Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэр өндөр технологийн загвар болно

unen
8 цагийн өмнө

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилтээр нийслэл хотод анх удаа ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байна. Дээрх Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

 Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулна. Мөн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд Монголын Мянганы сорилтын сангаас хэвлэл мэдээллийнхнийг урилаа.


Энэ үеэр АНУ-ын Засгийн газартай байгуулсан, Компакт гэ­рээ­ний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцуулав. Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг Монголд барьж байна. Манай улсад ийм технологитой, ундны усны үйлдвэр байхгүй. Усны хэрэглээ өсөн, газрын доорх ус тодорхой хэмжээгээр бохирдох эрсдэл үүсвэл энэ үйлдвэр ундны усны хэрэгцээг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлж гүн цэвэршүүлж усаар тогтвортой хангаж ажиллана. Үйлдвэрийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглахын сацуу шаардлагатай хүний нөөц, зардлын хувьд ч хэмнэлттэй байхаар зохицуулсан. Олон хүн ажиллуулдаг биш. Аль болох хүний оролцоо багатай, шат дамжлага нь автоматжсан, орчин үеийн технологитой үйлдвэр барьж байна. 

Ашиглалтад орсны дараа 70 гаруй хүн үйлдвэрт ажиллана. Энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатарт ойрын хугацаанд нүүрлэж, улсын нийт эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт нөлөөлж болзошгүй усны хомстолоос урьдчилан сэргийлнэ, ус хангамжийг тогтвортой нэмнэ. Мөн ус хангамж, ариутгах үйл­чил­гээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм” гэв. Тэгвэл АНУ-ын Мянганы сорилтын корпорацын суурин төлөөлөгч Тина Юү “Үйлдвэрийг Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондох түншлэлийн үр дүнд барьж байна. Компакт гэрээний санхүүжилт ердөө таван жилийн хугацаатай. 2026 оны гуравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй. Зарцуулаагүй үлдсэн санхүүжилтийг АНУ буцаан татах нөхцөлтэй юм. Иймд төслийг хугацаанд нь буюу 2026 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Нийт хагас тэрбум шахам америк долларын хөрөнгө зарцуулна. Үүний 76 хувийг АНУ-ын Засгийн газраас өгнө. Зарцуулалтыг Америк, Монголын аудиторууд хянадаг” хэмээн ярилаа.

Барилга, бүтээн байгуулалтын төсөлд эмэгтэйчүүдийг ажиллуу­лах, орон нутгийн иргэд,  ялангуяа Сонгинохайрхан дүүр­гийн  иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр иржээ. Одоогоор гэрээний хүрээнд ус гүн цэвэршүүлэх, хаягдал ус  дахин боловсруулах үйлдвэр, баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслүүдэд 1294 хүн ажиллуулсан байна. Тэдний 17 хувь нь эмэгтэйчүүд. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох нийт ажилчдын 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн зорилтыг хэрэгжүүлэхээ Монголын Мянганы сорилтын сангийнхан ярилаа. Тэд бараа бүтээгдэхүүн худалдаа, үйлчилгээ авахдаа орон нутгийн иргэд тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ бизнесийг дэмждэг аж. 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр БНТУ-ын компани шалгарчээ. Тус компанийн ажилчдын 80-85 хувь нь туркүүд. Харин туслан гүйцэтгэгчид нь монгол ажилчид бөгөөд тэдний 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Ирэх оны хоёрдугаар улиралд дуусаж, туршилт, тохируулгыг эхлүүлэх юм байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 хүртэлх сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх гэнэ. 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Компактын санхүүжилтээр барьж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг бөгөөд шинээр байгуулж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлосон усыг энэхүү үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий үндсэн гурван төслөөс бүрдэх “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” дуусах сүүлийн хугацаа 2026 оны гуравдугаар сарын 31. Хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах гэнэ. 

Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ  сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтыг биелүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

 

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл

 

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байршилд нийт 30 худаг бүхий газрын доорх усны эх үүсвэр шинээр байгуулна. Түүнчлэн шинээр байгуулсан газрын доорх усны эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн гүн цэвэршүүлж, нийслэл хотын хүн амын унд, ахуйн усны хэрэгцээнд нийлүүлэх дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулах юм. Энэхүү төслийн үр дүнд жилд 50 сая хүртэл куб метр газрын доорх усыг нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг 60 гаруй хувиар нэмэгдүүлэх гэнэ. 

 

Хаягдал ус дахин боловсруулах төсөл 

Улаанбаатар хотын ахуйн болон аж үйлдвэрийн хэрэглээнээс гарч буй хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах замаар томоохон аж үйлдвэрийн байгууламжуудын ашигладаг гүний усны эрэлтийг бууруулна. Үүний тулд Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн хаягдал уснаас хоногт 50 мянган метр кубыг авч, техникийн стандартад нийцүүлэн дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм. Дахин боловсруулсан ус буюу дахин ашиглах цэвэрлэсэн усыг ДЦС-3 болон ДЦС-4-ийн хөргөлт, үнс зайлуулах усны хэрэгцээнд нийлүүлснээр техникийн зориу­лалтаар ашигладаг гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэлх куб метрээр бууруулж, унд, ахуйн хэрэгцээнд нийлүүлэх цэвэр усны хангамжийг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ. Энэ төсөл нь манай улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болох бөгөөд Улаанбаатар хотын хязгаарлагдмал усны нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулах ажээ.

 

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл 

Энэ нь нийслэлийн ус хангамжийн байгууллагын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг сайжруулах, өртөг зардлаа бүрэн нөхөх чадавхыг бий болгох, усны үйлчилгээний зардлыг бууруулах, усны салбарт бодлого, хууль эрх зүй, зохицуулалт, институцийн шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг хийх замаар Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой юм. Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаа, гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулах дэд үйл ажиллагаа, ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагаа, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах дэд үйл ажиллагаа, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа гэсэн таван дэд үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гэр хорооллын усны үйлчилгээний зардлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгоор шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг 24 цагийн ажиллагаатай болгон автоматжуулж, аж үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах, бууруулах зориулалт бүхий хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг дэд бүтцийн төслүүд багтжээ. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24555/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр