Төр гэдэг хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, бас хамгийн хамгийн том ажил олгогч байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хэрэгцээг хангахын тулд төр төсвийн мөнгөөр бараа, үйлчилгээ, барилга байшин худалдаж авч үүгээр дамжуулан ажлын байр бий болгож байгаа. Төсөв нэмэгдэхийн хэрээр төрийн худалдан авалт ч бас нэмэгддэг. Жишээлбэл, Монгол Улс 2008 онд улсын хэмжээнд жилдээ 300 орчим тендер зарлаж байсан бол 2022 онд гурван их наяд 90 тэрбум төгрөгийн өртөг бүхий 717 төсөл, хөтөлбөрийн тендер зарлажээ. Төсөв өсөж, тендерүүд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сайн мэдээний хажуугаар саар мэдээ ч бас байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хойд хөршид гарсан үймээн самуун, эдийн засгийн хямрал Монголын төртэй ширээний ард сууж гэрээ байгуулсан барилгачдын хувьд том цохилт болж, барилгын салбар өнөөдөр элгээрээ хэвтэхэд бэлэн болоод байна.
Монгол Улсын барилгын салбарт нийт 5279 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авчээ. Энэ салбарт 90 гаруй мянган хүн ажиллаж, жилдээ тав орчим их наяд төгрөг эргэлддэг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7 хувийг барилгын салбарынхан дангаараа бүрдүүлдэг. Барилгын компаниуд өөрсдөө төсөл хэрэгжүүлэхээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалттай томоохон ажлуудыг гүйцэтгэдэг. Товчхон хэлэхэд, Монгол Улсад барилгын салбарын хамгийн том худалдан авагч нь төр.
Гэтэл тендерт оролцож, тендерийн баталгаа болгож таван хувь, гүйцэтгэлийн баталгаа болгож 5-10 хувийн мөнгийг арилжааны банканд байршуулаад төртэй хэлэлцээр байгуулсан барилгын компанийн захирлууд өр зээлэнд баригдаж, цалингаа хүлээж цөхөрсөн ажилчид нь БНСУ руу дүрвэж байна. Шалтгаан нь санхүүжилт. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар Барилга, хот байгуулалтын яамнаас 1142 барилгын ажил хүлээгдэж байгаа гэсэн тооцоог гаргажээ. Энэ дутуу баригдсан 1142 тендерийн барилга энэ салбарт мянга түмэн зовлон авчрах нь тэр. Учир нь, цар тахлын өмнө тендерт орж барилгын ажил авсан компаниуд хамаг хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, тендерийн ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Гэтэл ковид гарч, санхүүжилт зогсож, энэ хойгуур барилгын материалын үнэ огцом өсөөд байна.
Зөвхөн цемент гэхэд 2019 онтой харьцуулахад 2.5 дахин, арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувиар тус тус нэмэгджээ. Барилгын материалын үнэ өссөн ч тендерийн үнэлгээ өссөнгүй. Тендерүүдийн санхүүжилт царцсан ч банкны хүү зогссонгүй, татвар шимтгэлийг хөнгөлсөнгүй. Уг нь улсын төсвийн барилга дээр ажиллаж буй компаниуд энэ асуудлыг бүхэл бүтэн хоёр жилийн өмнөөс сөхөж, холбогдох яамны удирдлагуудад санал хүргүүлж, шаардлага тавьж, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамаар явж, гишүүдтэй уулзан, УИХ-ын тогтоол хүртэл гаргуулжээ. Гэхдээ өнөөх тогтоолийг нь гүйцэд хэрэгжүүлсэнгүй.
Дорвитой арга хэмжээ авах хүн ч олдсонгүй. “Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийнэ” гэсээр өнөөдөртэй золгожээ. Аргаа барсан барилгачид тендерийн ажлаа орхиод шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэтэл бас л том саад бэрхшээл тулгарсан байна. Барилгын компаниудад үл хөдлөх хөрөнгийн төслөө хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн байгууллагаас тухайн төслийн нийт зардлын 70 орчим хувийг зээлээр авдаг. Ядаж байхад энэ жилийн байдлаар макро эдийн засгийн орчинд инфляцын өсөлт болон гадаад валютын нөөцийн бууралт, Монгол банкны бодлогын хүүгийн өсөлт зэргээс шалтгаалан санхүүгийн ихэнх байгууллага болон банкнууд зээлийн хэмжээгээ бууруулж буй. Тиймээс тендерийн ажил хийхээр хамаг хөрөнгөө өмнө нь банканд барьцаалсан барилгын компаниуд дахин зээл авах, шинэ төсөл эхлүүлнэ гэдэг мөрөөдөл болж хувирчээ.
Одоо тэд төр төмөр багаа хуулж, дахин хэлэлцээрийн ширээний ард суух өдрийг хүлээсээр... Энэ асуудал ганцхан барилгын салбарын асуудал, барилгачдын зовлон биш. Үүний цаана шинэ эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал баригдахыг хүлээж байгаа олон нийтийн хүлээлт, бас итгэл бий. Тэд хэзээ нэг цагт шинэ эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй болно хэмээн дутуу баригдсан байшин барилгыг ашиглалтад орох өдрийг хүлээж цөхрөнгөө барж байна. Монгол орны өнцөг булан бүрд эхлүүлээд орхисон барилга, дутуу баригдсан байр байшинг хөдөлгөх боломж бол төсвийн тодотгол. Монгол Улс алдагдалтай төсвөө зохицуулах гэж тодотгол хийдэг.
Тэгвэл энэ жил түүхэндээ бараг анх удаа төсөв ашигтай ажилласан учраас тодотгох гэж байна. Энэ удаагийн төсвийн тодотголоор гацсан санхүүжилтийг шийдвэрлэж, царцсан тендерүүдийг хөдөлгөнө, ядаж л магадалгаагаа хууль дүрмийн дагуу хийж, барилгын салбарыг гацаанаас гаргаж өгнө гэдэгт барилгачид найдаж сууна. Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн ханш унасан хүндхэн жилүүдэд төсвийн ачааллыг нуруундаа үүрч гарсан барилгын салбар гацаанаас гарчихвал эдийн засагт бодит өсөлт авчирна. Ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаа ч дээшилнэ. Тэрчлэн хувийн хэвшлийн өгөөжөөр төсөвт төвлөрүүлэх татвар ч нэмэгдэх нь дамжиггүй.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна