Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр (2023.06.14) хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Дэд хорооны хуралдаанд төсвийн тодотголын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нар тус бүр танилцуулав.
Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны I улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул ард иргэдийн орлого, амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдийн засаг, нийгмийн энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав. Энэ хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох; тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх; нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх; төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх; нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрээгүй байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллага төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг хийсэн бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.
Төслийн талаарх танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Монгол Улсын төсвийн орлого давж биелсэн задаргаа, төсвийн тодотгол хийх болсон шалтгаан, нүүрсний экспортын хэтийн төлөв, үүнээс олох улсын төсвийн орлогын гүйцэтгэлийн талаар тодруулсан гишүүний асуултад Сангийн сайд, ажлын хэсгийн гишүүд хариулт өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 25.8 сая тонн нүүрс экспортод гаргасан бөгөөд үлдэж байгаа хугацаанд бас энэ хэмжээний нүүрсийг экспортлохоор, энэ онд 50 орчим сая тонн нүүрс экспортлох бололцоотой гэдэг тооцооллыг хийсэн байна. Гол нэрийн бүтээгэдхүүний экспортыг дээрх төлөвлөлтөөр үргэлжлүүлснээр төсвийн орлого тогтвортой байх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, тогтворжих хүрээнд төсвийн орлого нэмэгдэх боломжтой гэж үзсэн байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төсвийн орлого давж биелсэн энэ үед иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, төрийн албан хаагчдынхаа аа үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн баталгааг хангах зорилгоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдэг хариултыг Сангийн сайд өгсөн.
Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Д.Пүрэвдорж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Төсвийн тодотголын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнийн хөөрөгдөл үүсэхгүй байх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдохгүй байх болон бусад эрсдэлийг холбогдох талууд анхаарч, тооцож ажиллах нь зүйтэй” гэлээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүд санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна