Сүүлийн үед цахим орчинд төдийгүй эцэг эхчүүдийн дунд халдварт менингит тархаж буй талаар шуугиж байна. Энэ бол яах аргагүй олны анхаарал татсан сэдэв юм. Иргэд ам дамжуулан ярьж, бичиж байгаа шиг менингитийн халдвар нэмэгдсэн бол Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжилтнүүд SOS зарлах ёстой. Гэвч энэ талаар дорвитой дуугарчбуй удирдлага алга. Менингит өвчний дэгдэлт нь 15-20 жилийн давтамжтай явагддаг гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. 1993 онд хамгийн том дэгдэлт гарч олон хүнийг хамарсан байдаг. Менингит халдварын талаар иргэд мэдээлэл муутай байдаг бөгөөд 65.6 хувь нь телевизээс, 57.8 хувь нь цахим сүлжээнээс мэдээлэл авдаг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт менингококкт халдварын менингитээр хоёр хүүхэд өвчилж, нэг нь нас барж байсан билээ. Халдварт менингит өвчин нь менингококкоор үүсгэгдэж, агаар дуслын замаар болон бохир гар, хүнсээр дамжин халдварладаг. Халдвар авсан тохиолдолд богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй. Бүх насныхан тусдаг. Ялангуяа хүүхэд илүү өртөж, хүндрэх нь бий. Хүндрэл нь маш аюултай. Менингококкт халдварын нууц хугацаа нь 3-10 хоног. Халдварласан тохиолдолд гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, татах, цусархаг гөвдрүүт, цусархаг үхжилт тууралт гарах, дагз хөших, нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Дээр дурдсанаас хамгийн өвөрмөц шинж тэмдэг нь дагз хөших, цусархаг тууралт юм.
Менингококкт менингит нь агаар дуслын замаар халдварладаг халдварын үеийн урьдчилан сэргийлэлттэй адилхан. Гэр, байр орон сууц, ажлын өрөө зэрэгт хоёр цаг тутамд агаар сэлгэх, гараа тогтмол савандаж угаах, өдөрт хоёр удаа чийгтэй цэвэрлэгээ сайн хийх, гараа халдваргүйжүүлэх, мөн түүнчлэн өглөө босоод, орой унтахын өмнө содын уусмал, жамц давс, тамедины уусмалын аль нэгээр нь ам, хамар, залгиураа зайлна. Үүнээс гадна хамар, хоолойн үрэвсэлтэй, архаг нгинатай хүмүүс илүү анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдээ дулаан хувцаслах, бээлий, малгай, ороолт бүрэн өмсгөх шаардлагатайг мэргэжилтнүүд сануулахын зэрэгцээ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй эмчид хандахыг зөвлөж байна. Менингит өвчний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасантай цөөн хором ярилцав.
-Хүүхдүүдийн дунд менингит халдвар их байна гэж иргэд яриад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингитийн тохиолдол бүртгэгдсэн үү, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-ХӨСҮТ-д менингококкт халдварын менингитийн тохиолдолтой өвчтөнийг хэвтүүлэн эмчлүүлдэг. Одоогийн байдлаар ямар ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл 21 аймаг, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөс манайд 24 цагийн дотор мэдээлэл ирүүлэх ёстой. Шаардлагатай бол ХӨСҮТ-өөс тухайн голомт болон Эрүүл мэндийн төвд баг очиж ажилладаг.
Менингитийн гурван хэлбэр бүртгэгддэг. Тухайлбал, эцэг эхчүүдийн хамгийн их айж сэрэмжилдэг нь цахилгаан менингит, мөн ямар нэгэн өвчний хүндрэлээр бий болдог хоёрдогч менингит, вирусийн гаралтай менингит байдаг. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт буюу бидний хэлж заншсанаар цахилгаан менингитийн хэлбэр бүртгэгдээгүй байна.
Хэрвээ улсын хэмжээнд ийм тохиолдол гарсан бол хамгийн түрүүнд заавал бидэнд мэдэгдэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл ирээгүй. Харин вирусийн гаралтай болон хоёрдогчоор үүссэн менингитийн тохиолдлууд хүүхдүүдийн дунд бага зэрэг нэмэгдсэн байх магадлалтай. Энэ талаар дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс асуувал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болов уу.
-Вирусийн болон хоёрдогчоор үүссэн менингит тархсан байх магадлалтай байна гэлээ. Энэ хоёр хэлбэрийн менингит хүндэрсэн тохиолдолд хүүхдүүдийн амь насанд хэр аюултай байдаг вэ?
-Менингит нь хүндрэл ихтэй өвчин. Менингококкт халдварын менингит нь амьсгалын замаар бусдад халдварладаг бөгөөд хүндрэл эрсдэл өндөр байдаг. Хүндэрсэн тохиолдолд чих дүлийрэх хор уршигтай. Харин хоёрдогч хэлбэрийн менингит халдварладаггүй, хүндрэл харьцангуй бага. Тэгвэл вирусийн гаралтай менингит нь халдварлах нь харьцангуй бага, хүндрэл ч багатай.
-Менингитийн хэлбэрүүд шинж тэмдэг адилхан уу. Хэрхэн ялгах вэ?
-Шинж тэмдгүүд адилхан байдаг учир ялгахад хэцүү. Менингококкт халдварын менингитийн үед тууралт гардаг бөгөөд 0-5 хүртэлх насныхан буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг. Вирусийн гаралтай менингитийн хувьд 5-15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр бүртгэгддэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт халдварын тохиолдол их байна гэсний дагуу өнгөрсөн сард очиж тандалт, судалгаа хийж ажилласан. Уг дүгнэлтээр вирусийн гаралтай менингит байх магадлалтайг тогтоосон. Тэнд ирсэн хүүхдүүд өндөр халуурч, толгой хэт хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрч байсан. Энэ нь менингококкт менингиттэй шинж тэмдгээрээ ижил ч гол ялгаа нь тууралт гардаг. Вирусийн гаралтай бол тууралт гардаггүй. Вируст менингит нь дундаж ор хоногийн хугацаа зургаан өдөр бөгөөд эмчилгээ авах нь илүү хурдан байгаа юм. Менингококкт менингитээ бодвол өвчлөл нь арай хөнгөн.
-Менингит өвчний идэвхтэй дэгдэлт хэдээс хэддүгээр сард явагддаг вэ?
-Менингококкт халдварын менингит нь хавар, намрын улиралд ихэсдэг бөгөөд нас барах эрсдэлтэй өвчин. Харин вирусийн гаралтай менингитээр нас барсан тохиолдол одоогоор нэг ч бүртгэгдээгүй байна. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад менингитийн хэлбэрүүд намрын улиралд ихсэж байгаа нь ажиглагдсан.
-Хүүхдүүдийн дунд бүртгэгдээд байгаа вирусийн болон хоёрдогч менингитийг эцэг, эхчүүд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх боломжтой вэ?
-Менингитийн үед хүүхэд 38-аас дээш хүчтэй халуурах, халуун буухгүй байх, гэрэл болон дуунд хэт мэдрэг болох, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс дээр дурдсан шинж тэмдэг илэрч байвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Вирусийн болон хоёрдогч менингитийн хүндрэл бага гээд үл тоож огт болохгүй. Аль ч менингитийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй.
-Менингитээс гадна вирусийн гаралтай ханиад ихсэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн байх шиг байна. Ямар төрлийн ханиад зонхилж байна вэ?
-Томуу, томуу төст өвчлөл сүүлийн долоо хоногт бага зэрэг нэмэгдэж байна. Улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа. Үүнээс 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна. Амьсгалын замын хүнд халдвараар өвчлөх хүүхдийн тоо бага зэрэг нэмэгдсэн ч аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ачаалал хэтэрсэн, нэмж ор дэлгэсэн тохиолдол одоогоор алга. Зонхилон тохиолдож байгаа нь эриновирус болон амьсгалын замын синцитиал вирус юм.
Эриновирусийн тохиолдолд нусгайрах, бага зэрэг халуурах, ханиалгах шинж тэмдгүүд илэрнэ.
-Ямар хор уршигтай вэ?
-Хоёулаа л 100 хувь эдгэрдэг өвчин. Ялангуяа вирусийн гаралтай нь үлдэцгүй хурдан хугацаанд эдгэрнэ. Менингококкт халдварын менингит нь 100 хувь эдгэрэх ч үлдэц байдаг.
-Вируст менингит нь хүндрэхээрээ менингококкт болох аюул бий юү?
-Тийм боломжгүй. Нэг нь нянгаар, нөгөөх нь вирусээр үүсгэгддэг. Насны хувьд ч өөр. Бидний хийсэн судалгаагаар менингококкт нь 0-5, вирусийнх нь 5-15 насныхан голдуу
өвчилнө.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №41/24522/