УИХ-ын гишүүн, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа.
-Та “Хан-Уул дүүргийн Алдаржавхлан” хэмээн нэрлэгдтэлээ ажиллажээ. Энэ дүүрэгтэй ялангуяа Хан-Уул дүүргийн МАН-ын хороотой холбогдож байсан дурсамж түүхээс ярилцлагаа эхэлье?
-Миний бие одоогоос 21 жилийн өмнө буюу 2004 онд Хан-Уул дүүргийн МАН-ын хороотой холбогдож байсан түүхтэй. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан сонгуульд нэр дэвшиж, сонгуулийнх нь менежерээр ажиллаж байсан юм. Тэр үед би 20 жилийн дараа Хан-Уул дүүргээсээ УИХ-ын гишүүн болно гэж огт төсөөлөөгүй.
2006 онд Сангийн яам, 2008 онд Орон сууцны санхүүжилтийн корпорацын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхад нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар надад Хан-Уул дүүргийн МАН-ын хороонд ажиллах санал тавьж тухайн үед сонгуульд ялагдсан ганц дүүрэг болох Хан-Уул дүүрэгт тусалж дэмжих үүрэгтэйгээр ирсэн. Ингээд нам, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2009 онд үүрийн даргаас ажлаа эхлүүлж, улмаар намын хорооны тэргүүлэгч болж байв. 2012 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, цөөхөн хүний саналаар ялагдсан. Тэр үед улс, нийслэлгүй Монгол Ардын Нам сонгуульд ялагдал хүлээсэн хүнд үе байсан. Дүүргийн хувьд дараалан ялагдсан тул дүрмийн дагуу дараагийн намын удирдлагыг сонгох шаардлагатай болсон. Ийнхүү тухайн үеийн намын хорооны дарга Б.Энх-Амгалан намын хороогоо сайн мэддэг, үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог хоёр тэргүүлэгчид Хан-Уул дүүргийн МАН-ын хороог удирдан авч явах санал тавьсан юм билээ. Гэтэл тэр хүмүүс нь зөвшөөрөөгүй. Тухайн үед АН засаглаж байсан бөгөөд улс төрийн хувьд нэлээд ороо бусгаа, ямар нэгэн байдлаар барьж хорьдог, ширүүн цаг байсан учраас тэд болгоомжилсон байх. Харин гурав дахь сонголт нь би болж миний бие дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллах саналыг нь хүлээн авсан.
-Тухайн үед Хан-Уул дүүргийн МАН-ын хороо хоёр ч удаагийн сонгуульд ялагдал хүлээчихсэн, бас улс төрийн нөхцөл байдал ч хүндхэн, амаргүй үе гээд хүмүүс татгалзаж байхад та яагаад зөвшөөрсөн юм бэ. Эрсдэлтэй санагдаагүй юу?
-Том эрсдэл рүү орж, ихээхэн хариуцлага хүлээж байгаагаа би ойлгож байсан. Гэхдээ би тэр саналыг эсрэгээр нь “Маш том боломж” хэмээн харж, зоригтой хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, эхлүүлсэн ажлаа дуусгах, шинийг санаачлан хэрэгжүүлэх, Монголын улс төрд өөрийгөө “сийлж” үлдээх боломж гэж харсан юм.
-Мэдээж дараалсан ялагдлаас үүдэн гишүүд, дэмжигчдийн идэвх оролцоо суларсан гэх зэрэг амаргүй л нөхцөл байдал угтсан байх. Юунаас эхэлж, өөрчлөн шинэчилж, өнөөдрийн Хан-Уул дүүргийн МАН-ын хороог бий болгов?
-Тэгсэн. Тэр үед Хан-Уул дүүргийн МАН-ын хороо нэг сайхан байшинтай л байлаа. Түүгээр орж гардаг гишүүд, дэмжигчид ч байхгүй. Тэдний итгэл нь бөхчихсөн, сэтгэл нь гундуухан, ямар ч идэвх оролцоогүй болсон байсан. Тиймээс бид эхлээд намын хорооныхоо бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр бага багаар, аажмаар өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн.
2013 онд манай намын хорооны үүрүүдийн дарга нарын олонх нь ахмадууд байдаг байлаа шүү дээ. Үүнийг өөрчилж, сонгуульд нэр дэвших залуучуудаар сольж, тэднийг иргэдтэй ойр ажиллах, олон нийтэд танигдах, туршлага хуримтлуулах боломжоор хангасан. Мөн тэр үед бид сөрөг хүчний үүрэг, хариуцлагаа ч сайн гүйцэтгэдэг байлаа. Найман жил АН засагласан, царцааны хүмүүсээр дүүрчихсэн хороо, хэсэг рүү орж ажиллах, өрсөлдөх үнэхээр хүнд, хэцүү байсан. Гэсэн хэдий ч бид ялалт байгуулж чадсан. 2016 оны сонгуулийн ялалт бол бидний хувьд маш үнэ цэнтэй, бахархам ялалт байсан юм. Яагаад гэвэл, тухайн үед дүүргийн ИТХ-ын сонгуулийн 35 мандатаас манайх 18-ыг нь авч, нэг л хүнээр илүү ялалт байгуулсан. Тухайн үед АН-ынхан дотроо эв нэгдэлгүй, хагаралтай болчихсон байсан. Эв нэгдэлгүй байдал ямар их хор уршигтай байдгийг сонгуулийн дүн харуулсан.
-Түүнээс хойш Хан-Уул дүүргийн МАН-ын хороо ялагдал хүлээгээгүй санагдаж байна. Унаж явсан намын хороог хөл дээр нь босгож, гурван ч удаагийн сонгуульд ялалт байгуулжээ. Ер нь та баг, хамт олноо ямар бодлого, зарчим дор зангиддаг вэ. Танай намын хорооны ялгарах онцлог, давуу талын тухайд?
-Бидний амжилт, ялалт, оршин тогтнож буйн тулгуур, үнэт зүйл бол ЭВ НЭГДЭЛ, САХИЛГА БАТ, ЧИН СЭТГЭЛ гурвын нийлбэр юм. Энэ зарчмыг би хувь хүнийхээ хувьд ч, мөн албан ажил дээрээ ч баримталдаг. Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны ялгарах онцлог, давуу тал бол эд хөрөнгө, эрх ашиг харж бус сэтгэл, зүрхээрээ эвлэлдэн нэгдсэн гишүүд, дэмжигчид юм. Ийм баг, хамт олон хэзээ ч зорилгоосоо ухардаггүйг бидний бүтээж буй амжилт, ялалт, үүх түүх харуулж байгаа. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн МАН-ын хороонд ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл тэмцэл, нэгнийгээ эсэргүүцэж үгүйсгэсэн асуудал гараагүй. Цаашид ч гарахгүй ээ.
-2016 онд анх ялалт байгуулахад та бүхний дэвшүүлсэн “Эко Хан-Уул” мөрийн хөтөлбөр бас нөлөөлсөн болов уу. “Эко” гэдэг үг өдгөө Хан-Уул дүүргийн тодотгол, нэрийн хуудас болжээ?
-Тийм шүү. Тухайн үед журмын нөхөдтэйгөө хамтарч, Хан-Уул дүүргийн нэрийн хуудас, брэнд болох хөтөлбөрийг боловсруулж, сонгуульд оролцсон. Ялалт байгуулснаар энэхүү хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж олдож, дүүргийнхээ ажилд ханцуй шамлан орсон. Эхлээд хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлж, хогны машины парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Цаашлаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдээ нэмэгдүүлэхэд анхаарсан. Энэ мэтчилэн 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлсэн учраас 2020 оны сонгуулиар бид үнэмлэхүй ялалт байгуулж 35 суудлаас 26-г нь авч амжилтаа бататгаж, ахиулсан. Иргэд, олон нийт маань бидэнд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинийг санаачлан хэрэгжүүлэх боломж олгосон. Тиймээс 2020-2024 онд их бүтээн байгуулалт өрнүүлж, ялангуяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн найман жилийн хугацаанд 22 цэцэрлэг, 11 сургуулийг ашиглалтад оруулж чадсан. Гэсэн хэдий ч жилээс жилд өсөн нэмэгдэж буй хүн амын тоо, манай дүүргийг сонгох иргэдийн тоо нэмэгдсээр байна. 2016 онд дүүргийн Засаг дарга болоход 147 мянган хүн амтай байсан бол өдгөө 307 мянгад хүрч, хоёр дахин нэмэгдсэн.
Ер нь бол 2016 оноос хойш болсон сонгуулийн дүн бол тухайн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажилд тавьж буй дүн гэж ойлгосон. Тиймээс иргэд, олон нийтийнхээ энэ их итгэлийг алдахгүй, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах учиртай.
-Та парламентад орсон ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах тал дээр нэлээд идэвхтэй ажиллаж байх шиг харагдсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Миний бие найман жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаад энэ дүүргээсээ УИХ-ын гишүүн боллоо. Энэ бол нэр төрийн хэрэг. Гишүүн болоход иргэд маань “Эргэх холбоотой байгаарай” гэж захисан. Би өөрөө ч ажил, амьдралдаа ийм зарчим баримталдаг. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь үзэх том зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, “Хүннү-2222” хороолол, “Кing Tower” хотхон, Яармагийн замын урд талд гээд хүн ам олноор төвлөрсөн томоохон таван суурьшлын бүсэд ерөнхий боловсролын сургууль барихаар төлөвлөсөн эдгээрийг ажил хэрэг болгоно. Миний хувьд боловсролд их ач холбогдол өгдөг хүн. Цаашид Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 1000 хүртэлх өрхтэй хотхон, хороололд заавал ерөнхий боловсролын нэг сургууль барих заалтыг тусгах санал дэвшүүлэх бодолтой байгаа.
-Та шат шатны ИТХ-ыг нэгтгэх асуудлыг анх санаачлан ярьж байсан. Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?
-Би өмнө нь ярьж байсан дүүргийн ИТХ-ыг нийслэлийнхтэй, сумын ИТХ-ыг аймгийнхтай нь нийлүүлж, нэгтгэх асуудлын хүрээнд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. Анх 2022 онд “20 минутын хот” төслийг санаачилж, энэ тухай хөндөж ярьж байлаа. Энэ санал санаачилга маань бидний амьдрал дундаас урган гарч ирсэн юм. Жишээлбэл, нисэхэд ажиллаж, амьдардаг хүн Хан-Уул дүүргийн төв рүү орж ирж эмнэлэгт үзүүлдэг, хүүхэд, багачууд маань хотын төв рүү орж ирж кино үздэг, номын санд суудаг. Ингэхдээ маш их цаг хугацаа зарцуулж, тэр хэрээр автомашины түгжрэл, стресс бий болдог. Тиймээс одоогийн засаг захиргааны бүтцийг өөрчилж, төрийн үйлчилгээг иргэд рүү ойртуулах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэд оршин суугаа бүс газартаа 20 минут алхаад л төрийн үйлчилгээг авдаг байх нөхцөл боломжоор хангах нь зүйтэй гэдгийг санаачилж, эцэст нь МАН-ын мөрийн хөтөлбөрт багтан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусаж, ажил хэрэг болох гэж буйд баяртай байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна