Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг 22 дахь жилдээ тодруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Энэ жилийн шалгаруулалтын хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжилж буйгаараа онцлог болов. “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана” хэмээн Ерөнхий сайд онцолсон. Шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэн нь шинэлэг болжээ. 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрээд байгаа юм. Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдийг улам сайжруулж өнөөгийн хүндрэлийг даван туулахад шилдэг аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
Лхагва гарагт соёл, урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсав. Тэдний шаардлагын дагуу Соёлын сайд Ч.Номин УДБЭТ-т соёл, урлагийн салбарынхантай уулзалт зохион байгуулж Засгийн газрын ээлжит хуралдаанаар алслагдсан газарт ажиллаж байгаа соёлын салбарынханд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан талаар танилцуулсан юм. Хуульд алслагдсан соёлын салбарт ажиллагсдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг тул дээрх нөхцөл хангасан 3000 гаруй хүн буюу соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэхүү нэг удаагийн тэтгэмж авах аж. Соёлын байгууллагынхны сарын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгааг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай харьцуулбал 6-25 хувь бага юм. Тиймээс соёлын салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн энэ онд багтаан нэмэгдүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж иргэдийн санал бодлыг сонссон. Энэ долоо хоногийн мягмар гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдан, иргэдийн санал бодлыг нэгтгэжээ. Үүнд үндэслэн УИХ-д суудалтай гурван нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар буюу УИХ-ын гишүүдийн тоог 126, тогтолцоог 60:40 байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн талаараа пүрэв гарагт мэдээллээ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн саналыг авах ажил дуусаагүй байгаа. Төсөлд нийт гишүүдийн 50 хувийг мажоритар аргаар, 50 хувийг пропорционал аргаар сонгохоор тусгасан ч хэлэлцүүлгийн явцад иргэдээс, УИХ-ын гишүүдээс, мөн улс төрийн намуудаас 60:40 гэдэг хувилбараар УИХ-ын 126 гишүүнийг сонгодог байх санал гараад байгаа юм. Энэ хувилбараар УИХ-ын байнгын хороод энэ долоо хоногт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд байна.
Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх 20 жилийн түүх, мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, ил тод болгосон нь энэ долоо хоногийн эхэнд дуулиан тарив. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийсэн юм. Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээ сунгасан шилжүүлсэн зэрэг нийт 36958 ширхэг захирамжийг сайтад нээлттэйгээр байршуулжээ. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд хийсэн нэг том алхам болсныг долоо хоногийн үйл явдлаар онцолж байна.
Энэ долоо хоногт Засгийн газрын түвшинд хэд хэдэн томилгоо хийгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарыг албан тушаалаас нь огцруулсан. Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцээд хангалтгүй үнэлгээ авсан тул дээрх хоёр Засаг даргыг ийнхүү чөлөөлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн Н.Мандуулыг лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг энэ долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгээр сараас ажиллаж байсан юм.
Ташрамд дурдахад, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Ковид-19”-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж, амны хаалтаа зүүхийг уриалсан нь энэ долоо хоногийн анхаарууштай мэдээ байлаа. Дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд “Covid-19”-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж. Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-аас цөөн хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт “Ковид-19”-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгаа бөгөөд омикроны дэд хувилбараар 101 хүн өвчилсөн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна