Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбар “E-Mongolia 3.0”-ыг өчигдөр танилцууллаа. Тус арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “E-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна” гэлээ.
Ерөнхий сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл гэдгийг тодотгов. Мөн Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулж буйд уучлал хүсээд цахимжуулаагүй бол дээрх олон асуудал ил болохгүй, хөшигний ард үлдэх байсан гэдгийг онцлов. Тэрбээр “Ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай” хэмээв. Түүнчлэн “Цахим үндэстэн” болох зорилт руу алхам алхмаар ойртож, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж буйг онцлоод тэрбээр “2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, өнгөрсөн онд 4.8 хувь, энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрлээ. Улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна” гээд “E-Mongolia” системийг бүтэээхэд оролцсон талуудад талархал илэрхийлж, иргэн бүр цахим гарын үсгээ авч, цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
“E-Mongolia” систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликейшнаар дамжуулан үйлчилгээ авдаг тул энэ чиглэлд хэд хэдэн шинэчлэлийг хийжээ. Тухайлбал, хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх, дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх, яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх, тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг ойр харуулах буюу хандалт ихтэйг нь санал болгох боломжтой болсон байна. Харин “E-Mongolia” систем веб порталдаа хамгийн түрүүнд хайлтын хэсэг гарч ирэх шийдэл, хянах самбараас үйлчилгээний хүсэлт шийдвэрлэлтийн явц, сонордуулга гэх мэтээр хянах боломж, хэрэглэгчид ойр, амьд сэтгэгдэл төрүүлэхүйц хөдөлгөөнт анимейшн бүхий өнгөлөг шийдлийг бий болгожээ.
81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэгтгэв
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, тухайн үед 20 гаруй байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өдгөө 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэгтгээд байна. Ингэснээр ашиглахад энгийн, хялбар, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл хүргэх, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар авах боломжтой болов. Бас нэгэн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний цахим үнэмлэхийн үйлчилгээг тус системд нэвтрүүлжээ. Энэ мэт олон үйлчилгээг хэрэглэгч байршил, цаг хугацаанаас үл хамаарч, хүссэн үедээ авах бүрэн боломжтой. Сард дунджаар 400-500 сая гаруй хандалт ирдэг бөгөөд Монголоос 500 сая, Оросоос 2.1 сая, Өмнөд Солонгосоос 8.8 сая, Америкаас 1.7 сая, Сингапураас нэг сая, Австралиас 870 мянган хандалт ирдэг аж.
Цаг үеийн байдлаас шалтгаалж, зарим үед ачааллаа дийлэхгүй байх тохиолдол гардаг байсан бэрхшээл энэхүү шинэчлэлээр ард үлджээ. Тодруулбал, “E-Mongolia” платформ нь хэрэглэгчийн хандалт, сүлжээний урсгал, ачаалал зэргээ хянаж ачаалал ихтэй үед ухаалгаар өөрийгөө өргөтгөж, буурсан үед буцаж багасгах чадвартай хиймэл оюун ухаанд суурилсан функц бүхий динамик шийдэл нэвтрүүлсэн байна. Ингэснээр тус платформ үр ашигтайгаар ажиллаж, олон төрлийн хэмнэлт хийхээс гадна илүү хурдтай, гацахгүйгээр нэг агшинд хоёр сая хэрэглэгчийн ачааллыг зэрэг даах чадвартай болсон байна. Иймд төрийн болон хувийн байгууллагууд өөрсдийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарахыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөв.
Гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө мэдэгдэнэ
Хэрэглэгчид сонордуулга хүргэх системийг нэвтрүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 20.7 сая удаагийн мэдэгдлийг аппликейшн, үндэсний болон цахим шуудангаар дамжуулан хүргэжээ. Харин 3.0 хувилбарын шинэчлэл хийснээр хэрэглэгч өөрийн фэйсбүүк хаягаа “E-Mongolia” системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжерээр авах боломжтой болсон байна. Тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очих юм байна. Мөн “сонордуулга” гэсэн хэсэгт ирсэн төлбөрийн нэхэмжлэхээр дамжин “E-Mongolia” гар утасны аппликейшнаас бусад банкны аппликейшн руу хандан үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой аж.
Үүнээс гадна хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэн тухайн системийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 115 гаруй иргэн байгаагийн 12 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй. Эдгээр иргэн дэлгэц унших программын тусламжтайгаар бусад төрлийн веб сайт, гар утас, мэдээллийн технологийг ашигладаг аж. Дэлгэц уншигч программууд тодорхой стандартын дагуу хөгжүүлсэн системүүдийн үйлдлийг дэмжиж ажилладаг байна. Тэгвэл шинэчлэлийн хүрээнд дурын дэлгэц уншигч программ ашиглан “E-Mongolia” системийг ямар нэгэн саадгүй ашиглах боломжтой болсон байна. Мөн сул хараатай хүмүүст зориулсан дэлгэцийн тохиргоог шинээр хийжээ. Үүний үр дүнд өнгө, үсэг өөрчлөх, шөнийн горимд шилжих, хэмжээг ихэсгэж багасгах гэх мэт тохиргоо хийж болох сонголт өгч буйгаараа давуу талтай болжээ.
Дөрвөн төрлийн лавлагаа, таван төрлийн хуулбарыг цахимжуулжээ
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нотариатын үйлчилгээг системд оруулжээ. Ингэснээр өнгөрсөн оны есдүгээр сард “E-Mongolia”-гаас авсан 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон байна. “Монголын нотариатчидын танхим”-тай хамтран дөрвөн төрлийн лавлагаа, таван төрлийн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн хуулбарыг цахимжуулсан байна. Тухайн лавлагаа үйлчилгээ нь өнгөрсөн оны нэгдүгээс сарын 1-нээс хойш Монголын нотариатчидын танхимын гишүүн нотариатчаар үйлчлүүлсэн тохиолдолд гарах боломжтой аж. Энэ тухайд тус танхимын ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргалаас тодруулав. Тэрбээр “Хэрэглэгч нотариатаар үйлчлүүлсэн үйлчилгээнийхээ баримтыг тухайн нотариатч дээр очиж авахаас гадна “Е-Mongolia” системд нэвтрэн авах боломж бүрдлээ. Тодруулбал, тухайн системээс нотариатын үйл хийлгэж байсан тодорхойлолт, мөн өмнө нь хийлгэж байсан хуулбар авах боломжтой гэсэн үг. Жишээлбэл, автомашин худалдан авах гэрээгээ гээсэн тохиолдолд дахиж шинээр үйлдэхгүйгээр системд нэвтэрч, хуулбарыг нь авах боломжтой. Лавлагаа тодорхойлолт авахад үнэ төлбөргүй” гэв.
Системийн вебээс 11-11 дугаарт дуудлага хийж болно
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахимжуулсан бас нэгэн үйлчилгээ нь нислэг, зочид буудал, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээ байв. Энэ талаар “Тапатрип” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэлээс тодруулахад тэрбээр “Аяллын нэгдсэн үйлчилгээ системд нэгдэн орлоо. Нислэг, зочид буудал, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээг цахимаар нэг цэгээс ямар ч нэмэгдэлгүйгээр авах боломжийг бүрдүүлж, иргэдэд илүү ойртлоо. Ямар нэгэн тасалбар захиалсан тохиолдолд баримтыг нь мэйл хаягаараа авах боломжтой. Манай байгууллагаар өнгөрсөн жил 150 мянган хүн үйлчлүүлсэн. Хэрэглэгч нислэгийн тасалбар авах гэж аль нэг билетийн касс хайх, орон нутгийн тасалбар авахын тулд “Тэнгэр плаза”, “Драгон төв”-ийг зорих шаардлагагүй. Хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэх зорилттой бидний зорилго нийцэж байгаа юм” гэлээ.
Мөн “ТелкоКом” ХХК-тай хамтран гадаадад суугаа иргэд ямар нэгэн дугаар шаардлагагүйгээр интернэт сүлжээнд холбогдсон байхад л www.e-mongolia.mn вебээс 11-11 дугаарт хандан дуудлага хийх боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр “И-Монгол академи” УТҮГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн оператор ажилтнуудтай шууд холбогдож, систем ашиглалтын заавар, зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм байна.
Шинээр үйлчилгээ нэвтрүүлэхээс гадна хэрэглэгчид мэдээллээ хянах боломжтой болсон нь бас нэгэн давуу тал. Тухайлбал, иргэний бүртгэл, хаягийн өөрчлөлт, өрхийн гишүүд, гэрлэлт, гадаад паспорт, боловсрол, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх, газар эзэмших, ашиглах эрх болон эрүүл мэндийн даатгал төлөлт зэрэг 14 төрлийн мэдээллээ шалгаж, хяналт тавих боломж бүрджээ. Хэрэв мэдээлэл зөрүүтэй байвал хариуцагч байгууллагатай холбоо барих утас болон хаяг байршлыг багтаасан байна.
Төрийн үйлчилгээг ингэж иргэдэд ойртуулж, тэдний цаг мөнгийг хэмнэж чадсан байна. Тодруулбал, төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн 2.7 жилд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ. Мөн төрийн байгууллага руу ирж, буцах зардал 92.9, үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал 1.05, үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал болох 160.1 тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/
Сэтгэгдэл (1)