Хүүхдийн инээд хөөр, “Алдарт ээж”-үүдийн инээмсэглэл дүүрэн, төрийн гурван өндөрлөг тун завгүй долоо хоног өнгөрлөө. Энэ жил улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор энгэрээ мялааж байна. Төрийн тэргүүн ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын талбай үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүдээр өнгө нэмэв. Тэгвэл Ерөнхий сайд Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгчтэйгээр зохион байгууллаа.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг. Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тиймээс олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Тэгвэл УИХ-ын дарга ч бас өнгөрөгч долоо хоногт завгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулав. Төрийн систем, улс төрийн тогтоц ургамлаар бол уг ёзоор нь өвчлөн ялзарч хувхайрч хатсан. Хавь ойрыг нь бүрхсэн хогийн ургамлыг үндсээр нь зулгааж хаяхгүй бол иш мөчрийг нь тайраад үндсэн агуулга, мөн чанар нь өөрчлөгдөхгүй. Тиймээс Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт хийх санал Засгийн газраас гарсан. Анх 152 гишүүнтэй болохоор төсөл өргөн барьсан ч олон удаа санал асуулга хэлэлцүүлэг хийж, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх санал дээр нэгдэж чадлаа.
УИХ түүхэн шийдвэр гаргаж байх зуур Засгийн газар улс орны амьдралд хэрэгтэй чухал шийдвэрүүд гаргалаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийв. Өмнө нь төсөв алдагдалтай гарч байнга тодотгол хийсээр ирсэн. Тэгвэл анх удаа Монгол Улсын төсвийн орлого давж биелэн эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрсэн учраас 2023 оны төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгохоор болж байна.
Мөн төсвийн орлого давж биелсэн учир сүүлийн хоёр жил нэмээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тодруулбал, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ бүх тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тус бүр 12.8 хувиар нэмэх, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөгт хүргэх шийдвэр гаргалаа. Мөн 270 гаруй мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэхээр болов. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохдоо нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг ч нөхөж олгохоор болжээ. Энэхүү арга хэмжээнд 167.2 тэрбум төгрөг нэмж зарцуулах тооцоо гарсан байна. Хүүхдээ алагчилсан төр хэмээн ад үзэгдэж, эцэг эхчүүдийг ч багагүй бухимдуулсан хүүхдийн мөнгөний хэрүүл ийнхүү шийдэгдлээ.
Өнгөрөгч долоо хоногийн онцлох мэдээнүүдийн нэг гэвэл Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлт байлаа. Шивээхүрэн бол нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой том боомт. Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбосноор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болно. Түүнээс гадна энэхүү төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой юм. Нийтдээ 7.1 км урт төмөр замын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх оны эхээр ашиглалтад оруулна гэсэн өөдрөг мэдээлэл байна.
Олны анхаарлыг татаж, шуугиан дэгдээсээр байгаа “Шилэн” ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт дахин зургаан санг ил болголоо. “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”,“Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан”, “ Төсвийн тогтворжуулалтын сан”, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Эрүүл мэндийн даатгалын сан”, “Ирээдүйн өв сан” зэрэг сангийн үүл ажиллагааг ил болгож, дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын талаар мэдээллийг өгч байгаа юм. Эдгээр сангаас хамгийн их анхаарал татаж байгаа сан бол Эрүүл мэндийн даатгалын сан. Зөвхөн 2022 онд л гэхэд 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон энэ сангийн мөнгөний зарцуулалт бас л олны анхаарлыг татав.
Томоохон хувийн эмнэлгүүд энэ сангаас их хэмжээний мөнгө авдаг. Жишээлбэл, “Сонгдо” эмнэлэг гэхэд л 35 тэрбум төгрөг жилд авдаг нь тодорхой болж, бас л багагүй шуугиан дэгдээв. Өндөр төлбөртэй үзлэг үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлгүүд жил бүр их наядаар хэмжигдэх төлбөр авч байгааг эсэргүүцэх хүмүүс ч олон байна. Шилэн ажиллагааны хүрээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотын дарга нарын газар олгосон мэдээллийг дэлгэсэн бол энэ удаа дүүргийн засаг дарга нарын зөвшөөрлөөр олгогдсон 310315 газрын мэдээлэл ил болов. Өнөөдрийн байдлаар газар олголтын тоогоороо Баянзүрх дүүрэг тэргүүлж байна. Тус дүүрэг хоёр жилийн хугацаанд 81056 газар олгожээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна