Хан-Уул дүүргийн Засаг дарга, тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цэрэнтэй ярилцлаа.
-Нийслэлийн МАН-ын хорооны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед тантай ярилцаж байгаа тул нам, улс төртэй холбогдсон үүх түүхээс эхлэн ярилцъя?
-Би улс төрийн ууган хүчин МАН-тай ажил, амьдралаа холбоод бараг 20 жил болох гэж байна. Анх 2007 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын олон шатны сонгуульд дүүргийн нэр дэвшигчдийн менежерээр ажиллаж байлаа. Мөн 2011 оноос Хан-Уул дүүргийн МАН-ын хороонд дүүрэг болон нийслэлийн нэр дэвшигчдийн менежерээр ажилласан. Улмаар 2013 оны нэгдүгээр сарын 18-наас Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар томилогдож, өдгөө 12 дахь жилдээ ажиллаж байна.
-Та нам, улс төрд анх хөл тавихдаа “Аль нь вэ” гэдэг сонголттой нүүр тулсан байх. МАН-ыг сонгосон шалтгаан юу байв?
-МАН-ын баримталж буй үзэл баримтлал, үнэт зүйлтэй миний үзэл бодол, баримталдаг зарчим нийцсэн учраас шууд л ийм сонголт хийсэн. Манай намын баримталж буй социал демократ буюу нийгмийн баримжаат үзэл баримтлал бол нийгэмд тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох, дутагдаж буй хэсэгт нь анхаарал хандуулж, бодлогоор дэмжих зарчим юм. Цөөн хүн амтай, хөгжиж буй манайх шиг жижиг улс орнуудын хувьд нийгмийн орхигдож буй давхарга, хэсэг бүлгийг төр засгаас бодлогоор дэмжин тэгш хүртээмжтэй байдлыг бий болгодог социал демократ үзэл баримтлал хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс би ийм үзэл баримтлал, зарчимтай намыг сонгож, улмаар намынхаа үйл ажиллагаа руу гүнзгий ороход улс төрийн ууган хүчин МАН бол Монгол төрийн үндсэн суурь, үнэт зүйл болохыг илүү сайн ойлгож, сонголтдоо итгэл төгс болсон.
-Засаглалын хувьд сөрөг хүчин байх үед та Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд даргын үүрэгт ажлыг хүлээн авч байж. Тухайн үеийг өнөөдрийн энэ үетэй харьцуулахад дүүргийн намын хорооны хувьд ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарав?
-Хан-Уул дүүргийн МАН-ын хороо 2013 оны нэгдүгээр сард хуралдаж, удирдлага, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж байсан. Яагаад гэвэл, 2008, 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүүргийн намын хорооны тухайн үеийн удирдлагуудад улс төрийн хариуцлага хүлээлгэж, одоогийн удирдлагуудыг томилж байсан юм. Ингээд бид ажилдаа орсон. Тухайн үед нэлээд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж байлаа. Хоёр ч удаагийн сонгуульд дараалан ялагдал хүлээчихсэн байсан үе учраас намын гишүүд, дэмжигчдийн маань итгэл алдарсан, сэтгэл зүйн хувьд хүнд, ямар ч идэвх оролцоогүй болсон байсан. Тухайн үед бидний удирдах арга барил, явуулж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах тохиолдол ч гарч байсан. Тиймээс эхний ээлжид удирдах арга барил, зорилго зорилтоо ойлгуулах, цаашлаад намын гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэлийг сэргээж, итгэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэхэд анхаарч ажилласан. Мөн тухайн үед бид нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, эдийн засгийн тооцоо судалгаатайгаар байр сууриа идэвхтэй илэрхийлж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг байлаа. Энэ мэтчилэн дүүрэг, хороо, үүр гээд бүх шатандаа нээлттэй, тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлснээр нөхцөл байдал сайжирч, өөрчлөлт гарч эхэлсэн. Тухайлбал, гишүүнчлэлийн тоо 2500-гаас 5400 орчим болж нэмэгдэж, хүрээгээ тэлэхийн зэрэгцээ ахмад, дунд, залуучууд гэсэн гурван үеийн харьцаа тэнцвэртэй болсон. Мөн бид өнгөрсөн хугацаанд болсон шат шатны сонгуульд амжилттай оролцсон. Энэ бол том ахиц дэвшил.
-Сонгуульд амжилт гаргах нь тухайн намын хорооны үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг харуулж буй том үзүүлэлт болов уу. Та бүхэн 2013 оноос хойш болсон сонгуулиудад ялагдал хүлээгээгүй санагдаж байна?
-Тийм шүү. Сонгуулийн үр дүн бол бидний үйл ажиллагаанд тавьж буй том дүн. Бид зорилго зорилтоо тодорхойлон түүнийхээ төлөө хамтарч, тууштай ажилласны үр дүнд 2016 оны орон нутгийн болон УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, засаглалын хэмжээнд хүрч чадсан. Тухайлбал, 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүргийн МАН-ын хороо дүүргийн ИТХ-ын 35 мандатаас 18, 2020 оны сонгуулиар 35 мандатаас 26, 2024 оны сонгуулиар 41 мандатаас 30 суудал авч чадсан. Энэ бол иргэд бидэнд итгэж, эхлүүлсэн ажлаа дуусгах, шинээр санаачилсан ажил, арга хэмжээг маань дэмжиж, хэрэгжүүлэх боломж олгож буйн илэрхийлэл. Бид 2016 оны орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүргийг “Эко дүүрэг” болгох зорилго дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж оролцсон. Үүнийг дүүргийн иргэд маань дэмжиж, итгэл хүлээлгэсэн. Бид иргэдийнхээ итгэлийг алдахгүй, тэрхүү мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн учраас бидэнд ийнхүү гурав дахь удаагаа итгэл хүлээлгэлээ гэж ойлгож байгаа. Тиймээс бид цаашид иргэд, олон нийтийнхээ итгэлийг алдахгүйн тулд эхлүүлсэн ажлаа дуусгаж, илүү ихийг хийж, шийдэх ёстой.
-Гурван удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулахад Хан-Уул дүүргийн МАН-ын хорооныхон ямар бодлого зарчим дор зангидагдаж байв?
-МАН өөрөө том онцлогтой. Улс төрийн ууган хүчин, 100 гаруй жилийн түүхтэй, тогтсон үзэл баримтлал, томоохон үнэт зүйлтэй, нэгдсэн нарийн зохион байгуулалттай гээд олон онцлог, давуу тал бий. Тиймээс тэртээгээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн энэхүү нэгдсэн зохион байгуулалтыг эвдэхгүй байх зарчим баримтлан ажилладаг. Намын ажил бол хүнтэй харилцаж, хүнээр дамжиж явдаг учраас гишүүд, дэмжигчдэдээ МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг ойлгуулах хичээдэг. МАН-ын хамгийн том үнэт зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол тул тэд намын гишүүн, дэмжигч гэдгээрээ бахархдаг байх ёстой. толгой нам, дүүргийн намын хорооноос гаргасан шийдвэр, хурал цуглаан болон бусад ажил, арга хэмжээтэй холбоотой мэдээллийг хүн бүрд цаг алдахгүй түргэн шуурхай хүргэхэд анхаардаг.
-МАН-ын зарим ахмад гишүүн “Намын хороод болон үүрүүдийн байр хаалттай байдаг. Гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонсохгүй байна” гэх зэргээр шүүмжлэлтэй ханддаг тал бий. Танай намын хорооны хувьд ямар зохион байгуулалттай, хэрхэн ажиллаж байна вэ?
-Намын хорооны маань төв байр үргэлж нээлттэй, тогтмол үйл ажиллагаатай байна. Одоогоор ажлын алба болон дэргэдэх төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бид өдөр бүр намын гишүүд, дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонсож, бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх зэргээр эргэх холбоотой ажилладаг. Ахмад гишүүд маань “Хурал цуглаанд залуучууд оролцохгүй байна. Залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлмээр байна” гэдэг. Уулзалт, хурал цуглаан бол гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлэх нэг л хэлбэр. Намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, гурван үеийн төлөөллөөр цар хүрээг нь тэлэхийн тулд тэдний хүсэл сонирхолд тулгуурлаж зохих ажил, арга хэмжээг зохион байгуулах нь илүү үр дүнтэй. Цахимаар идэвхжүүлэх ч боломжтой. Залуучуудыг соёл урлаг, спортын арга хэмжээгээр дамжуулан идэвхжүүлэх хэрэгтэй. Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан спортын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн МАН-ын хороо спортын төрөл бүрд идэвхтэй оролцож, амжилт гаргаж цомын эзэд болсон.
-Нэгэнт тантай уулзсаных, бүтээн байгуулалтын улирал ч эхэлсэн байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтаас онцолбол?
-Бид өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуульд гурван том бүлэгтэй “20 минутын хот-Эко Хан-Уул” гэсэн хөтөлбөр боловсруулж оролцсон. Сонгуульд оролцоод ялалт байгуулсан нам бол дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид энэхүү мөрийн хөтөлбөрөө Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон дүүргийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Тухайн үйл ажиллагааны хөтөлбөрт “20 минутын хот-Эко Хан-Уул” болох, эхлүүлсэн ажлаа дуусгах, дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн чиглэлд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ багтаж байгаа. Эко дүүрэг гэхээр зөвхөн мод, ногоон байгууламжаар хязгаарлаж ойлгож болохгүй. Эрүүл мэнд, боловсрол, соёл гээд бүх салбарт ногоон эдийн засгийг бий болгох буюу инновац шингээх бүрэн боломжтой. Бид 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд нэлээд ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ногоон байгууламж, гудамж талбайн гэрэлтүүлэг, хороолол дундах орц гарц, зогсоол, зам талбай, явган хүний замыг сайжруулж, нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Мөн эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт голлон анхаарч байгаа. Тухайлбал, дугуйлан секцийг нэмэгдүүлэхээр, мөн дүүргийнхээ Соёлын ордныг өргөтгөхөөр төлөвлөсөн. Энэ мэтчилэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан олон талын ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү үүрэг чиглэлийн хүрээнд бид Хан-Уул дүүргийн хэмжээн дэх ТҮЦ-ийн 85 хувийг нүүлгэн шилжүүлээд байна. Ер нь цаашид хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Дугуй цагаан”, хуучин онгоцны буудлын хойно байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх газруудад спорт, соёл урлагийн арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж, энэ амралтын өдрүүдээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Бас нэг онцлох зүйл бол, ажлын байр, хүүхдийн орчин, эрүүл мэндийн газарт электрон тамхи хэрэглэхийг хориглох нөлөөллийн ажлыг бид дүүргийнхээ төр захиргааны байгууллагаас эхлүүлж байгаа. Ингээд Хан-Уул дүүргийн хэмжээнд хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөр, ажил, арга хэмжээний талаар яриад байвал олон зүйл бий.
-Сүүлийн асуултаар Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны цаашдын зорилго зорилтоос хуваалцъя?
-Бид сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн биелүүлж, дараагийн сонгуулиар амжилтаа бататгаж, ахиулах бол хамгийн том зорилго. Мөн намын хорооныхоо үйл ажиллагааг сайжруулан цахимжуулах, уламжлалт ажил, арга хэмжээгээ зохион байгуулж, гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх гээд хийх ажил олон бий. Орон нутгийн сонгуулийн дараа дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга миний бие холбогдох бусад хүмүүсийн хамт намын хороо бүр дээр ажиллаж, энэ онд болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөр, ажлаа танилцуулахын зэрэгцээ намын гишүүд, дэмжигчдийнхээ санал сэтгэгдлийг сонссон. Цаашид энэ мэтээр мэдээлэл өгөх, санал солилцох, харилцан уялдаатай хамтарч ажилладаг, эргэх холбоотой байх уулзалт, арга хэмжээг тогтмолжуулахаар төлөвлөн ажиллаж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №016/24643/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна