Б.Мягмарнаран: “E-Mongolia”-г харааны бэрхшээлтэй иргэн ашиглах боломжтой болсон

unen
2 цагийн өмнө

 “E-Mongolia” 3.0 шинэчилсэн хувилбараа танилцуулах үеэр “И Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа. 

-Энэ удаагийн шинэчлэлийг юунд чиглүүлсэн бэ. Гол онцлог нь юу вэ? 
-“E-Mongolia” системийг хөгжүүлээд хоёр жил гаруй болж байна. Энэ удаагийн шинэчлэлээр шинэ өнгө төрхтэй болохооос гадна илүү хялбар, түргэн шуурхай, найдвартай болж буйгаар онцлогтой.  Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэн “E-Mongolia” аппликейшныг ашиглахад хялбар болсон. Сонсох боломжтой болсон гэсэн үг. 


-Өнөөдрийн байдлаар хэдэн байгууллагын, хэчнээн төрлийн үйлчилгээг холбоод байна вэ? 
-Одоогоор 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг холбоод байна. Онцолж хэлбэл, хүмүүсийн түгээмэл авдаг үйлчилгээ болох нотариат багтсан. Мөн хувийн хэвшилтэй хамтран орон нутгийн автобус, гадаад, дотоодын нислэг, галт тэрэгний тасалбарыг захиалах боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн сонордуулга хэсгийг сайжруулсан. Төрд байгаа иргэний бичиг баримтыг нэгтгэж оруулахаас гадна хугацаа нь дууссан, аль эсвэл ямар нэгэн байдлаар тухайн бичиг баримтад шаардлагатай өөрчлөлт оруулах болсон гэдэг ч юм уу энэ мэт мэдээллийг иргэнд урьдчилан сануулж, мэдэгддэг болсон. Энэ бол шинэчлэлийн нэг давуу тал. Төр болон хувийн хэвшлийн олон үйлчилгээг нэвтрүүлэх тусам иргэн тухайн үйлчилгээг амар хялбар аргаар авах боломжтой болж байгаа юм. Тухайн хэрэглэгч хаана байхаас үл хамаарч, хүссэн үедээ шаардлагатай үйлчилгээг цахимаар авах боломжтой байна гэдэг маш том давуу тал. 


-Сонордуулга хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Ямар байдлаар иргэнд мэдээлэл өгнө гэсэн үг вэ? 
-Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын хугацаа дуусах дөхөнгүүт сануулдаг болж байгаа юм. “Таны гадаад паспортын хугацаа зургаан сарын дараа дуусах гэж байна шүү. Та гадаад паспорт захиалах бол энэ холбоос дээр дараарай” гээд сануулна гэсэн үг. Гэнэт л гадагшаа явах болтол гадаад паспортынх нь хугацаа дуусчихсан гэдгээ мэдээгүй байдаг тохиолдол бий. Энэ мэт мэдээллийг сануулдаг болсноор иргэдийг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. 
-Системд багтсан үйлчилгээний төлбөр хураамж, шимтгэлд ямар нэгэн өөрчлөлт оруулсан уу? 
-Иргэнтэй холбоотой төрийн бүх лавлагааг үнэгүй болгосон. Ерөнхийдөө дийлэнх үйлчилгээ үнэ төлбөр, шимтгэл хураамжгүй. Зарим нэг томоохон лавлагаа болон иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримт захиалах үйлчилгээ тодорхой хэмжээний төлбөртэй байдаг.

 
- “E-Mongolia” систем хандалт хэр байдаг вэ. Хэрэглэгчид ямар үйлчилгээг хамгийн түгээмэл авдаг вэ? 
-Одоогоор 1.6 сая иргэн “E-Mongolia”-д бүртгүүлсэн байна. Дунджаар сард 400, өдөрт 100 орчим мянган хэрэглэгч идэвхтэй ашигладаг. Тэдний түгээмэл авдаг үйлчилгээ нь улсын бүртгэл, авто тээвэр, нийгмийн даатгалтай холбоотой лавлагаа мэдээлэл нэлээд өндөр хандалттай байдаг.  


-Зарим тохиолдолд танайхаас авсан лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй, заавал нотариатаар батлуулах шаардлага тавих асуудал гардаг. Үүнийг шийдэх шийдлийг хэрхэн харж байна вэ? 
-Энэ асуудлыг шийдвэрлэх талаар бид ярилцаж байгаа. Үүний гол шийдэл нь эрх зүйн орчныг сайжруулах явдал гэж үзсэн. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас холбогдох бичиг баримтыг сайжруулах, шинэчлэх санал гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байх асуудал шийдэгдэх бүрэн боломжтой.

  
-Шинэ хувилбарыг хийхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан бэ?
-Шинэчлэхэд ямар нэг төсөв мөнгө, нэмэлт санхүүжилт зарцуулаагүй гэдгийг онцолж хэлмээр байна. Бид өдөр тутмынхаа ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаж, системийн сайжруулалтаа хийлээ.

 
-Цаашид ямар сайжруулалт, шинэчлэлт хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид “E-Business” платформ ашигладаг. Энэ нь хувийн хэвшлийнхнийг илүү дэмжсэн үйлчилгээ. Тодруулбал, хувийн хэвшил төрийн бүх байгууллага руу албан бичиг явуулахдаа заавал бичгээр хүргэх шаардлагагүй болно гэсэн үг. Цахим гарын үсгээ ашиглаад шууд албан бичиг хүргүүлэх боломжтой болно. Үүний тулд тусдаа байсан 13 системийг нэгтгэхээр ажиллаж байна. Саяхан хүүхдийн мөнгөний асуудал гарахад бүртгэлтэй, бүртгэлгүй эд хөрөнгө, хүүхдийн мэдээлэл гарч ирсэн нь төрийн байгууллагуудад иргэний ерөнхий мэдээлэл зөрүүтэй байгааг илэрхийлж байгаа юм. Цаашид ийм зөрүүтэй мэдээллийг шинэчлэх хүсэлтийг аппликейшнаараа дамжуулан гаргах боломжийг бүрдүүлнэ. 


-“E-Business” гэдэг хувийн байгууллагуудын ашиглах систем гэж ойлголоо. Энэ нь тухайн хэвийн хэвшлийнхэнд ямар давуу байдал олгох вэ? 
-“E-Mongolia” бол иргэн-төр гэсэн харилцаанд зориулсан систем. Харин “E-Business” нь хувийн хэвшил-төр гэсэн харилцаанд зориулагдсан. Иргэд “E-Mongolia”-гаас бүх төрлийн лавлагаа үйлчилгээ, өөрт хамаарах төрийн мэдээллийг авч, өөр байгууллагад хүргүүлж болдог. Үүнтэй адил “E-Business”-ээр хувийн хэвшлийнхэн бүх төрлийн лавлагаа, мэдээллийг авах боломжтой болсон гэсэн үг. Тухайн компанийн захирал “E-Business” аппликейшн руу нэвтрэх эрхтэй. Нэг компаниа сонгоод ороход тухайн компанийнх нь ерөнхий мэдээлэл гарч ирэхээс гадна  тусгай зөвшөөрөл, дуусах хугацаа нь хүртэл харагдана. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байвал, мөн шинээр хүсэлт гаргавал аппликейшнаараа өгч болно. Үүнээс гадна хайлтын хэсэгт компанийн регистрийн дугаараар, нэрээр, оюуны өмчөөр хайж харах нь нээлттэй. 


-Үйлчилгээгээ сайжруулах, шинэч­лэх тухайд хэрэглэгчдээс судалгаа авдаг уу. Хэрэглэгчид сэтгэл ханамжтай байж чаддаг уу? 
-Бид хэрэглэгчээс байнга хоёр төрлийн судалгаа авдаг. Нэгдүгээрт, систем ашиглаж буй хэрэглэгчдээс тухайн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг цахимаар авдаг. Хоёрдугаарт, иргэнд илүү ойртож, хялбар болгох үүднээс нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээж авдаг. Манай үйлчилгээнд иргэд нэлээд өндөр сэтгэл ханамжтай байдаг нь судалгаагаар харагддаг. Хэрэглэгчийн өөрийн мэдээлэл ямар нэгэн байдлаар зөрүүтэй байгаагаас шалтгаалан үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол түгээмэл гардаг. Ийм асуудал гарвал тухайн мэдээлэл хариуцагч байгууллагадаа хандаж, мэдээллийг шинэчлүүлэх хэрэгтэй гэдгийг тодотгож хэлмээр байна. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ухаалаг чат ботыг холбосон. “E-Mongolia” ухаалаг чат боттой болж байна. Хэрэглэгч өөрөө зөвшөөрөөд “E-Mongolia” аппликейшнд сошиал хаягаа холбочих юм бол фэйсбүүк чатаараа сонордуулга авч болно. Энэ сонголтыг хэрэглэгч өөрөө хийх боломжтой. Оператортой холбогдож асуудаг зүйлээ чат ботоор асуух, өргөдөл, гомдол, санал өгөх бас боломжтой.

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 18 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22