“Эмс ариун бол төр ариун” энэ үгийг зөвхөн ураг, цус холихгүй байлгах тухай айлдвар мэт бодож явсаар өдийг хүрчээ. “LA SANTE” center эмнэлгийн захирал З.Болормаатай энэ талаар ярилцлаа.
-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ эрхлээд хэдэн жил болж байна. Үйл ажиллагааны хүрээнд хийж буй ажлуудаа яривал?
-“LA SANTE” center эмнэлэг 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд даруй долоон жилийн нүүр үзжээ. Үйл ажиллагаа эхлүүлсэн цар хүрээ, алсын хараа, үнэт зүйл, эмнэлгийн чиг зорилго, үзэл санаа, баримтлах бодлогын хувьд яагаад ийм эмчилгээ үйлчилгээ хийгээд байгаа юм гээд яривал их зүйл бий. Нөхөн үржихүй гэдэг маш том сэдэв, дотроо маш олон агуулга багтаж байдаг. Манай эмнэлгийн хувьд нөхөн үржихүйн гол амин зүрх нь буюу урьдчилан сэргийлэх, мэс заслын бус аргаар нөхөн сэргээх гэдэг агуулга руу орчихдог.
-Эрүүл мэндийн салбар дотроо нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ ямар түвшинд явж байна вэ?
-Эрүүл мэндийн салбар нь хөгжчихсөн, өндөр хөгжилтэй орнуудын хувьд нөхөн үржихүйн салбар нь анагаах ухааны салбарынх нь тэргүүнд явж байдаг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нөхөн үржихүй ганцхан эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрүүлэхээс гадна төрсний дараах эмчилгээ, гэр бүлийн үнэ цэн гэж юу юм, бэлгийн боловсрол гэж юу юм бэ гээд дахиад цаана нь ямар агуулга ойлголт байгаа юм гэх мэт. Гэтэл манай улсад бол энэ салбар үндсэндээ хаягдчихсан. Тодорхой бодлого шийдвэр байдаггүй. Байлаа гэхэд тархай бутархай энд тэндээс түүсэн гүйцэд судалгаагүй алаг цоог л юм байдаг.
-Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт, арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэгт хүний эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулж, тэдгээр эрхийг хангах нь төрийн үүрэг болохыг тодорхойлсон байдаг?
-Хүний эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхэд бэлгийн боловсрол олгох болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал хамаардаг бөгөөд бэлгийн боловсрол болон нөхөн үржихүйн эрхэд хосууд болон хувь хүн гэр бүлээ чөлөөтэй, хариуцлагатай төлөвлөх, энэ талаар мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах аргыг эзэмших, мөн ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, хүчирхийллээс ангид байж бие даан шийдвэр гаргах зэрэг өргөн хүрээний асуудал багтдаг. Би 2016 оноос хойш эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн Франц улсаас туршлага судлаад, суралцаад ирсний хувьд үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилгоо өөрчлөөд нэлээд сайжирсан түвшинд амжилттайгаар орсон учраас нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, нөхөн сэргээх эмчилгээний талаар нийгэмд дуу хоолойгоо гаргах, төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүст үзэл бодлоо илэрхийлж хүргэх сонирхол давуу байдаг.
-Нийт массаараа эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн мэдлэгтэй болох шаардлагатай гэдгийг яагаад та ойлгуулж таниулах ёстой юм бэ?
-Энэ нь амьдралын чанар, гэр бүлийн харилцаа, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүй насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл, нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гаргахад гаднын орнуудаас авсан туршлага, өөрийн хийсэн судалгаа туршлагын хүрээнд нэмэр болж чадахаар байхад би яагаад дуугүй сууна гэж.
-Монголчууд бидний бэлгийн боловсрол бусад оронтой харьцуулахад ямар хэмжээнд явна?
-Энэ талаар ярихын тулд эхлээд ёс заншил, амьдрах хэв маяг, ахуйгаа судлах шаардлагатай. Мөн хоёр талтай. Үгүй дээ гэхэд л бид өөрсдийн бэлэг эрхтнийхээ хэсэг бүрийг яг зөв нэршлээр нь нэрлэж мэддэг билүү. Бэлгийн боловсролгүй байх нь нэг талдаа маш том алдаа юм шиг харагдавч нөгөө талдаа ямар насанд нь яаж өгөх ёстой байдаг юм. Монгол хүний сэтгэхүйд яаж тохируулж суулгах юм гэдэг судалгаа шаардлагатай. Хаа хамаагүй мэдээлэл өгөөд сэдэл төрүүлчих вий гэдэг бас асуудал. Бэлэг эрхтэн тархи мэдрэлийн тогтолцоо хоёр маш их холбоотой. Хэтэрхий эрт сэдэл төрүүлэх мэдээлэл аваад насанд хүрээгүй хүүхэд эмгэгтэй болж болзошгүй. Үүнээс гадна бидний сэтгэлгээнд байх ариун нандин гэсэн ойлголтыг үгүй хийж замбараагүй бэлгийн харьцаанд орох гэх мэт гарах үр дагавруудыг нь тооцох ёстой. Олон сая хүн амтай улсын нөхөн үржихүйн бодлогыг шууд хуулбарлан авах байдлаар энэ асуудлыг шийдэж болохгүй. Монгол цөөхөн учраас энэ тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ талын судалгааг монгол хүн дээр ямар байх юм гэдгийг бид өөрсдөө хийж үр дүнг нь тооцоолмоор байгаа. Манай эмнэлгийн хувьд 2016 оноос хойш олон төрлийн сургалтад сууж Итали, Франц, Япон, Хятад, Орос, Америк улсаас туршлага судалсаар байна. Мэс заслын бус аргаар аарцгийн ёроолын булчинг нөхөн сэргээх эмчилгээний хувьд монгол эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийсэн.
-Нөхөн үржихүйн салбарт нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмчилгээний чанар стандарт гэж байдаг уу?
-Нөхөн үржихүйн эмчилгээний тоног төхөөрөмжийн стандарт, дүрэм журам байхгүй. Энэ талын бодлогын шийдвэр байдаг эсэхийг ч би мэдэхгүй байна. Хаа сайгүй хувийн эмнэлгүүд эмчилгээ үйлчилгээний чанар стандарт хангаагүй байр саванд эмэгтэй хүний нандин эрхтэнд нөхөн сэргээлт нэртэй увайгүй үйл ажиллагаа явуулсаар л байна шүү дээ. Аль нэг улсын “Ашигтай загвар” ангилалд бүртгэгдсэн шалгаж тестлээгүй багаж төхөөрөмжөөр өндөр төлбөртэй үйлчилгээ явуулсаар л байна. Би яагаад мэдээд байна гэхээр энэ талын үйлчилгээ авч хохирсон бүсгүйчүүд манай эмнэлэгт маш их ханддаг болсон.Нөхөн үржихүйн салбарт эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа эмнэлгүүдэд чанар стандартын маш өндөр үүрэг, шаардлага тавьж хариуцлагажуулж явах ёстой.
-Хохирсон бүсгүйчүүд цагдаа, хуулийн байгууллагад ханддаггүй юм уу?
-Хохирсон эмэгтэйчүүдийн асуудалд хандах цагдаа, эмч нарын харилцаа муу, нууцлал байхгүй. Дахиад л хохирогч бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг нууцлах тал дээр тодорхой шийдвэр, дүрэм журам байдаггүй юм уу эсвэл хэрэгжилт муутай. Хүндрэлтэй төрсөн ээжүүдэд голдуу асуудал гараад байдаг. Шалтгаан нь мөн л нөхөн үржихүйн боловсрол муу байгаа хэрэг. Мөн түүнчлэн хохирогч гэхээр бие дээрх ил шарх сорвийг ганц хэлэхгүй. Насанд хүрээгүй охидын сэтгэцийн гэмтэл, ирээдүй хойчид нь ямар их хор хохиролтой байдаг тал дээр зайлшгүй ярих ёстой. Цөөхөн хүн амтай улсын хувьд эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийнхээ сэтгэл зүйг хамгаалах нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бэлэг эрхтэнд органик бус материал шахах, түлж агшаах зэрэг зар сурталчилгаа ил, шууд явж байгаа харагддаг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой шахуу ийм зүйл дээр хатуу хяналт байдаггүй хэрэг үү?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа энэ талын зар сурталчилгаанд хатуу хяналттай байх ёстой. Үнэндээ Монголын нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарыг гаднын халдлагаас хамгаалах шаардлагатай болчихоод байна. Эрүүл мэндийн манаанд зогсож байх ёстой эмч нар гаднын болсон болоогүй тоног төхөөрөмжөөр бүсгүйчүүдийг минь зэрэмдэглээд хаячих вий гэсэндээ энэ талын манаанд бас зогсох шаардлагатай болсон. Олон нийтийн хэрэгслээр хяналтгүй явж байгаа энэ төрлийн зар сурталчилгааны цаана гаднын нэг технологийн компанийн шалгагдаагүй тоног төхөөрөмж байх бүрэн магадлалтай байдаг.
-Бас сексологич нэртэй баахан сургагч нар гараад ирсэн энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Итали, Франц, Америк гээд хүнээ боддог улс орнууд эрүүл мэндийн салбарын эмч нартаа өгдөг сургалтууд байдаг. Тэр сургалтад юу гэдэг вэ гэхээр хүний өөрийн бие анатоми физиологид хэрэгтэй ба хэрэггүй юм гэж нэг ч байхгүй, цаанаасаа өөрөө бүх зүйлийг шүүдэг, цэвэрлэдэг ухаалаг систем. Хүний өөрийн анатоми физиологийг л эрүүл байлгах тал руу нь анагаах ухааны бүх салбар эмчилгээ үйлчилгээг чиглүүлэх ёстой. Сексологич нарын дураараа зохион байгуулдаг сургалт тоймоо алдсан. Гадаадын нэг сайт дээр гарсан мэдээллийг орчуулж уншчихаад ингэх ёстой гэж заагаад байх нь учир дутагдалтай. Энэ тал дээр ахиад л монгол хүнд таарах зөвлөмж мөн үү гэдэг асуулт гарч ирнэ.
-Эмнэлэг эрүүл мэндийн салбарт ковидын дараах хүндрэл гэж яригдах болсон. Тухайлбал, танай салбар энэ тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
-Нөхөн үржихүйн салбарт Франц улс тэргүүлээд ковидын дараах хүндрэлийн талаар судалгаа хийгээд, энэ нь нөхөн үржихүйд ямар хор хохиролтой юм бэ гэдгийг дүгнээд гаргаад ирчихсэн. Араас нь Япон, Хятад, Европын орнууд судалгаагаа гаргаад явж байна. Манай орны хувьд жирэмсэн эмэгтэйчүүд “КОВИД-19” халдварын дараа хүндрэх, нас барах эрсдэл жирэмсэн биш нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээс өндөр байгаа талаар хэд хэдэн судалгааг хийсэн байна. Эх нялхас, төрөх эмнэлгүүдийн хүний нөөцийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, орны хүрэлцээ дутмаг зэрэг хүрээнд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай.
-Ярилцсанд баярлалаа.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, 2019 онд “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, 2020 онд “Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал” зэрэг судалгааг хийсэн. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагын үүднээс нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18, 19 дэх илтгэлд тусган УИХ-д өргөн барьсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна