ОХУ-ын "All Media" компанийн албан ёсны эрхтэйгээр "Эмоци" продакшн, "Хүлэгү" пикчерс , "Милл" кино компанийн хамтын бүтээл “Баян боол” уран сайхны киноны нээлт энэ сарын 3-нд "Корпорайт конвеншн" центрт болов.
Дэлхийн 11 орон "All Media" компанийн уг кино зохиолоор уран сайхны кино бүтээж байгаа бөгөөд Монголын үзэгчдэд найруулагч Мөнхбатын тавилтаар “Баян боол” хэмээх нэрээр бүх кинотеатраар гарч эхэллээ. “Баян боол” уран сайхны киноны гол дүрд МУСТА О.Тэмүүжин, Б.Номин, МУГЖ Ш.Доржсүрэн, МУСТА Г.Нарансолонго, МУСТА Б.Батмэнд нар тоглож, дүрүүдэд МУГЖ Х.Ганхуяг, МУСТА Г.Эзэнмөнх, МУСТА Х.Баярмаа, МУСТА Д.Түвшинтөр, МУСТА Т.Бадамжав, МУСТА У.Цогтбаяр, МУСТА Б.Ариунцэцэг, МУСТАӨ.Мөнх-Эрдэнэ, МУСТАР.Адъяа, МУСТА Б.Баатархүү, МУСТА М.Наранбаатар нар ажиллажээ.
"Эмоци" продакш, "Хүлэгү" пикчерс, "Милл" кино компаний хамтын бүтээл “Баян боол” уран сайхны кино үзлээ. Хүлээн авалтын танхим хөл гишгэх зайгүй урлагийн одод, дуучид жүжигчдээр дүүрчээ. Нүд гялбам ганган хээнцэр хувцасласан кино оддын улаан хивсний ёслол өндөрлөж, үзэгчид танхим руу орсны дараа галт бөмбөрийн сүртэй нижигнээнээр тайз амилан хэсэг л зүрх савлуулав. Галт бөмбөрийн нижигнээн, цохиурынх нь галын утаа замхарч амжаагүй байхад хөтлөгч үсрэн гарч ирсэн нь урьд нэгэн цагт "Эмоци" продакшнд харьяалагдаж байсан жүжигчин хөтлөгч Анхбаяр. Уран цэцэн үгээрээ үзэгчдийг байлдан дагуулж киноны уран бүтээлчдийн тухай, уран бүтээлийнх нь тухай цухасхан дурсамж хөөрөөд киноны дууг дуулсан дуучдыг тайзнаа урин зарлав. Сайхан дуу болж. Нэгэнтээ хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Мон та рэп”-ийн дуучид амилуулжээ. Кино уран бүтээлчдийн баг хоёр зуу гаруй хүн байх аж.
Хөшиг нээгдэн кино эхлэв. Жүжигчин Тэмүүжин баян айлын эрх жаал. Жаал гэх нь хаашаа юм нэлээд овилоггүй эр бололтой. Өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх болсон байдаг л нэг баян хог шаар. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. Эцэг бол үнэхээр арга барагдсан байгаа нь илт. Ямар сайндаа л огт хүний санаанд оромгүй зүйл сэдэж явдаг суут ухаантан ч юм уу, гаж донтон ч юм уу нөхрийн гэрт очиж байхав. Киноны энэ хэсэг богинохон ч гэлээ нийгмийн аль л муу муухайг хоромхон зуурт харуулчихлаа.
Авилгад дөрлүүлсэн цагдаагийн хурандаа хүүгийнх нь хичнээн хэргийг дарж өнгөрөөж байгаагаа хээв нэг ярьж зогсох нь гавьяа байгуулсан аятай. Ачигдсан машиныхаа араас гүйж яваад нойрсуулагч суманд оногдон унасан баян жаал манжийн үеийн Монголд сэрнэ. Баян залуу эртний нийгэмд очиж боол болсноо мэдэж хүлээн зөвшөөрөх тийм амархан байх юм гэж би үнэндээ бодсонгүй.
Их л амархан хүлээн зөвшөөрөөдхөв. Энэ хүртэл овоо тэссэн юмсан хайран цаг минь. Ухасхийн босох гэсэн боловч яалт ч үгүй дуусгах ёстой шаардлага сандалд минь хадаатахлаа. Тайз засал үнэхээр инээдтэй юмаа. Ахиад л ухасхийхээ шахав. Би ер нь яах гээд ийм хогийн юм үзээд байгаа хэрэг вэ.
Өө хөөрхий. Би өөрөө дутуу ойлгочихсон тууж яваа нөхөр байх нь. Нээрээ энэ хүрээ шуу юмыг чинь нэг хүний хөрөнгөөр босгож, өнөөх даруулаггүй этгээдийг ийм нийгэмд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой шүү дээ. Энд тоглож байгаа жүжигчид өөрөөсөө муу, хамгийн муу жүжигчдийн дүрд тоглох ёстой. Одоо жинхэнэ шимтэн үзэж эхлэв.
Баян эрийн амласан ахиухан шагналыг авчих санаатай байгаа хамгийн муу жүжигчид хэрэндээ л хичээх боловч багагүй алдаа гаргах бөгөөд гаргах алдаа бүр нь үзэгчдийг хөгжөөх аж. Мань “Баян боол”-ын өөр цаг үед оччихсон гэсэн гэнэн итгэл түүнийг тэнэг амьтан шиг харагдуулах аж. Ерөнхийдөө хальт үзсэн хүн бол ямар муу жүжиглэлт, ямар муу тайз вэ гэж бодох байх. Гэтэл жүжигчид хамгийн муу жүжигчний дүрд хүртэл хамгийн сайнаар тоглож болдог байх нь. Гайхалтай юм шүү. Товчхондоо бол үзэгчдийг уйдаахгүй шинэлэг санаатай хөгжилтэй хөнгөхөн, дажгүй кино болжээ.
Трамп Төмөрөө
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна