“Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашиллаа” гэж монголчууд ярьдаг. Шинэ сар гарах төдийд охид бүсгүйчүүд хаврын гоёлоо базааж эхэллээ. Зарим нь энэ улирлын гангараагаа аль хэдийнэ бэлдчихсэн байгаа болов уу. Эхнээсээ хотын гудамжинд өнгө нэмэн чамин, дэгжин, загварлаг пальтогоо аль хэдийнэ өмсчээ. Харин загвар сонголтдоо анхаарч захиалга хийхээр зэхэж байгаа бусдад нь санаа авах гоёлыг загварын ордны дизайнерууд танилцуулжээ. Загвар хүн бүрд зохих боломжгүй. Харин деталиудаас нь санаа авч хаврын гоёлоо баяжуулбал энгийн зүйлийг ч чамин хээнцэр харагдуулах боломжтой. Бас өнгөний хувьд тод биш ч эрхэмсэг харагдуулах байдлаар зохиомжилсон нь загварыг донжтой болгосон байв. Дизайнер болгон өөрийн гэсэн онцлогтой. Загварын салбар байгальд ээлтэйгээр бүтээмжээ нэмэгдүүлсээр байна. Энэ онцлогт дизайнерууд соргогоор хандаж бүтээлдээ тусгах нь элбэг болсон. Бас илүү минималист байхад суралцаж загварт энэ үзэгдэл түлхүү ажиглагдах болсныг мэргэжилтнүүд дурдах болжээ. Өнгөрсөн жилийн намраас эхэлсэн 2023 оны хавар-зуны загварын чиг хандлага тодорхойлох явц одоо ч үргэлжилсээр байна. Тэдгээрээс шинэ оны эхэнд танилцуулсан зарим загварын ордны давтагдашгүй кутюр загварууд сэтгүүлийн нүүрийг чимжээ. Бүтээлч дизайнеруудын ураа шингээсэн загварыг улаан хивсний ёслолуудын үеэр харах нь дамжиггүй юм.
Дахин загварчлал
От-кутюр... Дэгжин бас дахин давтагдашгүй. “Dior” брэндийн энэ удаагийн баатар нь бүжигчин, дуучин, жүжигчин Жозефина Бэйкери. Түүний амьдралаас урам зориг авч хавар-зуны от-кутюр загвараа баяжуулснаа тус брэндийнхэн онцолжээ. Бас загварын шоуны нээлтийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хамбан халаад, атласан боди зэрэг эрхэм уран бүтээлчийн онцлогийг илтгэх загваруудыг моделиуд танилцуулж байв. Бас нэгэн онцлууштай зүйл нь тус брэндийн дизайнер эмэгтэйчүүдийн дотуур өмсдөг байсан богино юбкыг дахин загварчилснаараа содон байлаа. Мөн алтадсан цацагтай шагай шүргэсэн даашинз, нарийн ажиллагаа шаардсан хослол зэрэг нь шоуг үзэж сонирхохоор ирсэн хүмүүсийн харааг булааж байсан юм.
Цилиндр малгай
“Chanel” брэндийн от кутюр загварын онцлог нь цилиндр малгай. Хавар-зуны цуглуулгад багтсан загварын диталь болгон энэ онцлогтоо нягт тусжээ. Нэмэлт аксессуаргүй ч гар ажиллагаа орсон жижиг деталь хоосон орон зайг нөхөх мэт харагдлаа. Тус брэндийн шинэ цуглуулгууд эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгож өгснөөрөө онцлог болжээ. Загварын шоуны шийдэл, тайз засал олон зүйлийг илтгэдэг. “Chanel” энэ удаагийн дотоод засалдаа дахин боловсруулсан мод ашиглаж матар, заан, шар шувууг бүтээж байрлуулсан нь загвартайгаа уялджээ. Энэ бүгд бүрэн зураглалаараа яг л циркийг санагдуулах аж.
Сэргэн мандалт
“Schiaparelli” брэндийн захирал Даниел Розберри хавар-зуны шинэ цуглуулгаа Италийн сэргэн мандалтын үеийн сэтгэгч Данте Алигерийн хойд насны тухай өгүүлэх хүүрнэлт яруу найргаас сэдэвлэжээ. Бүтээлч дизайнер яруу найрагт дурдагддаг арслан, ирвэс, чонын толгойг загвартаа шингээсэн. Гэхдээ амьтны гаралтай ямар ч материал ашиглахгүйгээр цор ганц загваруудаа урласан нь сонирхол татаж байсан юм. “The Divine Comedy” хүүрнэлт яруу найрагт өгүүлэх эдгээр амьтан нь өөрийн гэсэн илэрхийлэмжтэй. Тодруулбал, арслан бахархлыг, ирвэс дур хүслийг, чоно шунахай сэтгэлийг илтгэдэг гэнэ.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна