Дэвших зам: Эмэгтэйчүүд бүх салбарыг мэдэрч, тэгш боломжийг бүрдүүлдэг


УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, 30-40 хувийн квотыг хангах бэлтгэгдсэн эмэгтэйчүүд хаана байна вэ? Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшихэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг вэ. Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгэмд ямар ач холбогдолтой вэ. Яагаад заавал эмэгтэйчүүд гэж...гэх мэт олон асуултын хариултыг өчигдөр зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” олон улсын форум өглөө. Гурван хэсэгтэй тус форумд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэйчүүдийн 120 гаруй төлөөлөл оролцож, харилцан суралцаж, туршлага солилцов.

УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвшихэд саад тээг болдог олон асуудлын тэргүүнд сонгуулийн савлагаатай тогтолцоо, лимит тогтоосон квот, хэт өндөр төсөв, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт зэргийг нэрлэдэг. Тэгвэл эдгээр асуудлыг эхнээс нь шийдвэрлэж буй. Өөрөөр хэлбэл, парламентад нийгмийн давхарга бүлгүүдийн, ялангуяа хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа форумын нээлтийн үгэндээ тодотгоход оролцогчид нэгэн зэрэг алга ташин дэмжиж байлаа. Тодруулбал, УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд олноор нэр дэвших эрх зүйн орчныг анх удаа бүрдүүлж буй нь том дэвшил гэдгийг хэлээд тэрбээр “Хэрэв эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар баталж чадвал манай улс анх удаа жендэрийн эрх тэгш байдлын харьцааг 60:40 хувьд хүргэх амлалтдаа хүрч чадна.  

Бид аливаа асуудлыг хэрхэн яаж танилцуулж, тайлбарлахаас олон зүйл шалтгаалдаг юм билээ. Улс орон бол нэг том айл гэсэн үг. Айл гэрийн ээж хэд хоногоор ажлаар явахад л ар гэр, үр хүүхдийн асуудал орхигдож, хүндхэн байдалд ордог. Улс орны нийгмийн асуудал ч гэсэн үүнтэй нэгэн адил. Эмэгтэйчүүд бодлого боловсруулж, шийдвэр гаргахад гар бие оролцсноор нийгэмд тулгамдаж буй олон саад бэрхшээлийг цаг алдахгүйгээр шийдэх боломжтой. Хууль эрх зүйн хувьд бий болж буй энэ том дэвшил, боломжийг хамтын хүчээр бүрэн гүйцэд ашиглах хэрэгтэй” хэмээн уриалав.

Форумд гаднын улс орнуудын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, өөрийн туршлага, түүхээ хуваалцсанаараа онцлог болов. Тухайлбал, эмэгтэй улстөрчил жендэрийн мэдрэмжтэй бодлогод илүү анхаарч, нийгмийн тэгш байдлыг бий болгох шийдвэрийг гаргадаг гэдгийг “КОЙКА” олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг Жун Рё тодотгоод тэрбээр “Монгол орны өнцөг булан бүрээс ирж, энэхүү форумд оролцож буй эмэгтэйчүүд та бүхэн жендэрийн эрх тэгш нийгмийг бүрдүүлэхэд гар бие оролцогчид юм шүү” хэмээн урам, итгэл хайрласан  бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич шийдвэр гаргах түвшинд монгол эмэгтэйчүүд очиход тулгардаг хөрөнгө санхүү, хүрээлэл,  нөөц бололцоо хязгаарлагдмал гэх мэт системийн саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах ёстойг сануулав.  

“КОЙКА” олон улсын агентлаг шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2021 оноос томоохон төслийг хэрэгжүүлж буй. Тэдний гол зорилго эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх тул “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-г байгуулан хүйсийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төрийн нам, сонгогч, хэвлэл мэдээллийн салбар дахь жендэрийн талаарх ойлголтыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж буй аж.

Нээлтийн дараа Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн сүлжээ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хунг Ми Ён “Солонгос эмэгтэйчүүдийн улс төрийн сорилт ба туршлага” сэдвээр илтгэл тавьж,  “Амьдралд ойр улс төр байх ёстой. Улс төр бол хүмүүсийн амьдралаас эхлэлтэй” гэсэн улс төрийн философитой гэдгээ хэллээ. Мөн холбогдох хуульд квотыг тусгахдаа “санал болгож байна” гэж бус “заавал” гэж оруулах ёстой. Хэрэв ингэж оруулахгүй бол “торгуультай, зөрчилд тооцно” гэх мэтээр хүчтэй шийдэлтэй байх хэрэгтэйг сануулав. Солонгос улсад эмэгтэйчүүдийн квотыг нэмэх бус, эрэгтэй, эмэгтэй хүйс тэгш байх тухай хуулийн төслийн талаар ярилцаж эхэлжээ.  

Үүний дараа нэгдүгээр хэсэг “Шийдвэр гаргах түвшин дэх тэгш байдлын төлөөх эмэгтэйчүүдийн эв санааны нэгдэл” хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд тус хэлэлцүүлгийг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Х.Номингэрэл удирдан чиглүүлэв. Хэлэлцүүлэгт оролцсон парламентад суудалтай улс төрийн гурван намын төлөөллийн байр суурийг сонслоо. Эмэгтэйчүүд бүх салбарын асуудлыг харж, мэдэрч, түүнд хүрч, бүх нийтэд тэгш боломжийг бүрдүүлж ажилладаг гэдгийг үе үеийн парламентад орж ажилласан манлайлагч гишүүдийн үзэл санаа, үйл хэрэг харуулж буйг хэлэлцүүлгийн зочид тодотгож байлаа.   

УИХ-ын гишүүн асан А.Ундраа: -Улс төрийн намууд энэ асуудлыг эмэгтэйчүүдэд хариуцуулах, хариуцах ёстой гэсэн хандлага, нийгэм, олон нийт энэ асуудалд яагаад эмэгтэйчүүд дуугарахгүй байна вэ гэх мэт хэвшмэл хандлагаар ханддаг тал бий. Шийдвэр гаргах түвшнээс гадна нийгмийн бүхий л салбарт, хэрэгжүүлэгч анхан болон дунд шатанд эмэгтэйчүүд өндөр үүрэг хариуцлагатай ажилладаг.  Шийдвэр гаргах түвшинд ажилласан үе үеийн эмэгтэйчүүд хүний эрх, хүүхэд хамгаалал, ядуурал, архидалт, хүчирхийлэлтэй тэмцэх гэх мэт нийгмийн хамгийн хүнд, хэцүү асуудлыг хөндөж, тодорхой шийдэл гаргаж, бодит үр дүнд хүрч чадаж байсан гэдгийг олон нийтэд ойлгуулах нь зүйтэй. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийн сүлжээ нам үл харгалзаж, биднийг нэгтгэдэг. Бид “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-нд бүртгүүлэхэд мэргэжил, ажлын туршлага гэдэг асуултад хариулдаг. Тиймээс биднийг нэгтгэдэг зүйл биднийг ялгаатай байлгадаг зүйлээс илүү хүчтэй гэдгийг санаж, зорилго зорилт, мэргэжил, үзэл санаа, хүсэл сонирхлоороо нэгдэж, ажиллах нь бидэнд том боломжийг бий болгоно.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа: -“Шийдвэр гаргах түвшинд орж ажиллах мэдлэг, чадвартай эмэгтэйчүүд хаана байна" гэж басамжилж буй хүмүүст хариулт өгч, бид манлайлж гарч ирэх цаг нь болсон. Өөрийгөө бэлдчихсэн, бэлтгэж буй мэдлэг чадвартай маш олон эмэгтэйчүүд нийгмийн бүх түвшинд бий. Гол нь бид тэр эмэгтэйчүүдийг намынхаа удирдлагуудад харуулах, олон нийтэд таниулах л хэрэгтэй. Үүний тулд бид нэгдэж, хамтрах ёстой.Эмэгтэйчүүд хариуцсан салбартаа чимээгүй хөдөлмөрлөж, маш олон асуудлыг шийдвэрлэдэг. Гэхдээ энэ тухайгаа нийтэд зарлаад байдаггүй учраас олон нийт эмэгтэйчүүдийг олж харахгүй, үнэлэхгүй байгаа юм. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй эмэгтэйчүүд маань хүмүүсийн амьдралд тулгамдсан, шийдэл хүсэж буй асуудлыг хөндөж, үр дүнд хүргэх, шийдэх боломжтой гэдгийг харуулж чадвал олон нийтийн дэмжлэгийг авч чадна.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл: -Улс төр бохир, өндөр зардалтай, эрх мэдэлтэй хүмүүс ордог гэсэн бодол, нөгөө талдаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт бидэнд саад болдог. Харин одоо хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж, улс төрийн намуудын удидлагууд дэмжиж боломж олговол улс төр рүү орох мэдлэг чадвартай, боловсролтой эмэгтэйчүүд олон бий. Сонгуулийн жижиг, том мажоритар тогтолцоо мөнгөний, гишүүнчлэлийн гээд шударга бус өрсөлдөөнийг бий болдог. Харин Үндсэн хуульд тусгасан хувь нийлүүлсэн холимог тогтолцоо олон талын, ялангуяа эмэгтэйчүүдийг төлөөллийг нэмэгдүүлэхэд том хөшүүрэг болно. Бидэнд эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ гэдэг шиг хөндлөнгийн эвлэрүүлэх, зохион байгуулах байгууллага чухал юм байна. Ядуурал 30 хувь давсан, эдийн засгийн байдал гацаатай, орлогын ялгаа маш их болсон энэ цаг үед макро эдийн засгийн ямар ч сайхан бодлого нэмэр болохгүй. Харин улс төрийн зөв шийдэл л хэрэгтэй. Үүнийг эмэгтэйчүүд хийж чадна.

Хоёрдугаар хэсэгт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой болох зорилго, алсын хараатай эмэгтэйчүүдийн зайлшгүй анхаарах зүйлийг хөндөв. Тухайлбал,  МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “Сошиал медиа ашиглан олон нийттэй харилцах нь”, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөхүүдийн танхимын зөвлөх Ч.Сосормаа ““Улс төрийн зорилгоо тодорхойлж, сэдвээ оновчлох нь”,  Улс төрийн мэдээлэл харилцааны зөвлөх Д.Болдхуяг “Улс төрийн мессэж ба түүх өгүүлэхүй” сэдвээр сургалт оров. Харин төгсгөлийн гуравдугаар хэсгээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Б.Золзаяа "Манлайллын түүхээ урлах нь" сургалт орж, оролцогчид бүлгээр ажилласнаар форум өндөрлөв. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны босгыг давж чадаагүй ч, нэгдсэн чуулган дээр спикер болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын дэмжлэгтэйгээр эргээд “боссон” 40 хувийн квот дахин унасанд форумд оролцогчид шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж буйгаа илэрхийлж байлаа. “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” төрийн бус байгууллагынхан болон зорилго чиглэл нэгтэй олон газрын төдийгөөс өдий хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хууль эрх зүйн хувьд сонгуулийн тогтолцоо, квот, жагсаалтын хүйсийн харьцаа, санхүүжилтийн хөшүүрэг гэх мэт нааштай өөрчлөлтийг бий болгох байдлаар дэвших замыг нь зурж буйд форумд оролцогчид талархаж байлаа. УИХ-д нэг хүний байр суурь, үзэл санаа жин дарж чаддаггүй тул цаашид зорилго зорилтоо ажил хэрэг болгох, нөлөөллийг хүчтэй байлгахын тулд эмэгтэйчүүд нэгдэн нийлж, хамтын хүчээр урагшлах нь зүйтэй гэдэгт форумд оролцогчид санал нэгдэв. Мөн эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих амлалт өгч, гарын үсэг зурсан улс төрийн арван намын манайлал болон сонгогчдын итгэл, дэмжлэг хэрэгтэйг тэд форумаар дамжуулан дайв. 

С.Юмсүрэн



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22