Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаатай ярилцлаа. Энэ удаа бид авьяас, авьяастны тухай, бас үндэстний оюун санааны үнэт зүйлсийн талаар хөөрөлдсөн юм.
-Авьяастныг хэрхэн олж, таньж, хөгжүүлэх вэ. Мэдээж үүнд жор байхгүй. Гэхдээ төр, засгийн хувьд бодлого байх ёстой болов уу?
-Хамгийн гол нь төрийн бодлого чухал. Монголын утга зохиолын хойч үеийг олж илрүүлж, хөгжүүлэхэд төр, засаг, сургууль, багш нар ихээхэн үүрэгтэй. Авьяастныг зөв авч явна гэдэг маш чухал. Яагаад гэвэл XXI зууны 30, 40 он, за тэгээд дараагийн зуун гэхэд хүний оюун ухаан асар их хөгжинө. Харин оюун ухаантай хамт сэтгэл зүрх ариусах уу, үгүй юү гэдгийг хүн төрөлхтөн тааж чадахгүй байгаа. Явж явж сэтгэл зүрхийг ариусгадаг хүмүүнлэгийн шинжлэх ухаан, түүн дотроо яруу найраг л байна шүү дээ. Яруу найрагчийг маш холыг харж, ирээдүйгээ бэлдэх ёстой.
Би сая Японы эрдэмтэн Мичиёо Каку гэж хүний номыг уншсан.
Тэр хүн “Ирээдүйн физик” гэж номдоо хүн төрөлхтөнд тохиолдож болох аюулын тухай, түүнийг даван туулах ухааны тухай, 2100 онд хүн төрөлхтөн ямар байх тухай бичжээ. Би юу гэж бодож байна гэхээр ерөөсөө монголчууд нэр бүтэн, хэл бүтэн, элэг бүтэн явж 2100 онд яаж хүрэх вэ гэдэгт л санаагаа чилээж байна. Үүнийг одооноос бодох ёстой юм байна. Монгол Улсын төр, засаг 2050 он хүртэл хөгжлийн бодлогоо боловсруулсан. Тэгэхээр ойрын ирээдүйг, өөрөөр хэлбэл 2050 оноос цааших 50 жилийг бас төлөвлөж бодох ёстой. Хамгийн гол нь хүнээ яаж хөгжүүлэх вэ. Эрүүл саруул, ухамсартай, оюунлаг тийм хувь хүмүүсийг хэрхэн бэлтгэж 2100 онд хүрэх вэ гэдэг асуудал чухал байна. Үүнд утга зохиол гол үүрэгтэй.
Манайд л нэг их ярихгүй байгаа болохоос либерал арт гэж чөлөөт сэтгэлгээний боловсролын тогтолцоо дэлхийд бий болоод удаж байгаа. Энэ нь бүр дунд сургуулийн ахлах бүлгээс эхлээд дээд сургуулийг хамарсан боловсролын тогтолцоо болсон. Түүний дотор хүмүүнлэгийн ухааны боловсрол багтаж буй. Жишээлбэл гүн ухааны боловсрол, түүхийн боловсрол, уран зохиолын боловсрол энэ гурвыг либерал арт боловсролыг олгох тулгын гурван чулуу, үндсийн үндэс гэж үзэж байгаа юм. Уран зохиолын оргил нь яруу найраг шүү дээ. Тэгэхээр яруу найргийг яаж хөгжүүлэх вэ. Мэргэжлийн яруу найрагчийг бэлтгэх Монгол төрийн тогтолцоог бий болох ёстой.
-Яруу найрагч, зохиолч гэдэг бол мэргэжил биш. Тиймээс сургуулиар бэлдэх боломжгүй л гэх байх даа?
-Бид сонирхогчдын яруу найргаар 100 жил явчихаж. Энэ 100 жилд агуу их, гайхамшигтай яруу найрагчид төрсөн. Тэдний бүтээл Монголын яруу найргийн үнэт өв болж үлдэнэ. Харин XXI, XXII зууны яруу найргийн төлөв бол мэргэжлийнх болж өндөр дээд хэмжээнд хөгжих үү, аль эсвэл бүр байхгүй болох уу гэдэг асуудал.
Ер нь яруу найраг “үхэж байна” энэ тэр гээд өгүүлэл зөндөө тааралддаг. Хамгийн гол нь энэ юунаас шалтгаалж байна гэхээр хүний оюун ухаан хөгжөөд, оюун ухааны материаллаг сонирхол давамгайлах боллоо. Материаллаг шинжлэх ухаан буюу материалд түшиглэсэн шинжлэх ухаан, материалд түшиглэсэн оюун ухааны хөгжил сэтгэлгээг эвдэн сүйтгэдэг юм байна. Тэгэхээр сэтгэлгээг ариусгах, сэтгэлгээг бүхэл, бүтэн байлгах юмнуудын нэг нь хөгжим, яруу найраг, уран зураг гэж үзэж байгаа. Бүхлээр нь харах юм бол хүн төрөлхтний яруу сайхан сэтгэлгээ гэдэг юм хүнийг хүн болгодог, сэтгэлгээний тулгын гурван чулууны нэг гэж үзэх боломжтой.
-Ертөнцийг гоо сайхан аварна гэдэг шиг л үү?
-Тийм учраас яруу найргийн авьяасыг яаж багаас нь илрүүлэх вэ гэдэг асуудлыг голлож ярья. Тэр жил Л.Түдэв ахын “Дал” сонинд нэг өгүүлэл гарсан юм. Л.Түдэв ахын зээ охин нь АНУ-д жилд нэг удаа зарладаг нэг шүлгийн уралдаанд байр эзэлж, бүтээл нь номд орж хэвлэгджээ. Номд шүлэг нь багтана гэдэг бол АНУ-ын сургуулиудын хувьд бахархал нь юм байна.
АНУ-ын муж улсууд болон сургууль, багш нарын бахархал байдаг юм билээ. Тэр охиных нь шүлэг надад байгаа. Л.Түдэв ах энэ тухай сониндоо бичихээр нь би тэндээс санаа аваад “Яруу найргийн авьяас бол алтнаас үнэтэй” гэж өгүүлэл бичсэн юм.
Л.Түдэв ах түүнийг маань сониндоо тавьсан. Тэр өгүүлэлдээ хамгийн гол нь хүүхдийг бүр бага байхаас нь яруу найргийн авьяасыг нь илрүүлдэг тогтолцоог бий болгох ёстой юм байна гэдэг санаа дэвшүүлсэн юм. Тэгээд АНУ шиг нэг шүлгийн уралдааныг жил бүр зарлаж байя гэсэн санааг гаргасан. Тэр үед манайхан хүнд суртлын системээсээ салаагүй байсан болохоор тэр өгүүллийг уншсан уу, үгүй юу мэдэхгүй. Тэгээд л өнгөрсөн.
-Хэдэн онд юм бэ?
-1990-ээд оны эхэн үед.
-Дунд сургууль, цэцэрлэгт хүүхдийн яруу найргийн авьяасыг хөгжүүлж илрүүлэх хөтөлбөр байх ёстой гэж та үздэг байх аа?
-Японыг би сайн мэдэж байна. Японд бол яруу найргийн боловсролд багаас нь анхаарал тавьдаг. Шүлэг цээжлүүлдэг. Жишээ нь 5000 танка цээжлүүлнэ гэх мэт. Хайкугаа ч цээжлүүлнэ. Хамгийн гол нь тэр бүх шүлгийн утгыг бодуулна. Утгыг нь бодуулахад хүний уураг тархи их хөгждөг. Шүлгийг цээжилчихсэн байна гэдэг уураг тархинд бэлэн материал байна гэсэн үг. Тийм материал байхад уураг тархи өөрөө бодож сэтгэдэг агуу эрхтэн юм байна. Хүн ахтай дээл захтай гэж монголчууд үр хүүхдэдээ сургадаг чинь бүр их нарийн тогтолцоо. Тэр үгийн утгыг тайлахаас гадна ухамсарладаг, ухамсарлаад үйлдэлдээ тусгадаг.
Ганц зүйр үгээр л ахмадаа хүндэтгэхгүй байх юм уу, аав, ээжээ дээдлэхгүй байх, аливаа хүндэтгэл байхгүй болохоос сэргийлж, хааж өгдөг юм байна. Тиймээс монголчуудын ардын ухааны охь болсон зүйр цэцэн үгийг цээжлүүлэх ажлыг багаас нь цэцэрлэгийн наснаас хийх, оньсогыг багаас нь цээжлүүлдэг байх ёстой.Манай эртний ардын сурган хүмүүжүүлэх арга тийм байна шүү дээ. Цөөхөн оньсого мэддэг хүүхдийг холбоо шүлгээр худалдаж шийтгэдэг. Олон оньсого цээжилснийг нь мандуулдаг. Тэр арга бол явж явж хүүхдийн авьяасыг нээх, оюун ухааныг хөгжүүлэхтэй холбогдсон агуу зүйл байсан юм байна.
-Оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурвыг их цээжлүүлэх хэрэгтэй гэлээ. Мөн шүлэг цээжлэх сайн гэдэг. Цээжлэхийн ач холбогдол юунд байна вэ?
-Хамгийн гол нь уураг тархины нэг онцлог байгаа юм. Уураг тархинд цээжлэх ойн төв гэж байдаг. Тэр төвийг өдөр бүр цочроох ёстой. Тэгж байж цээжлэх ойн төв хэвийн хөгжинө. Амасу гэж ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, мундаг мэс заслын эмч байсан.
Тэр хүн 70 гарсан хойноо найман мөр шүлэг цээжилдэг байсан гэдэг. “Комсомольская правда” сонины сурвалжлагч “Та одоо 70 гарсан доктор, академич хүн байж шүлэг цээжилж суух чинь илүү ажил биш үү?” гэж асуухад тэр хүн “Уураг тархинд цээжлэх ойн төв гэж байдаг юм аа. Тэр төвийг өдөр болгон цочоож байхгүй бол хэвийн ажиллагаа нь алдагддаг юм аа” гэж хэлсэн байдаг юм. Тэрнээс ургуулаад бодоход л уураг тархи гэж ямар агуу эрхтэн юм бэ. Түүний дотор цээжлэх ой гэж ямар чухал зүйл вэ гэдэг нь тодорхой байна.
-Лам нарт тав, зургаан наснаас нь төвөд ном цээжлүүлдэг байсан нь учиртай л юм байна?
-Тийм шүү дээ. Манайхан ч нэг үе хүүхдэд шүлэг, дуу, оньсого энэ тэрийг цээжлүүлж болохгүй гэдэг моод гарсан. Энэ бол буруу. Цээжлүүлэх л ёстой. Цээжлүүлж сургасны дараа сэтгэж сургах хэрэгтэй. Оюун ухааны академийн Х.Хатанбаатарын хүүхдүүд гайхамшгийг үзүүлж байна. Цээжлэх ойгоороо бол монголчууд гарамгай юм билээ. Хамгийн гол нь цээжлүүлэх аргыг нь заагаад өгчих юм бол гайхамшигтай.
Х.Хатанбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал бид Хэнтий аймгийн баруун талын хэдэн сумаар явсан. Бор-Өндөрт очоод цэцэрлэгийн хүүхдүүд нь цээжлүүлдэг аргаа зааж өгөөд, 30 минутын дараа тэр аргаараа шалгахад хүүхдүүд бүрэн эзэмшсэн байсан. Тэгэхээр Х.Хатанбаатарын арга бол гайхамшигтай юм. “Зөвхөн цээжлүүлэх биш ээ, залгаад сэтгэхүйг нь хөгжүүлэх хэрэгтэй” гэж математикийн ухааны доктор Дашдорж ярилцлагадаа хэлсэн байна лээ.
-Цээжлэх арга барилыг эзэмшсэн, ой тогтоолт сайтай хүн гадаад хэл сурахдаа ч бусдаас илүү байдаг шүү дээ?
-Ер нь гадаад хэлийг монгол хүн шиг шүлэг бичих хэмжээнд сурдаг тийм үндэстэн их цөөхөн л гэж би боддог. Манай бичгийн мэргэд шашин дэлгэрсэн үед төвөд хэлийг маш багаасаа зургаан наснаасаа сураад бүгд төвөдөөр шүлэг гайхамшигтай бичдэг байсан. Жишээлбэл Данзанравжаа, Агваанбалдан, Лувсанпэрэнлэй, Жамьянгарав гээд бүгд төвөд хэлний боловсролтой, уг хэлээр гайхамшигтай шүлэг бичсэн. Хубилай хааны үед монголчууд хятад хэлийг төгс сураад хятадуудаас илүү гэмээр шүлэг бичсэн. Хубилай хаан өөрөө, Баян жанжин гээд хятадаар шүлэг бичдэг шүлэгчдийн номыг Соёлын гавьяат зүтгэлтэн Я.Ганбаатар гаргасан. Тэгэхээр Монголд нэг үнэт юм байна. Оюун санааны үнэт зүйл байна. Тэр үнэт зүйлийг нээх цаг болжээ. Зүгээр ердийн байдлаар хандаж болохгүй цаг болчихсон байна. Багаас нь хүүхдийн уураг тархи, авьяастай ажиллах цаг болчихож.
-Уран зохиолын багш нар сурагчдаараа урт урт найраглал цээжлүүлдэг байсан. Тэр зөв байж дээ?
-Зөв байлгүй яадаг юм. Одоо би оюутнуудаас Д.Нацагдоржийн шүлгийг бүтнээр нь унших хүүхэд байна уу гэхэд дуугарахгүй байна. Байлаа гэхэд ганц хоёр бадаг л уншина, дээд тал нь гурван бадаг л уншина. Тэгээд л байхгүй. Ингэтлээ Монголын оюун ухаан лойсон, доройтсон байна. Боловсрол бол хөгжүүлдэг боловсрол биш болчихож. Цээжлэх муу гэж ярьдаг тэр хандлага бол нэг үеийн дампуурал байжээ.
-Нээрээ яагаад тэгдэг байсан юм бол. Цээжлэх, цээжлүүлэхээс халгаж, залхсаных юм болов уу?
-Хүний тархийг ойлгоогүй л байхгүй юу даа. Цээжилсэн зүйлийг тархи өөрөө бодоод, ухамсарлаад, утгыг нь тайлдаг тогтолцоотой. Тэгэхээр зүгээр цээжилж байгаа хэрэг биш. Ер нь гадаад хэлийг ч гэсэн цээжилж л сурна шүү дээ. Эхлээд шууд ойлгож сурна гэж байхгүй биз дээ. Хүүхдийг, хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүрхийг бүтэн харж, хөгжүүлэх ажлыг хийх ёстой. Хүүхдийн авьяас бол үнэхээр гайхамшигтай зүйл. Чи мэдэж байгаа шүү дээ. Д.Галсансүх дөрөвдүгээр ангид байхдаа ямар байсан, тэгээд ямар яруу найрагч болов. Яруу найргийг зааж сургана гэж байхгүй л дээ. Хамгийн гол нь бичиж сургах хэрэгтэй. Их бичүүлж сургана. Их уншуулна. Их бодуулна, сэтгүүлнэ. Унших номыг нь зөв сонгож өгнө. Тэгээд л болоо.
-Та Д.Галсансүх ахтай яг тэгж ажилласан уу?
-Тийм. Тэр чинь миний ч арга биш. Америкийн эрдэмтэн Гилфорд гэж хүний арга. Тэр хүн авьяасыг хөгжүүлэх аргачлал зохиосон. Тэгээд тэр арга нь дэлхийд цацагдаад, олон улсад нэвтэрсэн. Авьяастай хүүхэд бол эмзэг байдаг. Тэр эмзэгийг багш, эцэг, эх нь хүлээж авдаг байх ёстой. Авьяас бол эмзэглэл гэж Д.Намдаг гуай хэлсэн нь гайхамшигтай оносон үг. Авьяас нь эмзэглэл учраас авьяастай хүн өөрөө эмзэг байдаг. Эмзэг хүнийг зөв төлөвшүүлнэ гэдэг маш чухал.
Хүн төрөлхтөн ер нь авьяастнуудаа зөв төрүүлж чадсан юм уу, монголчууд ч гэсэн чадсан юм уу гэдэг бол том асуултын тэмдэг. Авьяастай хүмүүс их богино насалдаг. Тэр бол хүн төрөлхтний түүхээр батлагдсан үнэн. Хамгийн алдартай нь 27 нас хүрээд л, тэгээд 30,40 хүрээд л “шатчихдаг”. Гэхдээ 80, 90 нас хүрсэн хүмүүс ч байгаа л даа. Тэр эмзгийг хүн өөрөө мэдэрдэг, ах дүү төрөл төрөгсөд нь мэдэрдэг, тэгээд хайрладаг, халамжилдаг байх ёстой юм байна. Тийм учраас л би авьяастай хүүхдүүдийг мэддэг байхын тулд Монгол Улс жилд нэг удаа нэг шүлгийн уралдаан зарлая гэдэг санал гаргаад байгаа юм.
-Байдаг л нэг шүлгийн уралдаан шиг болчихвол утгаа алдах байх. Нэг шүлгийн уралдааныг хэрхэн зохион байгуулбал зохистой вэ?
-Хамгийн гол нь шууд МЗЭ хүүхдүүдийн бүтээлийг авдаг байх ёстой. Би МЗЭ-ийн даргатай тэгж ярьсан юм. Дундуур нь дамжуулахаар, багш нар сургууль орохоор тэд хүүхдүүдийн шүлгийг засдаг. Багш нар өөрсдөө мэдэхгүй, мэдрэхгүй мөртлөө засаж, хүүхдийн шүлгийг эвддэг. Тиймээс сурагчийн гараас шууд Монголын зохиолчдын эвлэл шүлгийг нь авах юм бол сайн. Тэгээд яах вэ дээ, 20 мянган шүлэг ирдэг юм бол хэд хэдэн комисс гаргаад, хоёр, гурван өдөр уншина л биз. Ингээд эвдрээгүй тийм сайхан хүүхдийн шүлгийг авч шалгаруулдаг болъё, ном гаргая гэж би бүх хүнд яриад яваа юм. Мод гэдэг сэдвээр анхныхыг нь хийе гэж байгаа.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоод уу?
-Тийм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй байна. Нөгөө талаар хүүхдийнхээ агуу их уураг тархи, сэтгэл зүрхэнд мод гэдэг ертөнцийг ойлгуулах хэрэгтэй. Нутаг нутгийнхаа агуу их модны тухай хүүхэд бичиг л дээ. Мод гэж юу юм гэдгийг өөрийнхөө ертөнцөөр л бичиг. Түүнийг нь харъя. Ухаандаа Хөвсгөл аймгийн Хатгалд могой мод гээд байна. Архангайд мянган залаат мод гэж байна. Солонготын даваанд 400 настай мод ургаж байсныг манайхан огтлоод хаячихсан байна лээ. Архангай аймгийн Түвшрүүлэхийн нутагт модны хожуул дотор мод ургасан байгаа юм. Түүний тухай бичиг. Сэлэнгийн ээж модыг шатаасан тухай бичиг. Ээж модыг шатсаны дараа дахиад шүтээн мод бий болгосныг ч бичиг.
Мод гэдэг өөрөө монгол хүний амьдралд их ойр. Модгүй юм байхгүй. Тэр агуу их сэтгэлгээг гаргаж бичсэнийг нэг ном болгоод гаргачихад “Тэрбум мод” хөдөлгөөнд ч хэрэгтэй. Модыг хайрладаг болно.
Мод тариад л байдаг. Ганцхан тохой жижиг модыг хүүхэд сугалаад хаячихаж байгаа юм. Мэдэхгүйдээ тэр шүү дээ. Мод тарина гэдгийг мэдэрч, өөрөө бичиж байж, ухамсарлаж байж хайрлана. Тийм учраас мод гэх сэдвээр нэг шүлгийн уралдаан зарлая гэж яриад байгаа. Тэр бүтээсэй гэж бодож байна. Дараа жил нь чөлөөт сэдвээр зарлаж болно шүү дээ.
-Та авьяастныг хэр хайж байна. Та түрүүн дунд сургуулиас хайх хэрэгтэй гэлээ. Оюутнуудаас хайж байна уу?
-Оюутнуудаас хайж байгаа. “Их Засаг” их сургуулиас хайсан. Хэдэн сайхан яруу найрагч төрсөн. Цэрэнпил гээд залуу шүлгийн номоо гаргасан, МЗЭ-ийн гишүүн болсон. Бас бус хүүхдүүд ч байна. Ядахдаа дөрөвдүгээр курсээ төгсөхдөө номоо гаргаад төгсдөг тийм оюутныг бий болгох гээд л үзээд байгаа. 12 дугаар анги төгсөөд ирж байгаа хүүхдүүд маш залхуу болоод байна. Өөртэйгөө ажиллаж сураагүй, номтой ажиллаж сураагүй, бичихээс залхуурдаг.
Гар утас гарснаас хойш хүүхдүүд гараар юм бичихээ больж. Гэтэл цаасан дээр бичих бол оюун ухааныг хөгжүүлдэг чухал арга гэж дэлхийн сэтгэл судлаачид батлаад байгаа. Бичихээ болино гэдэг бол мөхөл. Одоо цаасан дээр өвтэй хүн ч байхгүй боллоо. Цахим дээр бичсэн нь уствал тэгээд л тэр өв байхгүй. Бичихээс залхуурна гэдэг бол амьдрахаас залхуурна гэсэн үг. Бичих, цээжлэх үйл дандаа тархитай холбоотой. XXI зуунд тархи судлалын ухаан гайхамшигтай хөгжиж байна.
Манай улс Нобелийн шагналт тархи судлалын эрдэмтдийн багийг авчирч Төрийн ордонд лекц уншуулсан. Тэр бол үнэхээр том нээлт, том гарц. Тэр хүмүүсийн лекц гайхамшигтай. Эдвард Мозер гээд Нобелийн шагналт эрдэмтэн алцгеймерийн өвчин, тэнэгрэх өвчнөөр нэг секундэд долоон хүн өвчилж байна аа гэж анхааруулсан. Тэнэгрэх өвчнөөс авардаг юм ном. Өөрөөр хэлбэл тогтмол ном унших. Тэрнийг бодсон ч монголчууд бид ном унших ёстой.
Ном унших соёлтой болох ёстой. Өөр нэг эрдэмтэн хэлсэн. Эхийн хайр бол генд нөлөөлдөг хайр юм байна гэж. Хүүхдээ хайрлах, эхийн хэвлийд хүүхэд бий болоход л хайрладаг хайр бол хүүхдийн цаашдын хувь заяанд их нөлөөтэй. Ерөөсөө эхийн хайргүй өснө гэдэг бол оюун санаа, бие бялдрын хувьд тахир дутуу хүн болно гэдгийг хүүхэд судлалын шинжлэх ухаан баталсан байна.
Бид монгол эхчүүдийн тухай, эхийн хэвлий дэх хүүхдийн хувь заяаны тухай, эхээс дөнгөж төрсөн хүүхдүүдийн хувь заяаны тухай, монгол гэр бүлийн тухай эрүүл ухаанаар бодох цаг болжээ.
Өсвөр насандаа жирэмсэн болсон 4000 охид хүүхэд төрүүлээд, тэдний 70 хувь нь өрх толгойлсон эмэгтэй болж үлддэг гэж судлаач хэлсэн байна. Хүүхдийн тухай, эхчүүдийн тухай, хүүхдийг хүн болгох тухай ярихад манайд дандаа том том доголдлууд байна. Үүнийг засах ёстой. Хэчнээн хүүхэд хүчирхийлэлд өртөж амь насаа алдаж байна вэ, хэчнээн хүүхэд эхийнхээ хэвлийдээ эрсдэж байна вэ. Энэ бол аймшигтай.
Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24522/