Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон тогтолцооны асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Та эдийн засагч хүний хувьд гишүүдийн тоог нэмэгдүүлэх үндэслэл, шаардлагыг хэрхэн харж байна вэ?
-Одоо байгаа мажоритар тогтолцооны хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэвэл ямар ч сайжруулалт болж чадахгүй. Харин тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага яагаад үүссэн бэ гэдгийг эдийн засгийн талаас нь тайлбарлая. Одоо мөрдөж буй мажоритар тогтолцоог харахаар улсын төсвийг 76 тийш хуваачихдаг болсон. Энэ нь төсвөө хамгийн үр дүнтэйгээр буюу өндөр өгөөж өгөх төсөл хөтөлбөрт зарцуулж чадахаа больсон. Үндэсний хэмжээний том төслүүд нь орхигдоод, орон нутаг руу хуваагдчихдаг гэсэн үг.
Монгол Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт нь эдийн засагтаа хэдэн хувь эзэлж байна гээд харахаар өндөр байгаа. Бусад улстай харьцуулахад ч харьцангуй өндөр дүнтэй. Гэтэл өгч байгаа өгөөж нь бага. Жишээлбэл, нэг нуурын хоёр талд 350 хүүхдийн суудалтай хоёр сургууль барьчихсан, аль аль талдаа 50 хувийн л дүүргэлттэй байх жишээний. Хоёр соёлын төвтэй ч сум байна. 2000-аадхан хүнтэй суманд 1000 хүний суудалтай соёлын төв барьчихсан гэх мэтээр бүтээн байгуулалт өрнөөд, шинэ байр байшин бариад байгаа юм шиг атлаа өгөөж муу. Үүний цаана чанартай ажлын байр бий болгох, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх чиглэлд үр дүн байдаггүй.
-Үүний гор нь эргээд ямар байдлаар гарч байна вэ?
-Шуудхан хэлэхэд эрчим хүчний дутагдал, тээвэр логистикийн асуудал нүүрлэчихсэн байна. Яагаад ийм байдалд хүрчихэв гэдгийг уг үндсээр нь аваад үзэхээр УИХ-ын гишүүд маань тус бүрдээ тойрогтоо хөрөнгө оруулалт татаж, ямар нэгэн бүтээн байгуулалт өрнүүлж чадаагүй тохиолдолд дахин сонгогдох магадлал нь багасчихдаг. Энэ нь асуудал хүндээ биш тогтолцоонд байгааг харуулж байгаа юм. Тийм л учраас энэ нөхцөл байдлыг өөрчлөх шаардлага зүй ёсоор үүсчихсэн гэж ойлгож болно. Бидэнд тойргоос хамааралгүй улстөрчид хэрэгтэй байна. Үүнийг сонгуулийн тогтолцоондоо пропорционал систем нэвтрүүлж байж үр дүнд хүрнэ гэж харж байна.
-Пропорционал тогтолцоог нэвтрүүлэхэд харьцаа хэд байвал хамгийн зөв хуваарилалт болох вэ. МАН 50/50 байхаар оруулж ирсэн ч АН 60/40 гэдэг саналтай байгаа шүү дээ?
-Хэрэв пропорционалыг нэвтрүүлбэл 50:50 гэсэн санал зөв. Ямар ч тохиолдолд 40-өөс дээш хувиар оруулж ирэх шаардлагатай гэж харж байна. Пропорционалыг 15 хувиар оруулж ирээд холимог тогтолцоотой болсон зарим улс бий. Гэтэл 15 хувиар багадсан харагддаг, үр дүнгийн хувьд ч сайнгүй байдаг. Тооны хувьд харин бодлого бодож үзэцгээе. Хэрэв тоог нэмэхгүй 76 хэвээр үлдээе гээд 50:50 хувиар пропорционалыг нэвтрүүллээ гэхэд 38/38 гэдэг дүн гарна. 38 нь мажоритар, 38 нь пропорционал гэсэн үг. Ингээд 21 аймаг, есөн дүүрэг гэж үзвэл нэг аймгаас УИХ-ын нэг л гишүүн, нэг дүүргээс нэг, магадгүй хүн ихтэй дүүргээс хоёр гишүүн гарч ирэх болчихоод байгаа биз. Тэгэхээр нэг аймгийг нэг гишүүн төлөөлөх нь хангалттай эсэх асуудал гарч ирнэ. Тиймээс 152 гэдэг саналыг дэмжиж байгаа.
-Гишүүдийн тоог нэмэгдүүлж, тогтолцоог өөрчлөх үндэслэл, шаардлагыг та эдийн засгийн талаас нь тайлбарлалаа. Тэгвэл өөр үндэслэл бий юү?
-Улс төр талаас нь харж болох юм. Дэлхийд ирэх 20 жилийн хугацаанд улс төр болон эдийн засаг талдаа маш их өөрчлөлт гарахаар байна. Жишээлбэл, дэлхийн хамгийн томд тооцогддог “Их долоо”-гийн тал хувьд нь өөрчлөлт орно. БНХАУ эдийн засаг төдийгүй улс орны хэмжээ, худалдан авах чадвараараа тэргүүлэхээр байна. Эдгээр өөрчлөлт бидний маш ойрын хүрээлэлд болж байгаа учраас манай улсад үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэх эрсдэлтэй. Тэгвэл гаднын нөлөөллийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Одоогийн 76 гишүүнтэй байхад 39 хүн хуралдаад 20 хүний саналаар нэг хууль батлагдах боломжтой. Гэтэл 20 хүнд нөлөөлөх боломж ямар байх вэ гэдгийг зайлшгүй тооцох шаардлагатай юм. Харин өргөн барьсан саналын дагуу 76-гаар нэмэгдүүллээ гэхэд дээрх 20 гэдэг тоо багадаа 40 болж нэмэгдэнэ. Тэгэхээр 40 хүнд нөлөөлөхөд 20 хүнийхээс хоёр дахин хэцүү болох нь. Нөгөө талаас улс төрд зөвхөн гаднын нөлөө гэхээсээ илүү дотоодын тогтвортой байдлыг чухалчлах ёстой. 1960 оноос хойших НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан хүнсний үнийн индексийг сүүлийн 20 жилийнхээр аваад үзэхээр хамгийн өндөр үзүүлэлт нь 2011-2012 онд байсан. Тухайн үед юу болсон гэхээр дээрх индекс хамгийн өндөр хэмжээндээ хүрсний улмаас “Арабын хавар” болсон. Ингэснээр бараг 10 гаруй улсад хувьсгал гарсан байдаг. Товчхондоо, Арабын хувьсгал гарах үндэс суурь нь ерөөсөө хүнсний бүтээгдэхүүний болон эрчим хүчний үнэ байсан. Ингээд 2012 оноос дээрх үзүүлэлт буурч тогтворжсон хэдий ч ковидын үеэр огцом өсөж, 2022 онд дээд цэгтээ хүрсэн. Эргэн тойронд, дэлхий нийтэд болж буй энэ бослого тэмцэл, улс төрийн тогтворгүй байдал зэрэгт хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт үнэмлэхүй хэмжээгээр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хийж болж байна. Шриланк, Пакистан, Судан зэрэг улсыг шууд нэрлэж болно.
Манай улсын хувьд өнөөдрийн инфляц, тэр дундаа хүнсний инфляц өндөр байна. Энэ үед улс төрийн тогтвортой байдлыг хэрхэн илүү бүрдүүлж чадах вэ гэдгийг олон талаас нь бодох шаардлага зүй ёсоор үүсчихээд байна. Намын босгыг гурван хувьтай гэж авч үзвэл нийт 7-8 нам УИХ-д орж ирэх боломжтой гэсэн тооцоо байна. Үүнийг хэрхэн харах ёстой вэ гэхээр эдгээр намынхан талбай дээр гарч жагсахын оронд парламентын танхимдаа орж ирээд бодлогын мэтгэлцээн өрнүүлээд, талбай дээрх эсэргүүцлээ танхим дотор гаргаад буюу асуудлаа шийдвэр гаргах эрх бүхий танхимдаа ярилцаад үр дүн гаргаад явбал манайх улс төрийн хувьд илүү тогтвортой байх болов уу. Улс төр тогтвортой байхгүйгээр эдийн засгийн өсөлт хөгжил ярих боломжгүй.
-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх үндэслэлийг төлөөлөх чадвар алдагдсан, даргын тогтолцоо үүссэн гэх зэргээр олон талаас нь тайлбарлаж байна. Тоог нэмэгдүүлснээр жишээлбэл энэ байдлыг өөрчлөх боломж бий юү?
-Парламент бол тухайн улсын ард иргэдийн төлөөлөл байдаг. Өнгөрсөн 3-4 парламентыг харахад УИХ-ын 76 гишүүний хэчнээн нь мэргэжлийн хүмүүс байв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Макс Веберийн “Улс төр бол мэргэшил юм” гэдэг номд хоёр төрлийн улстөрч байдаг талаар гардаг. Эхнийх нь ард иргэдийн хүсэлтэд нийцсэн буюу тойргийнх нь иргэд гэрлэн дохио юм уу зам тавиулмаар байна гэдэг хүсэлт гаргасны дагуу гүйцэлдүүлдэг. Хоёр дахь төрлийн улстөрч нь юу хүсэж байна биш, юу хийвэл бодит хөгжил дэвшил авчрах вэ гэдэгт анхаарч, иргэдийг өнөөдөр хүсэхгүй байсан ч гэсэн тэр чиг рүү хөтөлж явдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн үгийг дагаж намирахгүй буюу асуудлаа ач холбогдлоор нь эрэмбэлдэг гэсэн үг. Ийм төрлийн улстөрчдийн тоо цөөн байдаг. Тэгэхээр МАН пропорционал системийг оруулж ирэх санаачилга гаргаж байгаа нь хоёр дахь төрлийн улстөрчийг илүү хувиар оруулж ирэх боломж гэж хэлж болно.
-Таны хэлсэн хувилбарыг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн Сонгуулийн тухай хуульд оруулах боломжтой юу?
-Монголд сүүлийн хэдэн сонгуулийг харахаар сонгууль болохоос жилийн өмнө хуулиа өөрчилдөг жишигтэй болсон. Гэтэл тоглоомын дүрэм тогтвортой баймаар байна шүү дээ. Ирээдүйд магадгүй улстөрд өөрийгөө бэлдэх залуус ямар чиглэлээр, хэрхэн яаж бэлтгэх вэ гэдэг ойлгомжтой байх тусмаа тогтвортой байна. Тогтолцоог байнга өөрчлөөд байдаг, гэтэл тэр өөрчлөлт нь тухайн өөрчлөлтийг хийж байгаа хүмүүстээ л ашигтай байдаг. Тэгвэл үүнээс татгалзаад зоригтой алхам хийвэл олон удаагийн сонгууль ямар дүрмээр явах нь тодорхой болно.
-Эцэстээ тооны өөрчлөлт чанарынх болж чадах болов уу. Энэ тухайд та хэр итгэл үнэмшилтэй байна вэ?
-Энэ бол хамгийн чухал асуудал. Бид аливаа өөрчлөлт хийдэг, үр дүнд нь жагсаалтаар идэж уусан, бусдын боломжийг хулгайлсан хүмүүс ороод ирэхвий гэдэг бол хамгийн том болгоомжлол. Өнөөдөр манай намын удирдлага цэвэр түүхтэй, чадварлаг хүмүүсийг жагсаалтаар оруулж ирэх улс төрийн зоригтой шийдвэр гаргаж чадна гэж бодож байна. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэхээр өнөөдөр намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын манлайлан хэрэгжүүлж буй авлигатай хийх тэмцэл бол маш их зориг зүрх шаардсан ажил. Үүнийг амжилттай хийснээр Монгол Улсын түүхэнд гавьяа байгуулсан гэж хомжоо дүгнэгдэх болно гэж би хувьдаа хараад байгаа юм.
Ийм эр зориг гаргаад, ийм хэмжээнд цэвэрлэгээ хийж шинэчлэх гэж байгаа тохиолдолд намын удирдлага улс төрийн дарамт шахалтад автахгүй дээ. Тиймээс нэр дэвшүүлэлтэд МАН манлайлал үзүүлж, бусад намд үлгэр дурайл болно гэж харж байгаа. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас явуулж буй бодлогыг өргөн утгаар нь харахаар хувь хүний эрх ашгаас илүү намын, намын эрх ашгаас илүү улсын эрх ашгийг илүүд үзсэн зарчмаар асуудалд хандаж байгаа гэж хувьдаа дүгнэдэг. Тийм ч учраас өнөөдөр олон салбарт, эргээд нийгэмдээ шинэчлэл хийх орон зай бүрдэж байна. Өнөөдөр эдгээр шинэчлэлийг хийж чадвал бид тодорхой хэмжээний цаг хугацааг хэмнээд, ирэх жилүүдэд илүү тогтвортой, хурдтай хөгжих боломж бүрдэнэ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна