Гүрж Европын холбоонд САНУУЛГА ӨГЛӨӨ


Гүрж улсад өрнөөд буй улс төрийн хямралыг Гадаадын тагнуулын тухай хуулийн төсөл бадраалаа. Энэхүү хуулийг баталснаар гадаадаас 20 ба түүнээс дээш хувиар санхүүждэг төрийн бус байгууллагуудын бүртгэл үүсгэнэ. Ямар нэг шалтгаанаар бүртгүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулах, хуулийн тусгай шалгалт явуулах аж. Хуулийн төслийг Гүржийн улс төрд харьцангуй шинэ үзэгдэл болсон “Ард түмний хүч” хөдөлгөөнийхөн санаачилсан юм.  Энэхүү хөдөлгөөнийг  эрх баригч намаас гарсан парламентын гишүүд байгуулжээ. Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилийг баривчилж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэй Европын холбооны ээлжит дургүйцлийн давлагааны дараа Гүржийн  парламент хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Тодруулбал, эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын 76 депутат дэмжиж, сөрөг хүчний 13 гишүүн эсрэг санал өгч, 50 гишүүн түдгэлзжээ.  

Үүнийг эсэргүүцсэн иргэд парламентын ордны гадаа цуглан "Европын холбооны үнэт зүйлстэй зөрчилдөж буй" хуулийг хүчингүй болгохыг шаардсан. Мөн жагсагчид Гүрж, Украин, Европын холбооны далбаа, ОХУ-ын эсрэг уриа лоозон барьж, “Оросууд гэртээ харь” хэмээн хашгирч байв.  Цагдаа,  тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий цацан жагсаалыг тарааж, 133 хүнийг саатуулжээ. Жагсаалд оролцсон Гүржийн хөлбөмбөгийн тоймч Отар Беров "Гадаадын тагнуулын хууль бол мөсөн уулын зөвхөн орой нь. Энэ бол Оросыг дэмжигч Засгийн газрын утгагүй байр суурьтай холбоотой. Иргэдийн олон жилийн уур хилэнг бадрааж байна. Цагдаа нар жагсаалыг хүчээр тарааж чадахгүй” гэв.

  Гүржийн эрх баригч нам хуулийн төслийг ардчиллын зарчимд харшлахгүй гэж хамгаалж байгаа.  “Гүржийн мөрөөдөл” нам 2012 оноос төрийн эрх барьж байна. Тус намыг үүсгэн байгуулсан тэрбумтан Бидзина Иванишвилийг Оростой холбоотой гэдэг. Нам нь барууны үзэл баримтлалтай  ч Иванишвили Гүржийг Москвагийн тойрог зам руу түлхдэг гэж шүүмжилдэг. Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад барууныхантай нэгдээгүй  билээ. 

Гүржийн улс төр дэх "Украинчлал"

ЗХУ-ын дараах Бүгд найрамдах улсуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг ихэвчлэн барууны болон Оросын сөргөлдөөний өнцгөөс хардаг.  Гадаадын агентуудын тухай хуулийн төсөл сөрөг хүчнийхний дургүйцлийг хүргэх шалтгаан болсон.  Гэвч өнөөдрийн жагсаалын шалтгаан илүү гүн гүнзгий юм.  Эхлэлийг нь 2010-2011 оноос хайх ёстой болов уу.  Тухайн үеийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн багийн санаачилсан Үндсэн хуулийн шинэчлэл нь Ерөнхий сайдын үүрэгт хугацааг сунгах зорилготой байв.  Саакашвилийн төлөвлөгөө Тбилисид хоёр туйлын хооронд тэмцэл өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл,  Украины хүчин зүйл эцэстээ Гүржийн дотоод улс төрийн субьектүүдийн нэг болжээ. 

Украин дахь Оросын “тусгай ажиллагаа” энэ асуудлыг олон улсын түвшинд хүргэсэн.  Эрх баригч нам сөрөг хүчин ялахыг хүсэхгүй байгаа бөгөөд экс Ерөнхийлөгчийг дэмжигчид эрх мэдлийг “цэвэрлэх”-ийн зэрэгцээ гадаад бодлого, Москвагийн чиглэлийг радикал болгохыг хичээж байна. Үндсэн хуулийн дагуу Гүржийн Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал.  Тиймээс "сөрөг хүчний Ерөнхийлөгч" энэ улсын хувьд шинэ үзэгдэл биш.  Өмнө нь Михаил Саакашвили түүний залгамжлагч Гиорги Маргвелашвили нар ч олон нийтийн өмнө Засгийн газар, парламентын олонхыг удаа дараа шүүмжилж байсан.  Украин, Молдавтай харьцуулахад эрчим хүч, эдийн засгаа шинэчлэх, авлигатай тэмцэх чиглэлээр илүү амжилтад хүрсэн Гүрж  улс Европын холбооны гишүүнчлэлгүй.  

Мөн "НАТО-гийн оюутан" гэсэн албан бус статустай ч эвсэлд элсэх хэтийн төлөвгүй байна.  Гүржийн эрх баригчид улс орноо дэлхийн өнөөгийн шуурганд "аюулгүй хоргодох газар" болгохыг хүссэн.  Мөн Арменийн нэгэн адил хориг арга хэмжээ, дайны хажуугаар ОХУ, баруунтай хамтран ажиллах нэгэн төрлийн зангилаа болох боломжтой.  Энэ эгзэгтэй үед Гадаадын тагнуулын тухай хуулийг санаачилсан нь Тбилисийн эрх баригчдаас барууныханд өгсөн дохио гэж үзлээ. Европын холбооны улс орнууд болон АНУ уг хуулийн төслийг ардчилсан практикт нийцэхгүй гэж үзэж байна. Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель уг хуулийг баталснаар Гүржийн ард түмний олонхын  хүсэж буй Европын холбоонд хүрэх замд саад учирсныг онцолжээ.  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Гүржийн жагсагчид Украины сүлд дууг эгшиглүүлсэнд талархал илэрхийлж  “Бид Европын холбоонд багтахыг хүсдэг. Зорилгодоо хүрнэ. Өнөөдөр Тбилисийн талбай, гудамжинд Украины далбааг барьсан бүх хүнд талархал илэрхийлье.  Манай төрийн дууллыг эгшиглүүлсэнд талархлаа.   Ардчилсан амжилтад хүрэхийг хүсэж байна” гэжээ.


Ерөнхийлөгч жагсагчдыг дэмжлээ

Одоогийн Төрийн тэргүүн Саломе Зурабишвили  нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдож эхэлжээ.  Тэрбээр жагсагчдыг дэмжсэн. Түүнд  хориг тавих эрх бий.  Жагсагчдад илгээсэн видео мессеждээ   "Би Нью-Йоркт зогсож байна. Миний ард Эрх чөлөөний хөшөө байна. Эрх чөлөө бол Гүржийн  тэмцлийн бэлгэ тэмдэг. Та бүхэн эрх чөлөөт Гүржийг төлөөлнө. Европт хэн ч бидний ирээдүйг булаахгүй" гэжээ. Мөн Европын интеграцчлалд саад учруулахаар энэхүү хуулийн төслийг  "Москвагийн заавар"-аар бичсэн хэмээн хардаж хориг тавихаа мэдэгдсэн.  Тбилиси дэх АНУ-ын Элчин сайдын яам  "Гүржийн ардчиллын хар өдөр" гэж нэрлэжээ. Сөрөг хүчнийхэн  "Бид Европ руу Христийн шашинтай хамт нэр төртэйгөөр  урагшилна" гээд уламжлалт үнэт зүйлс, тусгаар тогтнолын тухай ярьж эхэлсэн. Гүрж улсад парламентын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль  2024 онд болно.  

Сонгуулийн өмнөх жил учир эрх баригч нам  сөрөг хүчний чансааг шалгахын тулд зориудаар дуулиан шуугиантай хуулийн төсөл оруулсан байх магадлалтайг зарим шинжээч онцолж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүржид Оросыг эсэргүүцэх хандлага хүчтэй байдаг. Оросууд 2008 онд салан тусгаарлах үзэлтэй хоёр бүс нутгийг удаан хугацаанд дэмжиж байсан ба тус улсад түрэмгийлсэнтэй холбоотой юм. Гүржийн сонгогчдын 85 хувь нь Европын холбоонд элсэхийг дэмждэг. Гүрж улс Европын холбоонд гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ өнгөрсөн онд гаргажээ. ОХУ Украины газар нутагт халдан довтолсонтой холбоотой үүссэн улс төрийн уур амьсгал ийм шийдвэрт Ерөнхий сайд Иракли Гарибашвили онцолжээ. Тэрбээр “Бид олон зууны түүхэндээ Европын соёл иргэншлийн нэг хэсэг байсаар ирсэн. Өнөөдөр ч Гүрж улс үүнийг хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг. 

Өнгөрсөн 30 жилийн турш Европын холбоотой харилцах гүүрээ тоосго тоосгоор нь өрж, босгосоор ирсэн юм. Ард түмэн минь улс орноо Европын холбоонд аль болох хурдан элсүүлэхийн төлөө бүхнийг хийсэн” гэж мэдэгджээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонн №009/24540/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22