М.Мандхай: Төр хөдөлмөр эрхлэгчдийн ирээдүйг хамгаалах тогтолцоогоо эргэн харах ёстой



МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.МАНДХАЙТАЙ ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авч, нийгмийн тулгамдсан асуудлаар яриа өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Юуны өмнө албан бус салбар болон тус салбарт ажил эрхлэгч гэдэг ойлголтоо задалж ярих уу?

-Монгол Улсын хувьд албан бус хөдөлмөр эрхлэлт хэмээх ойлголт нь 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд гарч ирсэн. Сүүлийн үеийн судалгаануудаас үзвэл, албан бус салбар Монгол Улсын ДНБ болон хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байна. ҮСХ-ны тооцоогоор 2015 онд албан бус эдийн засаг /АБЭЗ/-ийн үйлдвэрлэл ДНБ-ий 15.5 хувь, албан бус хөдөлмөр эрхлэлт /АБХЭ/ (ХАА-н салбарыг оруулалгүй) нийт ажиллагсдын 14.4 хувьтай тэнцүү байсан. Харин 2018 оны байдлаар АБЭЗ- ийн үйлдвэрлэл ДНБ-ий есөн хувь орчмыг эзэлж буурсан ч АБХЭ-ийн    тоо    эсрэгээрээ өссөнийг судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, АБЭЗ нь улс орны эдийн засагт үлэмж хувийг эзэлдэг, тус салбарт хамаарах хүн амын тоо их байдаг тул АБЭЗ-ийн салбарыг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Тухайлбал, албан бус секторыг кластер, хамтын үйлдвэрлэл, хоршооллын загварт орж хөгжүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээний нэмүү өртгийн сүлжээ хөгжих суурь бий болно. Цаашлаад хүний эрхийн асуудал, зөрчил аажмаар буурч хүний хөгжил, хүүхэд, гэр бүлийн амар амгалан орчин бий болно.


Хариуцлагатай бизнес эрхлэлт хөгжиж татвар, хураамжийг тогтвортой бүрдүүлдэг орчин үүсэх  нийгмийн асуудал, бэрхшээлийг бууруулах замаар эрүүл амьдрах, архидалт, хүчирхийллийг шийдвэрлэх зэрэг эдийн засаг, нийгмийн эко систем бүрдэх давуу талтай. ОУХБ-аас албан бус хөдөлмөр эрхлэлтийг тодорхойлж, Засгийн газруудад холбогдох зөвлөмж хүргүүлж хамтран ажилладаг ч улс орон бүр өөрсдийн онцлогтой уялдуулан АБХЭ-ийг тодорхойлдог. Монгол Улсын хувьд малчдыг тус тодорхойлолтод оруулах эсэх нь нэлээд хэцүү асуудал. Тийм болохоор сүүлийн үеийн судалгаануудыг харахад, Монгол Улсын АБХЭ-ийн тоо 2022 оны байдлаар ХАА салбарыг хамруулбал ~500.3 мянга, ХАА салбарыг оролцуулахгүй бол ~215.3 мянгад хүрээд байна. АБХЭ-ийн нийтлэг хэв шинжүүдийг дурдвал, хөдөлмөрийн гэрээгүй цалинтай ажиллагсад, аж ахуйгаа бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хувиараа бизнес эрхлэгчид, цалин хөлсгүйгээр өрхийн аж ахуйдаа тусалж буй ажилчид болон зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувь хүмүүс хамрагдаж  байна.  Эдгээр хүмүүс маань зах, бөөний төвүүд дээрх худалдаа, оёдол, барилгын засал, чимэглэл, гар урлал, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх, барилгын туслах ажлууд, мужаан, тавилга үйлдвэрлэх, цайны газар ажиллуулах гэх мэт ажил гол төлөв гүйцэтгэдэг.

-Албан бус хөдөлмөр эрхлэгч­дэд  ямар асуудал тулгардаг вэ?

-Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл, асуудлыг ярихаас өмнө, тэдгээрийн яагаад АБХЭ болж байгааг ойлгох хэрэгтэй. Нийтлэг шалтгаан нь амьжиргаагаа тэтгэх, хүний дайтай амьдрахын тулд орлого олох зорилготойгоор албан бусаар хөдөлмөрлөж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны бүртгэлтэй болоод ААН болохоор татварын орчин нөхцөл тааламжгүй байх, хүү багатай зээлд хамрагдах боломжгүй байх, ажил мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэхэд өөрсдийн амьжиргаанд үл хүрэлцэх цалинтай байх, хувиараа хөдөлмөр эрхлэгч ялангуяа бие даасан ажиллагсдын орлогын хэлбэлзэл нь татвар, шимтгэлээ тогтмол төлөхөд хүндрэл үүсгэж болзошгүй, олж буй орлогоосоо ирээдүйн эрсдэлээ бууруулах зорилгоор даатгал төлөхөөр ирээдүйг нь хамгаалахгүй тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоотой байх гэх мэтээс шалтгаалдаг. Ийм тогтолцооны асуудлууд байгаа учраас АБХЭ буурахгүй байна. Харин албан бус хөдөлмөр эрхлэгчдэд  багагүй хүндрэлтэй тулгардаг. Жишээлбэл, өвчтэй байсны тэтгэмж, ээлжийн амралт олгодоггүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, тогтсон хуваарийн дагуу ажлынхаа хөлсийг авахгүй байх, аливаа эрүүл мэндийн байгууллагын хөнгөлөлттэй үйлчилгээг авахгүй, ХАБЭА болон аятай таатай ажлын орчноор хангагдахгүй, зээл судлуулах боломжгүй, стандарт шаардлага хангахгүй ажлын байранд ажиллах, долоо хоногт нормоос илүү цагаар (18.9 цаг) хөлсгүйгээр ажиллах гэх мэт хүндрэл үүсдэг. Үүнээс гадна сүүлийн үеийн судалгаагаар гарч ирсэн хамгийн том бэрхшээл бол ковидын үед албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бараг тал нь өрхийн орлого нь амьжиргааны зардлаа нөхөхөд хүрэлцээгүй байна.

-Монгол Улсын хэмжээнд албан бус хөдөлмөр эрхлэгч гэдэг ангилалд хөдөлмөрийн насны ажиллах хүчний хэдэн хувь нь багтаж байна. Энэ тал дээр хийсэн судалгаа танд байгаа байх?

-2022 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар орсон тооцоогоор албан бус хөдөлмөр эрхлэгчид нийт 500.3 мянга байна. Харин ХАА салбарыг оролцуулахгүй бол 215.3 мянган хөдөлмөр эрхлэгчид байгаа бөгөөд үүний 60 хувь нь эрэгтэйчүүд. Энэ талаар түүврийн аргаар хийсэн нарийвчилсан судалгааг 2021 онд хийсэн байдаг. Тус түүврийн судалгаанд хамрагдсан албан бус хөдөлмөр эрхлэгчдийг насны бүлгээр харьцуулбал 70.2 хувь нь 36-55 насныхан, 17.6 хувь нь 35 хүртэлх насныхан байна.Албан бус салбарт эрэгтэйчүүд илүү ажилладаг бөгөөд сүүлийн 10 жилд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн эзлэх хувь илүү хурдацтай нэмэгдэх хандлагатай байна. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 7.3 хувь нь ажилтан, 42.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 50.5 хувь нь ажил олгогч бүрдүүлж байна.

-Албан бус хөдөлмөр эрхлэгч­дийн тоо буурах хандлага ажиг­лаг­даж байгаа юу, эсрэгээрээ өссөн дүнтэй байна уу?

-Ер нь аль ч улсад албан бус сектор байдаг. Огт байхгүй болж байсан түүхгүй. Харин ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы үе, албан бус секторыг тэлэх процессыг идэвхжүүлсэн. Энэ тэлэлт манай улсыг ч тойроогүй нь албан бус секторт ажиллагсдын тоо нэмэгдсэн үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээг харахад шууд ойлгогдохоор байна. Уг өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байх боломжтой юм.

 

1.“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Цар тахлын хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталж байсан. Уг хуулийн хүрээнд ажил олгогч болон ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өсөөгүй ба ажил олгогчид ажилтандаа хөнгөлсөн хоёр хувийг олгож байсан. Харин цар тахлын хөнгөлөлтүүд 2022 онд дууссантай холбоотойгоор ажил олгогч болон ажилтанд ирэх шимтгэл төлөлтийн дарамт нэмэгдэж эхэлсэн.

2. Цар тахлын үеэр ихээхэн тэлэлт хийж ажиллах хүчээ нэмж байсан компаниуд эдийн засгийн өсөлтийн удаашралт, татвар, шимтгэлийн дарамтаас үүдэн ажилчдаа цомхотгож эхэлсэн.

3.Түүнчлэн ажлын хөлсний доод хэмжээ нэмэгдэж, инфляцын түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор ажил олгогчийн төлбөрийн дарамт улам ихсэж ажилд авах эрч удааширсан.

4.Мөн онлайн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн тоо нэмэгдсэн ч зохих ёсны дагуу татвар, шимтгэлээ төлж буй иргэдийн тоо бага. Онлайн бизнес, бизнесийн дижиталчлал зэргийг дагаад хүргэлтийн үйлчилгээ, контент маркетинг гэх мэт хувиараа бизнес эрхлэх боломжууд цар тахлын үед хүчээ авсан нь АБХЭ өсгөх орчныг бүрдүүлчихлээ гэж харж байна.

 

-Албан бус салбарт ажиллагсад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал муутай хүний эрхийн зөрчилтэй орчинд ажилладаг гэж байна. Тэд яагаад тохь тухгүй орчинд эрхээ зөрчүүлсэн ч ажиллаад байдаг юм бэ гэдэг асуулт гарах нь мэдээж?

-Албан ёсны салбарт ажиллаж, улмаар төлсөн татвар, шимтгэлийн хариуд төр, засгаас хангалттай үйлчилгээ, өгөөж хүртэх ёстой, одоогоор хүртэж чадахгүй байна. Тиймээс ирээдүйд үүсэх эрсдэлээ үл тоон өнөөдрийн ахиу орлого, цалин, хөлсний төлөө албан бусаар ажиллаж байна.

-Энэ салбарыг албан ёсны болгохын тулд танд шийдэл байгаа биз дээ?

-НҮБ болон түүний Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй түншлэгч байгууллагууд нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй хөгжлийн томоохон сорилтуудыг шийдвэрлэх харилцан уялдаатай, тодорхой зорилт бүхий Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр зорилгод байгаль орчныг хамгаалах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, зохистой хөдөлмөрийг дэмжих, эрүүл мэнд, боловсрол, ус, ариун цэвэр эрүүл ахуй зэрэг төрийн чанартай үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон чухал асуудлаар хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг 2006-2015 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2020-2024), Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого (2016-2025) зэрэг бодлогын баримт бичигт албан бус эдийн засагт ажиллагсдыг бүртгэлжүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, албажуулах зэрэг зорилт, арга хэмжээг тусган ажиллаж байна. Гэхдээ бид ганцхан төрийн шийдвэрийг хараад суух биш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоодын төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулж албан бус секторыг бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэх хэрэгтэй. Албан бус салбарын бүх л хэлбэр, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч, ажиллагсад дээрээ суурилсан мэдээллийн санд дурдсан бүх зүйл багтсан байх болов уу. Ийм мэдээллийн сантай болсноор төрөөс гарах бодлого шийдвэр илүү хөрсөн дээрээ буусан, хэрэгжүүлэх арга зам ч бодитой ажил болж чадна. Мэдээллийн сан төрөлжөөгүй, дутмаг байгаа учраас барьцгүй, албан бус сектор үл мэдэгдэх ертөнц аятай л байна. Мэдээллийн сандаа тулгуурлаад албан бус салбарын ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилчдыг үе шаттайгаар албан ёсны салбар руу шилжүүлэх механизмыг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүртгэлд хамрагдсанаар урт, богино хугацааны  чадавхжуулах сургалтад  хамрагдах, цаашлаад өөрийн боломжид тулгуурлаж татвар, шимтгэл төлөх, төлсөн татвар, шимтгэлдээ тохирсон үр өгөөжийг нийгмээс хүртэх гэх мэт орчныг бүрдүүлнэ. Мөн нөгөө талд ажил олгогчид орлого зарлагаа зөв удирддаг, бизнесээ удирдах арга ухаанд суралцах, чадавхжих, зээл авах, гэрээг хэрхэн өөртөө алдагдал, эрсдэлгүй үйлддэг болох зэрэг олон боломжууд байдаг тухай мэдээлэлтэй болж бизнесээ зөв удирддаг болох гэх мэт давуу тал олон бий болно. Албан бус секторт хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогчид өдрийн орлого олж амьдрах зорилготой ажиллах бус бизнес нь хэрэглэгч, харилцагчдад өгөөжтэй, бизнесээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, танигдах, нийгэмдээ үнэ цэн бүтээлцэж байгаа хариуцлагатай бизнес эрхлэгч юм гэдэг итгэл үнэмшилтэй, зорилго, тэмүүлэлтэй болох ч боломж бий.

-Эдгээрийг ажил хэрэг болгох ямар арга зам байна вэ?

-Юуны өмнө мэдээллийн сандаа тулгуурлаад газар нутгийн бүсчилсэн төлөвлөгөө гаргах, бүс болгондоо албан бус бизнесээ төрөлжүүлэн хуваарилж төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран сургалт мэдээллийг төрөлжүүлж хэрэгжүүлэх төвүүдтэй болох нь зохистой байхаар байна. Энэ төвүүдээр дамжуулан дээр дурдсан мэдлэг мэдээллээ түгээх, сургалт хийх, ажил олгогч, ажиллагчдаа чадавхжуулах, соён гэгээрүүлээд явбал үр дүн гарах боломж бий. Тухайлбал, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэд бизнесээ тогтвортой байлгахын тулд хэрхэн зөв удирдах санхүүгийн мэдлэг, маркетинг, борлуулалтын менежментийн боловсрол, бизнесийн өгөөжтэй загварын ач холбогдол, онлайн бизнесийг хэрхэн хийх тухай, бизнесийн гэрээ хэлцэл яаж хийх, эрх үүрэг нь ямар байх, мэргэшүүлэх зэрэг олон төрөлжсөн чадавхжуулах сургалтууд хийх юм. Ингэснээр аажмаар зохистой хөдөлмөр эрхлэлт рүүгээ орох давуу талуудыг олж харна.

-Таны дурдсан тус төвүүд ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэд цааш өсөх дэвших, бизнесээ өргөжүүлэх боломжуудыг нээж өгөх юм байна гэж ойлголоо?

-Миний хэлэх гээд байгаа гол агуулга нь сургалт, мэдлэгээр дамжуулж бизнесүүдийг ижилслээрээ нэгдэн нийлэх хамтын аж ахуйн бүтэц болох бизнесийн үр өгөөжтэй загварт оруулах, зохион байгуулалтад орох, цаашлаад өргөжин тэлж улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж болох тэр арга замыг нь нээж өгөхөд чиглэгдэнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнө тулгардаг нэг бэрхшээл санхүүгийн хүндрэл гэж өмнө нь дурдсан. Тэдгээр бизнесийн хувьд тоног төхөөрөмжтэй болж үйлдвэрлэл бизнесээ өргөжүүлье гэхэд хүч нь хүрдэггүй. Нэг тоног төхөөрөмж зээлээр авлаа гэхэд зээлэндээ боогдоод бизнесээ өргөжүүлж чадахгүй унагаах тохиолдол ч бий. Нэг үйлдвэрлэл босголоо гэхэд бүх ажлаа ганцаараа хийх болдог учраас хүч нь тарамдах тал гардаг. Төвүүдээр дамжуулан сургалт, мэдээлэл авсан албан бус салбарынхнаа ижилслээр нь нэгдүүлж нийлүүлэх бизнесийн загварт оруулбал бизнесдээ өгөөжтэй, тус дэм болоод цааш хөгжих боломжтой болох юм гэж харагдаад байгаа юм.

-Танд нэмж хэлмээр зүйл байгаа болов уу?

-Манай холбоогоор хүрэлцэн ирж, уулзаж байгаа өрхийн, хувиараа бизнес эрхлэгчидтэй  ярилцаж байхад хүмүүст сургалт үгүйлэгдэж байгаа нь харагддаг. Тэд тасралтгүй хөгжихийг хүсэж байна. Үүнийг эрчимжүүлэхэд төрийн бодлого, хэрэгжилт онцгой ач холбогдолтой. Миний хувьд албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг бодитой ажил хэрэг болоход анхаарч ажиллах, илүү боловсронгуй болгохыг чухалчилж байна. Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны дүрмийн хүрээнд  бизнесийн зөвлөл  байгуулагдсан. Уг зөвлөлөөрөө дамжуулаад эхний ээлжид бизнес ба хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чадавхжуулах, мэдлэгжүүлэх сургалтууд хийх ямар боломж, гаргалгаа байгаа асуудлаар болон цаашлаад нийслэл, аймаг, орон нутагт ч “Алсын хараа- 2050”, мөрийн хөтөлбөрт тусгагдсан холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

-Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сэдвээр  ярилцсан танд  баярлалаа.

Трамп  Төмөрөө 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/

 


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.115
2023/05/19
1
0
Shine zaluu bolovsroltoi humuusee demjij ajillah heregtei
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 18 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 18 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22