Намууд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоход санал нэгдлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуу­лийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. УИХ-ын гишүүд бүр тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Энэ удаагийн өөрч­лөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог одоогийнхоос хоёр дахин буюу 152 болгон нэмэгдүүлэхээс гадна сонгуу­лийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахаар оруулж ирсэн юм. Ингэхдээ тойргоос сонгогдох буюу мажоритар 50, жагсаалтаар буюу пропорционалаар 50 хувь нь сонгогдох хуваарилалтыг хуульд тусгасан. Гишүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт төсөл танилцуулах ажил хийсэн бол энэ долоо хоногт тэдний тайлан, мэдээлэлтэй танилцан, бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Ингэснээр УИХ-ын бүх  байнгын хороогоор  Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлгийг хийснээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.  Тодруулбал, энэ сарын 17-нд гишүүдийн тойрогтоо  танилцуулах ажил дууссан бөгөөд үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны талаар  Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын гишүүд орон нутагт ажилласан талаарх мэдээллийг сонссон. Бүлгийн хурал өн­дөр ирцтэй хуралдаж, 40 гаруй гишүүн үг хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд ямар байр суурьтай байгаа талаар ярилцаж, гишүүд саналаа хэлсэн. Орон нутагт ажилласан гишүүдээс гурван зүйлийг хэлж байна. Нэгдүгээрт, холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна. Иймд холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах боломжтой гэж үзлээ. Хоёрдугаарт, иргэдээс гишүү­дийн тоог 152-оос бууруулах санал давамгайлж байна. Гуравдугаарт, харь­цааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэдэг саналыг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо 152-оос бага байх ёстой. Мөн харьцааны тоог Үндсэн хууль­даа тусгах шаардлагатай юм байна. Сонгуулийн тухай хуулиар явж болох ч тухайн эрх барьж буй нам нь байнга өөрчилж,  тогтворгүй байдал үүсгэх   мэдэх тул Үндсэн хууль­даа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэж байгаа. Иймд АН, ХҮН-тай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлыг зөвшилцөж ярилцаад бүлгийн хурлаараа дахин хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэж үз­лээ” хэмээн танилцуулсан. Түүнчлэн гишүүдийн тойрогтоо ажиллах явцад иргэд бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотойгоор бухимдлаа илэрхийлсэн учраас ойрын хугацаанд төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулан танилцуулах чиглэлийг бүл­гийн хурлаас Засгийн газарт өгсөн юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хаврын тариалалт, зуншлага тааруу газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, орон нутагт тэр дундаа сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, тодорхой асуудлуудаар  Засгийн газарт чиглэл өгсөн. Ийнхүү эрх баригч намын бүлгээс УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөх шаардлагатай гэж үзсэний дагуу МАН, АН, ХҮН намынхан нэгдсэн зөвшилцөлд хүрснээ танилцууллаа.

 

Үндсэн хуулийн  өөрчлөлтийн төслөөр УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрлээ

 

 Үндсэн хууль бол харилцан ойлголцлын баримт бичиг учраас  нэгдсэн ойлголцолд хүрэх нь хамгийн чухал гэж эрх баригч намынхан үзсэн. Үүний дагуу  УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намынхны зүгээс нэгдсэн ойлголцолд хүрснээ зарлан, хамтарсан мэдээлэл хийсэн юм. Тус хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд нар оролцов.  Зөвшилцлийн талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Намын бүлгүүд хуралдаж, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл уулзан, зөвшилцсөний үндсэнд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтийн саналыг сонсож, үзэл бодлыг тусгах зарчмыг баримталж байгаа. УИХ-ын гишүүдийг өнгөрсөн долоо хоногт тойрогт ажиллах үеэр иргэд холимог тогтолцоог байх боломжтой гэж дэмжсэн. Тиймээс иргэдийн саналд тулгуурлаж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ мажоритар тогтолцоо буюу тойргийн төлөөллийг давуу байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэлээ. Нөгөө талаас иргэдийн зүгээс гишүүдийн тоог 152 байлгахыг дэмжихгүй, тоог бууруулах ёстой гэдэг саналыг илэрхийлсэн. Тиймээс намуудын төлөөлөл хэлэлцэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжлээ. Ингэхдээ мажоритар буюу тойргоос сонгогдох гишүүдийн тоо 76, пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр 50 гишүүнийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Мөн АН-аас холимог тогтолцоог 60:40 хувийн харьцаатай байлгах, ХҮН-аас 50:50 байх саналыг ярьж байгаа юм. Ингээд намуудын төлөөлөл парламентын зарчмаар ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 60:40 хувийн харьцаатай байхыг дэмжих байдлаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлье гэдэгт гурван намын төлөөлөл санал нэгдлээ” гэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоо, Үндсэн хууль, тэр тусмаа парламентын тогтолцоо, гишүүдийн тоонд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн нь үнэн. Тэр тусмаа холимог тогтолцоо улс орны хөгжил дэвшилд тодорхой өөрчлөлтийг авчрах талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн үед яригдсаар ирсэн. 2019 оны ҮХНӨ-өөр дутуу хийгдсэн зүйлүүд байгаа гэж үздэг. Энэ удаа АН-ын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, тооны харьцааг 60:40 байх, мажоритар тогтолцоог давуу байлгах шийдвэрийг гаргаж, бидэнд чиглэл өгсөн. Үүний дагуу УИХ дахь нам, бүлгийн удирдлагууд, УИХ-ын удирдлагууд, ажлын хэсгүүд хуралдаж, 126 гишүүнтэй байхаар санал нэгдлээ. Үндсэн хууль гэдэг нь зөвшилцлийн, харилцан ойлголцлын томоохон баримт бичиг. Тиймээс бидний энэ удаагийн уулзалтын үр дүн ойлголцлын цэгт огтолцлоо гэж ойлгож байна. Нөгөө талаас 126 гэдэг тоонд шинжлэх ухааны томоохон үндэслэлүүд байгаа юм. Тухайлбал, 1992 онд анхдугаар Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг 76 байхаар батлахад нэг гишүүнд 26 мянган сонгогч иргэн ногдож байлаа. Тэр үед Монгол Улс 2.050.000 иргэнтэй байсан. Энэ харьцаагаар бодсон ч 126 гишүүнтэй болох нь төлөөлөх зарчимд нийцнэ гэдэгт намын бүлгүүд санал нэгдлээ” гэсэн бол ХҮН-ын дарга Т.Дорханд “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн. Өнгөрсөн хоёр жил энэ асуудлыг ярьж, иргэдэд мэдээлэл өгсөн. Эцэслэн шийдвэрлэх мөч ирж байна. Олон хэлэлцүүлэг, яриа хэлцэл болсон. Тухайлбал, өчигдөр улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай намын удирдлагууд удаан хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилцлаа. Иргэдийн гаргаж байгаа саналуудыг авч үзвэл, УИХ-ын гишүүдийн тоог бууруулах асуудлыг их ярьсан. Харин гишүүдийн тойрогтоо ажилласан үр дүнгээс нягтлаад үзвэл тогтолцооны асуудал буюу нэг тойрог болж бодлогын улстөрчдийг гаргаж ирэхийг дэмжиж байна. Харин гишүүдийн тооны тухайд  ХҮН-ын албан ёсны байр суурь бол УИХ-ын гишүүдийн тоо 152 болгох ёстой гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл, судлаачдын байр суурьт үндэслээд шийдвэрээ гаргадаг байя гэж үзсэн. 2042 он гэхэд Монгол Улсын хүн ам таван саяд хүрнэ. Цаашид 2050, 2060 он гэхэд 10 саяд хүрэх тооцоо бий. Иймд Үндсэн хуульдаа дахин, дахин “гар хүрээд” байх уу, эсвэл ирээдүйгээ харсан шийдвэр гаргах уу гэдэг байр суурьтай байсан. Тогтолцооны хувьд 50:50 хувь буюу пропорционал нь 50, мажоритар нь 50 хувь байхаар асуудалд хандсан. Гэхдээ зөвшилцөл бол парламентад байх ёстой соёл гэж бид хүлээж авдаг учраас АН-ын 60:40 байна гэх бодлогын саналыг хүлээж авсан. Дээрх хоёр асуудал шийдэгдсэнээрээ Монгол Улс “том алхана” гэдэгт бид итгэлтэй байна. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцоогоо өөрчлөх, парламентын дархлаагаа бэхжүүлэх суурь асуудлууд бол дараагийн салбарын бодлого суурьших боломж бий болно. Үүнд эдийн засагч, судлаачид санал нэгдэж байгаа” гэлээ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 16 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 19 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 19 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 19 цагийн өмнө
SDY Calling you... 19 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 20 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22