Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна
“Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө.
Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий болгоно. Ингэхдээ суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл явцад хүний оролцоог бууруулах, автоматжуулах, олгосон тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг суралцагч болон төгсөгч бүрээр жил бүр үнэлж дүгнэдэг болох, зээлийн эргэн төлөлт хийх, зээлийг хаах нөхцөл, журмыг тодорхой болгохыг үүрэг болголоо.
Төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн сонгон шалгаруулалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах процессын загварчлал гаргаж танилцуулах, Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, дэмжлэг, зээл, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилт олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох, зээлийн эргэн төлөлт хийх нөхцөл, журмыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг даалгав.
Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар хуулийн төсөл боловсруулжээ.
“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа
Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болон оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар танилцуулав
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах хүрээнд 2023 оны Улсын төсөвт тодотгол хийх саналыг гаргасан. Улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляц нэмэгдэх эрсдэл бий.
Иймд, инфляцыг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгав.
Товч мэдээ
· “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
· Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
· Воршиловын Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд томиллоо. Тэрбээр 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна