Монголд зочлох жилийн хүрээнд “Эх орон” дууг бүтээжээ. Эстрад урлагийнхан, дуурийн дуучидтай хамтран дуулсан байна. Хэний бүтээл гэж санана. “Хар сарнай”-н С.Амармандах үг, аяыг нь зохиосон гэнэ. Редакцад ийм яриа болов. “Эх орон” дууг Амараа зохиож, дуулсан гэхээр огтхон ч хачирхсангүйгээр үл барам хийх ёстой уран бүтээл нь л юм шиг санагдсан нь үнэн.
-Саяхан Эх орончдын баярын өдөр болоод өнгөрлөө. Хаврын тэргүүн сар гарлаа, сар шинэдээ сайхан шинэлэв үү. Шинэ уран бүтээлийн олз омогтой л биз дээ?
-Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд орших эх орныхоо эзэн болсон ард олон, азай буурал, хийморьтой залуучууд, алдрай бяцхан дүү нартаа энэ сайхан өдрийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлж, амар амгаланг айлтгая.
Амармандах миний бие харагчин туулай жилийн анхны уран бүтээлээ Сар шинээр өлгийдөж аваад Эх орончдын өдрөөр толилуулсандаа их баяртай байна. Үе үеийн эх орончдын өлгий болсон сайхан орныхоо яруу алдрыг магтан дуулсан “Эх орон” дуугаа Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хурд” хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Төмөрцог, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уянгалаг хоолойт дуучин Д.Отгонжаргал нартайгаа хамтран амилууллаа.
-“Хар сарнай”-н Амараатай эх орон, монгол угсаатныг магтан дуулсан уран бүтээл, үндэсний үнэт зүйлийн тухай яриа өрнүүлэхгүй байх боломжгүй биз дээ?
-Аливаа улс орон мандан бадарч, уруудан доройтох нь он цагийн эрхээр байдаг л зүйл гэдгийг бид түүхээс мэднэ. Хүннү гүрнээс эхлээд Монголын эзэнт гүрний үе хүртэл бид мандан бадарч уруудан доройтож явсан. Гэсэн ч дэлхийн түүхийн хүрдэн дээр хоёр дахин хэт хүчирхэгжин гарч ирсэн үндэстэн бол бид шүү. Их Монголын эзэнт гүрний үед Их эзэн хаан маань одоогийн яриад байгаа даяарчлал буюу глобал ертөнцийг бий болгочихсон байсан гэж би үздэг. Наран ургах зүгээс наран жаргах зүг хүртэлх амар амгалан. Тухайн үеийн хүн төрөлхтний мэдэж байсан дэлхий ертөнцийг захирч байсан их гүрний үр хойч болсон бид үндэсний үзэл ярихгүй яах юм бэ.
Дэлхий ертөнцийг захирч байсан их гүрний үр хойч болсон бид үндэсний үзэл ярихгүй яах юм бэ
-Үндэсний үзэл ярих буруу юм шиг бүр үндэсний үзэлтэй хүн байвал ичмээр юм шиг санагдмаар болтол ичиглэх болж дээ. Заримдаа бүр эргэлзээнд ормоор?
-Эх орон гэж юу юм бэ гэдгийг өөрөөсөө асуучих. Дэлхий ертөнц хэмээх энэ гараг эрхсийн энэхэн хязгаарт, Монгол хэмээх улсын газар шороог оноод төрчихсөн л бол чи монгол хүн. Өөрийнхөө ямар хүн гэдгийг мэдчихвэл би энэ үндэстнийхээ юуг үнэт зүйл болгох ёстой вэ гэдгээ ухаарах болов уу. Эх орныхоо түүхийг, эрэлхэг өвгөдийнхөө цусаар бичсэн тэмцлийн бичээсийг унш. Үндэсний үзэл гэхээр шоолдог, ичээх гэж оролддог, харь соёлыг шүтдэг, харьд гарахыг хүсэгчдэд энэ үгээ онцолж хэлмээр санагддаг.
-Эх орноо хайрлана гэхээр яг яах ёстой юм бэ. Хайртай дуртай гээд үнсээд үнгээд байх ёстой юу. Яах ёстой юм бол?
-Их энгийн асуулт байна. Жишээ нь, уран бүтээлчид үндэстнийхээ онцлогийг харуулсан үнэт зүйлсээ магтан дуулах, эх орон гэж юу юм бэ гэдгийг ухуулан таниулсан бүтээлүүдээ ард олондоо хамгийн сайнаар өргөн барих юм шүү дээ. Дээд тэнгэрээс надад өгсөн өгөгдлийн дагуу л би үйл хэргээ явуулж байгаа хэрэг. Яг ийм бодолтойгоор иргэн бүр өөрийн салбарт амжилт гаргахаар тэмүүлэхийг эх орноо хайрлахын нэр. Түүнээс биш би урлагийн хүн гээд л энд тэнд бослого тэмцэлд бусдыг уриалан дуудах ёсгүй.
-Цахим ертөнц гэдэг улс доторх улс бий болчихлоо. Энэ ертөнцөд нэр зүс нь үл мэдэгдэх аккаунтуудаас эхлээд нэр зүстэй, эрдэм мэдлэгтэй хүн хүртэл үндэсний үзэл гэдэг улс орныг хойш татах зүйл юм гэж яриад бичээд байдаг?
-Тийм зүйлсийг би ч бас хардаг. Аливаа нэг улс орон гэдэг, миний бодлоор шүү. Нэг үнэт зүйл, нэг үзэл санаатай байж урагшлан дэвших болов уу. Зарим нэг хуурамч аккаунт, нэр бүхий хүмүүсээс гарч байгаа тийм хандлагыг би урвагч л гэж хэлнэ. Өвгөд хөгшид, охид бүсгүйчүүдийн сэтгэлийг тайван байлгаж, ажилтан албан хаагчдын ажлыг хийлгэхгүй хагалан бутаргах санаатай мэдээ, бичвэр оруулахаа болих хэрэгтэй. Үзэл бодлоо нээлттэйгээр илэрхийлж болохгүй гэсэн үг биш. Та улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үгээ хэлэх чинь нээлттэй. Харин улс үндэстнээ хагалан бутаргах оролдлого хийхээ болих хэрэгтэй.
-Далайн чанад дахь улсын ард түмэн “Эрх чөлөөний орон” гэдэг бахархалтай. Орос улс, Хятад гэх мэтчилэн улс үндэстнүүд өөрсдийн гэсэн бахархалтай байдаг. Монгол хүний бахархлыг та хэрхэн хардаг вэ?
-Монголчууд дээд тэнгэр, газар лустайгаа харьцдаг улс. Хэдэн арав, зуун жилийн өмнөх өвөг дээдэстэйгээ очоод уулзчихаж чаддаг, зөн билэг дээд тэнгэрийн бошготой, асар их оюуны потенциалтай ард түмэн. Дараа жил зуд турхан болох уу, ган гачиг болох уу гэх мэтийг тэнгэр хангайтайгаа харьцаад мэдчихдэг хөх өвгөд хаа сайгүй бий. Би энэ ард түмний хүү учраас өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт уран бүтээлээ туурвидаг. Миний нэг дуунд бий л дээ “Озоны давхарга цоорч байна, айхавтар халах нь дээ” гэхээр ганцхан Монголын тухай биш болоод явчихаж байгаа биз. Дэлхий даяараа байгаль дэлхий рүүгээ довтлоод байвал бидний үр хүүхэд, ирээдүй хойчис ийм ертөнцөд амьдрах нь байна шүү гэж анхааруулж байна. Монгол бахархлын тухайд би өнгөрсөн түүхээ уншиж, өвгөд дээдсийнхээ хүчирхэг үйлсээс эрч хүч авч, одоо оршин буй эх сайхан орноо ирээдүйд мандан бадрахыг бэлгэдэн бахархаж суудаг. Монгол Улс хүчирхэгжин мандахын өмнө ирчихээд лифтний хаалга нээгдэхийг хүлээгээд зогсож байна. Товчхондоо ийм агуу түүхтэй, зөн билэгт, тэнгэрийн бошгот монгол хүн болж төрсөн чинь л хамгийн том бахархал, үнэт зүйл чинь юм.
Монгол Улс хүчирхэгжин мандахын өмнө ирчихээд лифтний хаалга нээгдэхийг хүлээгээд зогсож байна
-Өнөөгийн хөгжлийн хурд, дэлхий ертөнцийн мөхлийн хурд мөн үү?
-Хөгжил хэдий сайхан ч үр дүн нь тийм ч хүссэнээр байдаггүй болов уу. Хорь, гуч, дөчин жилийн дараа хүн төрөлхтөн энэ өндөр өндөр цамхгуудаасаа бууна. Энгийнээр ярья. Үер ус, газар хөдлөлт, байгалийн гамшиг боллоо гэхэд энэ бетонон ширэнгэ дотор бид хашигдаж байгаад л сүйрнэ. Турк улсад болсон эмгэнэлт үйл явдлаас үүнийг харж болно.
-Хүн төрөлхтнийг аврах сүүлчийн найдвар бол монголчууд гэж ярьдаг хүмүүс байдаг?
-Яагаад тийм байж болохгүй гэж. Монгол гэрт амьдарч байгаа хүн, өндөр цамхагт амьдарч байгаа хүн хоёрыг харьцуулаад үзье л дээ. Газар хөдлөлт боллоо гэхэд л гарах үр дүн нь ямар байх вэ, тийм ээ. Энэ зүгээр л жишээ. Монголчууд бид дотроо хагарч бутраад, үй олон үзэл санаатай нам, холбоод бий болоод ард түмнийг талцуулж хуваагаад байсан үйл явц одоо дуусчихсан. Нам, холбоод нэгдэж нягтраад ард иргэд одоо нэг зүгт харж нийтээр урагшлан дэвших ёстой гэдгээ ухаарч эхлээд байна. Өнгөрсөн гучин жилд улс орны хөгжилд саад тотгор болж байсан, гацааж байсан, улс орныхоо эсрэг хорлон сүйтгэх ажил хийж байсан төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийн хулгай, луйвар илчлэгдээд ард иргэд үнэнийг нүдээр харж, чихээр сонсож ойлгож эхлээд байна.
“Тэнгэр эзний зарлигаар тэнгэрээс ирсэн хүн ч бий” энэ миний 1992 онд зохиосон “Бүтээнэ сөнөөнө” дууны үг. Энэ бол Монгол Улсынхаа төлөө зүтгэж, хийж бүтээж ирсэн, хийж байгаа, ирээдүйд хийх ч сайн хүмүүсийг хэлсэн. Эсрэгээрээ “Тамын орноос туугдсан тамаас ирсэн хүн ч бий” гэж мөр бий. Тэр тамд хүртэл багтах шингэх газаргүй болсон нөхөд Монголд ирж хөгжил дэвшлийг гацаах нь гэж би 1992 онд харчихсан байна шүү дээ. Бид хүчирхэгжиж дотроо учир ухаанаа олохыг дэлхий харж хүлээж байгаа гэж би боддог.
Бид хүчирхэгжиж дотроо учир ухаанаа олохыг дэлхий харж хүлээж байгаа
-1992 онд хорь ч хүрээгүй залуу ирээдүйд үүсэх нийгмийн гажуудлыг хараад шүлэглэчихсэн байна гэхээр би таныг дээд тэнгэрийн онгодтойд итгэлээ. Таны дууг сонсох дуртай ч уулзаж ярилцаагүй, танихгүй, мэдэхгүй хүмүүс бол таныг нэг саагуу нөхөр дөө л гэж боддог?
-Миний дуу хуурыг сонссон хүмүүс ийм ойлголттой болдог доо. Би Хөгжим бүжгийн коллеж төгсчихөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад хоёр жил ажиллаад байлаа. Аав чуулгын удирдагч. Миний урд хоёр зам бий. Нэг бол дуу хөгжмөө бүтээгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд явах, нөгөө нь Сэвжид өвөө, аавынхаа уламжлалыг өвлөөд бүжгээр явах. Тэр үед эхний замыг сонгосондоо одоо болтол би баярладаг. Ингээд Герман явж ирснийхээ дараа “Шөнийн охин” дуугаа гаргаж байсан. Тухайн үед би нийгмийг ийм муухай боллоо гэж бичсэн. Энэ мэтчилэн дуунаас болоод ойлголт авсан байх. Уг нь бол шөнийн охины тухай дуу биш. Тэр шонгийн модны дор зогсож байгаа нөхөр бол би. Дууны үгэнд байгаа шүү дээ. “Ширүүн цахилгаан цахилж толгой авчих нь” гэдэг чинь нийгэм солигдоод ийм айхавтар зүйлс болж байна шүү гэсэн утга.
-Би “Шөнийн охин”-ыг зүгээр л нэг буруу замаар орсон охины тухай дуу л гэж боддог байсан. Ер нь бүгд л тэгж боддог байх. Гэтэл цаана нь философи явж байж. Тэр “Шөнийн охин”-оор Монгол Улсыг төлөөлүүлж бичсэн байх нь ээ?
-“Би чамайг хүлээгээд байхад ирдэггүй юм байна, одоо чамайг хаана явааг чөтгөр мэднэ” нөгөө тамын орноос хөөгдсөн хүч “Шөнийн охин” буюу эх сайхан орныг минь эрхшээх нь байна, тэгээд цааш нь “Өөрийн амьдралаа шөнөөр сольсон тул, тийм чи шөнийн охин мөн” нийгэм ийм шөнө шиг түнэр харанхуй болох нь байна гэж хэлсэн.
-“Бүтээнэ, сөнөөнө”, “Шөнийн охин” дуунуудын үгний цаана ийм давхар утга агуулдаг тухай та анх удаа манай сонинд дэлгэж байна уу?
-Ярьж байгаагүй. Хаана, хэзээ, юу ярих вэ гэдэг чинь чухал шүү дээ. Энэ хоёр дуугаар зогсохгүй миний дуунууд тэнгэрээс ирсэн өгөгдлөөр бичигдсэн. Үг, мөр бүр нь гүн гүнзгий, давхар утга санаа агуулсан. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан миний хуурай аав. Би тийн хүндэтгэн дууддаг байлаа. Ярианы эв хав нийлдэг улстай ярилцах сайхан байдаг. Та бид хоёрын яриа ч сайхан нийлэх шиг боллоо.
-Миний хувьд ч тэгж бодож байна. Таатай сайхан байлаа. Танд уран бүтээлчдэдээ хандаж хэлэх үг байна уу?
Нэгдүгээрт: Би нэг уриалга гаргамаар санагдаад байгаа юм. Бүр Засгийн газар, УИХ-д энэ асуудлыг уламжилж хүргэж өгнө үү. Монгол Улс ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн Монголын түүхийг системчилж заахаар программдаа тусгаж өгнө үү. Эх орныхоо түүхийг системчилсэн байдлаар заалгаад, уншаад, судлаад эхлэхээр тэд өөрсдийн үнэт зүйл юу вэ гэдгийг ойлгодог болно.
Хоёрдугаарт: “Эх орон” дуунд хамтран ажилласан байгууллага болон уран бүтээлчдэдээ баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлье. Монголд зочлох жилийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ардын жүжигчин А.Долгор, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Хурд” хамтлагийн гоцлол дуучин Гавьяат жүжигчин С.Төмөрцог, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал нартайгаа хамтран үг, аяыг нь зохиосон “Эх орон” дуугаа амилууллаа. Уран бүтээл бүтэхэд гар, бие оролцсон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр найрал хөгжим, Жанжин клубийн хамт олон, манай дуу бичлэгийн студийнхэн, “full music house”, “Max music” продакшн зэрэг тайз чимэглэл арын албаны уран бүтээлчдэдээ баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Ийм сайхан үг, ая илгээсэн мөнх хөх тэнгэр, эцэг өвгөддөө баярлалаа.
Гуравдугаарт: Бидний Монгол Улс мандан бадарсаар ирсэн, мандан бадарч байна, хойшид ч мандан бадарсаар байх болно.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна