​ Ардчиллын хөгжилд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг


- Эрдэм шинжилгээний өгүүллийн хураангуй -

Монгол Улс 1990 онд нэг улс төрийн нам бүхий тогтолцооноос, олон намын буюу ардчилсан улс төрийн тогтолцоонд харьцангуй тайван замаар шилжсэн билээ. Ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон нь дэлхийн жишигт нийцсэн удирдлагын хэлбэртэй болох түүхэн бололцоог олохын сацуу улс төрийн намуудын тогтолцоо хөгжих эхлэлийг тавьсан. Улмаар улс төрийн намууд засаг төрийн үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан.
Энэхүү өгүүллийн хүрээнд улс төрийн нам, ардчиллын харилцан нягт уялдаа холбоог эмпирик түвшинд илэрхийллийг зорив. Улмаар улс төрийн намын хэв маяг, үүрэг, тогтолцооны хөгжил нь ардчиллын хөгжилтэй шууд хамааралтай болох талаар бичлээ. Учир нь, бүх ардчиллын төвд улс төрийн нам оршиж байдаг болно.

I. Ардчилал, улс төрийн намын уялдаа, түүний гүйцэтгэх үүрэг

Улс төрийн нам хэмээх институц бол ардчилсан улс төрд хамгийн чухал оролцогч байдаг. АНУ-ын улс төр судлаач Э.Шатшнайдер 1942 онд “Улс төрийн намууд ардчиллыг бүтээсэн ба орчин цагийн ардчиллыг намуудгүйгээр төсөөлшгүй” хэмээн хэлсэн нь магадгүй энэ тохиолдолд туйлын үнэн юм. 
Үүний нотолгоо нь өнөөдрийг хүртэл улс төрийн нам нь хууль тогтоогч, нэр дэвшигч, сонгогчдод ардчилалтай холбоотой тулгардаг сорилтуудыг даван туулахад нь тусалдаг институц болон хөгжиж ирсэнд оршино.
Тухайлбал, улс төрийн нам нь хууль тогтоох байгууллагад улстөрчдөд бодлого боловсруулах, хоорондоо зөвшилцөл хийхэд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх удирдамжийг боловсруулж өгч түүний дагуу хууль тогтоох боломжийг өгдөг. Сонирхолтой нь, улс төрийн нам сонгуулийн зардлыг бууруулахад хувь нэмэртэй байж чаддаг. 
Улс төрийн нам нь ардчилалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь төр, иргэн хоёрыг холбодог гэсэн үг юм. Нийгэм болон нийгмийн бүлгүүдтэй харилцах, тэдгээрийн ашиг сонирхлыг илэрхийлэхтэй холбоотой сонирхол илэрхийлэх (сонирхлын артикуляц), сонирхол нэгтгэх (сонирхлын агрегац), улс төрийн нийгэмшилтийг хангах байдлаар илэрдэг. Улс төрийн нам нь олон нийтийн сонирхлыг бүхэлд нь төлөөлөх чадвартай тул сонирхлын бүлгээс маш том ялгаатай. Тиймээс сонирхлын бүлэг эсвэл ТББ- уудаас илүү сонирхлын эрэмбэ тогтоох, бүлгүүдийн сонирхлыг харьцангуй жигд харгалзах бололцоо сонирхлын агрегац буюу сонирхол нэгтгэх үйл явцаар илэрч байдаг. Энэ нь улс төрийн намууд нь сонгогчид болон намын гишүүдээс санал авах замаар олонхын дэмжлэг авч засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг ардчиллын нийтлэг жишиг болно.
Нөгөө талаас улс төрийн нам нь боловсруулсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр сайн гүйцэтгэсэн эсэхийг улстөрчдөөс сонгогчдоор дамжуулж хариуцлага тооцох замаар мэдэж чаддаг цорын ганц институц юм.
Хамгийн чухал нь институцлэгдэж чадсан, нийтийн сайн сайханд үйлчилж чаддаг улс төрийн нам байхгүй бол иргэд ардчиллаас хөндийрөх, ардчилалд дургүй болох, ардчилал тухайн төрд байхгүй болох сөрөг байдал илэрнэ. Иймээс улс төрийн чадварлаг намууд нь ардчилал хөгжихөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг институц юм. 
Улс төрийн намын ардчиллын хөгжил, түүний тогтвортой байдалд нөлөө үзүүлэх гурван чухал үзүүлэлт байдаг. Үүнд:
Улс төрийн намын тоо
Улс төрийн намын өрсөлдөөн
Улс төрийн намын тогтолцоог үндэсний болсон байх ёстой гэсэн үзүүлэлт юм.
Улс төрийн намын тоо:
Ардчиллын хөгжилд улс төрийн намын тоо шууд хамааралтай байдаг. Энэ нь парламентад сонгогдох намын тоо нь төлөөллийн болон хариуцлага хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг гэж үздэг.
Улс төрийн намын өрсөлдөөн:
Хамгийн чухал үзүүлэлт нь улс төрийн нам хоорондын өрсөлдөөн харьцангуй тогтвортой үед намын тогтолцооны институцчлэл үүсдэг гэж үздэг. Ийм тогтолцоо дахь улс төрийн намуудын чадавх, институцчлэгдсэн байдлын шошго нь сонгогч, нэр дэвшигчдийн аль алинд нь үнэ цэнтэй болдог.
Улс төрийн намын тогтолцоог үндэсний болгох:
Энэ хандлагын амин сүнс нь улс төрийн томоохон намуудын хэр хэмжээг илэрхийлж байдаг. Улс төрийн намууд үндэсний, орон нутгийн түвшин эсвэл үндэсний болон анхан дунд шатны аль сонгуульд оролцож, өрсөлдөж чадаж байгаа эсэх асуудал юм. Улс төрийн намын тогтолцоо сайн төлөвшсөн байдал нь сонголтын төлөөлөх чадвар сайтай,  хариуцлага тооцох боломжтой, ихэнх улс төрийн намууд нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэх мэт шинжүүд ажиглагддаг. Энэхүү шалгууруудыг хангахгүй байвал ардчиллын хууль ёсны байдал хэврэг байгааг илтгэх юм.
Харин улс төрийн нам дараах үндсэн үүргийг биелүүлж чадвал ардчилал оршиж байгааг илтгэдэг. Тухайлбал:
Улс төрийн намын нийгмийн үүрэг: Иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг зааж өгөх хийгээд шаардлагыг тодорхой түвшинд гаргадаг. Тухайлбал, иргэдийн ашиг сонирхлын өмнөөс хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дуудах гэх мэт.
Үзэл суртлын үүрэг: 
Нийт нийгмийн гишүүд хий­гээд өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшилтэй болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлдэг. Тухайлбал, либерал, консерватив, социал-демократ, фашист, коммунист гэх мэт үзэл баримтлалыг санал болгодог.
Улс төрийн үүрэг буюу сонгуулийн, удирдлагын үүрэг: 
Төрийн эрх мэдлийн төлөө сонгуульд оролцож, засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах үүргийг хүлээнэ. Улмаар ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах хийгээд ард түмнийг төлөөлөх үүргийг хүлээнэ.
Орчин үед институцчлэгдсэн намууд ардчилалтай нягт холбоотой болохыг нотлох эмпирик баримтууд улам бүр нэмэгдсээр байна. 
Судлаач Бернхардын (Bernhard) үзэж байгаагаар институцчлэгдсэн намууд ардчиллаас урвах нь боломжийг хаадаг гэсэн. Тухайлбал, ардчиллын статус-кво (status- quo) дахь илүү их оролцоо, урт хугацааны үйл ажиллагааны явцад ардчиллын хэм хэмжээ, институцийг зөрчих гэсэн боломжит оролдлогыг эсэргүүцэх магадлал өндөр байдаг. Мөн найдвартай дэмжлэг бааз, зохион байгуулалтын чадавхтай байдаг гэжээ. Учир нь институцчлэгдсэн намуудын лидерүүд ардчилсан хэлэлцээрээс гажуудсан өрсөлдөгчийнхөө оролдлогын хариуд хамтын үйл ажиллагаагаар даван туулах чадвартай.
Статус кво гэдэг нь өнөөгийн байдал, ялангуяа нийгэм, улс төр, шашин шүтлэг, цэргийн асуудалтай холбоотой латин хэллэг юм. Социологийн утгаараа статус кво гэдэг нь нийгмийн бүтэц эсвэл үнэт зүйлсийн өнөөгийн байдлыг илэрхийлдэг. Бодлогын мэтгэлцээний тухайд энэ нь боломжит өөрчлөлттэй харьцуулахад нөхцөл байдал ямар байна гэдгийг илэрхийлнэ.
Улмаар дээр дурдсан үүрэг, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн нам, иргэдэд үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан, эсвэл заасан эрх, үүрэг шаардлагатай гэжээ. Энэхүү эрхүүд нь ардчилсан тогтолцоонд нь хэрэгжих боломжтой юм. Үүнд:
Зохион байгуулалтын эрх чөлөө буюу эвлэлдэн нэгдэх эрх
Сонгуульд нэр дэвших эрх чөлөө
Үг хэлэх, цуглаан хийх эрх чөлөө
Нам, нэр дэвшигчдийн шударга, тайван өрсөлдөөнийг хангах
Олон ургалч байдлыг хангах механизмууд бүрэлдсэн байх
Сонгуулийн үйл явцад орол­цох, сонгуулийн бай­гууллагатай харилцах эрх
Тоглолтын тэгш талбар, гарааны тэгш боломж, ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөл бүрдсэн байх
Хэвлэл мэдээллийн хүр­тээмж, шударга мэдээлэх баталгаа хангагдсан байх
Ил тод, хариуцлагатай улс төрийн санхүүжилттэй байх зэргийг дурдаж болно. Энэ бүхнээс харахад улс төрийн нам, ардчилал хоёрын уялдаа холбоо нь харилцан хөгжих хөшүүрэг болдог байна.

Судлаач Л.Даймонд, Р. Гюнтер нар “Улс төрийн намууд ба ардчилал” бүтээлдээ орчин үеийн ардчилсан улс төрийн системд намууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тэмдэглээд гүйцэтгэх үүргийг нь долоо ангилж илүү нарийвчилсан байдаг. Тэднийхээр улс төрийн намын үүргүүдийг дурдвал,
-Нэр дэвшүүлэх үе буюу элитийг татан оролцуулах, сонгуульд тухайн намыг төлөөлөн өрсөлдөх хүнийг олох, бэлтгэх үүрэгтэй.
-Сонгуулийн дайчилгааны үе буюу намууд нэр дэвшигчээ дэмжүүлэхийн тулд сонгогчдынхоо сэдлийг идэвхжүүлж, зарим тохиолдолд тэднийг сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцох бололцоогоор хангах үүрэгтэй.
-Асуудлыг бүтэцжүүлэх чиг үүрэг буюу нийгмийн бүлгүүд тодорхой асуудлаар богино эсвэл урт хугацааны турш илэрхийлж буй эсэхээс янз бүрийн асуудлаар сонголт, алтернативыг бүтэцжүүлэхэд намууд үүрэгтэй.
Нийгмийн төлөөллийн чиг үүрэг нь нийгмийн янз бүрийн бүлгийг төлөөлөх чиг үүрэгтэй байдаг бөгөөд бэлгэдлийн тодорхой ашиг сонирхлыг урагшлуулах хэлбэртэй ч байдаг. Энэ үүрэг нь сонгуулийн үед бүлгүүдийн дэмжлэг авахын төлөө өрсөлдөөний явцад илэрнэ. Мөн сонгуулийн дараа хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үеэр хууль тогтоох явцад илэрдэг.
Манай улсын хувьд “Улс төрийн харилцаа, түүнийг өөрчлөх, шинэтгэх үйл явц нь хүний улс төрийн эрх, эрх чөлөөний тэмцлээр, юуны өмнө иргэд улс төрийн хөдөлгөөний тодорхой хэлбэрээр зохион байгуулагдаж нэгдсэн засгийн эрхийн төлөө тэмцэл явдлаар илэрдэг. Тийм чухал хэлбэрийн нэг нь нам мөн” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимид “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” бүтээлдээ тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Улс төрийн намуудын зохион байгуулалт, иргэд, төр бие биетэйгээ харилцах харилцаа XIX-ХХ зууны эхэн үед либерал ардчилал үүсэж хөгжсөнөөс хойш хөгжиж ирсэн байдаг. Манай улс хувьд 1921-1990 онд нэг улс төрийн намын тогтолцоогоор, 1990- оноос хойш олон намын тогтолцоо бүхий ардчилсан улс төрийн тогтолцоогоор эрх мэдлийн хуваарилалт хийж харьцангуй тайван замаар ардчилсан улс төрийн соёлыг төлөвшүүлсээр байна. Үүний илрэл нь 1990 оны Улс төрийн намын тухай, 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар тус тус улс төрийн намын эрх зүйн зохицуулалтыг баталснаар олон намын тогтолцоог эрх зүйн хувьд баталгаажуулсан явдал билээ. Ингэснээр сөрөг хүчин улс төрийн бусад нам албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах боломж бүрэлдсэн. Монголд анхны нам байгуулагдаад 100 жил, намын систем үүсээд 32 жил болж, нийгмийн бүх үйл явцад улс төрийн нам гэх институц том орон зайг эзэлсээр иржээ.
Ардчилал засаглал бүхий улс оронд төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого хэрэгжүүлэх гол суваг нь улс төрийн намууд болно. Тийм ч учраас Монгол Улсын хувьд цаашид ардчилал тогтвортой төлөвших эсэх нь намын системийн тогтвортой байдлаас ихээхэн хамаарна. 
Дээрх байдлаас харахад үүргээ бүрэн биелүүлж чадахуйц чадавхтай, хүчирхэг, институцчлэгдсэн улс төрийн нам ардчиллын хөгжилд чухал байр суурь эзэлдэг болохыг харах боломжтой байна. Нөгөө талаасаа улс төрийн нам нь улстөрчдийн богино хугацааны ашиг сонирхол болон улс орны урт хугацааны ашиг сонирхлыг тэнцвэртэй байлгаж чаддаг. Гэхдээ зөвхөн урт настай институцчлэл сайн хийсэн нам л чадна.

II. Ардчилалд картель намын үзүүлэх нөлөө

а. Ардчиллын загвар ба улс төрийн намуудын хэв маяг

Улс төрийн намын тоо олон ургалч байдлыг илэрхийлж, үзэл бодлыг дамжуулах институц хэдий ч намуудын тоо өсөх хэрээр бодлогыг хэн хариуцах, гүйцэтгэл муу улстөрчийг албан тушаалаас огцруулах зэрэгт хүндрэл учирдаг сөрөг талтай. Улмаар улс төрийн намын өрсөлдөөн нь түр зуурын шинжтэй, намын үзэл баримтлал нь тодорхойгүй, зохион байгуулалт сул, дэмжлэгийн тогтвортой суурь байхгүй намууд ихтэй бол сул институцчлэгдсэн нам байхгүйг илтгэж байдаг.
Улс төрийн намын зохион байгуулалт, хэв маягаар нь элит нам, масс нам, өргөн хүрээний нам, хөтөлбөрийн буюу бодлогын нам гэх мэтээр ангилж ирсэн.
Судлаач П.Норрис намын эрх зүйг зохицуулалтаар нь “монопол, картель, эгалитар” гэж гурав хуваасан байдаг. Тодруулбал,
Монопол:
Эрх баригч намд давуу байдал олгосон сөрөг хүчний намуудыг хязгаарласан, хориглосон, нэг нам засагласан улс оронд буй эрх зүйн зохицуулалт,
Картель:
Хүний ерөнхий эрхийг хүндэтгэдэг боловч парламентын эсвэл засгийн газарт буй намуудад ашигтай, өрсөлдөөнийг хязгаарладаг, хуулиар эрх баригч намуудад давуу байдлаа хадгалж үлдэх нөхцөлтэй шударга бус зохицуулалт,
Эгалитар:
Хамгийн шударга зохицуулалт нь олон намын өрсөлдөөнийг дэмжсэн, төрийн нөөц, дэмжлэгийг том жижиг, шинэ хуучин гэхгүй бүгдэд ижил тэгш хүртээмжтэй тараах, сонгуулийн хуудас дээр нам, нэр дэвшигчдэд шударга нөхцөлийг хангасан эрх зүйн зохицуулалт гэж тус тус ойлгож болно.
Ардчиллын хөгжилд картель нам сөрөг нөлөөтэй байх гол шинж нь “Улс төрийн нам нь хувь улстөрчдийн нийлсэн орон зай, хувь улстөрчийн дахин сонгогдох хүсэл, стратегийн тусгал ” болдог тул эрх зүйн байдлаар өөрийнхөө давуу байдлыг хадгалж чаддаг. Энэ нь улс төрийн намын тоо, өрсөлдөөн, үндэсний хэмжээний нам болон хөгжихөд саад болдог.
Манай улсын хувьд социалист тогтолцооны үеийн намын эрх зүйн зохицуулалтыг монопол загвартай байсан гэж үздэг бол ардчилсан тогтолцооны үед намын эрх зүйн зохицуулалтыг картель загвартай гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, картель нам төрийн зүгээс намуудын үйл ажиллагааг хүчтэй дэмжсэн газарт үүсэх бөгөөд намууд хоорондоо хорших, хамтран ажиллах нь их байдаг хандлагатай.
Намын хэв маягууд ба ардчиллын загваруудын холбоог дараах байдлаар тайлбарлая. Элитийн намын хувьд ашиг сонирхлыг бүх нийтийн хэмээн төсөөлж засгийн эрхийн төлөө тэмцдэг. Олон түмний намын хувьд төлөөллийн ардчилалтай холбоотой бөгөөд энд засгийн эрхийн төлөө өрсөлдөөний зэрэгцээ бүх нийтийн сонгуулиас үүдэн олон түмний харьцангуй өргөн оролцоог чухалчилдаг. Намууд социал бүлгүүдийн тоймтой ашиг сонирхлыг илэрхийлж, сонгогдсон албан тушаалтнууд сонгогчдын өмнө бодлого, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг зарчимтай байна. Catch-all буюу өргөн хүрээний намууд плюраль ардчиллын нөхцөлд үйл ажиллагаагаа сайн явуулж, үзэл суртал болон төлөөллөөр ялгарахыг саармагжуулах бололцоо олгодог байна.
Харин улс төрийн мөрийн хөтөлбөр нь төдийлөн ялгардаггүй төрийн зүтгэлтнүүд холбоо нийгэмлэг маягийн картель намууд зөвшилцлийн ардчиллыг бий болгодог. Орчин үеийн улс төрийн намуудын хөгжилд картель хэв маяг мэдэгдэхүйц тодорч, үүний хажуугаар намууд дотоод ардчиллаа хөгжүүлэх талаар анхаарсаар байна. Картель намын талаар олон нийтийн хөдөлгөөнүүд, хэт баруун, зүүний популист намууд, неокорпоративизмууд өөр өнцгөөр харж, өөрийн хувилбаруудыг дэвшүүлдэг. Үүний учир нь 1970-аад оны үед улс төрийн тавцанд гарч ирсэн олон нийтийн хөдөлгөөнүүд намуудыг шүүмжилж улс төрийн байгууллагууд төржиж, намууд олон түмний язгуур эрх ашгаас тасарч, хэт улстөржиж, элитар, олигарх шинжтэй болж байна хэмээж байсантай холбоотой.

б.Ардчилал ба картель нам

ХХ зууны сүүлд улс төрийн намуудын бодлогын үзэл баримтлал буурч, уламжлалт намын бүлгийн шинж чанараа алдаж задарсны улмаас олон түмний намын зохион байгуулалт олон улс оронд буурчээ. Ялангуяа ардчилсан улс орнууд дахь олон түмний намын бууралт нь сонгогчдоос намуудад оруулдаг санхүүгийн болон эд хөрөнгийн дэмжлэгийг буурахад хүргэсэн. Тиймээс улс төрийн намууд ард түмний дэмжлэг буурсныг нөхөхийн тулд намууд илүү том, илүү үнэтэй улс төрийн компанит ажлууд хийж төрөөс их хэмжээний татаас болон хандив цуглуулах хэлбэрт шилжиж эхэлсэн.
Картелийн намууд нь 1970-аад оноос хойш үүссэн улс төрийн намуудын нэг төрөл бөгөөд төрийн хүнд санхүүжилт, зохион байгуулах зарчим болох үзэл суртлын үүрэг багассанаар илэрнэ. Картелийн намын тухай анхны судалгааг Ричард Катц, Питер Майр нар боловсруулсан бөгөөд тэд улс төрийн намууд нийгмийн бүлгүүдээс илүүтэйгээр төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг хагас төрийн агентлагууд болж хувирсан гэж анхны судалгаандаа бичсэн байдаг.
Картелийн нам нь ардчилсан дэвшилтэт улс төрд үүсэн бий болдог, нам-төр хоёрыг хооронд нь холбож намууд хоорондын тохиролцооны хэв маягаар тодорхойлогддог намуудын нэг төрөл байна. Картелийн нам хөгжихийн хэрээр улс төрийн зорилго нь бие даасан, мэргэжлийн, технократ шинж чанартай болж, нам хоорондын өрсөлдөөн бага хэвээр байвал нэг нам улс төрийг үр ашигтай, үр дүнтэй удирдахад чиглэгддэг. Өргөн хүрээний намуудын нэгэн адил намууд улс төрийн тогтолцоо дахь байр сууриа хадгалахын тулд төрийн нөөцийг ашигладаг тул картель намуудын гишүүдийн үүрэг үндсэндээ ач холбогдолгүй болдог. Картелийн намуудын явуулж буй сонгуулийн кампанит ажил нь хөрөнгө оруулалт их шаарддаг, мэргэшсэн, төвлөрсөн байдаг бөгөөд төрөөс санхүүгийн дэмжлэг авах, бусад хөнгөлөлт, давуу эрх авах үндсэн дээр зохион байгуулагддаг.
Дүгнэлт
Дүгнэж хэлэхэд, ардчиллыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд сонгогчдыг төртэй холбодог гол байгууллага юм. Улс төрийн намууд сайн ажиллаж байгаа тохиолдолд олон талын ашиг сонирхлыг төлөөлөх, ардчилсан хариуцлагыг хөнгөвчилж өгдөг. Харин эсрэг тохиолдолд Засгийн газар муудах, сонгогчдын шаардлагад нийцүүлэн хууль тогтоомжийн өөрчлөлт гарахгүй байх, хууль тогтоомжууд гажуудах, бүх намаас дэмжлэг авсан хуулийн төсөл батлагддаг, нам хоорондын санал зөрөлдөөнтэй байгаа хуулийн төсөл бүгдэд ашиггүй тул батлагдахгүй байх, намууд ямар хууль батлах, эс батлахыг тохиролцдог болох гэх мэт нам картельжих үзэгдлүүд илэрч болохыг Итали улсын жишээнээс харж болно. Тиймээс институцчлэгдсэн улс төрийн намууд ардчиллын эвдрэл, ухралтаас сэргийлэх үндсэн тулгуурын нэг мөн. Улмаар намын тогтолцоо нь ардчилсан засаглалын даалгаврыг хэр амжилттай гүйцэтгэж байгааг тодорхойлоход тусалдаг. Намын тогтолцоо нь бодлого боловсруулах орчин дахь оролцооны өндөр байдал, итгэл үнэмшлийн түвшнийг тогтооход дэмжлэг болдог. Учир нь, бараг бүх ардчиллын цөмд улс төрийн намууд оршдогийг хэлэх нь зүйтэй юм.
Манай улсын хувьд улс төрийн нам бодлогын ялгаатай байдлаараа өрсөлдөж чадахгүй байгаагийн улмаас иргэдийн улс төрийн сонголт мухардаж, клиентилест намын хэв маяг, намын картельжилт уруу шилждэг ба улмаар ардчилсан сонгуулийн зарчим алдагдан, популизм газар авахад хүрдэг. Манай улсад ч ийм байдал ажиглагдаж буй билээ. Иргэдийн зүгээс намууд бодлогоор бус популист шинжтэй сонгуулийн амлалтаараа уралдаж, иргэдээс санал авах ил, далд аргуудыг ашигладаг гэж үзэх байдал нийтлэг болохыг янз бүрийн судалгааны үр дүнгээс харж болно. Иймээс улс төрийн намын тогтолцоо нь ардчиллын төлөв байдлыг шууд тодорхойлдог ба харилцан шүтэлцээтэй учир хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал байна.

  Б.Баярбаатар 
/МУИС, Улс төр судлалын тэнхимийн докторант/
  Д.Бумдарь 
/МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 19 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22