...1989 оны хаврын цэнхэр өдрүүд. Ёстой л “Бэхэн цэнхэр өдрүүд” байв. Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн арван жилийн сургуулийн сурагч хүүгийн шүлэг “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдсэн нь “Хавар” нэртэй. Тэр шүлэгтэй хамт Архангай аймгийн сурагч хүүгийн “Адуу хураах сайхан” нэртэй шүлэг мөн нийтлэгдсэн байв. Анхны шүлэг нь зэрэгцэн хэвлэгдсэн хөвгүүд Арлааны Эрдэнэ-Очир, Бидэрийн Баярсайхан нар байлаа. Удалгүй тэд Улсын багшийн дээд сургуульд нээгдсэн Утга зохиолын ажилтны ангийн анхны элсэгчид болж, нэг ширээнд тохой нийлүүлэн сууж, оюутны дотуур байранд нэг өрөөнд төвхнөж, амьдрал, уран бүтээлийн урт замд дөрөө харшуулсан ажээ. Оюутан болж хотод ирэхдээ А.Эрдэнэ-Очир уран зохиол, урлаг, соёлынхны хүрээнд хэдийнэ танигдчихсан, Пунцагийн Бадарч найрагчтай үе тэнгийн юм шиг хөгжиж наргин онигоо ярьдаг, Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайнхаар очдог, XIII хороололд байх Балжирын Догмид зохиолчийнхоор очиж хоол бууддаг, Шагдарсүрэнгийн Гүрбазар найрагчтай наанатай цаанатай, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга тэргүүтэй найрагчид түүнийг сураглаж, “ганц юм” өвөртөлж ирдэг “том амьтан” болчихсон байжээ.
Сурагч байхын л шүлэг их эрт бичиж эхэлсэн, тэр хэрээрээ шүлэг нь цэгцэрч, хэлбэржчихсэн хүү байж. Зургадугаар ангид байхдаа л ангийн анд Шатарын Энхбаярыгаа шүлэг бич гэж уриалж, урамшуулж, ангийн охин Гомпилдоогийн Мөнхцэцэг нь ч удалгүй шүлэг бичиж эхэлснээр “Бэхэн цэнхэр өдрүүд” номын эздийн “баг” бүрджээ. Есдүгээр ангид байхдаа тэд сурагч ахуйн гэнэн шүлгүүдээ эмхэтгэн ийм нэртэй хамтын номоо хэвлүүлсэн билээ.
...Арван долоотой хөвгүүн өмнө минь зогсоод “Ардын дуу” хэмээх уянгалаг сайхан шүлэг уншсан тэр мөч санаанаас гардаггүй. Чи шүлэг бичдэг гэлүү, алив нэг юм уншаадах гэж ихэд ахархан томорсон би ам руугаа алгадуулах шиг болсон сон. Ингэж би Арлааны Эрдэнэ-Очир гэдэг найрагч хөвгүүнтэй танилцаж ер салаагүй билээ. Эрдэнэ-Очир манайхаар ирнэ. Би бас тэднийхээр орж гардаг болов. Арван жилийн сурагч хүү аймгийн Техник мэргэжлийн сургуулийн залуу багш хоёр арваад насны зөрүүтэй ч ахан дүүс, анд нөхөд болов. Нэг өдөр Эрдэнэ-Очир манайхаар нүдэнд дулаахан үе тэнгийн охин дагуулж ирээд “Энэ миний үерхдэг охин” гэж билээ. Гурвуулаа аймгийнхаа Улаан хошуу гэдэг овоон дээр гарна. Намайг заавал дагуулж гарна. Тэр хоёр надаас зайдуухан ярилцах. Би бараа болох маягтай элдвийг бодож зогсох. “Арван жилийн сурагч хүү, охин хоёр уулзаж байхад чи юу хийж дагаж явдаг юм бэ” гэж эхнэр маань намайг зэмлэж, “Үнэхээр бүтэхгүй хүн юм аа” гэж билээ. Нээрэн би юунд тэгж явдаг байсан юм бүү мэд. Тэр уулзаж үерхэж явсан охин бол хожим гурван Уулын ээж болсон эрхэм хайртай дүү Чойбаатарын Энхжаргал байсан юм. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат 34 жилийн тэртээх хаврыг ийн дурсчээ.
Тэр хавар бас сурагч А.Эрдэнэ-Очирын шүлгүүд “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдэв. Яруу найрагч Дөнгөтийн Цоодол уг шүлгүүдэд нь “Энэ хүү яруу найрагч болно оо. Авьяастай хүн байна” гэсэн өмнөтгөл зүүлт бичсэн байв. Есдүгээр ангийн сурагч хүү тухайн үеийн Монголын зохиолчдын эвлэлийн Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч Д.Цоодолд захидал бичиж, өөрийгөө танилцуулаад “Та миний шүлгүүдийг сонинд нийтэлж өгнө үү” хэмээн хүссэн нь ийн ёсоор болж, Монголын уран зохиол нэгэн авьяастнаа өлгийдөж авчээ. Сурагч А.Эрдэнэ-Очир хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадамд шүлгүүдээ өгтөл хэтэрхий том хүнийх шиг шүлгүүд байна гээд байр эзлүүлээгүй гэх. Дараа жил нь даагаа нэхэж “Найргийн даага”-д тоосоо өргөжээ. 1990-ээд оны долгионт он жилүүдэд “Болор цом” наадмын тайзнаа Дорноговийн Арлааны Эрдэнэ-Очир, Завханы Цогдоржийн Бавуудорж хэмээх хоёр сайхан найрагч залуу олны танил болж байв. Гэзэг үс, намба төрх, ааш араншин тун адил болоод тэр үү, тэднийг үзэгчид, уншигчид андуурах үе гарна. 1992 онд А.Эрдэнэ-Очир найрагч хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадамд түрүүлж, тэр зун мэндэлсэн ууган хүүдээ Цагаан-Уул хэмээх нэр хайрлажээ. Тэр цагаас хойших яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг монголчууд бүгд мэдэх билээ.
Найрагчийг тэнгэрт хальснаас хойш тав дахь жилийн босгон дээр үр хүүхдүүд нь санаачлан, эмхэтгэж дурсамж, яруу найргийн хос номыг нь гаргасан юм. Уг номыг уншихад унаган багын хийгээд халуун залуу насных нь анд нөхөд, уран бүтээлийн замд учирч танилцсан найзууд, ар өвөртөө дагуулж явсан дүү нар нь түүдэг гал тойрч суугаад Арлааны Эрдэнэ-Очир найрагчийг дурсан хуучилж байх шиг санагдана. Тэдэн дунд Балжирын Догмид зохиолч “Агуу их Д.Равжаа, Ж.Лхагва хоёрын маань ар дээр Эрдэнэ-Очир хэмээх ийм нэгэн оюунтай хөвгүүн тэнгэрийн соёрхлоор ус нутагт минь мэндэлсэнд зон олон байтугай лус савдаг ч баярласан биз ээ” хэмээн бахдан ханхалзаж, Бавуугийн Лхагвасүрэн найрагч “Эрдэнэ-Очир урт үргэлжилнэ. Монголд үргэлжилнэ, дэлхийд үргэлжилнэ” хэмээн омогшиж, Дөнгөтийн Цоодолтон “Ямартай ч итгэж найдсан урмыг Эрдэнэ-Очир маань хугалаагүй, олны мэдэх, эх орондоо хайртай яруу найрагч болсон. Эрдэнэ-Очирыгоо би жинхэнэ яруу найрагч гэж боддог” хэмээн өгүүлэх аж. Говийн цөлх сайхан эр, дуу, хуур, ерөөл магтаалд шаггүй Арлаан гуай хүүгээ шавь оруулахдаа “Миний хүүг сайхан яруу найрагч болгоорой” хэлж захисныг буурал найрагч Пунцагийн Бадарч өнөө нэхэн санаж суугаагаа бичжээ. Үе тэнгийн нөхдийнх нь дурсамжууд цааш хөвөрнө.
-Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ наргианч, шогчоороо бол Монголын уран зохиолд түрүү үеэс С.Дашдооров, Д.Пүрэвдорж, одоо бол А.Эрдэнэ-Очир л байна даа гэсэн гэдэг. Сүүлийн жилүүдэд Зохиолчдын хороо хавиас гарсан ихэнх “юм”-ыг түүнийг хийсэн гэлцдэг. “Гарьд магнай” киноноос сэдэвлэн найрагч нөхдөө нэг нэг дүрд оруулан “Горьд магнай” хэмээх үнэхээрийн хөөрхөн юм ярьж байсансан. Хүний үг хэл, үйл хөдлөл, ааш аягийн онцлог шинжийг гярхай ажиглаж, хөнгөхөн цагаанаар элэглэх нь багаасаа тодорсон юм шүү. Хэзээ хаана ч найз нөхдөө байнга инээлгэж ханиалгаж, Ээгий байгаа газар андашгүй дуу наргиа, баяр баясал дүүрэн гэрэлтдэг байсаан. Сайншандад, бидний “Нутгийн амьдрал” сонины редакц, Улаанбаатарт Зохиолчдын хороо гээд хаа суусан газраа хүн зон шавуулчихсан, хана туурга цангинуулсан инээд наргианы гол эзэн нь байжээ, найз минь...
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр:
-Говь нутаг, Равжаа хутагт, ижий гурваа шүтэж, Лхагва ах, Догмид ах, Шартолгой ах нараа хайрлаж, ихэр хэдэн “Уулаа” энхрийлэн өсгөж, Шар Эрка, Шатар Энхээтэйгээ шараа тайлж явсныг чинь мартаагүй ээ. Манай Эрдэнэ-Очирт гологддог муу зохиолч, яруу найрагч байгаагүй. Мань мэтийн хайхрамжгүй юмнууд үүний зохиолч гэж юу байдаг юм, тэрний яруу найрагч гэж ямар юм байх вэ гэхэд л мань Эрдэнэ-Очир аль хэдийний тэр яруу найрагч, зохиолчийн сайхан мөрүүд ч юм уу, ямар нэг сайхан юмыг уншиж байх жишээтэй. Сайхан үзэг, гоё тэмдгэнд дуртай. Гоё тэмдэг, гоё үзэг ил гаргаж зүүгээд, үс гэзгээ намируулаад явах хачин их дуртай. Сайхан хүүхэнд шүлгээ зориулах дуртай. Түүнээс өөрөөр нэг их юманд шүлэнгэтээд хорхойсоод байхгүй.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Магваны Эрдэнэбат:
-2007 оны зун аав минь чилээрхээд би очиж хэд хоног асарч байгаад удалгүй бурхан болов. Ажил явдал гардгийн урд орой дүү нар гэнэтхэн “Ээгий ах хотоос гарчихсан юм байна шүү дээ, наашаа” гэж байна. Өө, одоо цаг орой болж байдаг. Өглөө үүрээр ихсийн газар явна. Жижиг тэрэгтэй энэ хол замд амжиж ирэхгүй юм байна даа гэж дотроо бодов. Шөнө дундаас хойхно нэг дүү минь тосож давхиад бараг 100 гаруй километрийн цаана машиныг нь орхиулаад, үүр цайхаас өмнөхөн нөхөр хүрч ирэв. Засмал замгүй, дан шороон замтай Галбын говийн 40 градус давсан халуунд газар сайн мэдэхгүй, аль болохгүй элстэй газраар туучаад, халуун наранд бууж элс ухсаар байгаад царай нь хав хар болчихсон, ядарч үүрэглэхээрээ нүдээ нойтон алчуураар арчсаар байгаад час улайчихсан, хол замд аяншиж ядарсан нь илт муу найз минь хажууд ирээд чив чимээгүй зогсоход өнчирч, ядарч, хоосорсон сэтгэлд хангайн нуруу шиг түшиг тулгууртай санагдаж билээ. Ганц хүүгээ гадаад руу сургуульд гаргаж өгөөд тэвдүүхэн үлдэхэд мөн л дэргэд минь хүрээд ирсэн байв. Чиний өмөг түшиг, өр зүрхний халуун сэтгэл, ойрт түргэдэж, холд түүртдэггүй уужуу дэлгэр араншин юутай гайхалтай...
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, хэлбичгийн ухааны доктор, профессор Хургаагийн Сүглэгмаа:
-“Тунгалаг гунигийн улирал”. Тунгалаг гуниг... Тийм ээ... Ийм сайхан. Андын уран бүтээлийн томьёолол магадгүй энэ байх аа. Түүний “Тунгалаг гуниг”-ийн мөрөн дээр нөхөрсгөөр гараа тавих андуудынх нь нэг болохын хувиар сэтгэл минь ийн дуун алдвай. Нэг зун анд бидэн говь нутгаар давхиж яваад хөдөө гэрт нь очиж хонож билээ. Хармагийн бутан дундах шаргал элсэн дэвсэг дээр гэр барьж байхад нь очсон юм.
Ижий нь бид хоёрыг хана дугуйлж байхад ирлээ хэмээн бэлгэшээн баярласан сан. Ээжийнх нь гараа гаргаж чанаж өгсөн ундыг нь хөлсөө гартал уусан бид хоёр төдөлгүй мотоцикль хөлөглөн хармагийн бутан дундуур жаал салхилан давхиад нэг худаг дээр очсон юм. Найзынх нь ус ховоодож өссөн худаг. Энэ талд л хүн боллоо шүү дээ гэж дөрвөн зүг ширтэн бахдаж зогссон төрхийг нь одоо ч сэтгэлдээ харнам. Тэр худгаас татсан ховоог нь хоёр гардан авч, тэр цэнгэгхэн уснаас гөрөөс шиг хэд сайхан залгилсансан. Тэгээд “Найз нь насан мөнхөд цангахааргүй боллоо” гэж хэлэхэд “Сайхан үг байна шүү” хэмээн анд их л урамшин зогссон юм. Тэрбээр ховоотой усыг надаас хоёр гардан аваад түүнээс их л шимтэнгүй шимэн шимэн хүртэж билээ. Тэр худгийн усыг гүйцэх ус энэ орчлон дээр дахиад таарахгүй биз ээ. Хаврын урь айлсах цагаар андын нутгийн чигт саравчлан, саравчлан зогсоход мөнөөх худгийн цэнгэг ус өмнөөс сэнхийн үнэртэх шиг болдог юм.
Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж:
...А.Эрдэнэ-Очир найрагч Багшийн дээдийн буудлын хажуугаар алхаж явтал нь хэн нэгэн нэрээр нь дууджээ. Эргээд харсан таних хүн алга. Дахиад дуудахаар нь эргээд хартал тэргэнцэртэй залуу байх юм гэнэ. Би таньдаг байгаад танихгүй болчихсон юм биш байгаа. Нутаг усны маань хүн юм болов уу гэж бодож. Тэгсэн өнөө залуу хэлж гэнэ.
-Би чамд их баярлаж явдаг юм аа.
-Юунд тэр билээ
-Би үйлдвэрлэлийн осолд ороод хоёр хөл, нэг гараа тайруулчихсан. Тэгээд амиа хорлохоор шийдсэн юм. Барьж байгаа барилга дотор ороод амиа хорлох гээд тамхи татаад сууж байхдаа дэргэд нэг сонины тасархай байхаар нь аваад харсан чинь чиний “Ээжийгээ амьдад үхэж болохгүй” гэдэг шүлэг байсан. Тэгээд бодсон. Нээрэн би үхчихвэл муу ээж минь зовно шүү дээ гээд. Тэгээд үхэх бодлоо орхисон. Би чамд их баярлаж явдаг юм гэжээ. Энэ бол А.Эрдэнэ-Очир найрагчийн “Ижийгээ амьдад үхэж болохгүй” хэмээх шүлгийн тухай юм. Амьдралаас гэрэл гэгээг түүж явдаг найрагчийн гэгээн мөрүүд энэ мэтчилэн хүмүүнд ухаарал, уярал, гэгээрэл тайтгарал хайрласан нь олон.
Найрагч өөрөө “Амьдрал болзоогүйн болзоогоор дүүрэн шүү дээ. Санаандгүйгээр дүүрэн. Эмзэглэл гуниг хүнийг эгшиг оруулдаг байж магадгүй” хэмээн ярьдаг байв. Болзоогүйн болзоогоор дүүрэн амьдралд тэр гэгээн болзоо олныг тавьжээ.
“Олон цагаан тэмээгээр номын жин тээгээд нутагтаа очиж байна гэж зүүдэлсэн.
Номхон биш эмнэг тэмээ
хомноод
Номын жин тээгээд нутагтаа
нэг очихсон
гэж шүлэг бичиж байлаа. Сумандаа очиж номын баяр хийхсэн, нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэхсэн, тэмээн жингийн аян хөсөг таарвал ээжийгээ аваад очихсон гэж боддог. Бас миний авсан ээж сумандаа байдаг. Гоё юм бодохоор, гоё ном уншихаар, гоё юм төсөвлөөд төлөвлөхөөр нойр хүрдэггүй. Өөртөө ингээд л нэг их уудам юм бодоод явдаг юм” хэмээн телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Уудам юм бодох гэдэг уужим сэтгэлтэй хүний л ажил. Арлааны Эрдэнэ-Очир найрагч тийм л хүн байв. Түүний дотоод ертөнцийг хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь цуглуулах гэж хичээв.
“Миний нэг шүлгэнд байдаг. Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй гэж. Би хүмүүсээс муу юм ерөөсөө олж хардаггүй. Гэгээ л түүж явдаг хүн. Надад яруу найрагчийн хувьд өөртөө тавьсан нэг хэмжүүр, үнэт зүйл байгаа. Тэрнээсээ л гажихгүй явахыг хүсдэг. Дотоод сэтгэлээ цагийн салхинд тавиад туучихгүй юмсан гэж. Үргэлж хичээхгүй мөртлөө энэ багана миний дотор эгцхэн л явдаг. Цаг үеийн, бухимдлын юм уу, тийм нэг сүржин шүлэг би ер нь бичсэнгүй. Гэхдээ миний дотор байнга л эх орноо гэсэн хөндүүр байдаг. Тэр хөндүүр бол байнга надтай хамт явдаг. Өөрийн мэдэлгүй миний шүлгүүдэд тэр хөндүүр маань илэрсэн л байдаг” хэмээн тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгтэй хөөрөлдсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн тэрбээр “Дотор байгаа орчлон маань миний шүлгүүдээс баримжаалагдах байх. Энэ нь он жил өнгөрөх тусам улам л сайхнаар болоод утга төгөлдрөөр, ертөнцийн мөн чанарыг бусадтай адил юм шиг хэрнээ хувь ганцхан таних танигдлаар илэрхийлэгдэж үлдэх байх гэж боддог” хэмээн нэгэнтээ өгүүлжээ. “Өдий идэр насан дээр бодоход өмнөх үеийнхнээ тод санаж, мэдэж үлдсэн байна. Өөрийн үеийнхнээ сайн мэднэ. Залуу үеийнхнээ гадарлана гээд бодоход алаг чулуу их түүсэн хүн болж таарч байгаа юм. Хоёр жилийн дараа зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойгоор “Миний алаг чулуу” гэж ном гаргаж магадгүй” хэмээн тэрбээр өгүүлж байжээ. Гэрэл гэгээ цуглуулж, амьдралын сайн сайхныг алаг чулуу шиг түүж явдаг энэ сайхан найрагч санаж, зорьж явсан тэр номоо хэвлүүлж амжаагүй юм.
Хэрвээ тэрбээр сэрүүн тунгалаг байсансан бол хүмүүн хорвоогоос түүж цуглуулсан “Алаг чулуу”-н дээрээ “Гэрэл гэгээ цуглуулж бичлээ...” хэмээн гарын үсгээ хээнцэрхэн татлах байсан болов уу.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна