барихыг тусгажээ. Төрийн тэргүүн нэг жилийн дотор гамшигт нэрвэгдсэн мужийн оршин суугчдыг шинэ орон сууцтай болгохоо амласан. Гамшгийн бүсэд шинээр баригдах байшингууд 3-4 давхраас хэтрэхгүй байх юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө