Түрүүч нь №008 (24635), 009 (24636), 010 (24637), 011 (24638), 012 (24639), 013 (24640), 014 (24641), 016(24643), 017(24644) дугаарт
“Монголын үнэн” сонины эрхлэгч агсан Ц.Ганбат долоо хоногт ганц нэгхэн удаа сониноороо ирдэг Л.Түдэв эрхлэгчээс “Далан долоон үг дэлгэдэггүй юм аа гэхэд долоон үг хэлж өгч байгаач” хэмээн хүссэнээр “Доктор Л.Түдэвийн долоон үг” буланг нээсэн түүхтэй. Уг буланг 2007 оны нэгдүгээр сараас зургадугаар сарыг дуустал хөтлөхдөө Л.Түдэв эрхлэгч 24 өгүүллээ нийтлүүлсэн байдаг. Тэдгээр өгүүллийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн бөгөөд тухайн үеийн “Үнэн” сониныг захиалж байсан уншигчдад үнэгүй хүргэсэн юм. Эрхлэгч долоон үг, долоон агуулгад ямар их гүн гүнзгий агуулга багтааж байсныг эргэн нэг санацгаая.
ТӨРИЙН ТӨМӨР ТӨӨЛЭЙ
1. Эртийн эрт цагаас уламжлал авсан, эзэн Чингисийн үед монголчууд төмөр хайлуулж, ширээж, давтаж, хатааж, зэр зэвсэг хийж, шөвгөн сум, салаа сум, дуут сум хүртэл зохион бүтээж, хурц сэлэм, ган сэлэм, хатан болд сэлэм дархлан хэдэн түмэн цэргээ зэвсэглэж өгдөг байжээ. Тэгээд л хаттай төмөр, хатаасан ган, хатан болд гэхчилэн үгс түгж самгарди, малаялам, тэлүгү, тугу хэлээр барахгүй япон хэлнээ оржээ. Самурайн эртний сэлмийг катана гэдэг бөгөөд түүгээр хөө хуяг, төмөр дуулгыг хүртэл тасар цавчдаг хурц зэвсэг “катана” /хатан/ гэсэн монгол нэртэй ажээ. Эзэн Чингисийн их орд байрлаж асан Аураг Тосон хавьцаа дээр үед хайгуул хийхэд ширэм хайлж байсан газар, тэрэгний төмөр цөн, сумнууд /нумын/ зэрэг юмс олдсон нь монголчууд төмөрлөгийн үйлдвэр эрхэлж явсны гэрч болой.
2. Гэтэл ХХ зууны төгсгөлөөр “Монголчууд юм оёх, зүү тэвнэ, чийдэнгийн шил мэтийг ч үйлдвэрлэж чаддаггүй...” гэхчилэн Оросын “Ази, Африк өнөөдөр” хэмээх сэтгүүлд ихэд чамлан бичив. Чухам яагаад ингэж доош хийж бичив? Үнэн үү? Гашуун үнэн яриагүй мөн.
3. Монголд ширмэн тогооноос өөр төмөрлөг эдлэл оруулахыг хориглож, төмрийн орд, төмөрлөгийн дархны газруудыг хааж устган, зөвхөн гуулин бурхан, данх, домбо төдийхнийг өгч байх хар хайрцагны дотор санаагаа өмнөд хөршийн эзэд, түшмэд “өглөө болгон” сануулж, ялангуяа Манжийн эзэн хааны үед өдрийн бодол, шөнийн зүүд болон үргэлжилсээр 1911 онд тэр зүүд тасарсан ажээ.
4. Монголчууд төмөр таньдаггүй, эдэлдэггүй, дархалдаггүй байсан юм бол яагаад газар усныхаа тухайд “Төмөрт уул”, “Төмөр булаг”, “Төмөр толгой” гэхчилэн нэг өгдөг байна аа? Хамгийн наад захын тоо хэлэхэд л манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан 30 гаруй газар “Төмөрт” гэдэг нэрээр алдаршсан, тэр хавьцаа нь ч төмрийн дархны газрын ул мөр байдаг ажээ. Төмрөөр дарх хийх урлагаа алдсан ч газар нутаг түүнийг сануулсаар…
5. Эргүнээ Хонгийн домогт гардгаар монголчууд тэрхүү хадан хавцал дунд аж төрж байгаад өсөж үржээд багтахгүй болохын цагтаа хавцгайг хаасан төмөрт хадыг цоо хайлуулан ширээж нэвтлээд гадагш гарц гарган чөлөөт тал нутгаа эзэгнэн суусан тухай өгүүлдэг нь оргүй яриа биш байсан тул Монголын хаад Автай сайн хааны Баруун өргөөнд Цагаан сарын шинийн нэгний өглөө цугларч ган тулганд нь гал ноцоогоод нэгэн бяцхан төмрийг хайлуулдаг байжээ. Тэгсний дараа шинэлэх ёслол хийдэг уламжлал одоо нэгэнт мартагдаж, саяын алтан гахай жилийн шинийн нэгэнд төрийн золголтод 200 гаруй түшмэд оролцож хувцас, гоёл өмсгөл, хөөргөөрөө “гангарсан” гэж сонин хэвлэлд мэдээлсэн байх юм.
6. Тэртээ 1691 оныг зарим талаар санагдуулам явдал 1991 оноос хойш дахин төрөв үү гэлтэй, нийслэл Улаанбаатарт хятад эзэнтэй төмрийн гар үйлдвэр 40 гаруй байгуулагдаж, хотын агаарт бохир утаагаа цацаж, хувьсгалын өлгий Сэлэнгийн Төмөртийн орд газрыг хятадуудад лицензээр эзэгнүүлээд, тэд нь төмрийн хүдрийг шороо чулуутай нь хүнд даацын тэргээр өдөр, шөнөгүй урагш нь зөөдөг болов.
7. Чингисийн үе, түүнээс ч өмнөх цагийн монгол төрийн хар хүн толгой дээрээ чулуун жинс, сүүжин дээрээ чулуун хөөрөг бөндөгнүүлж явсан бус харин баруун ташаандаа хэт хутга, зүүндээ мөнгөн аягатай даалингаа агсаж явдаг тул хатан төмөр хутга, ган сайтай хэт хоёр нь гал ба амь алдахгүйн баталгаа байжээ.
Төмөрлөгийн үйлдвэрлэлгүй улс орон бол модон зэвсгийн үе шатанд байгаатай адил арчаагүйгээр барахгүй иргэдээ ч, улсаа ч хамгаалахад гар мухартай ялгаагүйг ухаарсан монголчууд 1911, 1921 оны хэрэг явдлаасаа сэхээрч төмрийн заводтой болохоор зүтгэж герман инженерийг урьж, орчуулагчаар нь суут авьяастан Дашдоржийн Нацагдоржийгоо томилжээ. Төмрийн завод улмаар бэхжин өргөжиж Автомехан завод болон өргөн олны ба улсын хэрэгцээт зүйлийг хийдэг болсныг сүүлчийн нэгэн гэрч нь Төмрийн ордын зүүн талаар эгнүүлэн босгосон гэрлийн шонгуудын суурины ширмэн таглаа байсан бөгөөд тэрэн дээр хэдэн онд хаана цутгасныг нь төвийлгөн бичсэн байж билээ. Түүгээр өнгөрөх болгондоо түүнийг баясан хардаг сан. Тэгтэл нэгэнтээ түүнийг мултлан авч одсонд бяцхан харамсал төрсөн боловч түүнээс илүү харамсалтай юм удалгүй сонсогдож билээ. Ардын төрийн ахмад зүтгэлтэн Самбуу гуайн хөшөөний цутгамал дүрсийг хуу татан авч, ардчиллын хөдөлгөөний залуу зэгц Зоригийн шарил дээрх хүрэл цээж баримлыг нь мулзалж, саяхан жанжин Лхагвасүрэнгийн хөшөөний зүүн гарыг нь хөрөөдөн авч одсон гэхчилэн “төмөрлөгийн өлсгөлөн” болсон мэт бусармаг явдлуудын цаана нь хар төмрийн наймаачид “хар тугалга” нэрээр халхавчлан панз үсэргэж, өмнөх үед өрнөдөөс хэдэн түмэн хониороо олж авчирсан машин техник болон бусад төрлийн төмөрлөг эдлэлийг, тэр ч байтугай суурь машинуудыг хүртэл хувхайлан урагш зөөсөөр эцэст нь талийгаачдынхаа шарил булшийг тонохдоо хүрсэн хэрэг байжээ. “Ширмэн тогооноос өөр төмөрлөгийн бараа харуулахгүй” гэдэг өнөөх бодлого 300 жилийн ой дээрээ огт өөр аргаар хэрэгжиж эхлэв үү гэмээр сэтгэгдэл төрүүлж байгаа ийм үйлдэлд цочих байтугай өөрсдөө оролцдог төрийн түшмэдүүд байдаг бол хэцүү еэ.
Ардчилал ярьдаг болсон жилүүдийн эхэнд Дархан хотод төмөрлөгийн үйлдвэр байгуулсан том ололтыг ухаарах толгой дутсанаас хаягдал гэх бүх төмрийг урагш нь ачуулж бараад, түүхий эдийнх нь эх булаг болох Төмөртийн ордыг сэм хуйвалдан мөн л өнөөх луухаануудад өгчихсөнөөс жилдээ 100 тонн төмөр бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай үйлдвэр 50 хувьдаа хүрэхгүй ашиглалттай гачигдаж суухад нийслэлд хужаа нар эх орондоо гологдсон үйлдвэрийн оронцгуудаа авчирч бараг л хотын төв гудамжид утаа уугиулан босгоод Дарханы үйлдвэрийн хүчин чадалтай тэнцэх хэмжээний мөртлөө хулхи бүтээгдэхүүн гаргаж хотын барилгуудад шахан өгдөг болсон нь нийслэлд завилан суучихаад үндэсний үйлдвэрийг маань шахан хавчиж буй бусармаглал мөн юм. Гэтэл ийм ийм юмыг мэдсээр, үзсээр байж ёстой л өнөө “стратегийн” байтугай “тактикийн” ач холбогдолтой цорын ганц өнчин үйлдвэрээ тоомсорлодоггүй нь төр маань төмөр төөлэйтэй юм уу гэлтэй болоод байна биш үү?
Манай төмрийн хогийг үнэ хаялцах шахам аваад байдаг нь Хятад улс газрын хэвлийдээ төмөрлөг байхгүйдээ биш түүнээ үүц болгон хойч үеийнхэндээ гамнаж буй дотор ухаандаа байгаа юм. Төмөр-лөгийн үйлдвэргүй улс орныг удирдаж байгаагаа ухаарч 2-3 сая тонн ган хайлуулах боломжтойг нь эрдэмтэд нэгэнт тогтоочихсон Төмөртий, Баянголын Төмрийн ордыг ашиглаад эх орны Төмөрлөгийн үйлдвэрийг ивээл анхааралдаа авч онцгой бодлого боловсруулан хэрэгжүүлэхгүй бол төрийн ёслолд хонины ууцан дээр хонин төөлэй тавьдаг ёс маань үндэстний нуруун дээр даашгүй хүн төмөр төөлэй болон тавигдахад хүрэх нигууртайг мадаггүй санаж сэдэх цаг тулгамдсан байхыг үгүйсгэх шалтгаан харагдахгүй болжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №019/24646/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна