Н.Энхболд: Ардчиллаа бэхжүүлж, намуудыг төлөвшүүлэх суурийг тавилаа


УИХ-ын гишүүн ярьж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталснаар УИХ-ын сонгуулийг цаашид 78:48 гэсэн харьцаатай холимог тогтолцоогоор зохион байгуулж, парламент 126 гишүүнтэй байхаар болж байна. Энэхүү өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа. 

-Сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуульдаа тусгахын ач холбогдол юу вэ. Цаашид үүсэж болох ямар эрсдэлээс хамгаалж байна вэ?  

-Товчхондоо, том шинэчлэлийн эхлэл, суурийг тавилаа. Тод­руулбал, энэхүү өөрчлөлт төрийн бодлогын тогтвортой чанарыг хадгалах, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах, урт хугацааны бодлогыг хэрэг­жүүлэхэд томоохон суурь болох юм. Тиймээс улстөрч, эрдэмтэн судлаачид энэхүү өөрчлөлтийг “Реформ боллоо” гэж дүгнэж байгаа. Хэрэв бид сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа тусгаж өгөхгүй бол дараа дараагийн улс төрийн хүчнүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх эрсдэлтэй. Сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрч, тогтолцоог өөрчилдөг байдал засрахгүй,  давтагдана гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн том дархлааг ашиглаж, парламентын тогтвортой байдлыг хангах, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, төр иргэн хоёрын итгэлцлийг нэмэгдүүлэх гэх мэт олон хүчин зүйл, нийгмийн шаардлагыг үндэслэж, сонгуулийн тогтолцоог эцэг хуульдаа тусгаж өглөө. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд тусгах талаар 2008 оноос хойш ярьсан ч өндөр босгыг нь давж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Үүний нэг шалтгаан нь нийгмийн сэтгэлгээ бэлэн болоогүй байсантай холбоотой болов уу. Харин энэ удаад иргэд нэг намд итгэл хүлээлгэж үнэмлэхүй олонх болгосон нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах механик боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Нөгөө талдаа иргэдийн сэтгэлгээ өөрчлөгдөж, өөрсдийнх нь саналын тодорхой хувь гээгдэж, парламентын гадна үлдэж буйг ойлгож, өөрчлөлт оруулахыг дэмжиж эхэлсэн. Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулахад нэг талаасаа обьектив боломж, нөгөө талаасаа субьектив хүчин зүйл нөлөөлсөн.

-Манай улс сонгуулийн олон янзын тогтолцоо ашиглаж ирсэн гашуун түүхтэй.  Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж байсан ч бас л үүнийг өөрчилсөн. Энэ удаад сонгосон тогтолцоо хамгийн боломжит хувилбар байж чадах уу?

-Сонгуулийн тогтолцоо бүр давуу болон сул талтай байдаг. Мажоритар тогтолцооны сул тал нь сонгуулийн үр дүнг савлуулдаг. Энэ сул тал нь хэд хэдэн удаа давтагдахаар төрийн бодлого тогтворгүй болж, шийдэх боломжтой томоохон олон асуудал орхигдож ирсэн. Үүний горыг бид одоо амсаж байна. 2012 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт би ажиллаж байсан. Тухайн өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахад улс төрийн намуудын болон эмэгтэйчүүдийн төлөөлөл өмнө нь байгаагүйгээр нэмэгдэж орж ирсэн шүү дээ. Харамсалтай нь, АН олонх байх үедээ буюу 2016 онд сонгуулийн тогтолцоог дахин өөрчилж, төр засаг тогтворгүйтэх алхмыг хийсэн. АН тухайн үед улс төрийн тооцоолол буруу хийсэн бололтой юм билээ. Ямар нам ялалт байгуулах нь чухал биш, хамгийн гол нь төрийн бодлого тогтвортой үргэлжилж байх учиртай. Сонгуулийн тогтолцоог дөрвөн жил тутам өөрчлөх нь төр засгийг тогтворгүй болгож, улс төрийн намууд төлөвшихгүй, бодлогоороо өрсөлдөхгүй хэмжээнд хүргээд байна. Харин одоо энэхүү өөрчлөлт төр засгаа хэрхэн бүрдүүлэх, УИХ-ын үйл ажиллагаа юунд чиглэх ёстой вэ гэдэгт ач холбогдол өгч, улс төрийн намуудыг төлөвшүүлнэ гэж харж байна.

-Үндсэн хуульд оруулах өөрч­лөлтийн төсөлд 50:50 гэсэн харьцаатай холимог тогтол­цоотой байх санал тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд үүнийг 78:48 болгон өөрчилж, баталсан. Юунд үндэслэж мажоритарыг нь давамгай байлгах шийдэлд хүрсэн бэ? 

-2012 оны сонгуулийг газар нутаг, хүн амын тоо, байршил зэргийг харгалзан үзэж  48:28 гэсэн харьцаатай холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Гэтэл энэ харьцаа үр дүнд хүрээгүй. Нэгдсэн бодлогодоо төвлөрч, хүч хаяж чадахгүй, өмнөх жишгээрээ өөрсдийнхөө тойрог руу хөрөнгө мөнгөө татаж, хязгаарлагдмал нөөц бололцоогоо тарааж байсан. Хамгийн чухал, хөгжлийн томоохон асуудлаа төлөвлөж, шийдэж чадахгүй байсан учраас иргэдийн төлөөлөл болон намын жагсаалт аль аль нь тэнцүү байх нь үр дүнд хүрнэ гэж үзсэн болов уу. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн болон улс төрийн намуудын саналд үндэслэж, тойргоос сонгогдох хэсэг нь арай илүү байснаар зах хязгаар нутгийн хөгжил түүнтэй уялдах аюулгүй байдал зэрэг хүчин зүйлд өөрчлөлт, дэвшил гарна гэж үзээд 78:48 байлгах зарчимд санал нэгдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал өндөр буюу 4/3 хувын санал авч, том зөвшилцлийн үндсэнд шийддэг. Энэ зарчмаар ийм шийдэлд хүрсэн.

-Дараагийн нэг өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 126 болгосон зохицуулалт. Одоо нийгэмд үүсээд буй асуудал тоондоо бус хүндээ байгаа юм биш үү? 

-Асуудал тоондоо биш хүндээ байгаа гэдгийг хоёр талаас нь харж, бодох ёстой. Аль алинд нь л асуудал бий. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэг дээ. Зарим гишүүн ашиг сонирхлын зөрчлөөсөө болж хэрэгт холбогдоод байгааг хэн ч үгүйсгээгүй. Харин ч бид ил гаргаж, цаашид үүнийг илаарьшуулах алхам хийж буй нь улс төрийн болон сэтгэлгээний том шинэчлэлийн эхлэл болж байна. Ардчилсан улсын парламент нь тухайн улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болдог гэдэг талаас нь харж үзвэл олон хүн зөвлөлдөж шийдвэр гаргаснаар илүү бодит, үр дүнтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Парламент хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүдийн тоо багадаж байгааг олон хүчин зүйлээс харж болно. Жишээлбэл, нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагдах, томоохон хууль орж ирэхэд түүнийг тал талаас нь уншиж судлах нь хязгаарлагдмал, цөөн гишүүний саналаар асуудлыг шийддэг, энэ эргээд нэг гишүүнд ногдох эрх мэдлийг нэмэгдүүлдэг. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүд урвуулан ашиглах,  ашиг сонирх­лын зөрчил үүсгэх гэх мэт ёс зүйгүй үйлдэл гаргах эхлэл суурийг тавьдаг. Энэ бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нэг шалтгаан. 1992 онд одоогийн ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын депутатууд гишүүдийн тоог 76-250 хооронд байлгах санал гаргаж, хэлэлцээд 76-гаар тогтож байсан юм билээ. Аливаа улс орон өөрийн онцлогтоо тулгуурлан гишүүдийнхээ тоог тогтоодог. Гэхдээ түүх уламжлал гэхээсээ илүүтэй тухайн үеийн нөхцөл байдалд тулгуурлаж, ирээдүйтэйгээ уялдуулж, гишүү­дийнхээ тоог шинэчилдэг. Ги­шүүдийнх нь тоо тогтмол биш ту­хайн үеийн шаардлагад үндэслэн нэмж, хасаж өөрчилдөг хуулийн зохицуулалттай улс орон ч бий. 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмс­нээр зардал нэмэгдэнэ гэдэг өнцгөөс харж, шүүмжлэх хандлага олон нийтийн дунд байна. Харин та юу гэж бодож байна вэ?

-Монгол Улсын төрийн албанд нийт 225 мянга орчим хүн ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байгаа учраас дагаад зардал тодорхой хэмжээгээр өсөх нь ойлгомжтой. Гэхдээ зардал нэмэгдэнэ гэдэг талаас нь бус ямар үр ашиг, үр дүн гарах вэ гэдэг өнцгөөс харах нь зүйтэй. Манай улс шиг геополитикийн хувьд онцлогтой орон аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон парламент нь чадвартай, хүчтэй, тогтвортой, гадна, дотнын ямар нэгэн нөлөөнд автахгүй байх хэрэгтэй эсэхийг бодох цаг болсон. Бидэнд хоёр л зам бий. Төр засгаа төлөөллийн зарчмаар бүрдүүлдэг ардчилсан улс байх уу эсвэл нэг нам, нэг хүний удирдлагаар явдаг байх уу гэдэг.  Эдийн засаг талаас нь авч үзвэл, зах зээлийн чөлөөт эдийн засагтай, чухал хэсгийг нь төрөөс дэмждэг байх уу эсвэл хуучин шиг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай  байх уу. Бидний хүсэхгүй гурав дахь сонголт бол анархизм. Ийм сонголт хийсэн буюу гадна, дотнын нөлөөнд автаад хуваагдсан улс орон цөөнгүй бий. Энэ бол бидний сонголт биш. Харин бидний сонгосон зам бол ардчилал, парламентаа бэхжүүлж, төлөвшүүлэх юм. Үндсэн хуульд зааснаар иргэд өөрсдөө төлөөллөө сонгож, парламентаа бүрдүүлдэг. Тиймээс иргэдийн төлөөлөл хэт бага эсвэл хэт олон байж болохгүй. Хамгийн гол нь хүн амын тоотой уялдуулсан байх ёстой.  Уг нь 152 гэдэг тоог хэн нэгэн улстөрч санаанаасаа зохиож гаргаж ирээгүй, улс төрийн шинжлэх ухааны арга ашиглаж, тооцоо судалгаатай гаргаж ирсэн юм. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад улс төрийн намууд болон иргэд, олон нийтийн саналд үндэслэн зөвшилцсөний эцэст 126 гэдэгт санал нэгдсэн.

-Ирэх жилийн сонгуулийг 78:48 гэсэн харьцаатай холи­мог тогтолцоогоор зохион бай­гуулс­наар парламентад улс тө­рийн нам, нийгмийн бүлэг, ялангуяа эмэг­тэйчүүдийн төлөөлөл олноор орж чадах болов уу?

-Энэ бол тэргүүн зэргийн зо­рилгуудын нэг. Нийгмийн давхарга, бүлгүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд оруулах, нөгөө талаас парламентыг бодлого ярьж өрсөлддөг талбар байх нөх­цөлийг бүрдүүлэх ёстой. Энэхүү өөрчлөлтөөр нийгэмд байр сууриа эзэлсэн, тогтвортой улс төрийн хүчнүүд УИХ-д орж ирэх боломж өндөр.

Манай улсад албан ёсоор бүртгэлтэй улс төрийн 36 нам бий. Эдгээр намын төлөөлөл бүр парламентад орж ирнэ гэж ойлгож болохгүй. Аль ч улсад ийм зүйл байдаггүй. Бодлого, хөтөлбөрөө нийгэмд зөв түгээж, бодит үр дүнд хүрсэн улс төрийн намууд л парламентад төлөөлөлтэй болно. Итгэл хүлээлгэж сонгосон улстөрч нь асуудал үүсгэж, чихийг нь халууцуулаад байхаар хүнээ харж сонгох ёстой гэдэг ойлголт гарч ирж байна. Яг нарийндаа бол хүнийг нь харах бус бодлогыг нь уншиж, сонголт хийх ёстой шүү дээ. Тухайн нам улс орныг хөгжүүлэх ямар бодлого дэвшүүлж байна вэ, түүнийг нь хэрэгжүүлж чадах хүмүүс төлөөлөлд нь байна уу гэдэг хоёр зарчмыг л харах ёстой. Тиймээс хэн нэгний сошиалд бичсэн худал хуурмаг мэдээлэлд автахгүйгээр эхлээд надад, дараа нь миний хүү­хэд, ач, зээд ямар хэрэгтэй вэ гэдгийг бодож сонголтоо хийх цаг болсон. Энэхүү өөрчлөлт улс төрийн намуудыг төлөвшүүлж парламентыг бэхжүүлэхээс гадна иргэд, сонгогчийг хариуцлагатай зөв сонголт хийхийг шаардаж буйгаараа онцлогтой.

 -Ер нь Үндсэн хуульд тусгасан холимог тогтолцоо хэнд ээлтэй байх вэ?

-Шударга зарчим баримталж, зөв явсан хүнд л ээлтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад улс төрийн намын удидлагууд “Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, тухайн давхарга бүлгийнхээ дуу хоолой болж чадах олон талын төлөөллийг парламентад оруулж ирнэ” гэдэг амлалт өгсөн. Намууд тойрогт бол ийм шаардлага хангасан хүмүүсээ дэвшүүлэхээс өөр сонголт байхгүй. Харин жагсаалтад бол нам эхэлж бодлогоо дэвшүүлэх ёстой. Жишээлбэл, манай нам 2030, 2050 он хүртэл төлөвлөсөн зорилго зорилтоо хэрэгжүүлж, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 ам.доллараас доошгүй хэмжээнд хүргэхээ мэдэгдсэн. Ингэхийн тулд ийм ийм үйлдвэртэй болно, хөдөлмөр эрхлэлтийг ин­гэж дэмжинэ гэдгээ тодорхой танилцуулах ёстой. Манай нам энэхүү томоохон зорилтдоо хүрэхийн тулд тодорхой ажлуудыг хийж байна. Эхнээсээ ч  үр дүн ч гарч эхэлж байгаа. Намын бод­логыг хэрэгжүүлж чадах хэм­жээний мэдлэг чадвартай улс­төрчдөд ээлтэй тогтолцоо гэж ойлгож болно. 

-Үндсэн хуульд дахиж гар хүрэхгүй, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог өөрч­лөхгүй гэх баталгаа бий юү?

-Үндсэн хуульд тогтолцоо, тоо хоёрыг тодорхой байдлаар суулгаж өгсөн нь дахиж хөндөхгүй гэсэн баталгаа болж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хөндсөн нэг асуудлыг найман жилийн дотор дахиж хэлэлцэхгүй гэсэн зохицуулалт бий. УИХ-ын гишүүдийн тоо, тогтолцоотой  хол­боотой асуудлыг Үндсэн хуулийн өмнөх өөрчлөлтөөр хөндөөгүй.  Тиймээс энэ удаад хөндөж, хуульд тусгалаа. Ямартай ч цаашид энэ хоёр асуудлыг найман жил, цаашлаад 30 жил ч хөндөхгүй тогтвортой байх нөхцөл бүрдсэн гэж харж байна.

-Парламентад суудалтай, суу­далгүй улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид болон ир­гэд, олон нийтийн саналыг сон­сож, зөвшилцсөний үр дүнд бий болсон өөрчлөлт гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, Үндсэн хуульд оруу­лах өөрчлөлтийн төслийн талаар хэд хэдэн сувгаар санал авсан. Өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэж асуух нь нэг хэрэг. Харин нүүр тулж уулзан учир шалтгааныг нь ярилцаж, шийдэх нь өөр байдаг. Сонгуулийн тог­толцооны тухайд иргэд ойлголт сайтай байсан учраас ямар нэгэн асуудал үүсээгүй. Ойлголтын зөрүү ч гараагүй. Харин УИХ-ын гишүүдийн тооны тухайд нэлээд хэлэлцсэн. Хэрэв сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзэж байвал гишүүдийн тоог нэмэхгүйгээр энэ систем үр дүнд хүрэхгүй гэдгийг маш сайн ойлгуулах ёстой юм билээ.  Тойргийнхоо иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та­нилцуулахад дэмжсэн, эсэр­гүүцсэн гээд янз бүрийн л уур амьсгалтай хүмүүс угтаж байсан. Одоогийн гадаад, дотоодын нөхцөл байдал, цаашид ингэж өөрчлөгдөж, хөгжихийн тулд сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог өөрчилж, Үндсэн хуульдаа тусгаж өгөх нь зүйтэй, мөн үүнийг дагаад Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж байж бид хүсэж буй том үр дүндээ хүрнэ гэдгийг хэлж ярихаар иргэд, олон нийт нааштайгаар хүлээж авч байсан. Төр засгийг удирдаж буй нам зөв зүйл дээр улс төрийн ман­лайлал үзүүлж, түүнийгээ ард иргэддээ танилцуулж, ойлгуулан хэрэгжүүлж, хөгжилд хүрэх ёстой. Олон улсад ч ийм жишиг бий.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


2
angry
2
care
0
haha
4
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 15 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22