БНХАУ эдийн засгаа хурдацтай бөгөөд чанартай өсгөхийг зорьж байна


Шинэчлэлийн замаар замнаж буй дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ эдийн засгаа сэргээх хүчин чармайлтаа илүү эрчимжүүлж, чанартай өсөлтийг чухалчлан 2023 онд доттодын нийт бүтээгдэхүүнээ /ДНБ/ 5 орчим хувиар өсгөх зорилт дэвшүүллээ.

Өнгөрсөн онд бүртгэгдсэн 3 хувийн өсөлтөөс давсан энэхүү зорилт нь ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын (БХАТИХ) жил тутмын ээлжит чуулганд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрын ажлаа тайлагнах үеэрээ танилцуулсан хөгжлийн чухал зорилтуудын нэг юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын (ХКН) 20 дугаар Их хурлаас хойш хууль тогтоогчид болон бодлого боловсруулагчид анх удаа чуулж буй учир Хятад улсын хөгжлийн шинэ алхам, бодлогуудыг дэлхий дахин нухацтай ажиглаж байна. Үүний зэрэгцээ Хятад улс “КОВИД-19” цар тахлын нөлөөнөөс хурдацтай гарч, сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлт илүү өргөжих итгэл найдварыг төрүүлж, энэ чуулганы ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Тогтвортой бөгөөд чанартай өсөлтийг хангах нь ХКН-ын хувьд энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн аугаа социалист гүрнийг цогцлоох томоохон төлөвлөгөөндөө хүрэх гол түлхүүр юм.

“Эдийн засгийн урт хугацааны зохистой өсөлтийг хангахын зэрэгцээ чанар, үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн хурдацтай өсөлт, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын ололт амжилтаа хадгалах нь нэн чухал юм” гэж тус улсын эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулагч дээд байгууллага болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос (ҮХШХ) ням гарагт гаргасан тайланд цохон тэмдэглэжээ. Уг тайланд дурдсанаар, ХКН-ын 20 дугаар Их хурлаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 2035 он гэхэд дунд түвшний хөгжилтэй орнуудынхтай адил хэмжээнд хүргэхээр тусгажээ.

Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийн талаарх ҮХШХ-ны тайланд дурдсанаар, эдийн засгийг энэ онд 5 орчим хувиар өсгөх зорилтыг хэрэгжүүлэх нь “Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон үнийн тогтвортой байдлыг хангахад маш чухал.

Энэхүү зорилт нь зах зээлд эерэг дохио өгч, итгэлийг нэмэгдүүлж, хүлээлтэд хүрэх замыг засаж, ажлын байрыг өргөжүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлж, хөгжлийн замаар замнах явцад учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж бууруулах болно” гэж ҮХШХ-ноос мэдэгдсэн байна.

Энэ оны ДНБ-ий өсөлтийн зорилт нь Хятадын эдийн засгийн өнөөгийн өсөлтийн чадавх, эдийн засгийг дэмжих нөөц бололцоо, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн чадамжтай нийцэж байна гэж тус хороо мөн цохон тэмдэглэжээ.

“Хятад улсын хувьд 2023 он бол эдийн засгийн сэргэлтийн жил байх болно” гэж Хятадын Ардын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал Лю Шоуин хэлэв. Түүний хэлсэнчлэн, энэ онд дэвшүүлсэн ДНБ-ий өсөлтийн зорилт нь хүлээлтэд нийцсэн, эдийн засгийн тэлэлтийг тогтворжуулахад шаардлагатай зохист хурд бөгөөд Хятад улс эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг чухалчилж буйг илтгэн харуулж байна.

 

Эдийн засгийн сэргэлт

 

Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, эрэлт, зах зээлийн хуваарилалт, үйлдвэрлэл болон бизнесийн хүлээлт илт сайжирч байна гэж Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян мэдэгдээд, энэ нь эдийн засаг цаашид өсөх асар их нөөц боломж, хүчин чадал буйг харуулж байна гэсэн онцлон тэмдэглэсэн юм.

Эдийн засаг сэргэж буйг ачаалал ихтэй зам, хөл хөдөлгөөнтэй кино театр болон ресторан, онлайн худалдааны хөгжил, дэлгүүр хэсэж буй хүмүүсийн дүр зургаас харж, мэдэрч болно.

Хамгийн сүүлийн үеийн албан ёсны мэдээнээс үзвэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн 10 гаруй жилийн хугацааны хамгийн дээд түвшинд хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт сэргэж, банкуудын сард шинээр олгож буй зээлийн хэмжээ хүлээлтээс давж өссөөр байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд гарсан ололт амжилтуудыг онцлон тэмдэглэсний сацуу гадаад орчны тодорхойгүй байдал, дотоодын эрэлт хэрэгцээний хангалтгүй байдал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх эрсдэл, далд аюулууд зэрэг эдийн засагт тулгарч болзошгүй хүндрэл, сорилтууд байгааг санууллаа.

Мөн энэ онд “Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон үнийн тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх ач холбогдол өгөх нь” чухал гэж Ли Көчян хууль тогтоогчдод хандан хэлсэн юм.

Хятад улсын Засгийн газрын ажлын тайланд дурдсанаар, тус улс энэ онд хот суурин газруудад 12 сая ажлын байрыг шинээр бий болгохыг зорьж байгаа бөгөөд одоогоор хот сууринд ажилгүйдлийн түвшин 5.5 орчим хувьтай байна. Энэ оны зорилтуудад хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 орчим хувь, үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонноос багагүй байлгах зэрэг багтжээ.

Энэ онд эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжих хэд хэдэн арга хэмжээг Хятад улсын Засгийн газар ажлын төлөвлөгөөний тайландаа тусгажээ. Үүнд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг өнгөрсөн оныхоос 0.2 хувиар өндөр буюу 3 хувьд барих, 3.8 их наяд юань буюу 549.8 тэрбум ам.долларын тусгай зориулалтын бондуудыг орон нутгийн засаг захиргаануудад хуваарилах зэрэг багтсан байна.

Мөн бодит эдийн засгийг дэмжихийн тулд мөнгөний бодлогыг илүү оновчтой бөгөөд хүчирхэг болгож, M2 мөнгөний нийлүүлэлт болон нийт санхүүжилтийг ерөнхийдөө нэрлэсэн эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Засгийн газрын тайланд дурджээ.

Харин дотоодын эрэлтээ нэмэгдүүлэхийн тулд Хятад улс хэрэглээгээ сэргээх, өргөжүүлэхийг чухалчилж, хот болон хөдөөгийн оршин суугчдын орлогын эх үүсвэрийг олон сувгаар нэмэгдүүлэхийг зорьж байна.

“Хятадын эдийн засаг ерөнхийдөө сайн тал руугаа эргэж, өсөлтийн хурд нь хэвийн түвшинд хүрэх магадлал өндөр байна” гэж Ляонины их сургуулийн ерөнхийлөгч бөгөөд эдийн засагч Юй Мяозе хэлэв.

Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт ямар байх талаарх урьдчилсан таамгуудаа олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулалтын банкууд танилцуулсаар байна. Тухайлбал, Олон улсын валютын сан 2023 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа нэгдүгээр сарын сүүлчээр шинэчлэн 5.2 хувь болгож өсгөсөн юм. Өмнө нь тус сан 4.4 хувиар өснө гэж таамаглаж байсан билээ.

 

Өндөр чанартай хөгжил

 

Хятад улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг чухалчилж байгаа ч эдийн засгийн өсөлтөө хөхиүлэн дэмжихийн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэхийг бодохгүй байна. Харин тус улс байгаль орчинд илүү ээлтэй бөгөөд үр ашигтай эдийн засгийг цогцлоохыг эрмэлзэж байна.

Аж үйлдвэрийн тогтолцооны шинэчлэлийг түргэтгэж, ногоон хөгжлийн загварт шилжих ажлыг эрчимжүүлэх зэрэг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх замаар өндөр чанартай хөгжлийн замаар явахын тулд Хятад улс ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг Ли Көчян засгийн газрын ажлын тайлангаа танилцуулах үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.

Хятад улс энэ онд ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2 орчим хувиар бууруулж, “Бодит ажлаараа илүү сайн үр дүнд хүрэхийг хичээх болно” гэж ҮХШХ-ны тайланд бичжээ.

Тодруулбал, тус улс агаар бохирдуулагчдын ялгарал, хаягдлыг тасралтгүй бууруулах, шатах ашигт малтмалуудын хэрэглээнд тавих хяналтыг илүү чангатгах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тууштай ажиллах зорилтууд гаргаад байна.

Ли Көчян улс орныхоо технологийн хүчин чадлыг бэхжүүлэх талаар ярихдаа гол салбаруудад технологийн дэвшилд хүрэхийн тулд чанарт анхаарч, хамтын хүчин чармайлт гаргахыг уриаллаа. Мөн уламжлалт үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдийг илүү дэвшилтэт, ухаалаг бөгөөд байгальд ээлтэй болгохын төлөө хүчин чармайлт гаргахыг тэрбээр уриалсан юм.

Сүүлийн жилүүдэд протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого болон “КОВИД-19” цар тахлаас улбаатай хурцадмал байдлаас үүдэлтэй хүнд сорилтуудыг сөрөн зогсохын тулд Хятад улс эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болох хөрөнгө оруулалтад хэт найдахаас зайлсхийж, харин аж ахуйн нэгжүүддээ хүндрэл бэрхшээлийг даван туулж, өргөжин дэвжихэд нь туслахад анхаарлаа хандуулсаар байна.

Ли Көчян хэлэхдээ “Бид эдийн засгийн цаашдын өсөлтөд саад болж болзошгүй бодлогуудаас татгалзаж, макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв.

Өндөр чанартай хөгжил нь Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх замын хамгийн чухал зорилт билээ.

Хятад улс ДНБ-ий өсөлтийг ололт амжилтынхаа гол шалгуур болгохоос илүүтэйгээр эдийн засгийн өсөлтийн чанар бөгөөд үр ашгийг сайжруулахад илүү анхаарал хандуулж байна гэж тус улсын дарга Ши Жиньпин онцолсон.

Чанартай хөгжилд хүрэх хүчин чармайлтын хүрээнд Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг танаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж, судалгаа шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлсэн гэж Засгийн газрын ажлын тайланд мөн дурджээ.

“Орчин үеийн Хятад улс өндөр чанартай хөгжилтэй байх нь зүй ёсны хэрэг” гэж тус улсын Үндэсний удирдлагын академийн Эдийн засгийн тэнхимийн захирал бөгөөд үндэсний улс төрийн зөвлөх Хань Баозян хэлэв.

Мөн тэрбээр “Өсөлт болон чанарт ижил ач холбогдол өгч, өндөр чанартай хөгжлийн төлөө хүчээ нэгтгэснээр бид Хятадын орчин үеийн шинэчлэлийн эдийн засгийн бат бөх суурийг тавьж чадна” гэлээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2023/06/27
0
0
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө