НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг Франц улсын төрийн тэргүүн “Их 7”-гийн уулзалтаас Улаанбаатарт шууд хөл тавьж, дэлхий нийтийн анхаарлыг Монголын зүг хандууллаа. Сар хүрэхгүй хугацаанд НАТО-гийн гишүүн хоёр ч орны удирдагчид Улаанбаатарт ээлж дараалан бууж, мордож байгаа нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий нийтэд өргөж өгөв. Ялангуяа Францын залуу удирдагчийн айлчлалыг онцолж Монголын геополитик, геостратеги, геоэдийн засаг, геоэкологид асар их ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн дүгнэх хүн олон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Макронтой уулзаж, “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Өнөөдрийг хүртэл Монгол Улс гаднын хиймэл дагуул түрээсэлж интернэтийн хэрэглээгээ зохицуулж байгаа. Хэрвээ өөрийн гэсэн хиймэл дагуултай болчихвол алслагдсан нутаг ч өндөр хурдны интернэттэй болж, төр бүхэлдээ цахимжиж, гадагшаа урсдаг валютыг дотооддоо шингээх боломж бүрдэх юм. Үүнээс гадна Францын Ерөнхийлөгч Монголоос уран авах сонирхолтой байгааг энэ удаагийн айлчлал илтгэлээ. Батлагдсан болон таамаг нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй Монгол дэлхийн ураны зах зээл дээр гол тоглогчдын нэг болох боломж нээгдэж, цагтай зүйрлэвээс хөхүүрийн ам наашилж байгаа сайхан дүр зураг эндээс харагдаж байна. Ер нь Монголоос уран импортлох сонирхол дэлхийн улс орнуудад багагүй бий. Гэхдээ улсынхаа нийт хэрэгцээний 60 хувийг ураны цахилгаан станцаар хангадаг Францтай хамтрах нь чанар, стандартын хувьд аюулгүй, Европын хөрөнгө оруулалтыг нааш нь даллах хөшүүрэг болох нь дамжиггүй.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэг шат ахиж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж,76-г 126 болгох асуудлаар иргэдийн саналыг сонсохоор мордлоо. Хэдхэн хоногийн өмнө тойрогтоо очиж, 152 гишүүнтэй болно гэж яриад зарим иргэнд толгойгоо эргэтэл загнуулсан гишүүд энэ удаа “Ирэх долдугаар сард төсөвт тодотгол хийж, цалин хөлс нэмнэ” гэсэн шинэ мэдээтэй явцгаав.
Улс төрийн чимээ шуугианд дарагдах шахаад байгаа нүүрсний гэх хэргийг АТГ-ынхан сануулж, мэдээлэл өгөв. Ямартай ч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авчээ. Одоогийн байдлаар “нүүрсний” гэх тодотголтой энэ хэрэгт гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 180.642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулж, нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөрдөн шалгах явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм байна.
Засгийн газраас санаачилсан “Шилэн” ажиллагаа нийгэмд багагүй дуулиан дэгдээгээд байна. Өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын санг ил болгож, Боловсролын зээлийн сангийн shilen.gov.mn дээр байршуулсан мэдээлэлд зээл авагчдын нэр ус, мөнгөн дүн, хэдэнд онд авсан гэх мэт мэдээллүүд нийтлэгдэж цахим орчинд багагүй дуулиан дэгдээлээ. Товчхон хэлэхэд шилэн ажиллагаанаас үүдэн халалт үүсэж, шийдвэр гаргагчид багагүй сандрав. АН-ын шинэхэн дарга Лу.Гантөмөр гэхэд Боловсролын сайд байхдаа хагас тэрбум гаруй төгрөгийн зээл авч гадаадад охиноо сургасан хэрнээ өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байгаа нь олныг бүр ч их бухимдуулж орхих нь тэр. Тиймээс залуучуудын мөрөөдөл, амбиц, ирээдүйг хулгайлсан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохыг шаардан зарим иргэн талбай дээр жагсаал зохион байгуулав. Ямартай ч иргэдийн шаардлагыг Засгийн газар хүлээж авч зээл аваад сурсан хэрнээ ор сураггүй алга болсон 230 хүний материалыг цагдаад шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж олны анхаарлыг татсан томоохон шийдвэрүүд гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднын аялагчдыг тээвэрлэхэд засгаас анхаарч, нийт есөн аймгийн онгоцны тасалбарын үнийг 50-70 хувь хямдруулах болсноо мэдэгдлээ. Олон жил үр ашиг муутай ажиллаж ирсэн төрийн өмчит компаниуд дээр бүтцийн том өөрчлөлт хийх болсноо Д.Амарбаясгалан мэдэгдлээ. “Монголын төмөр зам" ТӨХК-д саяхан шалгалт хийжээ. Шалгалтын явцад төмөр замын мэргэжлийн хүмүүс нийт ажилчдын 60 орчим хувийг эзэлдэг бол 40 хувь нь удирдах багийн бүрэлдэхүүн байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, арван хүний дөрөв нь дарга хийдэг энэ байгууллагад өөрчлөлт хийж, дарга нарыг цөөлөхөөр болжээ.
Мөн 21 аймагт байдаг “Авто зам засвар арчлалт”ц /АЗЗА/ ТӨХК-г нэгтгэж, үндэсний хэмжээний АЗЗА болгож өөрчлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр аймаг бүрд байгаа ТУЗ, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн зардлыг байхгүй болгохоор тооцжээ. Мөн “Эрчим хүчний салбарт нийт 26 төрийн өмчит үйлдвэрийн газар байдаг. Эдгээрийг ангилан татан буулгана. Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Монгол" компанийн хоёр охин компанийг татан буулгасан. Мөн "Монголын Хөрөнгийн бирж" ХК IPO гаргасан болохоор клирингийн төвийг татан буулгах асуудлыг Засгийн газрын хурлаар мөн хэлэлцэнэ. Улаанбаатарт орон нутгийн өмчит 108 үйлдвэрийн газар байгааг цомхотгож, 55 болгох зорилго тавьсан” гэдгээ Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна