Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын алба ажиллаж байна. 06-р сарын 13-18-ны өдрүүдэд зүүн гурван аймагт “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Орон нутагт ажиллаж байгаа гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд намын Удирдах Зөвлөлийн гишүүд зарим ахмадуудтай уулзсан юм.
Энэ өдөр Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн өндөр настан Д.Дарьсүрэн, Буянтбулаг багийн өндөр настан Д.Осогмаа, Арвин багийн өндөр настан Д.Санжмятав нарт хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, Засгийн газраас хөдөө орон нутгийн хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй шийдвэрийн тухай мэдээллийг өгсөн юм.
Иргэн бүр ажилтай, орлоготой, нийгмийн баталгаатай байх үндэс нь төрөөс аж ахуйн нэгж уруу чиглэсэн бодлого шийдвэртэй шууд хамааралтай байдаг. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотод үүсээд буй хэт төвлөрлийг саармагжуулж, хөдөөг чиглэсэн хэд хэдэн бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.
Хөдөө орон нутаг уруу шилжин үйл ажиллагаа явуулахаар зорьж буй аж ахуйн нэгжид төрөөс үзүүлэх хууль эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг нь ус, агаар мэт чухал. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж гадагшаа чиглэх валютын урсгалыг дотооддоо тогтоон барьж эдийн засгаа илүү баталгаатай болгох. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани ажлын байраа хадгалан үлдэх, шинээр бий болгох боломжийг бий болгож өгвөл Улаанбаатар дахь хэт төвлөрөл буурна гэж тооцож байна.
Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд орон нутаг руу ажлын байр шилжүүлэх зорилгоор ААН-д хөнгөлөлттэй зээл олгоно. Тодорхой болгож хэлбэл орон нутаг руу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Зээлийн хугацаа 5 жил байх бөгөөд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгож, зээлийн зөрүүг улсын төсвөөс олгох юм.
Жилийн нэг хувийн хүүтэй зээл бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн анхаарлыг татах нь дамжиггүй. Тэгвэл иргэдэд 50 хүртэл сая төгрөгийн зээлийг дээрх нөхцлөөр олгох юм байна. Ингэснээр хөдөө орон нутагт жилдээ 2000-4000 ажлын байр шинээр бий болно гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж: Nam.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна