Б.Баасандорж: Үндсэн хуулийн өөрчлөлтөд зөвшилцөл хамгийн чухал

unen
3 цагийн өмнө

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн Засгийн газар дахь ажлын дэд хэсгийн ахлагч Б.Баасандоржтой ярилцлаа.

 

-УИХ Үндсэн хуулийн өөрч­лөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас анх өргөн барьсан төсөлд гишүүдийн тоог 152 болгохоор тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд 126 болж буураад байна. Гишүүдийн тоог хэрхэн тогтоосон талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар бид олон түвшинд, удаан хугацаагаар ярьж ирсэн. Тухайлбал, сүүлд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бодитой яригдаж байсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа сонгуулийн тойрогт нэр дэвшин сонгогддог 76 мандатыг хэвээр хадгалан газар нутгийн төлөөллийг хангаж байгаа мандатын тоо, тогтолцоог хөндөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Харин үүн дээр нэмээд хүн ам, нийгмийн бүлгийн төлөөллийг жигд хангах пропорционал системийг хослуулан хэрэглэх, хоёр өөр сонгуулийн тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тэнцвэртэй харьцааг хадгалах зорилгоор пропорционал тогтолцоогоор сонгогдох гишүүний тоог мөн адил 76 байхаар тусгаж 152 байхаар оруулж ирсэн. Мөн парламентын зохист хэмжээ гэдэг ойлголт байдаг. Энэ тоог тогтоохдоо бид улс төрийн шинжлэх ухаанд өргөнөөр хэрэглэдэг парламентын гишүүний зохистой тоог тогтоох математик аргачлалыг ашигласан. Энэ нь тухайн улсын хүн амын тоо, засаглал, ардчиллын хэв шинж, эдийн засаг гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан математик тооцоолол хийдэг куб язгуурын арга. Энэ аргачлалын дагуу УИХ хэдэн гишүүнтэй байхыг тооцож үзэхэд 150-155 гэдэг тоо гарсан. Харин хүн амын төлөөллийн хувьд анх Үндсэн хууль батлагдах үед байсан 27 мянган иргэний төлөөл­лөө хадгалахаар тооцвол 130 орчим гишүүн байхаар байгаа. Ерөнхийдөө, эдгээрийг үндэс­лээд УИХ-ын 152 гишүүнтэй байхаар тусгасан. УИХ-ын нэгдсэн чуулганаар төслийн нэг дэх хэлэл­цүүлэг хийсний дараа ард ир­гэдээр хэлэлцүүлэн, санал авч, пар­ла­ментад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн, ажлын хэсэг ажилласан. Ингэснээр чуул­ганы хуралдааны хоёр дахь хэлэл­цүүл­гээр 126 гишүүнтэй байх саналыг олонхоор дэмжээд байна. 

-Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг өргөн барих нэг үндэслэл нь УИХ-ын 54 дүгээр тогтоол байсан. “Эцэг” хуульд олон удаа гар хүрлээ гэдэг шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг санаачилсан. Энэ тогтоолд Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг тусгах агуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар ямар асуудлаар төсөл санаачилж болох, болохгүйг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхой зохицуулсан байдаг. Тэгэхээр одоогийн өргөн мэдүүлсэн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд Засгийн газрын тухайд анх удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг санаачилж байгаа юм. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн дараа буюу тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, төслийг танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн. Эдгээр хэлэлцүүлэг нэг талаас хуулийн шаардлага боловч нөгөө талдаа уг асуудлаар иргэдийн санаа бодлыг сонсох, иргэдэд зөв мэдээлэл хүргэх чухал ач холбогдолтой ажил болсон гэж үзэж байна. Иргэдэд гишүүдийн тоо нэмэгдүүлэх, пропорционал тогтолцоог оруулж ирэх шаардлагын талаар тодорхой хэмжээнд мэдээлэл, ойлголт өгч чадсан. Нөгөөтэйгүүр, хэлэлцүүлгийн үеэр ашиглагдах лавлагаа, судалгаа болон танилцуулгыг нэгдсэн байдлаар бэлтгэсэн учраас гишүүд аймаг, нийслэлд ажиллахдаа ард иргэдэд ижил агуулгатай мэдээлэл, ижил хэмжээнд өгсөн гэдэгт итгэлтэй байна. 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, олон болгохыг ард иргэд хэрхэн хүлээн авах ёстой юм бэ. Гишүүдийн тоо олон болсноор өргөн утгаараа нийтэд ямар ач холбогдолтой вэ?

-Тоог нэмэгдүүлж байгаа асуудлыг ард иргэд хэрхэн хүлээж авах ёстой гэхээсээ илүү иргэд, иргэдийн төлөөлөл болон парламентын гишүүд, улс төрийн намууд энэ тоог аль хэмжээнд очиход нэгдсэн зөвшилцөлд хүрч чадах вэ гэдэг асуудал байгаа. Үндсэн хуулийг нийгмийн гэрээ, зөвшилцлийн баримт бичиг гэж үздэг шүү дээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн байх нь түүний хууль ёсны байх бас нэг шалгуур болдог. Иймээс судалгаагаар тоо 152 байхаар гарсан гээд зүтгэх нь эргээд батлагдсаны дараа ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж болзошгүй учраас үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдлын тухайд хөгжлийн нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дан мажоритар сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагавар болох төсвийг тойрогт хуваадаг байдлыг халах, цөөн хүнд төвлөрсөн эрх мэдлийг олон хүнд хуваах замаар задлах, гишүүд нэг нэг мэргэжлийн байнгын хороонд хуваагдан ажиллах замаар хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, олуулаа шийдвэр гаргадаг болох замаар цөөн хүний харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудал шийддэг боломжийг хаах зэрэг олон талын ач холбогдолтой. Парламент бол ард түмний төлөөллийн байгуул­лага. Тэгэхээр угтаа бол хууль тогтооход шууд оролцох ард түмний төлөөллийг нэмэг­дүүлж байгаа юм. Харин тэнд хэн сон­гогдох, хэрхэн ажил­лах нь бусад хууль тогтоомж, нэр дэвшүүлэх улс төрийн намууд, сонгогчдын сонголтоос шалтгаална. 

-Тогтолцооны тухайд олон нийт дэмжиж байгаа. Тойрог, жагсаалтын хувь хэд байвал илүү тохиромжтой вэ. Анх өргөн мэдүүлсэн хувь хэмжээ өөрчлөгдсөнөөр нийгмийн олон бүлгийн төлөөллийг УИХ-д оруулж ирэх гол зорилго хангагдах уу?

-Засгийн газраас газар нутгийн төлөөллийг хангаж байгаа сонгуулийн тойрогт нэр дэвшин сонгогддог 76 мандатыг хэвээр хадгалах, харин тэнцвэрт байдлыг хангахын тулд үүн дээр нэмээд хүн ам, нийгмийн бүлгийн төлөөллийг жигд хангах пропорционал тогтолцоогоор сонгогдох гишүүний тоо мөн адил 76 байж, харьцаа 50/50 байхаар оруулж ирсэн. Иргэдийн зүгээс гишүүдийн тоог 152 болгон нэмэхийг дэмжихгүй байгаа тул хоёр дахь хэлэлцүүлэг дээр энэ тоог 126 болгон бууруулсан. Тэгэхдээ Засгийн газрын эхний үндэслэл болох одоогийн газар нутгийн төлөөллийг ханган тойрогт нэр дэвшдэг 76 мандатыг хөндөхгүй хэвээр байлгая гэсний дагуу энэ тоог хэвээр үлдээж, үлдсэн 50 мандатыг пропорционалаар сонгохоор санал дэмжигдсэн. Ийм үндэслэлээр энэ харьцаа 60/40 болж байна. Гишүүний тоог нэмэгдүүлсэн, нөгөө талаар нийслэлд нийт сонгогчдын тал хувь амьдардаг зэргийг харгалзан үзэхэд 60/40 -ийн харьцаа нь бидний нийгмийн олон бүлгийн төлөөллийг оруулах зорилгод хүргэх бөгөөд, дэвшил, шинэчлэл, өөрчлөлт авчирна. Гэхдээ мэдээж 50/50 харьцаанаас бий болох үр дагаврын хэмжээнд арай хүрэхгүй. Энэ харьцаа холдох тусам пропорционалаар сонгогдсон гишүүдийн нийтлэг дуу хоолой, саналын дарах жин багасна гэсэн үг. 

-Холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг дэмжиж байгаа бол гишүүдийн тоог олон болгохыг ч мөн дэмжих хэрэгтэй юм билээ. Энэ тухайд та хууль зүйн гаргалаа талаас нь манай уншигчдад тайлбар хийнэ үү?

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон хосолсон тогтолцооны хамаарлын талаар таны хэлж байгаатай санал нэг байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр хосолсон тогтолцоогоор бид 2012 онд сонгууль явуулж үзсэн. Нийт 76 гишүүн тойрогт 48 мандат, жагсаалтад 28 мандаттай байсан. Өөрөөр хэлбэл, тойргийн буюу газар нутгийн төлөөллөөс 28-ийг хасан жагсаалтаар сонгосон. Тодорхой үр дүн гараагүй гэж хэлж болно. Нөгөө талаас, манайх өргөн уудам нутаг дэвсгэртэйгээс гадна хүн ам цөөн, нэгж газар нутагт ноогдох хүний тоо алслагдсан хязгаар нутгуудад бүүр бага. Хүн амын тоо 1992 оны Үндсэн хуулийг батлах үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн. Эдгээрээс, бид нутаг дэвсгэрийн төлөөллөө одоогийнхоос бууруулахгүй байхын зэрэгцээ хүн амын төлөөллөө жигд хангах зорилгын үүднээс тоог нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Ингэснээр тухайлбал, яригдаад байдаг орон нутгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн бодлогыг улсын хөгжлийн том бодлого, зорилттой уялдуулан хэрэгжүүлж чадна. Манайхтай ойролцоо өгөгдөлтэй, харьцуулж болохуйц улс орнууд голдуу 100-150 орчим гишүүн бүхий парламенттай байна. Холимог болон хосолсон сонгуулийн тогтолцоотой улсуудын хувьд мөн 100-аас илүү гишүүнтэй байх нь түгээмэл байна. Үүнийг хэлж байгаа нь бид заавал бусад улсыг даган дуурайх гэсэн агуулгаар биш, ер нь дэлхий нийтээр, олон улс оронд хэрэглэгдэн хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо, практик, чиг хандлага ийм байгаа юм.

-Тоо, тогтолцооны өөрчлөлт эцсийн дүндээ чанарынх болж чадах эсэхэд та хэр итгэл үнэмшилтэй байна вэ. Гарах үр дүн хамгийн чухал байгаа шүү дээ?

-УИХ-ын гишүүний тоо, сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хуульд оруулах энэ өөрчлөлт, үүний дараа хийгдэхэд бэлэн байгаа улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал цогцоороо шийдэгдэх учраас энэ ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдвэл парламентын дэг, мэтгэлцээн, намын бүлгүүдийн үүрэг, хариуцлага зэрэг олон асуудал үүнтэй уялдаад өөрчлөгдөх байх. Ер нь сонгууль шударга, үр дүнтэй байх нэг гол шалгуур нь төлөөллийг маш сайн хангаж байх явдал. Сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмэгдүүлэн өөрчилснөөр төлөөллийг хангах боломжийг бүрдүүлж чадна. Мөн санал гээгддэг байдлыг хааж, нийт сонгогчдын 50 гаруй хувь нь парламентын гадаа төлөөлөлгүй үлддэг гэж яриад байгаа зүйлийг арилгана. Үүний дараа улс төрийн намын үйл ажиллагааны нээлтэй, ил тод байдал, санхүүжилт, хариуцлага сонгуулийн хууль тогтоомжоор сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, журмыг тогтоож өгснөөр баталгаажна. Гэхдээ мэдээж, эдгээр хуулийг баталснаар үр дүн шууд гарчихна гэсэн үг биш. Энэ шинэ тогтолцоо, зарчим манайд нутагших, улс төрийн намууд төлөвших, улстөрчдийн ёс суртахуун, хариуцлага, сонгогчдын боловсролын асуудал зэрэг өргөн хүрээнд давхар өөрчлөлт, шинэчлэл, дэвшил авчрах учиртай. 

-Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг процессын хувьд хэрхэн өрнөх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг гурван үе шаттайгаар үргэлжилдэг. Хэлэлцүүлэг хооронд долоо хоногийн зай авч иргэдэд олон нийтэд төслийн талаар, хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөх, олон нийтийн оролцоог хангах ажил өрнөдөг. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газраас хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд мэдээлэх, танилцуулах ажил хийж байна. Ингэснээр дараагийн долоо хоногт гурав дахь хэлэлцүүлэг хийх болов уу. Хэлэлцүүлгийн хугацаа, хуваарийг УИХ-аас гаргана. Процессын хувьд, гурав дахь хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх бөгөөд гурав дахь хэлэлцүүлгээр УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь батлах санал өгсөн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсанд тооцдог. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсэх, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, хүчин төгөлдөр албан ёсны эхийг нийтлэх зэрэг ажил өрнөх учиртай.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


2
angry
2
care
1
haha
11
liked
5
love
2
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны… 2024/04/23
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хү… 2024/04/23
Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан … 2024/04/23
Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан… 2024/04/23
Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ 2024/04/23
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуу… 2024/04/23
Киргиз Улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсн… 2024/04/22
Улаанбаатарт 7 хэм дулаан байна 2024/04/22
Үс засуулбал эд, мал арвидна 2024/04/22
Хөл хөсөр, гар газар амьдран суухын хүсэл 2024/04/19
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс олон улс зайлсхийлээ 2024/04/19
Олимпын бамбарын буухиа 68 хоног үргэлжилнэ 2024/04/19
Балетын шилдгүүд Монголд өрсөлдөнө 2024/04/19
Оюутан элсүүлэх энэ жилийн босго оноог тогтоожээ 2024/04/19
Д.Энхжаргал: Монгол, хэл бичгийн шалгалтын оноог өнөөдөр байршуулна 2024/04/19
“Шинэ Хархорум” хотын концепц боловсруулах сонгон шалгаруулалтад 54 ул… 2024/04/19
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаа… 2024/04/19
Бүрэнхааны эрдэмт хүү Бүрэн эрхт элчин сайд 2024/04/19