Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ



“Хамар” Дэмидээг хадам ээжийн дүрээс нь салгах гэж бодож үзлээ. Амьдралд нухлуулж хал үзсэн, өөрийн гэсэн амьдралын жортой, хэнбугай ч байсан нүүрийг нь харж нүд цавчихгүй шулуухан хэлчихдэг, хатуухан хадам ээжийн дүр ой санамжаас устчих шиг л болов. Хошин шогийн үзэгдлүүдээс үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрч, инээд, ухаарал хоёрыг өгүүлж, ой тойнд үлдсэн дүрүүдийн нэг учраас тэр биз. Жүжиг кинонд дүр бүтээх гэж ярьдаг даа. Дүр бүтээхийн учир ийм аж. Хошин шогийг хүмүүс урлаг биш гэх нь бий. Түүнээс сурах юм байхгүй тул хоосон марзаганаад өнгөрөх зүйл гэнэ. Урлаг судлаач биш тул тийм гэж хүлээн зөвшөөх, үгүй гэж тэмцэн маргахад миний мэдлэгийн бяд дутна. Ямартай ч гүн ухаантан Аристотель “Хошин урлаг хүн төрөлхтөнд баяр баясгалан, ухаарал авчирдаг” гэж хэлсэн юм билээ. Тийм ч учраас хошин шогийн хатуухан хадам эхийн дүрийг сэтгэлд нэвт хадаж орхисон “Хамар” Дэмидээгийн тухай халгахгүйхэн бичнэ шүү хө. 
Хүн төрөлхтний хамгийн том цахим нэвтэрхий тольд түүнийг Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, "Сити" их сургуулийн багш, Соёл урлагийн их сургуулийн докторант, сурган хүмүүжүүлэгч, багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатар хэмээн цол гуншин, алдар цолтой нь бичжээ. Л.Дэмидбаатар гэдэг жүжигчинг Соёл урлагийн их сургуулийн кино-драмын ангийг найруулагч, багшийн мэргэжлээр дүүргээд байхад нь л анх дэлгэцээр харсан юм уу даа. Уран бүтээлийнхээ гарааг УГЖ Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд 1990 онд анх тоглож эхэлсэн гэж нэгэнтээ ярьжээ. Энэ жүжиг нь ч Соёл урлагийн их сургуулийн Оюутан тайзнаа тавигдсан жүжиг болов уу гэж би таамаглаад байна. Түүний тухай орчин цагийн нэг алдартан “Багшийн дээд сургуулийн кино драмын ангид хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Тэр жил буюу 1989 онд 900 гаруй хүүхэд шалгалт өгсөн. Шалгалт өгөх гээд орсон чинь дандаа алдартай уран бүтээлчид сууж байлаа. “Говийн зэрэглээ” киноны Арсланд тоглодог Г.Доржсамбуу багш, Г.Ренчинсамбуу, Ц.Байгальмаа гээд л урлагийн томчууд. Сүүлийн шалгаруулалтаар 15 хүүхэд авсны эхний гуравт нь шалгарч байлаа. Нэгт нь жүжигчин Л.Дэмидбаатар 15 оноогоор, хоёрт Д.Бямбацогт бид хоёр 14 оноогоор шалгарч нэг ангид орсон” хэмээн дурсан өгүүлсэн байдаг. Ямартай ч элсэлтийн шалгалтандаа нэг номерт тэнцсэн мань эрийг Улсын драмын эрдмийн театрын “Туйлшрал” хошин хөтөлбөрт тоглож, хошин урлагийн “Батзаяа ба түүний нөхөд” хамтлагт нэг хэсэг харьяалагдаж байсныг би мэдэх юм. “Ардын хувьсгал гэж хаа ч байлаа, авдаг өгдөг нь ч юу билээ” гэдэг шиг хошин урлаг гэдэг төрөл одоогийнхоос арай өөр хэв маягтай зүйл дөнгөж төрөх процесс үргэлжилж байх үед би түүнийг тайзан дээр харж байлаа. “Өнгөт инээд” хамтлаг, “Х түц” продакшн зэрэг мэргэжлийн хошин урлагийн театр, продакшнууд нэхий өлгийдөө үнэгчилж байсан үе шүү дээ. Монголд хошин урлаг төрж, өсөж бойжиход “Хамар” Дэмидээ хамаг л хүч хөдөлмөр авьяас чадвараа дайчлан ажилласан гэж би хэлэх гээд байгаа юм. Хошин урлагийн эволюцид хүчтэй түлхэц болсон “Хортой алим ба хадам ээж 1” тун удалгүй “Хадам ээж 2”-ийг бүтээж “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг номеруудаар үзэгчдийн хужирхайг тэнийлгэж, жинхэнэ цахиур хагалсан шилдэг дүрүүдийг мань эр л бүтээж байлаа. Эмгэнэл, инээдэм, гашуун элэглэлээр тухайн үеийн нийгмийн гажуудал, хүн хоорондын харилцааны доголдолыг яг л хадам ээж шиг халуун нүүрийг нь харж байгаад үзэгчдэд палхийтэл үзүүлж байсан юм. Түүнийг 200 гаруй дүр бүтээсэн хошин урлагийн нэрт мастер, Монголын хошин урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчийн нэг яах аргагүй мөн гэхэд одоо хэн маргах вэ дээ.

"сураггүй болсон" дэмидээгийн сураг

Уран бүтээлчийн 30-аад нас гэдэг ёстой л “Галзуу барын аманд гараа хийх үү байх уу” дээрээ явдаг үе. Ид дүрэлзэж яваа авьяас билэг нь цалгисан уран бүтээлчид Монголын телевизийн анхны олон ангит бүтээл “Эзэнгүй айл” киноны Саруул гэх залуугийн дүрийг хуваарилав. Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбо, О.Соёлт гэх домог болсон уран бүтээлчид түүнд Саруулын дүрийг өгөхдөө 1989-1992 онд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн кино-драмын анги дамжин найруулагч, багш Г.Доржсамбуу, УГЖ Л.Лхасүрэн гэдэг ханагаруудын гараар элдүүлж, нухлуулсан шавь нь гэдгийг мэдэж байсан болохоор огтхон ч санаа зовоогүй биз гэж би таамаглаж сууна. Саруулын дүрийг гаргахдаа ч мань эр нэг их түүртээгүй санагддаг. “Эзэнгүй айл” олон ангит уран сайхны кино зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан Монголын тухайн он цагийг, миний залуу насны ой санамж, гэрэлт дурсамжийн нэгэн үеийг сануулан үлдсэн гайхалтай уран бүтээл. Яг л хөрш айлынх нь амьдралыг үзүүлээд байсан болохоор тухайн уран бүтээлд үзэгчид нэг хэсэг автаж байсан санагдана. Хатуухан хэлэхэд хүн өөрийнхөө амьдралд дуртай гэхээсээ хүний амьдралын элдэв паянд дуртай байдаг юм хойно. “Эзэнгүй айл”-ын Саруулд тоглож байх хугацаандаа буюу 1992-2002 онд Улсын драмын академик театрт ажиллаж байсан юм билээ. Миний сэтгэлд зорьсондоо хүрэх гэсэн эрмэлзлэлтэй Саруул гэх шазруун залуугийн дүр ногоовтор нүдтэй Дэмидбаатрын төрхөөр амилна. 
Үзэгчдийн хувьд “Хамар” Дэмидээ нэг хэсэг сураг тасарч дэлгэц, тайзнаа үзэгдэхээ больчихов. Гайхаж балмагдсан ч хүн үгүй. Хүн байтугай нийгэм нь өөрөө хөл алдаж зах зээлийн замбараагүй давалгаанд шидигдчих гээд байсан он цаг. Мань эрийг нийгмийн шалан дээр унаж “Хатуу ундаа хүртэн хал үзэж явна гэнэ” гэдэг яриа гадуур нэлээд тархсан юм даг. Бүр хатуу сархад хамт хүртэж хамаг зовлонгоо ярьсан тухай барин тавин өгүүлэх нэгэн ч байв. Гэтэл мань эр 2002-2005 онд СУИС-ийн магистрантурт доктор, профессор, УГЗ Н.Ганхуягийн удирдлагад суралцаж төгссөн байж л дээ. Нийгмийн шалан дээр унах нь бүү хэл мэдлэг мэргэжлээ дээшлүүлж явсан гэдгийг нь сая л мэдэх шив. Мэдээж тухайн үед уран бүтээлчдийн хүрээнийхэн мэддэг байсан биз. Харин бид мэдээгүй. Жирийн хүний амьдралын түүхэнд тийм ч жигтэй зүйл биш. Олны танил, алдар нэртэй хүнийх болохоор л ам дамжин яригдаж, алс хол суугаа нэгэндээ сонин болгож сонссон биз. Ингээд бодохоор алдар нэрийн тухай ахиад нэг эргэцүүлмээр ч юм шиг. 

"Дэмидбаатарын дүрүүд"-ийг  дархалсан Дэмидбаатар 

Түүнийг яггүй дуучин гэгдэж Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж байхдаа зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багшийн удирдлаган дор "Дуулах ур зүй" гэдэг хичээл заалгуулсныг би бас л мэдэхгүй. Монгол ардын, бэсрэг уртын, нийтийн дууг өөрийнхөө хэмжээгээр дуулдаг болохоор түүнийг Монголын үндэстэн ястны ардын богино дууны холбооны дэд захирал хийлгэж ч байсан юм билээ.  Тэр ч бүү хэл 10 орчим бэсрэг болон айзам ардын дуу дуулсан гэж байгаа. Жүжиглээд зогсохгүй дуулдаг, бөхөөр бол олон талын барилдаантай угсраа мэхтэй, шаггүй нэгэн байж. Бөх гэснээс түүний аав Монгол Улсын өсөх идэр начин С.Лхагва. Аав нь мань эрийг төрөхөөс хоёр жилийн өмнө 1964 онд Дархан аварга Б.Түвдэндорж агснаар Улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд Дархан аварга Д.Дамдин агсанд өвдөг шороодсон түүхтэй. Тэрбээр улсын баяр наадамд найман удаа дөрөв, гурван удаа гурав, хоёр удаа тав давж байсан хүчтэн. Аав нь Л.Дэмидбаатарыг бөх болгох гэж тухайн үеийн “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөх, жүдо бөхийн дугуйланд явуулдаг байж. Бүр жүжигчний мэргэжил сонгож, оюутан болсон байхдаа ч "Алдар" нийгэмлэгт Улсын арслан Б.Ганбаатарын шавь болон очиж, дэвээ шаваагаа заалгаж байсан гэдэг. Жүжигчин болох гэсэн чин хүсэл нь тууштай ажиллахыг шаардсан тул бөх нь орхигдохоос яах вэ. Хожим нь тэр нэгэн хэвлэлд ярихдаа “Хэрвээ жүжигчин биш байсан бол мэс заслын эмч, эсвэл мөрдөн байцаагч болох байсан гэж боддог” хэмээснийг хөөж бодвол бөх болох хүсэл төдийлөн байгаагүй бололтой. Гэхдээ л бөх сонирхогчид одоо хэр нь “Өсөх идэр начны хүү урлагаар яваагүй бол үгүйдээ л начны эрэмбэ байсан юм шүү” гэж харамсах мэт өгүүлэх юм билээ. Л.Дэмидбаатар магистраа  дүүргэснийхээ дараа “Гэрэгэ интернэшнл” хамтлагт хоёр жил ажиллаад Улсын драмын эрдмийн театртаа эргэн ирж. Түүний эргэн ирэлт У.Шекспирийн “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло” жүжгийн Яго, “Ромео Жулетта” жүжгийн Тибальт, К.Гольдони “Буудлын эзэн авхай” жүжгийн Тайж, Ж.Б.Мольер “Дон Жуан” жүжгийн Дон Жуан, Н.В.Гоголийн “Амьгүй албат” жүжгийн Чичиков, В.Хюгог “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Гренгуар, Р.Тагурын “Цусан тахилга” жүжгийн өвгөн Рахура, Ч. Ойдов гуайн “Далан худалч” жүжгийн Далай, С.Жаргалсайханы “Хаан түүх I, II, III” туульсын жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногшуулаад зогсохгүй уран бүтээлчдийн дунд “Дэмидбаатарын дүрүүд” гэдэг хэлц бий болтол хүлээн зөвшөөрөгдсөн тэсрэлт байв. 
Харин яагаад сонгодог урлагаар сунгуулж, сунгуулчихсан хамар Дэмидээгийн тухай бичихдээ хошин шог гарааны дүр нь бодогдоод байгааг би нэг л ойлгохгүй байна. Аливаа зүйлийг бодитоор харвал хариулт нь үнэнд жаахан ч болов дөхдөг учиртай юм гэсэн хэн мэдэх билээ. “Эзэнгүй айл”-аас 30 нас ч хүрээгүй “Гарсан” түүний дэлгэцийн уран бүтээлийн бариа харагдах болоогүй л байсан санагддаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулганы найруулсан “Үхэж үл болно-Чингис хаан” кино дэлгэцэнд гарахад Нялх Сэнгүмд тоглосон мань эр 40 дөнгөж гарч явлаа шүү дээ. Ажил амьдралын ид бяр нь тэгширч, уран бүтээлчийн цараа нь тэлсэн үе шүү дээ. Одоо тэр амьд мэнд байсан бол 60 хүрэх гээд л жонжуулж явах байж. Түүнийг урлагийнхан “Хамар”Дэмидээ гэж авгайлдаг. Харин үзэгч бид энэ эрхэмийг зөвхөн жүжигчнээр нь л мэддэг. Үнэндээ бол тэр нэгэн биед ахадсан гэмээр олон авьяасаар бялхаж бидний мэдэх, мэдэхгүй олон ачаа үүрч явсан нэгэн юм билээ. Түүний хийж бүтээсээр, дуулж жаргасаар буцсаныг мэргэжил нэгт анд нөхдөөс нь гадна түүний намтрыг сөхөж, уран бүтээлийнх нь 31 жилийн баялаг санг нээж үзсэн хэн ч бай гэрчлэн өгүүлэх нь лавтай.  

 ТРАМП ТӨМӨРӨӨ

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 4 цагийн өмнө
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 5 цагийн өмнө
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 9 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 9 цагийн өмнө
Улаанбаатар 22 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… Өчигдөр
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг........ Өчигдөр
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26