Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон


 

1981 онд МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн Намсрайн Баярсайхан бид хоёр Намын Төв хорооны “Эдийн засгийн асуудал” сэтгүүл, “Эдийн засаг” сонинд ирснээс хойш Дуламсүрэнгийн Сүрэнжав эрхлэгчийн яг дэргэд арав шахам жил ажилласан, тэтгэвэрт гарснаас нь хойш ч энэ ухаалаг монгол сэхээтэн, эр зоригтой сэтгүүлч, нухацтай судлаач эрдэмтэнд ойр дөт хэвээр явж ирсэн юм. Тэнгэрт хальснаас нь хэдэн жилийн хойно Сүрэнжав эрхлэгчийн тэр үеийн залуу нөхөд Н.Түмэндэмбэрэл, Н.Баярсайхан, С.Норов бид хэд, гэргий Д.Цэвэлмаа гуай, хүүхдүүд С.Энхбаяр, С.Энхбат, С.Энхтуяа, С.Энхтөр, С.Энхжин бүгд нийлж бүтээл туурвилыг нь эмхэтгэн “Бичсэн зүйлийн минь утга санаа Монгол Улсын санхүүд дараа болохгүй” ном гаргасан. Уг номд орсон баримтад тулгуурлан үүнийг бичиж байна. Харин намайг сурагч, оюутан байх цагт Д.Сүрэнжав гуай “Үнэн” сонинд ажиллаж байсан цаг үеийг бид мэдэхгүй юм.

“1961 оны хоёрдугаар сараас 1963 оны долдугаар сарыг дуустал намын “Үнэн” сонины орлогч, “Социалист хөдөө аж ахуй” сонины эрхлэгч, 1968 оны долдугаар сараас 1970 оны есдүгээр сарыг дуустал намын “Үнэн” сонинд үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1970 оны аравдугаар сараас эдүгээ хүртэл мөн сонины Москвагийн сурвалжлагчаар ажиллаж байна”. Энэ бол Д.Сүрэнжав сэтгүүлчийн 1974 оны зургадугаар сарын 4-нд бичсэн гурван үеийн намтрын нэгэн хэсэг. Лодонгийн Түдэв эрхлэгч сониныхоо 80 жилийн ойгоор “ҮНЭН”: Наян жилийн намтрын товьёог(1920-1996)” үйлдсэн. Сонины 76 жилийн түүхэн он жилүүдийн олон мянган нийтлэлээс он оны гол гол нийтлэлийг онцлон дурдсаны дотор: “Үнэн” 1963 он.№161 Д.Сүрэнжав “Зуны отор, зузаан тарга”; 1971 он. №160 “Жанжны шадар нөхөд” Д.Сүрэнжав (Москвагаас); 1976 он. №124 “Булгийн усанд бузар халдахгүй”; 1982 он №269 “Тэмээ.. Тэмээ...” нийтлэл орсон байдаг. Эдгээрээс “Зуны отор, зузаан тарга” хэмээх Хөвсгөл аймагт хийсэн сурвалжилгынх нь нэр олон жил “Үнэн” сонины малгай гарчиг болж ирснийг санаж байна. 

“Эдийн засгийн асуудал”, “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч Д.Сүрэнжав гуайн 1982 онд “Үнэн” сонинд гаргасан “Тэмээ...Тэмээ...Тэмээ” нийтлэлийг нь бүр ч сайн мэддэг юм. Гарсан өдөр нь бид сониноос олж уншчихаад сууж байтал эрхлэгч утасдаад, “Миний ширээн дээр байгаа сониныг аваад Цахилгаан даргын өрөөнд ороод ир” гэв. Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч Д.Цахилгаан гуай Засгийн газрын ордны баруун 4-р давхарт суудаг байлаа. “Үнэн” сониныг аваад ороход Сүрэнжав эрхлэгч, Цахилгаан дарга хоёр ярьж сууснаа Цахилгаан дарга сониныг үзүүт, “Аан, энэ юм шив дээ” гэж хэлээд нийтлэлийн нэг хэсгийг хуруугаараа заасан. Маргааш нь эрхлэгч рүү ортол хаалга нь дэлгээтэй, өрөөний нь босгыг элээгч, эрхлэгчийн их найз Хууль зүйн яамны орлогч сайд Х.Дамдин гуай ганцаар сууж байна, эрхлэгч орж ирээд “За, миний Тэмээ ч овоо л явж байна” гэж дуугарсан юм. Бодоход, бас нэг дээд газар дуудагдаад ирж буй нь тэр байх. Сүүлд дуулбал тэмээ өсгөх талаар Намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоолд эрхлэгчийн дэвшүүлсэн саналаас тусгахаар болсон юм билээ. 

 

Ховорхон эр зоригтон

 “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлийн 1989 оны № 5-д нийтэлсэн “Мал аж ахуй” нэртэй өгүүлэл нь Монголын эдийн засгийн үндсэн салбар мал аж ахуйн сэдвээр бичсэн шилдэг нийтлэлд гарцаагүй багтана. Би тэгэхэд сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан юм. Тэргүүн өгүүллээ биччихээд намайг унш гэж өглөө. Уншчихаад, төгсгөлд нь “Та нэрээ бичээч” гэлээ. Өөдөөс чи айгаа юу гэж байна. Ингэж асуусны учир нь өгүүллийн төгсгөлд “Мал яавал өсөх вэ? Миний юм, өөрийн юм гэж хайрлаж хандах эзэнтэй болговол л өснө. Яаж эзэнтэй болгох вэ? Малыг болж гэмээ нь малчдын аминд өгвөөс хамгийн найдвартай эзэнтэй болно” гэсэн өгүүлбэр байсан юм. Үнэндээ тэр үед малыг хувьд өгөх тухай түрүүлж намын төв сэтгүүлд дуугарсан анхны тохиол энэ байсан юм. Ийм зориг гаргасанд нь би гайхсан учраас дээрх үгийг хэлэхэд минь надаас ингэж асуусан хэрэг л дээ. 

 

Орос хэлд гайхалтайн олон баримт

 Эрхлэгчийн офицерын сургуулийн анд нөхөр сэтгүүлч М.Содномцэрэн гуай Сүрэнжав эрхлэгчийг Москвад “Үнэн” сонины сурвалжлагчаар явуулахаар болоход, “Тун зөв хүн явуулж дээ, цаадах чинь орос хэлд сайн, оросуудаас огтхон ч айхгүй зоригтой, эх оронч хүн, оросуудыг дагаад далдганаад байхгүй” гэжээ. Эрхлэгчийг алба ажилтай байхад нь бид тэр бүр зүрхэлж юм асуудаггүй байсан. Хожмоо тэтгэвэрт гарсан хойноо бидний ажил дээр байсхийгээд хүрээд ирнэ. Нэг удаа орос хэл яаж сурсныг нь асуусан юм. Би суучихсан, эрхлэгч цонхоор гадагш хараад зогсчихсон ярьж байсан нь нүдэнд харагдаж байна. Эрхлэгчийн ярьсан нь:

-1947-1948 оны хавьцаа юм болов уу даа, Ц.Дамдинсүрэн гуайн Орос-Монгол ногоон толь анх гарч байлаа. Сурах бичиг энээ тэрээ байсангүй, уг толийн АБАЖУР -чийдэнгийн бүрхүүлээс, ЯЩУР- малын шүлхий өвчин хүртэлх бүх үгийг нэвт шувт цээжилсэн. Хэлц үг байсхийгээд гарч ирнэ. Жишээ нь, Сидеть у моря и ждать дождя-Бухын доодох харж үнэг турж үхнэ хэмээн цээжилж байхдаа бух ч хаана байгаа билээ, үнэг ч юусан билээ бүү мэд, тогтоогоод л байсан, хожмоо л орос, монгол руу юм орчуулж явахдаа ийм учиртай юм бий гэж ойлгож байсан гэж хуучилсан юмдаг.

Сүрэнжав эрхлэгчийн гэргий Дашнямын Цэвэлмаа гуай: Өвгөн маань тэр үеийн “Бо намын түүх” буюу “Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын түүх”, Орос-Монгол хэлний толь бичиг хоёртой нөхөрлөж, өдөр шөнөгүй эхнээс нь дуустал цээжилж нэг мэдэхэд орос хэлтэй болчихсон байж. “Монголоор бичсэнээс оросоор бичсэн нь дээр” гэдэгсэн. Тэгэхээр орос хэлийг гайхалтай сайн сурсны гэрч юм даа. Утас дуугараад авахад тэр үеийн боловсролтой сэхээтнүүд Сүрэнжавтай ярих гэсэн юм гэнэ. Тэдний асуудаг зүйл нь “Оросоор, монголоор тийм өгүүлбэрийг яаж бичих вэ? гэж л надаас асууж байна” гэдэгсэн. Нэг удаа “Дарга ярьж байна” гэв. Ямар дарга гэсэн чинь “Цэдэнбал дарга ярьж байна, нөгөө Шарав-Иш нь Сүрэнжав л хэлнэ дээ гэсэн юм болов уу даа” гэж байна. Даргын дэргэд Н.Шарав-Иш ажиллаж байсан цаг шүү дээ. Тийм яриа нэг биш удаа болсон сон. Н.Шарав-Иш өөрөө манай нэртэй орчуулагчдын нэг байсан шүү дээ.

Манай өвгөн Монгол-Зөв­лөлтийн худалдаагаар эрдмийн цол хамгаалсан. Ардчилсан хувьсгалаас бүр өмнө шүү дээ. Тэгэхэд цаг ч ондоо байсан. Бүх л юм хойт хөрштэйгээ салшгүй холбоотой байсан юм чинь. Цолоо хаалттай хамгаалснаар барахгүй, баримт материалаа хүртэл нууцалж байлаа. Энэ хэцүү сэдэв байсан нь ойлгомжтой байгаа биз. Бид хоёр нэг удаа Чехословак улсад амардаг юм байна. Тэнд томоохон алба хашиж байсан нэг танил маань гэртээ уриад хоол унд идэж байх зуураа “Монгол-Зөвлөлтийн худалдаагаар цол хамгаалсан хүн чамаас өөр алга. Тэр асуудлаар одоо л дуугарах цаг болж байна” гэдэг юм байна. Манай өвгөн ч олзуурхан төдөлгүй “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлд бичээд гаргачихав. Төдий удалгүй Зөвлөлтийн Элчин сайдын яаманд манай хүний бичсэн сэдвээр хэвлэлийн бага хурал болж, бидний хувьд асуудал нэг л биш болов. Ардчилсан хувьсгал эхэлж байгааг ч хэлэх үү, жагсаал цуглаан дээр манай өвгөний бичсэн нөгөө нийтлэлээс эш татаж, сонин хэвлэлээр бөөн шуугиан дэгдэв. Найз нөхөд, нэртэй, нэртэй сэхээтнүүд баяр хүргэж байна. Харин чи буруу юм хийж гэж нэг ч хүн утасдаж байгаагүй. Тэгсэн ч би дотроо айдастай байсан шүү. Тэр үед би өвгөнийгөө орсон, гарсан ч байнга дагаж явдаг болов. Манай хүн ч өөртөө бүрэн итгэлтэй, “Дахин лавлана аа хөө, Москвагийн Лениний нэрэмжит номын сангаас ихэнх материалаа авсан юм чинь” гэж байна. Удсан ч үгүй, “Москва явна аа, өөрийнхөө зардлаар шүү. Баримтуудыг эх материалаас нь дахин баталгаажуулна. Санаа зоволтгүй” гэдэг юм байна. Би ч айдастай байсныг яана. Олон хүнд ч хэлээгүй, зам зуур, тэндээ очоод ч гэсэн болгоомжтой байхыг дахин дахин анхаарууллаа. “Өвгөнхүү маань Москвад байгаа юм чинь санаа зовохгүй байна аа” гээд л явлаа шүү.

Нэг удаа санаандгүй зурагт нээсэн чинь Гадаад худалдааны яамны орлогч сайдаар олон жил ажиллаж байсан Монголын гадаад худалдааны асуудлаар нэвтэрхий толь болж явсан Өлзийн Дорж гуай Монгол-Зөвлөлт хоёр худалдаа хэрхэн хийж байсан талаар ярьж байх юм. Өвгөн ч хормын төдий зурагтаас холдсонгүй сонсож, “Миний зөв болох нь дахин батлагдлаа, Дорж мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ” гэж байна. Нэлээд хугацаа өнгөрсөн хойно Дорж гуайн хөгшин Жавзантай таараад “Дорж гуай зурагтаар сайхан ярилаа даа” гэсэн чинь “Сурвалжлагчид тэр тухай яриулах гэж манай руу их ч ярьсан даа. Би өвгөнийг хорьсоор байгаад өдий хүргэсэн юм. Цаг хэцүү байхад хэл аманд, юм хуманд орчих вий гэж айдаг байсан. Харин намайг эмнэлэгт хэвтсэн хойгуур зурагтынхан манай гэрт ирээд авч яваад яриулсан байгаа юм даа” гэж билээ. Жавзан Цэдэнбал даргын төрсөн дүү шүү дээ.

 

ХААЛТТАЙ ХАМГААЛСАН ДИССЕРТАЦ БУЮУ МОНГОЛ УЛС ӨРГҮЙ

 Хоёр орны хоорондын ху­дал­дааны харилцаанд ямагт да­вам­гай эрх эдэлж байсан Зөвлөлт их гүрнийг нүд үл цавч­ран сөрөн зогсож, үнэний эрэлд эрслэн хүчин зүтгэсээр эцсийн бүлэгт ялалт байгуулсан эдийн засгийн сэтгүүлч бол Сүрэнжав эрхлэгч яах аргагүй мөн. Сүрэнжав эрхлэгчийн Москвад хаалттай хамгаалсан эрдэм шинжилгээний бүтээл: 

“Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагаа, БНМАУ-ын улс ардын аж ахуйн хөгжилд түүний нөлөө /гадаад худалдаа-зээлийн харилцааны жишээн дээр” нэртэй. Судалгааны эцсийн үр дүнг гаргаж, монголчуудад хохиролтой байгааг харуулахад эрдэм шинжилгээний удирдагч багш нь том гүрний түүхий эдийн хараат орон ийм л байдаг юм даа гэж хэлсэн гэж Сүрэнжав эрхлэгч ярьдаг байлаа. Эрдэм шинжилгээний тэр удирдагч юмыг голоор нь хэлдэг шударга хүн байсан бололтой. 

Насаараа хийсэн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлийн 1990 оны анхны дугаарт нийтлүүлсэн “ХУДАЛДААНЫ ДҮЙЦЭЛ ЯМАР БАЙНА ВЭ?” нэртэй 100 мөр тойм энэ бүхний оргил бөгөөд тайлал болж, “Худалдааны дүйцлийн тухайд гэвэл манай улсын өр зээл барагцаалбал 8,9 тэрбум рубль болон харагдаж байна” хэмээн бичсэн нь шуугиан тарьж, Монголд ч, ЗХУ-д ч хүмүүсийн чихийг дэлдийлгэн Зөвлөлт засгийн газрын зүрхэнд шар ус хуруулж, гал ус харшихын дайтай болсон юм. Дээр дурдсан ондоо “Ил товчоо” сонинд энэ тухайгаа “100 мөр, найман зуун үгэнд багтсан тэр нийтлэл олон жилийн нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болжээ” хэмээн дурсан бичсэн юм. Нээрээ ч тэгсэн, түүнээс хойш ч нэхэл хатуутай олон зүйлийг бичиж нийтлүүлсэн, үнэн ялсан билээ.

Энэ өгүүлэл нийтлэгдсэнээс хойш 1990 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр тэр үед Монгол Улсад сууж байсан Зөвлөлтийн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Василий Сит­ников Элчин сайдын яамандаа сүртэй хэвлэлийн бага хурал зарлан хийлгэхэд би эрхлэгч­тэйгээ цуг очсон юмсан. Зөвлөлтийн Элчин сайдын яаманд болдог ийм хуралд өмнө нь хэд хэдэн удаа очиж байсан боловч, энэ удаагийнх шиг ийм хөрзгөр хурал огт үзээгүй юм даг. Монголын сэтгүүлчид бүгд яс нь хавталзсан аятай толгой гудайн сууцгааж байсан.

Элчин сайд Ситников ихэд шазруун, яаж арьсандаа багтаж байгаа бол гэмээр тун ёозгүй ууртай ширүүн байлаа. Элчин сайдыг урт нуршуу үг хэлсний хойно манай эрхлэгч нөгөө л гайхалтай тайван зангаараа “Би баримт түшдэг сэтгүүлч” гэж үгээ эхлээд, цомхон тайлбар хийж, бид Зөвлөлтөд өргүй гэж шуудхан хэлэхдээ үг нь цэгцтэй, огтхон ч эмээж ширвээдсэн шинжгүй, цоглог эрэмгий байлаа. Тэгсгээд хэвлэлийн хурал ч шувтарч, сэтгүүлчид нэг л дүнсгэр дуу шуу ч үгүй тарцгааж эрхлэгч бид хоёр цуг буцлаа. Яг үнэнийг хэлэхэд би ч халгаж байсан. Гэсэн ч урь эрт унаж, санчиг үл мэдэг сэрвэлзүүлэх сэвшээ салхитай хаврын тунгалаг нартай өдрийн үдээс хойш Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас гараад Засгийн газрын ордны зүг ялсан баатар эр шиг тэвхэлзтэл алхахад нь нүүр өөд нь ажвал цэмбийтэл хувцасласан тэвхгэр өргөн мөртэй цээжээ түхийлгэн, санасан хэргээ бүтээсэн мэт идрийн жавхаатай бардам харагдахад нь дотор онгойж билээ. 

Маргааш нь яадаг бол гэж харж байтал юу ч бололгүй өнгөрсөн. Далдуур чухам юу болж, юу ярьцгааж байсныг яаж мэдэх вэ. Их гүрэн, тэднийг аялдан дагалдагчид үгээр мохоох гэж оролдохоос бус, цаашид яаж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой цагийн аяс нааш эргэсэн байсан юм. Гэхдээ өөрчлөн байгуулалт, ил тодын тухай ярих болж, ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн хэдий ч Зөвлөлт гүрэн задрах хүртэл бас цаг хугацаа яагаа ч үгүй, илүү дутуу үг хэлсэн хүнийг няц тээрэмдэж мэдэхээр байсан цагт ингэж эрслэн зориглосон нь өөрт нь халгаатай байж мэдэхээр л байлаа. Монгол-Зөвлөлтийн худалдаан дахь үнэ шударга уу, шударга бус уу гэдэг хилэнцэт үгийг анх хэлсэн Анандын Амар гуайн дараа ийм үг хэлж зүрхэлсэн, хэлсэн үгэндээ эзэн болж, баттай хамгаалж чадсан хүн бол Дуламсүрэнгийн Сүрэнжав сэтгүүлч. Ингэж хэлж байсан тэр цаг үед эх орны дотоодод ч шуудхан хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл бий болоогүй байсан шүү дээ. 

 

МАХН-ЫН ТӨВ ХОРООНД

(Санал)

 

Намын Төв Хороонд ирж ажилласнаас хойш 37 жил өнгөрөв. 53 оны долдугаар сарын эхээр Ордны баруун урд хаалгаар орж ирээд одоо өнөө маргаашгүй баруун хойд хаалгаар гарч амралтаа эдэлнэ. Төв Хороондоо юутай ирсэн бэ? гэвэл намын бат илэрхийлэх; зоотехникчийн үнэмлэх; залуу нас энэ гурав байсан. Одоо юутай болоод буцаж байна вэ? гэвэл тал эдийн засагч, тал сэтгүүлч, тал орчуулагч, тал бичээчийн мэргэжлийг нэмж олоод эхнэр, хүүхэд, бэр, хүргэн, ачийн хамт арван дөрвүүл болоод явж байна.

Намдаа яаж дараа болов оо? гэвэл тэр болгон өөрийн чадал авьяас ч гэдэг юм уу, мэргэжил мэдлэгийн түвшний хэмжээнд хүртэл хүчээ бүрэн дайчилж байгаагүй гэж бодож байна. Москвад Нийгмийн ухааны хүрээлэнд гурван жил болохдоо унших ёстой зохио­­лыг бүгдийг уншаагүй. Хожим сур­валж­лагчаар дөр­вөн жил болохдоо Зөвлөлт орны талаар, хоёр орны ард түмний найрамдлыг бэх­жүү­лэхтэй холбогдсон сэдвээр нэлээд их зүйл бичиж болох байсан бололцоог дүүрэн хэрэгжүүлээгүй. Харин аливаа хов живд оролцоогүй бөгөөд ямар нэгэн мэдээлэл бичиж удирдах хүмүүсийн ажлыг үрж яваагүй.

Намдаа ямар тус хүргэв гэдэг асуудал бас гарна. Төв Хорооны даалгавраар “Социалист хөдөө аж ахуй”, “Эдийн засаг” сониныг нөхдийн хамт анх түрүүн гаргасан. Мөн “Эдийн засгийн боловсрол”, “Эдийн засгийн асуудал” сэтгүүлийн нийтлэлд нөхдийн хамт 16 жил гар бие оролцож явлаа. Тодорхой эдийн засгийн салбарт зарим асуудлаар мэргэжихийг оролдсоны хувьд монгол-зөвлөлтийн худалдааны харилцааны талаар 25 жил судалгаа хийлээ. Үүний эхний дөрвөн жилийн дүнг 1969 оны долдугаар сард арван хэдэн хуудсанд багтаан орос хэл дээр дөрвөн хувь үйлдээд нэгдүгээрийг Цэдэнбал, хоёрдугаарыг Моломжамц, гуравдугаарыг Гомбожав, энэ гурван хүнд өгсөн юм. Бичгийн товч утга гэвэл манай улс ЗХУ-д ноосыг үнэтэй өгч, харин мал махны зүйлийг нэлээд хямд худалдаж байгаагаас шалтгаалан сүүлийн үед 20 гаруй сая рублийн алдагдалд орсныг баримтаар дурдаад монгол-зөвлөлтийн худалдааны үнийн тооцоо нэлээдийг оруулсан юм. Мөнхүү бичгийг ноднин намар дахин гурван хувь олшруулаад Сайд нарын Зөвлөлийн Пэлжээ, Бямбасүрэн хоёрт нэмж гардуулсан. Миний бодоход дурдсан бичгийг лавтай сонирхон үзсэн хүн бол Гомбожав байх. Тэр үед гадаад худалдаа хариуцаж байсан юм. Уг судалгаа мал махны үнийг нэмэгдүүлэхэд тус болсон юм шиг байдаг. Илтгэх хуудас бичсэний хойтонгоос нь мал махны үнэ нэмэгдэж 1971-1974 оны хооронд манай улс зөвхөн үхэр, хонь худалдсанаас 63.2 сая рублийн ашиг нэмж олсон байдаг. Тэрхүү бичгийн улбаагаар ч миний биеийг ЭЗХТЗ-ийн Чуулганы хуралдаанд арван удаа явуулсан болов уу гэж бодож байна.

Монгол-зөвлөлтийн худал­дааны талаар 25 жил хийсэн судалгаа, 21 жилийн өмнө нам, засгийн удирдлагад гардуулсан бичгийн үргэлжлэлийг энэ жил 800 үгэнд багтааж “ЭЗБ” сэтгүүлд нийтлэв. Өр үүссэн шалтгааны тухай хийсэн дүгнэлт болон манай улс ерөөс өргүй байх ёстой санааг Сангийн яам, Гадаад явдлын яамныхан дэмжсэн. Харин одоо хүртэл албан ёсоор намайг буруу зөрүү зүйл бичлээ гэж хэлсэн хүн үгүй. Уг өгүүллийн агуулгатай холбогдуулж хоёрдугаар сарын 23-нд Зөвлөлтийн Элчин сайдын яаманд хийсэн хэвлэлийн бага хурал дээр нэмж хэлсэн үгийн утгыг 24-ний өдрийн “Жапан таймс” сонинд мэдээлсэн гэдгийг би сонссон. Өөрийн бичсэн зүйлийн талаар эргэцүүлэн бодвол түүний утга санаа нь манай Монгол Улсын санхүүд дараа болохгүй мэт санагдаж байгаа. 37 жилд миний амьдралд гарсан өөрчлөлт, хийсэн ажлын товч тойм гэвэл ийм байна.

 

* * *

 

Эцэст нь Намын Төв Хорооноос хүсэх нэг зүйл байна. Юу вэ гэвэл: Нэгд, энэ жилдээ намайг “Эдийн засгийн боловсрол” сэтгүүлийн орон тооны бус сурвалжлагчаар ажиллуулбал би ойр зуур яв гэсэн газар очиж тэмдэглэл сурвалжлага хийх дуртай байна. Хоёрт, мөн энэ он дуустал сэтгүүлийн материалыг сайн дураар уншиж нөхдөдөө нүдээр нэмэр болохыг хүсэж байна. Мэдээжийн хэрэг надад өрөө тасалгаа цалин пүнлүү хэрэггүй. Гучаад жил сэтгүүл сонины ажил хийсэн болохоор уяанд дассан хөгшин морь шиг болжээ. Өөрөө давхидаггүй мөртлөө уяатай хурдан морьдын дэргэд ирж толгой хаялан зогсож байдаг тийм адуу байдаг шүү дээ. Тэрэрхүү л юм болж байгаа хэрэг.

 

Сэтгүүлч, эдийн засагч Д.СҮРЭНЖАВ 1990.VII.15

МАХН-ын Төв Хороонд хэмээн хаягласан энэ 70 гаруйхан мөр бичвэрийн тухайд ялимгүй тодруулга хийе. Д.Сүрэнжав эрхлэгч илүү нуршуу юм бичиж хүний ч, өөрийн ч цагийг дэмий үрдэггүй, ямар ч санааг нягт товчхон илэрхийлж чаддаг ховорхон авьяастай хүн байсан юм. Бичсэнээ мөрийн тоо, үгийн тоогоор л хэмжинэ. Энэ бичигт ч ялгаагүй, яг үнэндээ эрэлхэг зоригоороо эх орон, эгэл түмнийхээ өмнө бүтээсэн гавьяат үйлсээ энгийн даруугийн дээд үлгэр жишээгээр даанч гайхалтай илэрхийлсэн юм. Уг бичвэрийн төгсгөлийн хэсгийг уншаад тэр үедээ энэ хүний эх орныхоо өмнө бүтээсэн үйлсийг дэндүү бага үнэлж, тоогоогүй өнгөрсөн санагдаад, юу юугүй цурхиртал уйлах дөхөж билээ. 

Бямбажавын ӨВГӨНХҮҮ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22