“Монголын үнэн” сонины ахмад үеийн алдартнуудын нэг бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Д.Цэрэндагва билээ. Тэрбээр “Үнэн” сонинд 1949-1959, 1968-1990 он хүртэл нийт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Энэ жил эрхэм хүмүүний мэндэлсний 100 жилийн ой тохиож буйг ташрамдуулан “Монголын үнэн” сонин нэрт сэтгүүлч Ц.Дашдоржийн бичсэн Д.Цэрэндагва эрхлэгчийн тухай дурсамж тэмдэглэл, ярилцлагын хэсгээс уншигчдадаа толилуулж байна.
Ахмад дайчин, анхны тусгай сурвалжлагч
Дамбасүрэнгийн Цэрэндагва 1922 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мухар бүдүүн гэдэг газар төржээ. Багадаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1937 онд Алтанбулаг хотод шинээр байгуулсан лам нарын зуун хүүхдийн бага сургуульд анх орж суралцжээ.
Тэрбээр 1937 онд Улаанбаатарт байгуулагдсан Худалдааны техникумд орж суралцан 1941 онд барааны мэргэжлээр төгсжээ. 1941-1942 онд Баян-Өлгий аймгийн хоршоодын холбоонд барааны мэргэжилтнээр ажиллаж байгаад Ардын цэргийн албанд сайн дураараа орж, цэргийн нисэх ангид цэрэг сурагчаар ажиллаж байв. Д.Цэрэндагва 1943-1945 онд ЗХУ-д цэргийн нисгэгчийн сургуульд суралцаж төгсөөд Монголын нисэх хүчинд бага, ахлах нисгэгч, нисэх хэсгийн даргаар 1949 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан байна. Улмаар ахлах дэслэгч цолтой, бэлтгэл нисгэгчээр цэргийн албанаас халагджээ. Д.Цэрэндагва 1949 онд тухайн үеийн нам, засгийн “Үнэн” сонины газарт сонин гаргагчаар ажилд орж, улмаар утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1956-1959 онд “Үнэн” сонины Москва дахь анхны байнгын сурвалжлагчаар ажилласан байна. Мөн 1959-1960 онд МОНЦАМЭ-гийн Гадаад мэдээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1960-1964 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцаж төгсжээ. 1964-1968 онд Мэдээлэл, радиогийн улсын хорооны радио нэвтрүүлгийн ерөнхий редактор, тус хорооны орлогч даргаар томилогдон ажиллаж байхдаа орос, хятад хэл дээрх “Монголын мэдээ”, орос хэл дээрх “Монголия” сэтгүүлийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгчээр ажиллаж байв. 1968 оноос “Үнэн” сонины орлогч эрхлэгчээр томилогдон 22 жил ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ.
Д.Цэрэндагва Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одонгоор хоёр удаа, Монголын “Бид ялав”, ЗХУ-ын “Японы милитаризмыг ялсны төлөө” медаль, мөн ойн медалиудаар тус тус шагнагдсан бөгөөд 1982 онд БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Тэрбээр 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байв.
“Үнэн” сонин дахь Цэрэндагвын журам
1963 оны өвлийн тэр нэг өдөр тэнгэр цэлмэг, тэсгим хүйтэн байлаа. Сонины даалгавраар олон улсын нөхөрлөл тэмцээн сурвалжлахаар одоогийн Энхтайваны гүүрийн наахан талд байсан мөсөн гулгуурын талбайд очив. Яс янгинам хүйтэн ч тамирчдын ширүүн өрсөлдөөнийг нүд хужирлан энд тэнд нь гүйж харайсаар тэмцээнийг дуусгаад сонины газартаа яаравчлан ирээд товчхон мэдээгээ машиндуулахаар өгчихөөд Гадаад харилцааны хэлтэст орвол саарал каракуль малгайтай, мөн тийм захтай пальтотой нэгэн хүн сууж байв. Тэрбээр,
-Тэмцээн маш сонин боллоо. Их ч хүйтэн байна. Сонирхолтой сурвалжилга бичиж болохоор байна шүү гэж өгүүлэв. Гэтэл тэр үед Гадаад харилцааны хэлтсийн дарга байсан И.Дамбажав:
-Энэ Дашдорж мэдээ бичихээр очоод ирсэн. Та нар хамтран сайхан сурвалжилга бичээч гэлээ. Тэр хүн,
-Аа, тийм үү. Чи ямаршуухан юм бичив. Аль вэ би үзье гэж шуудхан хэлэхэд нь би мэдээгээ бичээчээс авчирч үзүүллээ. Гэтэл тэр хүн,
-За, за. Ийм юм бичих юм бол би оролцохгүй. Нэрээ ч тавихгүй. Та нар үүгээрээ үүнийгээ янзлаад оруулна биз ээ гээд төдхөн гарч одлоо.
Би тэр эрсхэн хүнийг үл таних учир хэн болохыг лавлавал Д.Цэрэндагва гэдэг, манай сонины Москва дахь сурвалжлагчаар ажиллаж байсан, одоо гадаадад сурч байгаа юм гэж тэд тайлбарлав. Би ч бичсэн товч мэдээгээ сэтгэлд нь нийцэлгүй гологдлоо гэдгийг ойлголоо.
1965 оны өвлийн ес эхэлсэн тэр нэг шөнө Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатын байрнаа байдаг “Үнэн” сонины жижүүрийн редактор, хянагч, нийлэгч бидний өрөөнд өнөөх Цэрэндагва гэдэг хүн “Новости Монголии” сонины дардас барьсаар орж ирээд их л даруухнаар,
-Та нарын өрөөнд би түр суугаад үүнийг уншаадахъя. Чимээ гаргахгүй гэж хүсэв. Бид ч зөвшөөрлөө.
Тэрбээр уг сонины эрхлэгч болсон ажээ. Бид түүнээс хойш тэнд олонтаа тааралдаж байв. Эрхлэгч хүн байж хэвлэх үйлдвэрт харанхуй шөнөөр ирж сониноо уншиж, алдаа мадаггүй гаргахын төлөө зүтгэж байгааг нь хараад бид баярладаг байлаа. Д.Цэрэндагва гэдэг сэтгүүлчтэй би ингэж л анх танилцсан билээ.
1968 оны тэр нэг өдөр Д.Цэрэндагва манай сонины орлогч эрхлэгч болсныг өглөөний яриан дээр сонслоо. Тэр бүр 1949 оноос “Үнэн” сонины газарт жижүүрийн редактор, утга зохиолын ажилтан, сурвалжлагч, үйлдвэр худалдааны хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Москва дахь сурвалжлагч, МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний хэлтсийн дарга, МРУХ-ны радиогийн ерөнхий редактор, орлогч дарга зэргийг хийж байсан туршлагатай, ахмад сэтгүүлч болохыг хүмүүсийн яриа, ажил байдлаас нь тодорхой ойлголоо.
Түүнийг орлогч эрхлэгч болоод нэлээд хэд хоносны дараа миний редакторлан уншсан сонинд үг, үсгийн алдаа гарлаа. Д.Цэрэндагва эрхлэгч ёстой л галтайгаа бууж өглөө дөө. Тэр,
-Та нар олон дахин уншсангүй, гранк уншихгүй байна. Ер нь сахилга батгүй улс байгаа юм. Намайг тэнд очиж сонин уншиж байхад та нар дандаа боолт уншиж байгаа харагддаг. Дээр үед би гав ганцаараа энэ сониныг чинь уншиж гаргаад л байсан. Шөнөжингөө ийм олуулаа уншиж байж үр дүнгүй гологдол гаргаж байж болох уу. Та нар дэндүү яарч байна. Одоо өнөөдрөөс эхлээд гранк заавал уншиж бай гэх зэргээр баахан зэмлээд гаргалаа. Бид түүнээс хойш гранк заавал уншдаг болж билээ. Тэр үгээ амьсгал давхцам дээр дээрээс нь урсган чанга чанга дуугаран ярьсаар, бид буруу хэрэг хийсэндээ гэмшин газар ширтэн суусаар байсан билээ. Тэр цагаас хойш Д.Цэрэндагва эрхлэгчид нэг биш удаа зэмлүүлж, бас багагүй магтуулж 20-оод жилийг өнгөрөөжээ. Эрхлэгч маань ширүүн дайрдаг боловч буулт зөөлөнтэйг бид төдхөн ойлгов.
Бид яваандаа бүр дотно танил болж гэр орноор нь орж гарч, бас хамт олонтойгоо өдрийн амралт, зугаалгад оролцож, хамтран ном редакторлаж, эмхэтгэж байсан болохоор зан үйл, ажил хөдөлмөрийнх нь хувьд сайн мэдэх болжээ. Түүний Москва хотноо “Үнэн” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа болон албан томилолтоор ЗХУ-д зочлоод бичсэн олон сайхан сурвалжилга, тэмдэглэл, найрууллыг би чадах ядахаараа гар хүрч редакторлан “Коммунизмын орноор” эмхэтгэлд оруулснаа бахархан дурсаж явдаг юм. Түүний бичлэг уран, бас хурц дайчин, өгөөж сайтай, үнэнийг хүний ой тойнд үлдэхээр өгүүлж чадсан байдгийг тэр үед би бүр сайн ойлгосон билээ. Нэн ялангуяа тэр өөрийн гэсэн өнгө аястай, задгайдуу боловч өвөрмөц сонин хэллэгтэй бичдэг сэтгүүлч юм.
Түүний “Их Ленинтэй уулзсан мартагдашгүй дурсгал”, “Автобусны паркт өнгөрүүлсэн нэг өдөр”, “Гурван алтан таван хошуу медальтай хүн”, “Сонин урлаг” зэрэг сурвалжилга, тэмдэглэл, найрууллыг нь уншихад Зөвлөлтийн хүний дүр төрх, бодол санаа, хийж бүтээж байгаа аугаа их бүтээл тодорхой харагддаг юм. Бид хамтран “Халхын голын өчигдөр, өнөөдөр” номыг эмхэтгэн редакторласан. Энэ үед ч түүний ажилсаг, хичээнгүй чанар, зарчимч зан үйл тод харагдаж байлаа. Д.Цэрэндагва эрхлэгч маань шаардлагатай, зарчимч, шударга, үнэнийг эрхэмлэдэг нь сонины орлогч эрхлэгч болсон үеэс надад тодорхой харагдсаныг бас нэг баримтаар өгүүлье.
Манайхан задгайдуу, дур хүрвэл ийм ч сурвалжилгад явлаа, тийм ч ажилтай гээд гарч оддог байлаа. Гэтэл хэн боловч чөлөө зөвшөөрлийн бичиггүй гадагш гарахыг хориглосон шийдвэрийг Д.Цэрэндагва эрхлэгч гаргаж ирлээ. Манайхан Цэрэндагвын журам тогтох уу, үгүй юу гэцгээж байсан боловч ёстой юм ёсоороо болж төдхөн “журамлагдсан” билээ. Бас Цэрэндагвын санамж гэж тухайн үедээ айхавтар хатуу зүйл гарсан. Гэлээ ч сонины ажилтны зайлшгүй мөрдөж ажиллах зүйл мөн байсан болохоор төдхөн амьд ажил болж чадсан юм. Энэ бүхэн хууль зүй, ёс журмын дагуу хийгдэж байгаа болохоор нэг хэсэгхэн үедээ эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч яваандаа хэвшил болон мөрдөгдөж бодит зүйл болдог байлаа.
Тэрбээр орлогч эрхлэгчийн нүсэр их ажлын хажуугаар “Үнэн” сонины дэргэдэх намын үүрийн нарийн бичгийн даргын ажлыг нэлээд чамбай сайн хэдэн жил хийсэн билээ. Тэр хүн бүрийг судалж, хэлэх гэсэн бүхнээ хэлж, хүн бүхний байдалд тохируулан сургаж, зааж, зөвлөж, зэмлэж, бас гуйж ажил хийлгэж чаддаг, одоо ч тийм л байдлаараа байгаа билээ.
Эрхлэгч маань бидний бичиж туурвисан зүйл бүрийг заавал уншиж, дор дор нь үнэлэлт дүгнэлт өгнө. Хэлсэн үг бүр нь сонирхол татахаар бас өвөрмөц санаатай байдаг учир өглөөний яриа, шуурхай зөвлөгөөний үед Цэрэндагва юу гэх бол гэж манайхан эмээдэг, сонсохыг хүсдэг. Тэр шударга биш зүйл болон тааруухан бичлэгтэй аваас хайр найргүй “бөмбөгдөж”, сайныг бол тэнгэрт хадтал магтана.
Д.Цэрэндагва эрхлэгч бид нартай өдрийн амралт, зугаалгаар явахдаа ний нуугүй ярилцан дуу дуулж, наадам тоглоомд оролцон, наргиа шог хүүрнэн ёстой л эр хүн шиг өдрийг барж байсан нь олонтаа билээ. Бас барааны мэргэжилтэн болж Баян-Өлгийн казахуудын дунд хөглөж явсан, нисгэгч болж ганц дугуйгаараа газардаж байсан зоригт үйл явдлаа ярьж биднийг хөгжөөнө. Гэхдээ л зарчимч, шударга үнэнийг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг нь олон олон үйл явдлаас харагдаж байдаг юм. Хааяа учрыг сайтар ойлгоогүй, хэн нэгний хэлсэн буюу баримталсан санааг дэмжин ташаа зэмлэл ногдуулахаар завдахад нь чухам үнэн нь ийм учиртай гэдгийг өөрт нь хэлбэл “Нээрэн л тийм болсон байна. Чиний зөв ч байж болох юм” гэж өгүүлээд тэр дорхноо найрсаг хандан инээмсэглэж нөхөрсөг сайхан яриа үүсгэж буруу зөвийг тайлбарлан хүнд нэн уян хатан хандаж чаддаг юм. Тиймээс ч хал үзэж, хашир суусан, ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, орлогч эрхлэгч Цэрэндагвадаа хайртай, сайн байдаг билээ. Тиймээс ч бид бүхнийг сурган хүмүүжүүлж, сэтгүүлчийн ажлыг олон жил хийсэн эрхлэгчтэйгээ ярилцлага хийхээр шулуудсан билээ.
“Онол, практикийг хослуулахгүйгээр жинхэнэ сэтгүүлч болохгүй”
-Та барааны мэргэжилтэн, нисгэгч, сэтгүүлч зэрэг янз янзын ажил, мэргэжил эзэмшиж, амьдралын баялаг туршлагатай болсон манай ахмад сэтгүүлчийн нэг. Сэтгүүлчийн мэргэжлийг илүү сонирхох болсноо тодруулан хэлж өгнө үү?
-45 жилийн тэртээ техникум төгсөж олсон барааны мэргэжлээ манайхны ярьдгаар “идчихсэн” гэхэд болно. Эх орны дайны үед эзэмшсэн нисгэгчийн мэргэжлийн хувьд бол нисэхийнхний ярьдгаар одоо “жигүүргүй нисгэгч” болжээ. Харин сэтгүүлчийн мэргэжлийн хувьд ярих юм бий. Худлаа ярих хэрэггүй. Бараг анх хэлд орохдоо л “Би нисгэгч болно” эсхүл уурхайчин, барилгачин болох хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн мэтээр зарим сэтгүүлчийн зохиомлоор бичдэг шиг сэтгүүлч болох тийм дур хүсэл, сонирхол надад эрийн цээнд хүрсэн хойноо ч байгаагүй юм. Харин ийм явдал амьдралын олон салаа нугачаан дунд санамсаргүй тохиолдлоор болсон билээ. 1949 оны хавар цэргийн дүрэмт хувцсаа солих цаг боллоо. Хотоор “аятайхан” ажил хайж явтал нисэхийн хуучин найз С.Бадраатайгаа санамжсаргүй дайралдав. Учир байдлыг мэдмэгц тэр надад “Миний ажиллаж байгаа “Үнэн” сонины газарт орж ажилла. Би энд нэг жил ажиллаж байна. Тэгэхдээ хэвлэх үйлдвэр дээр сонин гаргагчаар ажиллана гээрэй. Сайхан газар, сайхан ч ажил шүү. Хоёул хамт ажиллая” гэсэн юм.
Ингээд би “Үнэн” сонины газрын халуун “тогоонд” анх орсноор сэтгүүлчийн мэргэжилтэй болох дардан зам нээгдсэн билээ. Залуу насны сониуч зангаар ч гэх юм уу даа, ямар ч байсан шинэ ажилдаа ихэд дурлан сонирхож, ядарч цуцахыг мэдэхгүй зүтгэдэг байлаа. Ер нь хүн хийнэ гэж шийдээд нэгэнт барьж авсан бол юуны түрүүнд дуртай, чин сэтгэлээсээ хандаж байх нь чухал гэж би боддог. Тэгээд авьяас биш юмаа гэхэд эрхбиш жаахан идэвх, авхаалж самбаа нэмж, хүч чадлаа дайчлах хэрэгтэй юм. Хэрэв ингэж ажиллаж чадвал сонирхол улам бүр өрнөн дэлгэрдэг юм билээ.
-Та манай ахмад сэтгүүлчийн хувьд Монголын залуу сэтгүүлчдэд туслах, сэтгүүл зүйн онол, практикийг хослох талаар юу юу хийж байна вэ?
-Залуу сэтгүүлчдэд туслах талаар гэвэл ерөнхийлөн хэлэхэд миний өдөр тутмын сонины ажилд оролцож байгаа байдал үүнд зориулагддаг гэхэд бараг болох байх аа. Жишээлбэл, хэн нэгний бичсэн юм уу, боловсруулсан материалыг би заавал уншина, редакторлана. Нэг үг өөрчлөх юм уу, зарим үед нэг цэг, таслал орхисныг нь засаж байхдаа тэр хүнд тусалж байгаа хэрэг гэж бодож суудаг. Тэр ч байтугай үг, өгүүлбэрээр нь хасаж, нэмж сайжруулахын төлөө ажилладаг явдал ч гарч л байдаг. Үүнээс гадна өглөө сонин хэлэлцэхэд ч, шуурхай зөвлөгөөн дээр ч сонинд нийтлэгдсэн материалын талаар бодож санасан бүхнээ ярьж “үглэж” байдаг маань мөн л туслах, санаа авахуулах, бурууг нь залруулах зорилготой байдаг. Ер нь сэтгүүлчдийн хурал, зөвлөгөөн, семинар, яриа зэрэгт энэ талаар тусгайлан бэлтгэж тавьсан илтгэл, хэлсэн үг, хийсэн яриа, өгсөн зөвлөгөө олон л доо. Харин энэ ажлын үр дүнгийн тухайд бол би өөрөө дүгнэхгүй, тэд л үнэлж дүгнэх байх.
За, сэтгүүл зүйн онол, практикийг хослох талаар гэвэл ийм хослолгүйгээр орчин үед жинхэнэ сэтгүүлч болох арга ч байхгүй. Ингэж хослохгүй бол өрөөсөн хөл дээрээ догонцохтой адил болно. Иймээс би манайд онолын асуудлыг нэг их ойшоож үзэхгүй, сонины ажлыг өдөр тутмын ердийн дадал заншлаар өөрөөр хэлбэл хар практикт тулгуурлан хийдэг тал нь ноёрхож байгааг буруушаах аястай үг дандаа хэлж, зарим хүний дургүйг хүргэдэг удаа ч байдгийг та мэдэх байх аа. Ингэж хэлж, үглэдэг нь миний хувийн үзэл бодлын үг биш, Зөвлөлтийн мэргэжлийн хэвлэлээс уншсан, хүнээс сонссон, заалгасан зүйлээ л дамжуулж байгаа хэрэг юм шүү дээ.
Чухамдаа сэтгүүл зүйн онол, практикийн асуудлаар би сүүлийн жилүүдэд их ажил хийлээ гэж бодож явдаг. “Зөвлөлтийн сонины бичлэгийн төрөл зүйл” гэдэг номыг орчуулж 1980 онд гаргалаа. Энэ нэн чухал ном учраас одоо манай сэтгүүлчдийн гарын авлага болсоор л байна. Бас “Сонин-зохион байгуулагч” гэсэн ном бичиж 1984 онд гаргаснаа хувьдаа том ажил хийлээ гэж үздэг юм. Сонины зохион байгуулах асар их үүргийг тодруулан харуулахаар зорьсон энэ номыг би бараг дөрвөн жил оройн цагаар сууж, ээлжийн амралтынхаа хэд хоногоос хумслан байж бичсэн юм. Мөн профессор А.Г.Менделеевийн “Сонины үгийн цаана юу байдаг вэ” гэдэг номыг Х.Чулуунгомботой хамтран орчуулж, редакторлан 1985 онд хэвлүүллээ.
Сонины нийтлэлийн үр ашгийн тухай энэ номыг манай сэтгүүлчид заавал судлах ёстой юм шүү. Судалж ч байгаа байх. “Зөвлөлтийн тогтмол хэвлэлийн онол, практик” гэдэг 20 гаруй хэвлэлийн хуудас сурах бичгийн номыг хоёр нөхрийн хамт орчуулан редакторлаж дуусгаад хэвлэлд бэлэн болгоод байна. Үүнээс гадна ахмад сэтгүүлчдийн тухай дуртгал дурсамжийн ном гаргахаар сэдэн санаачилж, түүнийг одоо редакторлаж, эмхэлж дуусгаад машиндуулж байна. Миний эмхэтгэж, редакторлан гаргах энэ ном залуу сэтгүүлчдэд сургамжтай, ашиг тустай зүйл болно гэж бодож байна.
Ахмад сэтгүүлч Ц.Дашдорж
1989 он
Монголын үнэнэ №041/24522/